|
||||
| Хүн сармагчингаас төрсөн үү? |
|
Саяхан “Science” сэтгүүлд нэгэн шуугиан тарьсан нийтлэл гарчээ. Хүн, сармагчин хоёрын ерөнхий өвөг дээдэс олдсон хэмээн зарлажээ. Энэ өвөг дээдсээс хойш хомо - сапиенс - ухаант хүн, сармагчин хоёр салж тус тусынхаа замаар хөгжсөн болж таарч байгаа гэнэ. Эфиопод 4.4 сая жилийн өмнө амьдарч байсан босоогоороо явдаг амьтны араг ясыг олсноор эрдэмтэд ийм дүгнэлтэнд хүрээд байна. Палеоантропологич Александр Белов энэ тухай ямар бодолтой байгааг хүргэе. - Александр Иванович, энэ шинэ олдвор хүний үүсэл хөгжлийн тухай бидний төсөөллийг хэрхэн өөрчлөх вэ? Энэ амьтан бидний өвөг дээдэс байж чадах уу? - Тэр олдсон амьтны хөлийн тавхай ямар байхаас л шалтгаална даа. Шинжлэх ухаан бүтэн 150 жилийн турш Чарлз Дарвины онолоор, хүнийг сармагчингаас төрсөн хэмээн явж байгаа. Дарвины онолыг хамгаалагчид үүнтэй одоо болтол санал нийлсээр л байгаа. Харин энэ онолыг эсэргүүцэгчид цөөнгүй байдаг, яагаад гэвэл Дарвины онолд маш их сул талууд бий. Тухайлбал, хүний хөлийн тавхайд тулгуурын гол үүргийг эрхий хуруу гүйцэтгэдэг. Эрхий хуруун дээр хүний жингийн 30-40% нь оногддог юм. Харин горилл, орангутанг, шимпанзе зэргийн хамгийн хүнтэй адилхан бөгөөд ухаантай сармагчингуудын тавхайн хэлбэр хүнийхээс өөр, эрхий хуруу нь бусад хуруунуудаас салж өнцөг үүсгэн хажуу тийшээ харсан байрлалтай байдаг. Энэ бол маш том, маш чухал ялгаа. Ямар ч хүн дүрст сармагчин удаан хугацаагаар босоогоороо явж чаддаггүйн учир үүнд л байгаа юм. Ийм байрлалтай эрхий хуруутай учраас сармагчин ерөнхийдөө 4 хөлөөрөө явдаг учиртай.
- Энэ тэгээд Дарвины онолд тийм их харшилж байгаа юм гэж үү? Сармагчингийн тавхай хөгжлийн явцад өөрчлөгдсөн байх ёстой... - Энэ логикоор бодвол, элэнц хулинцын үеийн сармагчин хүн хоёрын тавхай биднийхээс бүр ч их өөр байх ёстой шүү дээ. Сүүлийн хэдэн арван жилийн олдворуудаас харахад энэ логик буруу болох нь улам л мэдэгдээд байгаа юм л даа. 70-аад оны төгсгөлд 4 сая жилийн өмнө амьдарч байсан австралопитекийн (хүн дүрст сармагчин маягийн амьтан) чулуужсан тавхай олдсон. Тэр тавхай Дарвины онолыг шууд ганхуулах олдвор болсон юм, учир нь энэ тавхай харин ч хүнийхтэй илүү төстэй байсан. Энэ нь австралопитекийг лав л “модноос бууж ирсэн” амьтан биш гэдгийг харуулсан юм. 2000 онд, 7 сая жилийн өмнө амьдарч байсан чадын сахелантропын яснууд олдсон. Дагзны булчингууд нь гавлын суурьтай хэрхэн холбогдож байсныг нь судалснаар энэ амьтан бүр босоогоороо явдаг амьтан байсан нь тогтоогдсон. Тэгэхээр, сахелантроп австралопитекээс 3 сая жилийн өмнө амьдарч байсан мөртөө түүнээс илүү, тэр тусмаа сармагчингаас илүү хүнтэй адилхан байсан байгаа биз? - Тэгэхээр, Дарвины онолыг засварлаж, хүн сармагчингаас төрсөн биш, харин хоёулаа нэгэн ижил өвөг дээдэстэй болгоод байгаа юм уу? - Дарвины онолыг баримтлагчид ийм хүсэл байвч, энэ онол эволюцийн зарчимтай нь харшлаад байгаан. Хэрэв хүн сармагчин хоёр босоогоороо явдаг нэгэн өвөг дээдэстэй байсан гэх юм бол яахаараа эдүгээ хүн өвөг дээдсээсээ илүү болон хөгжсөн байхад, сармагчин харин ч эсрэгээр, байсныгаа гээгээд буцаад мод руу гарчихдаг байна? Сармагчин эволюци биш, инволюци болчихсон болох гээд байгаа биз дээ? Өөрөөр хэлбэл, хөгжсөн биш, уруудсан? Тэгэхээр Дарвины эволюцийн онолд тохирч өгөхгүй байгаа юм. - Таны бүхий л судалгаа болон номнууд инволюци – уруудлын асуудлыг хөнддөг. Инволюцийн онолоор бол амьд материйн хэлбэрүүд нарийн хөгжилөөс энгийн рүү явдаг гэдэг. Өөрөөр хэлбэл, амьд байгаль уруудан доройтож байдаг гэдэг. За яахав, тийм гэж бодъё. Тэгвэл тэр нарийн хэлбэрүүд нь хаанаас шууд гараад ирсэн юм бэ? Хүн хаанаас гараад ирсэн гэж? - Энэ чухал асуултанд эрдэмтэд хараахан хариулж чадахгүй байна. Ухаант хүн бол харьцангуй залуу төрөл, дөнгөж л 60 мянган жил болж байна. Түрүүн ярьсан хэдэн сая жилийн настай олдворуудын дэргэд юу ч биш. Тэгэхээр хомо - сапиенс сармагчингийн төрлийн амьтны – эволюцийн ч бай, инволюцийн ч бай – хөгжлийн шугамаас гадуур байна шүү дээ. Миний бодлоор бол, биднийг хомо – инкогнитос, “үл мэдэгдэх хүн” гэж нэрлэвэл дээр санагддаг юм. Сармагчинтай, эсвэл сармагчингийн илүү төгс өвөг дээдэстэй холбох гэж байснаас энэ нь шударга байхгүй юу. - Тэгвэл саяхны олсон энэ эфиопын олдвор асуудалд цэг тавьж чадах уу? - Эргэлзээтэй л байна. Бид “хүн – сармагчин” авцалдахгүй байгааг л ярьж байгаа шүү дээ. Ер нь эволюцийн шатны дурын хоёр гишгүүрийг аваад үзэхэд л авцалдахгүй юм зөндөө байдаг юм. Жишээ нь, гахай, тэр байтугай сарьсан багваахайд хүнтэй илүү ойр юмнууд сармагчингаас илүү байгаад байна шүү дээ. Одончимэг. “АиФ”- аас орчуулав, www.orosshkolton.mn |





Сэтгэгдлүүд