2010 оны 1-р сарын 10, Ням гариг, 14:38    PDF Хэвлэх И-мэйл
Ирландын дундад зууны үеийн анагаах ухаан өндөр хөгжилтэй байжээ

cherep

Хөл гар тайрах, гавлын ясыг нээж тархинд мэс засал хийх зэрэг нарийн хагалгаануудыг Ирландчууд аль дундад зууны үед хийж чаддаг байсан ба тахир дутуу хүмүүсийг хүндэтгэж, нойтон хамуу мэт аймшигт халдварт өвчнөөр хорвоог орхигсодыг сүмийн оршуулгын газарт нутаглуулдаг байжээ. Эртний булшуудыг ухаж, судалгааны ажил хийсэн эрдэмтэд ийм дүгнэлтэнд хүрсэн байна.

 

Эрдэмтэд, Донегол (Ирланд) гүнгийн харъяат газар дахь дундад зууны үеийн булшнуудыг шинжилж дуусаад, тэр үеийн анагаах ухааны түвшин ямар хэмжээнд байсан тухай дүгнэлт гаргажээ. Археологчид аль 2003 онд дундад зууны үеийн энэ оршуулгын газрыг Баллишеннон хотын Эрн голын эрэг дээрх сүмийн ойролцоогоос олсон байна. VIII - аас XVI зуун хүртэл олон зуун жилийн турш хүмүүсийг энд оршуулдаг байжээ. Эндээс ойролцоогоор 1300 гаруй араг яс олджээ. XVI зууны үед энэ оршуулгын газрыг хааж, тэр чигээр нь орхисон бололтой. Харин хэдэн жилийн өмнө зам барьж байсан хүмүүс энэхүү оршуулгын газрыг олсон аж.

Осол гэмтэл ба гавлын ясыг нээх хагалгаа

Хүн судлаачид (антропологчид) нас биед хүрсэн 869 хүний араг ясыг судалж, тэдний хүйс, нас, биеийн өндрийн хэмжээг тогтоосноос гадна араг ясууд дээр илэрхий харагдаж байсан өвчний болон осол гэмтлийн дараах эмгэг өөрчлөлтийн ул мөрт анхаарлаа хандуулжээ. Дундад зууны үед энэ бүс нутагт амьдрагсадаас маш олон нь бага зэргийн гэмтлээс (ясны хугарал гэх зэрэг) авахуулаад үхэлд хүргэх гэмтэл (толгойдоо сэлмээр цохиулсан гэх зэрэг) хүртэл авч, маш ихээр осолд орж байсан ажээ.

Ойролцоогоор 800 жилийн өмнө нас барсан нэгэн залуу бүсгүй амьд ахуйдаа тархины мэс засал хийлгэсэн байсныг тогтоожээ. Эрт дээр тэр үеийн эмчийн нямбай гэгч хийсэн хагалгааны ул мөр болох жижигхэн дугуй нүх гавлын ясны дээд хэсэгт хадгалагдан үлдсэн байна. Ямар учраас ийм мэс засал хийсэн болохыг өнөөдөр нарийн тогтоох боломжгүй болжээ. “Энэ эмэгтэйн мэс засал амжилттай болсон нь тодорхой байсан, учир нь гавлын ясанд гаргасан нүх бороолон эдгэсэн нь харагдаж байсан” гэж энэ судалгааны ажлыг ахалж байсан археологич Майкл Макдонаф (Michael MacDonagh) ярьжээ.

Ямар өвчнүүд ирландчуудын аминд халтай байв?

Мэргэжилтнүүд 427 хүүхдийн оршуулгыг судалжээ. Тэдний олонхи нь бие султай, хангалттай хэмжээгээр хооллож чаддаггүй байсан байна. Жишээ нь, тэд организмд төмөр дутагдсанаас үүсдэг цус багадалт болон ихэнхидээ, дундад зууны үеийн усан цэргүүдэд олноор тохиолддог байсан, С витамины дутагдалаас үүсдэг чийг бамын өвчнөөр өвчилдөг байжээ.

