2009 оны 12-р сарын 03, Пүрэв гариг, 11:27    PDF Хэвлэх И-мэйл
Неттоп, нетбук...

nettop

Шууд хэлэхэд, неттопонд зарчмын хувьд шинэ юм юу ч байхгүй юм шиг. 15 жилийн өмнө ч компьютер үйлдвэрлэгчид системийн блокийг өндөгний үүрний дайны хайрцганд багтааж л байсан.  Одоо ч гэсэн Apple – ийн  Mac mini 
macmini
системийн блок нь жижигхээн хавтгай, чихрийн хайрцаг шиг болчихож. Мөн системын блокыг нь дэлгэцэн дотор нь "чихсэн" компьютер ч байна. Энэ бүх хувилбаруудын эцсийн зорилго нь – ажлын ширээн    дээрх зайг хэмнэх. Гэхдээ нэг проблем нь, бүхий л хэрэгцээг хангах өндөр үзүүлэлттэй ийм жижиг компьютер нэлээд өндөр үнэтэй байдаг. Харин зүгээр л, интернетэд ажиллахад хангалттай, жижиг хэмжээтэй “ажлын малны” хэрэгцээтэй хүмүүст зориулж анх нетбук бий болсон. Одоо харин жижиг, ширээний зайг эзлэхгүй, суурин “ажлын малны” эрин үе эхэлж неттопын давшилгаа хүчээ авч байна. Үнэ цэнэ нь ч дажгүй хямд.

Неттоп юу хийж чаддаг вэ? Хэнд тохиромжтой вэ?

nettop

Неттоп нь ширээний уламжлалт процессортой ерөнхийдөө ижил эд ангиудтай. Процессор, санах ой, эх хавтан... Intel – ийн боловсруулсан хөдөлгөөнт суурьны ачаар, мөн юун түрүүнд Atom процессорын ачаар неттоп жижигхэн хайрцганд багтаж байгаа юм. Энэ процессор бага халдаг, эрчим хүчийг багаар зооглодог гээд давуу талуудтай. Дээр нь бас нэлээд хүчин чадалтай график кард суурилагдсан эх хавтан бий болсон учраас неттоп дээр тоглоом ч тоглож болно. Мэдээж хүчтэй график кард шаарддаг тоглоом тоглож болохгүй л дээ, гэхдээ л боломжийн. Хатуу диск нь мэдээж бас жижигхэн. Ер нь л суурин неттоп, зөөврийн нетбук хоёрын “гэдэс дотор” нь ижил төстэй гэсэн үг. Харин неттоп суурин хэрэглээний зориулалттай учраас түүнд дэлгэц, гар, хулгана болон бусад хэрэгцээтэй техникийг залгаж болно.

Хамгийн сүүлийн үеийн неттопууд хоёр цөмтэй Intel Atom процессортой байгаа хэдий ч, бүрэн хэмжээний “том” компьютертай зураг болон видео боловсруулах хурдыг нь жишээд хэрэггүй л дээ. Мэргэжлийн түвшний юмыг чадахгүй ч, зураг боловсруулах энгийн хүний хэрэгцээг бол хангаж дөнгөнө. Тэр бүү хэл, одоо BluRay rom – той неттопууд хийгдэж байгаа гэдэг чинь дүрсийг өндөр чанараар гаргаж чадна гэсэн үг. Неттоп маань DVD тоглуулагч, аудиотоглуулагч зэргийн үүргийг маш сайн гүйцэтгэх бөгөөд алсын удирдлагатай, бас WiFi - тай тул энгийн компьютераас үүгээрээ дээр.

Тэгэхээр, хэрэв танд жижигхэн, дуу чимээгүй, зөвхөн кино үзэх, дуу сонсох, интернет ороход л хангалттай компьютер байхад болох бол неттоп яг таарна гэсэн үг. Хатуу диск, санах ойг нь нэмэгдүүлж солих боломжтой. Хүнд хэцүү юм хийх зориулалтгүй учраас одоогийн байгаа үзүүлэлтүүд нь ойрын хэдэн жилдээ “данх” доо. Жишээ нь, ASRock  фирмийн ION330HT-BD, ION330HT хэмээх неттоп дараахь үзүүлэлттэй байна:

Intel Atom 330 (1,6 ГГц)  хоёр цөмтэй процессор

Санах ой - 2 Гб (4 Гб хүртэл ихэсгэх боломжтой)

Хатуу диск – 320 Гб (дахиад нэгийг нэмэх боломжтой)

HDMI ба D-Sub портууд,  6 ширхэг USB 2.0 порт, нэг S/PDIF, бас нэг eSATA/USB хосолсон порт

Wi-Fi

Алсын удирдлага

Овор хэмжээ: 195х186х70 мм

Жин: 1,7 кг

Үнэ 400 – 550 $

Одоогоор неттопууд компьютерийн зах зээлийн 2% - ийг л эзэлж байгаа боловч, цаашид энэ хэмжээ маш ихээр нэмэгдэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Мэдээж, ихэнх хүнд өндөр хүчин чадалтай, өргөн боломжтой, нүсэр том, дуу ихтэй компьютерийн хэрэг байхгүй учраас ширээн дээрх зайнаас минь хороохгүй жижигхэн, дуу шуугүй, алсаас удирдаад хэвтэж байж болох неттоп эрэлт хэрэгцээтэй бараа болох нь дамжиггүй.

 

Сэтгэгдэл нэмэх