2010 оны 1-р сарын 16, Бямба гариг, 13:07    PDF Хэвлэх И-мэйл
Григорийн хуанлид баяртай гэж хэлэх үү?

calendar

Хүн төрөлхтөн 427 жилийн турш Григорийн хуанлийг хэрэглэж байгаа билээ. Григорийн хуанлийн түүх урт удаан болоод онц сонирхолтой бөгөөд энэ хуанлийн тоолол барууны ертөнцийг шууд байлдан дагуулж чадаагүй, зүүний орнуудыг одоо ч гэсэн бүрэн эзэлж чадаагүй л байгаа юм. Гэтэл одоо, 2012 оноос дэлхий дахин шинэ хуанлийн тоололд шилжинэ гэсэн мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эрчимтэй цацаж эхэллээ. Дэлхий дахиныг шинэ хуанлийн тоололд шилжүүлэхийн төлөө Уэйн Ричард тэргүүтэй Дэлхийн хуанлинуудын Холбоо идэвхитэй тэмцэж байна. Хэдэн зууны турш хэрэглэгдэн шалгарсан, хуучин хуанли маань юу нь болохоо байчихсан юм бол оо?

Хуанли ер нь ямар хэрэгтэй юм бэ?

Бидний оршин байгаа ертөнцөд одод орчлонгийн (галактик) –ийн төвийг, гараг эрхэс ододыг, дагуулууд нь гараг эрхэсийг, тивүүд болон далайнууд гараг эрхэсийн тэнхлэгийг, электронууд атомын цөмийг тойрон эргэлдэх гэх зэргээр бүх зүйлс циклээр явагддаг билээ. Өдөр хоног, сар, улирал ээлжлэн одно... Хүмүүн бид ч гэсэн байгалийн нэгэн хэсэг болохоор энэ бүх циклүүдэд захирагднам билээ. Өөрийн амьдралаа энэ циклүүдийн дотор зохион байгуулахын тулд бид цаг болон хуанлийг бодож олсон юм.

Цаг, хуанли хоёр бол цаг хугацааны их далайд биднийг хөтлөн явуулдаг билээ. Газар тариалан эрхлэгчдэд тариа ногоогоо хэзээ тарьж, хэзээ ургацаа хурааж, хэзээ талбайгаа өвөлжилтөнд бэлтгэхээ мэдэх нь чухал байлаа. Эрх баригчдад татвараа хэзээ хураах вэ, харин мэргэ төлөгч нарт ээлжит “гайхамшиг”-аа хүмүүст үзүүлэхийн тулд нар, сарны хиртэлт хэзээ болох вэ гэдгийг мэдэх хэрэгцээ бас байв. Анхны хуанлинууд бий болсноор энэ бүх хэрэгцээ шаардлагыг хангаж иржээ.

Тэнгэрийг гийгүүлэгч Нар, Сар хоёрын маань хөдөлгөөн хуанлийн циклийг бүтээх баримжаа болдог. Тиймээс, сарны цикл болох 29,5 хоног дээр суурилагдсан Сарны хуанли, нарны цикл болох 365,2422 хоног дээр үндэслэсэн Нарны тооллын хуанли бий.  Хуанлины үе нь энэ тоонуудад хэдий чинээ ойр байх тусам төдий чинээ нарийвчлалтай байдаг. Олон зууны тэртээгээс Барууны ертөнцөд нарны тооллын хуанли, харин Зүүний ертөнцөд сарны тооллын хуанли уламжлагдан хэрэглэгдэж иржээ. Мөн нар - сарны хуанли болон Сириус одны хөдөлгөөнийг баримжаа тойм болгосон хуанли ч гэж байдаг.

Юлийн хуанли

Эртний Ромд нарны тооллын хуанли хэрэглэдэг байжээ. “Хуанли - календарь” гэдэг үг нь өрийн данс, мэдээ хөтлөх дэвтэр “calendarium” гэдэг латин үгнээс гаралтай байна. Сарын эхний өдрүүдэд (“календ”-д) өртэй хүмүүс өрнийхөө хүүг нь төлдөг байв. Эртний Ромчууд хуанлийг дур зоргоороо нааш цааш болгодог байлаа. Мэргэ төлөгчид тодорхой хөлс авч, сарын хоногууд дээр дураараа хоног нэмэх, хасах, хойно урьд нь оруулах, дахин нэрлэх гээд ёстой л толгойд нь яаж орно, түүгээрээ өөрчилж, дураараа дургидаг байв. Хуанлигаар өвлийн сар болж байхад гадаа аагим халуу шатаж, хуанлийн хавар нь ургац боловсорч байх тохиолдлууд ч байлаа.