Хүн судлаачдын үзэж байгаагаар Дундад зууны үед хүмүүс үндсэндээ сүръеэ болон хорт хавдар, мөн үе дамждаг, гадаад шүүрлийн булчирхайн системийн өвчнүүдийн улмаас нас бардаг байсан байна. Бас нэгэн сонирхолтой нээлт нь төрөлхийн 2 хөл нь хоорондоо нийлсэн тахир дутуу эрэгтэйн араг яс байлаа. “Энэ хүн ойролцоогоор 30 насандаа бие барсан байна. Тэр үед хүний дундаж наслалт ийм байсан. Энэ хүн явж чадахгүй, тэгэхээр түүнийг хүмүүс өргөж явдаг байсан байж таарна. Гэтэл түүнийг бусад хүмүүстэй адил хүндэтгэлтэйгээр оршуулсан байгаа нь дундад зууныхан тахир дутуу хүмүүст хэрхэн хүндэтгэлтэй ханддаг байсныг илтгэж байна” гэж Макдонаф тэмдэглэжээ. Ирландын, долоо хоног тутмын Шинжлэх ухааны (Science Week Ireland) мэдээн дээр дундад зууны үеийн булшийг судалсан судалгааны үр дүнг эрдэмтэд гаргаж тавьсан байна.

Дундад зууны үеийн Ирландын хамгийн том оршуулгын газар

Дээрхитэй төстэй оршуулгын газрыг Ирландын археологчид энэ онд ч, Килдэр гүнгийн харъяат газрын Ати хотын ойролцооноос олжээ. Энэ оршуулгын газар нь VII - XIV зуунд ашиглагдаж байсан ба энэ хугацаанд хэдэн мянган хүн энд оршуулагджээ. Эндээс хэд хэдэн аллагад өртсөн болон нэг нойтон хамуу - онц халдварт өвчтний булшийг олсон нь маш ховор олдворуудад тооцогдож байгаа аж.

Headland Archaeology-ийн эрдэмтэн, антропологич Кармелита Трой (Carmelita Troy) нь саяхан насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс болон хүүхдүүдийн 1300 гаруй араг ясыг судалж дууссан тухайгаа мэдэгдлээ. “Оршуулгын газрын хэмжээнээс харахад энд дундад зууны үед, хүн ам олонтой төв газар байсан бололтой. Энэ бол бүс нутгийн, тэр ч байтугай үндэстний хэмжээний чухал ач холбогдолтой төв байсан ч байж магадгүй” гэж Трой ярьжээ.

Өвчин ба аллагууд

Эрдэмтэд олдворуудаа бусад дундад зууны үеийн булшны, түүн дотор Баллишенноноос олдсон араг яснуудтай харьцуулж үзжээ. Ати-ийн хамгийн хөгшин хүмүүс нь 45 - 60 нас хүртэл амьдарсныг тогтоосон байна. Энэ оршуулгын газарт, зарим нь дөнгөж 20 долоо хоногтой нарт ертөнцөд ирсэн дутуу, амьгүй төрсөн хүүхдүүдийн оршуулга ч бий. Хэдийгээр тэр үед үе мөчний өрөвслийн өвчин өргөн тархалттай байгаагүй ч зарим нэгэн насанд хүрэгсэд ийм өвчтэй байсан байв. Бас нэгэн хүн яагаад ч юм, түрүүлгээ харсан байдалтай булшлагдсан байсан. Хоёр гарыг нь нуруунд нь хүлсэн байсан бололтой байв. Түүний үхлийн шалтгааныг эрдэмтэд тодорхойлж чадаагүй, магадгүй аллага байсан байх. Түүнээс гадна насанд хүрсэн таван эр тархины гэмтлээс болж үхсэн байсан бөгөөд тэдний толгойг сүх мэтийн хурц зүйлээр цөм цохисон байв. Нэгэн хүний хөлийг амьд сэрүүнд нь тайрсан байсан бөгөөд энэ нь эмнэлгийн оролцоо тэр үед байсныг гэрчлэх бас нэгэн баримт юм.

Энэ олдворуудын ачаар археологичид дундад зууны үеийн бүх булшуудыг харьцуулж үзэн, тэр үеийн Ирланд улсын нийгмийн амьдралын тухай ойлголт авах боломж нээгдээд байгаа юм.

 "АиФ" - аас орчуулсан Б. Батбаяр, www.orosshkolton.mn

 

Сэтгэгдлүүд  

 
batushka
0 #1 batushka 2010-01-10 15:09
;thanks
Quote
 
 
otgon
0 #2 otgon 2010-01-10 16:00
;bayarhurgii
Quote
 

Сэтгэгдэл нэмэх