|
||||
| Арьсны төрлүүд. Үнэт арьснууд |
|
Олон мянган жил өнгөрөхөд төрөл бүрийн даавуу болон хиймэл арьс зохион бүтээгдсэн хэдий ч, хүмүүс натурал материаланд дурласан, жинхэнэ арьсыг сонгосон хэвээр байна. Байгаль ээж бидний генэнд энэ “үүрдийн дурлалыг” суулгаж өгсөн юм уу гэлтэй. Орчин үед ямар ямар арьсаар бүтээгдхүүн хийж байна вэ? Арьсны ямар төрлүүд байдаг вэ? Хамгийн өргөнөөр хэрэглэгддэг арьс бол гахайн, хонины болон бод малын арьс гэдгийг хэн бүхэн мэдэх байх.
Гахайны арьс бол хамгийн хямдхан бөгөөд үзэмж муутай арьсанд тооцогддог. Тэр аяараа нүх болсон энэ арьсаар бүтээгдхүүн хийхэд сайхан харагддаггүй учраас түүнийг доторлогоо маягаар л /гутлын дотор гэх мэт/ ашигладаг.
Хонины арьс бол зөөлхөн учраас гоёлын бүс, цүнх, бээлий болон хувцас хийхэд тохиромжтой байдаг. Хамгийн өргөнөөр хэрэглэгддэг арьс бол тугалын арьс бөгөөд түүгээр бүхий л дээрх зүйлийг хийхээс гадна гоёлын гутал хийдэг. Бат бөх чанар болон том хэмжээ зэрэг нь тугалын арьсны давуу тал. Зузаан нь 1,5 – 2,2 мм байдаг. Орчин үед арьсыг янз бүрийн “царайтай” болгож боловсруулдаг болоод байна. Дуртай дүрсээр хэвлэж будаж чаддаг болсноор тугалын арьсыг матрын, могойн, тэмээн хяруулны, загасны гэх мэтийн үнэт арьстай адилхан болгодог болоод байна.
Арьсны бас нэг, өргөнөөр тархсан боловсруулалт бол – лакан арьс. Арьсан дээр өндөр температурын тусламжтайгаар нийлэг хальсыг суулгах замаар лакан арьсыг хийдэг. Орчин үеийн технологийн хөгжил дэвшлийн ачаар лакан арьсны эдэлгээ нь энгийн арьснаас дутдаггүй болоод байгаа билээ.
Үхрийн арьс нь тугалын арьсыг бодвол хавьгүй зузаан. /2,5 – 5 мм/ Дээр үеээс үхрийн арьсыг эмээл болон морь тэрэгний тоноглол хийхэд ашиглаж ирсэн, харин орчин үед түүгээр жийнсний бүс, угсаатны цүнх эдлэл, аппарат, багаж хэрэгслийн тусгай, хатуу зузаан цүнх зэргийг хийдэг. Маш бөх бат чанартай учраас үхрийн ширээр хийсэн зүйл бараг л мөнх настай гэж хэлж болно. Үнэт арьснуудад матрын, могойн, варан гүрвэлний, загасны арьсууд ордог. Хамгийн үнэтэй арьс бол матрын арьс. Нэг матрын арьс хэдэн мянган доллараар үнэлэгдэх нь цөөнгүй. Матрын арьс маш эрхэмсэг, хээнцэр харагддаг тул хамгийн үнэтэй цүнх, бүс, түрийвч зэргийг үүгээр хийдэг уламжлалтай. Орчин үеийн технологи матрын арьсыг дурын өнгөөр будах боломж олгоод байгаа билээ.
Сүүлийн үед питон могойн арьсан эдлэл хүмүүсийн дур сонирхлыг ихээхэн татдаг болоод байгаа. Энэ материалын өвөрмөц барил нь гутал, хувцас, тоноглол зохион бүтээдэг дизайнеруудад хязгааргүй фантаазлах боломж өгдөг. Үнийн хувьд могойн арьс матрын арьснаас хямд хэдий ч бас л “чанга” үнэтэй арьс.
Варан гүрвэлийн арьс маш гоёмсог барилтай боловч жижиг хэмжээтэйн улмаас өргөнөөр тархаагүй байгаа юм. Вараны арьсаар тусгай захиалгын гутал болон тоноглол хийдэг.
Тэмээн хяруулын арьс бол бас нэгэн ер бусын арьс бөгөөд гоё, ер бусын, эзлэхүүн бүхий барилаараа амархан танигддаг. Тэмтрэхэд маш их тааламж өгөхүйц зөөлөн учраас гутал тоноглол үйлдвэрлэгчдийн анхаарлыг ихээхэн татдаг.
Сүүлийн жилүүдэдэ дизайнерүүд санаанд оромгүй сонин арьс руу анхаарлаа их хандуулдаг болжээ. Энэ нь төрөл бүрийн загасны арьс юм. Хүмүүс могой загасны арьсыг сайн мэддэг. Могой загасны арьс маш нимгэн боловч маш уян, эд зүйл хийхдээ заавал доторлогоо хийдэг. Нэг арьсны хэмжээ нь ердөө 30 – 40 см урттай, 3 – 4 см – ийн өргөнтэй байдаг, тийм болохоор эхлээд нийлүүлж оёж байгаад дараа нь бүтээгдхүүнээ эсгэдэг. Үүний үр дүнд маш гоё, өвөрмөц барил бий болдог.
Бас скатны арьсан эдлэл нэлээд тархаж эхэлжээ. Энэ арьсны онцлог нь – барзгар гадаргуу ба цайвар “нүдэн хээ”.
Өнөөдрийн байдлаар цурхайгаас авахуулаад олон төрлийн загасны арьс “ашиглалтанд ороод” байгаа бөгөөд өөр хоорондоо байдал барилаараа ялгаатай ч, бүгдээрээ ер бусын учраас загасны арьсыг ихээхэн ирээдүйтэй материалд тооцох болжээ. Загасны арьсны үнэ хоёр нутагтны арьснаас хавьгүй хямд хэдий ч, үнэт арьсны зэрэглэлд ордог.
Бэлтгэсэн Ё. Одончимэг, www.orosshkolton.mn |



Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа хойш амьтны арьс болон үсийг хэрэглэж ирсэн билээ. Хомо – сапиенсийн боловсруулж сурсан анхны материал бол арьс. Арьс, үсний ачаар хүн төрөлхтөн өдий болтол мөхөлгүй амьдарсаар байгаа гэж хэлж ч болно.












Сэтгэгдлүүд