|
||||
| Юу ч тогтоодоггүй хүний тархийг судалж байна. |
|
Эрдэмтэд хорвоогийн хамгийн сонирхолтой тархийг судалж байна. Энэ тархины эзнийг сүүлийн 60 жилийн турш судалж байгаа билээ. Харин Н. М. гэсэн хоёр үсгээр нэрлэгдэж байсан хүний бүтэн нэрийг сая л, түүнийг нас барснаас нь 1 жилийн дараа олонд зарлалаа. Хенри Молейсон гэдэг энэ хүн нэг жилийн өмнө нас барсан бөгөөд тархиа эрдэмтдэд гэрээслэсэн аж. Энэ хүний тухай мэдрэл судлалын бүх сурах бичгэнд өгүүлсэн байдаг агаад, тэрээр юу ч тогтоож чаддаггүй болсон онцлогтой байжээ. Аливаа зүйлийг сонсоод, хараад, мэдрээд тэр дороо мартдаг, ой санамжаас нь шууд арчигддаг аж. Хорвоод ийм сонин хүн дахин байхгүй гэнэ. “Бидний энэ өвчтөн бол маш алдартай өвчтөн юм, түүний тухай анагаахын сургуулиудын бүх оюутан мэддэг”, - хэмээн Хенриг 80 – аад оноос хойш тасралтгүй ажиглаж судалж байгаа профессор Жон Габриели ярьж байна. Н.М. 1926 онд төрсөн. 9 настайдаа дугуйтай хүнд дайруулан унахдаа тархиа хөдөлгөсөн байдаг. Тэгээд 27 настайд нь тархинд нь цус харваад толгой нь тэсвэрлэшгүй өвддөг болсон юм.
Тиймээс 1953 онд түүний тархинд Уильям Бичер Сковилл гэдэг нэрт мэс засалч хагалгаа хийж тархинаас нь жижигхэн хэсгийг тайрч авсан юм. Хагалгаа маш үр дүнтэй болж Хенригийн толгой огт өвдөхөө байжээ. Харин бас нэг гайхамшигтай үр дүн гарч энэ мөчөөс хойш Хенри юу ч тогтоохоо байсан байна. Болж байгаа үйл явдлыг 20 секундын дараа л бүрмөсөн мартчихдаг. Иймээс, Хенри үлдсэн бүх насаа эмнэлэг, эрдэм шинжилгээний институтуудэд өнгөрөөжээ. Эрдэмтэд байнга түүнийг ажиглаж байв. Янз бүрийн тест хийж байв. Толгойгоо сэгсрэн гайхаж байв. Харин учрыг олж чадаагүй хэвээр.
Ерөнхийдөө бол Хенри эв эрүүл биетэй, бараг л өөрөө өөрийгөө болгоод байж чаддаг. Хагалгаанаас өмнөх үйл явдлуудаа бүгдийг нь санана, сурсан мэдсэн юмаа мартаагүй. Шинэ юм л толгойд нь тогтохоо байсан байна. Хөдөлгөөний чадвар л хадгалагдан үлдэж байсан бөгөөд тэрээр эмнэлэгт гитар тоглож сурсан байна. Харин шинэ дуу дуулаад л 20 секундын дараа мартчихна. Мөн орон зайн байрлалыг бас тогтоож чадаад байдаг байсан нь сонирхолтой. Шинэ байрныхаа план зургийг зурчихаж байв. Хенри 2008 оны 12 – р сард 83 настайдаа өөд болсон юм. Тэрээр “Та хэдэн настай вэ?” гэсэн асуултанд 27 – той гэж л хариулдаг байсан байна. Хөөрхий, цээжилсэн нас нь л тэр болохоор өөр юу гэхэв дээ... Энэ ер бусын хүний тархи Калифорнийн Их Сургуулийн захирал Жакопо Аннесд оногдсон агаад тэрээр одоо Хенригийн тархийг хөлдөөн 70 микрометрийн зузаантайгаар зүсэлтүүд хийн судалж байгаа юм. Судалгааны зорилго нь маш нарийн карт дүр зургийг гаргах асуудал гэнэ. Ингэснээр Хенригийн оньсогыг тааж болзошгүй гэж найдаж байгаа юм. Тэрээр зүсэлтүүдийнхээ зургийг интернетэд тавьж байгаа бөгөөд өдөрт бараг 3 сая хүн эдгээр зургуудыг үзэж санал бодлоо солилцож байна. Одоогоор 2420 зураг тавигдчихаад байгаа гэнэ.
Хенриг бараг 40 жил судалсан Сюзан Коркин: -Магадгүй, Хенригийн тархи бидэнд, ер нь ямар байдлаар мэдээлэл тархины тухайн хэсгүүдэд тардаг, ой санамж жинхэндээ яаж бүрддэг гэдгийг ойлгоход тус болох байх гэж бид найдаж байгаа. Бидэнд одоо тархины зүслэгүүдээс гадна Хенригийн энэ олон жилийн ажиглалтын өгөгдлүүд бас байгаа шүү дээ. “КП” сонин. www.orosshkolton.mn, Ё. Одончимэг |







Сэтгэгдлүүд
Өө, за, тархиндаа биш космосд хадгалдаг,а? Яг л би юмнуудаа компьютертоо биш, сервер дээрээ хадгалдаг шиг...