Энэ замбараагүй байдлыг Юлий Цезарь өөрөө журманд нь оруулсан ажээ. Манай эриний өмнөх (м.э.ө) 45 онд Юлий Цезарь нь Ром хотыг үндэслэсэн цагаас (м.э.ө 753 оноос) тооллоо эхэлсэн, 12 сар - 365 хоногоос бүрдсэн, 4 жил тутмын 2-р сард нэмэгддэг 1 “илүү” хоногтой (гэхдээ 2-р сарын төгсгөлд биш, харин 3-р сарын эхлэл болохоос 6 хоногийн өмнө 2-р сарын 24-нд нэмэгддэг, тийм болохоор энэ нь бис-секст - хоёр дахь зургаадугаар гэж нэрлэгдэн орос хэлэнд “високосный” гэдгээр үлджээ), цаашид Юлийн хуанли гэж нэрлэгдсэн хуанлийг зохиосон байна. Ийм байдлаар Юлийн хуанлийн нарийвчлал жилд 11 минутын алдаатай байлаа (жинхэнэдээ жилд 365,2422 хоног байдаг бол Юлийн хуанли 365,25 хоногтой). Иймээс Ромын пап Григорий XIII-ын хийсэн шинэчлэл хүртэлх 1693 жилийн хугацаанд илүү 10 хоног хуримтлагдсан байв.

Григорийн хуанли

Григорий XIII Юлийн хуанли дээр зууны дүрмийг нэмжээ: хоёр тэгээр төгссөн онуудад илүү хоногтой жил болохгүй (400 – д хуваагддаг оноос бусад нь). Ийм засвар оруулахад жилийн цикл 365,2425 хоног болж, жинхэнэ хугацаанаас 0,0003 хоногийн л (26 секундын) зөрүүтэй болжээ. Одоо 1 хоногийн засварыг 3333 жилд нэг удаа л хийхэд болохоор болов. Эртний Майячууд үүнээс ч илүү нарийвчлалтай, жинхэнэ хугацаанаас ердөө 8 секундын зөрүүтэй, жилийн 365,2421 хоногтой хуанли зохиосон байсан нь сонирхолтой юм.

Үүнээс гадна Григорий XIII нь хуанлийн тооллоо Ром хотыг үндэслэсэн өдрөөс биш, харин одон оронч Христофор Клавиус болон Луиджи Лилио нарын тооцоолж гаргасан Христийн төрсөн өдрөөс эхлүүлсэн байна.

Григорийн хуанлид дэлхий нийт урт удаан хугацааны турш тун амаргүй байдлаар шилжсэн юм. Зарим улс гүрнүүд григорийн хуанлигаар явж байснаа, түүнд шилжээгүй улс гүрэнд нэгдэж орохоороо Юлийн хуанлидаа түр зуур буцах зэргээр хэд хувирдаг байв. Орос улс 1918 онд Григорийн хуанлид шилжсэн. Хамгийн сүүлд, Египет Улс 1928 онд шилжжээ. Харин Швейцарь улс шууд бүхлээрээ биш, муж мужараа шилжин орж байсан түүхтэй.

Хуанлийн өөрчлөлт шинэчлэлтүүд

Григорийн хуанлийг өөрчлөн шинэчлэх оролдлогууд хувьсгалын үеийн Франц, хувьсгалын үеийн Орос оронд гарч байлаа. Эдгээр тохиолдлуудад хувьсгал хийсэн өдрийг тооллын эхлэлээр авч байв. Саруудын үргэлжлэх хугацааг тэгшитгэх, сараас гадуурх өдөр (“Лениний өдөр”, “Хөдөлмөрийн өдөр” гэх зэрэг) бий болгох, “7 хоногыг” “5 хоног”, “6 хоног” болгон өөрчлөх зэрэг оролдлогууд гарч байлаа. Сар, өдрүүдийн нэрэнд өөрчлөлт оруулсан тохиолдол ч байв. Хамгийн сүүлчийн ийм жишээ Туркменид гарч байлаа. Гэхдээ л өөрчлөн шинэчлэх гэсэн нэг ч оролдлого амжилттай болоогүй бөгөөд эрт орой хэзээ нэгэн цагт бүх зүйл хуучин гольдиролдоо эргэн орж, Григорийн хуанли ялсан билээ.

Гэвч өөрчлөн шинэчлэгчид гандан буураагүй бөгөөд өнгөрсөн зууны 50-аад оны үед “Универсал хуанли” (“Дэлхий дахины”, “Тогтмол”, “Тогтвортой”) гэж нэрлэгдсэн хуанли зохиогджээ. Энэ хуанли нь Григорийн хуанлийн алдааг засах зориулалттай байлаа. Григорийн хуанлийг од эрхэсийн хөдөлгөөн талаас нь үзэхэд бараг л өв тэгш тул өөрчлөн шинэчлэх оролдлогууд нь зөвхөн саруудын хоногын тоог тохируулах замаар хагас жил болон улирлыг ижил хоногтой болгон тэгшитгэх, зарим тохиолдолд саруудыг ижил хоногтой болгохыг зорьж байв. Энэ нь, хуанли зохиогчдын бодлоор бол төлөвлөгөөт болон санхүүгийн байгууллагуудын ажлыг хөнгөвчлөх, сар улирлын эхлэл нь дандаа нэг л гарагт таарч байх, ийнхүү жил бүр хэрэглэж болдог мөнхийн хуанли бүтээх оролдлого байсан байна.

Дээрх өөрчлөлт шинэчлэлүүдийн нэг нь: жилийг дөрвөн адилхан улиралд хувааж, улирлын нэг сар нь 31 хоногтой, нөгөө хоёр сар нь 30 хоногтой гэх зэргээр улирал бүр 91 хоногтой, хагас жил нь 182 хоногтой, жил нь 364 хоног + “Дэлхийн өдөр”, үүн дээр 100 – д биш, харин 400 – д хуваагдах онуудыг оруулаад, 4 жил тутамд “өндөр” жил байх болно гэсэн агуулгатай төсөл байлаа. Ингэхдээ, зүгээр л симметрийг хадгалах зорилгоор,  өндөр жилд нэмэгдэх өдрийг 6-р сарын 30-ны дараа, 7-р сарын 1-ний өмнө нэмж хагас жилүүдийг ижил хоногтой байлгах ёстой байна. Жил бүрийн эхний өдөр Ням гарагт эхэлж, сүүлчийн өдөр нь 12-р сарын 30-ны Бямба гараг, 1-р сарын 1-ний Ням гарагийн хооронд орших “Дэлхийн өдөр”-өөр дуусна. Ийнхүү  “хоёр дахь Бямба гараг” бий болно. “Өндөр” жилүүдэд ч мөн адил ингэнэ.

Контын хуанли нь бүх саруудыг 28 хоногтой болгох боловч  нарны тооллоороо үлдэж, 364 хоног дээр “дэлхийн өдөр”-ийг нэмэх гэсэн агуулгатай ажээ. Тэгэхэд 12 сар биш, 13 сартай болно. Энэ тохиолдолд сар бүрийн тухайн өдөр нь нэгэн гаригт давхцаж чадна. “Өндөр” өдөр мөн л 6-р сарын төгсгөлд нэмэгдэж орно. Энэ хуанлид улирлын эхлэл нь сарын эхлэлтэй тэр бүр давхцдаггүй.  Гэхдээ улирлууд тэнцүүгээрээ үлдэх ба бүх жилүүд бас л Ням гарагаас эхэлнэ.

Бас нэгэн өөрчлөн шинэчлэлтийн төсөл нь эхний төсөлтэй адил саруудтай (30, 30, 31 хоног) ч, 31 хоногтой саруудын сүүлчийн долоо хоногоос бусад нь зургаа хоногтой “7 хоног”  циклээр явагдах аж. Энд, 12-р сарын 31 зөвхөн “өндөр” жилүүдэд тохиолдоно.

Энэ бүх төслүүдэд: долоо хоногууд тасралтгүй үргэлжлэх чанар алдагдаж байгаа нэгэн дутагдал байгаа юм. Энэ дутагдлыг “өндөр” өдрийн оронд, ямар ч сард харъяалагдахгүй “өндөр” долоо хоногийг оруулах замаар засч болох юм. Ийм маягаар 12 сартай ч, 13 сартай ч жилийг “засч” болох юм байна.

Төслүүдийг шүүмжлэх нь

Григорийн хуанли нь  дутагдалтай ч гэсэн барууны соёл иргэншлийн олон зууны түүх, ёс заншил болсон билээ. Түүнээс татгалзана гэдэг бол дэлхий дахинаа асар их замбараагүй байдлыг үүсгэнэ гэсэн үг. Сая сая программууд, автомат системүүд, үй олон баримт бичгүүдийг дахин бичих ажил гарна.

Шинэ хуанлид ороогүй өдрүүдэд төрсөн хүмүүс яах вэ? Тэд хэзээ төрсөн өдрөө тэмдэглэх болж байна вэ? Долоо хоногийн циклийг зөрчих нь хүмүүсийн ажиллах чадвар, эрүүл мэндэд маш муугаар нөлөөлдөг. Яг үүнээс болж Францын болон Оросын хувьсгалын үеийн тооллын шинэчлэлт нуран унаж байлаа.

Ингээд ерөнхийдөө бидэнд санал болгож байгаа энэ шинэчлэлтүүдээс гарах сайн үр дагавар нь үүнийг хийхийн тулд гарах зардал, тааламжгүй байдлуудтай харьцуулахад даанч өчүүхэн байх нь илт болохоор, дэлхий дахин 2012 онд ч, цаашдын ирээдүйд ч ийм шийдвэр гаргахгүй гэдэгт итгэлтэй байна.

Орчуулсан Б. Батбаяр www.orosshkolton.mn

 

Сэтгэгдлүүд  

 
otgon
0 #1 otgon 2010-01-16 16:21
;thanks ;bayarhurgii
Quote
 
 
aasd
0 #2 aasd 2010-01-19 01:16
маячуудын хуанлийн тухай бичээгүй байж яаж 2012 тухай бичиж чаджээнаа айн.
Quote
 
 
Уншигч
0 #3 Уншигч 2010-01-19 03:05
aasd -д. Харин тийм ээ. Энэ Батбаяр гэдэг хүний орчуулсан зүйл таалагдахгүй байна.
Quote
 
 
muugii
0 #4 muugii 2010-01-20 10:10
goe orchuulsan bnaa batushka! Uuriiguu bitgii tegeed bai!! ;thanks
Quote
 

Сэтгэгдэл нэмэх