2009 оны 11-р сарын 13, Баасан гариг, 16:00    PDF Хэвлэх И-мэйл
Антарктидын мөсөн доор юу нуугдаж байна вэ?

Орчуулсан Ё. Одончимэг

Карта

Манай дэлхийн хойд туйл Арктикийн төлөө тэмцэл аль хэдийн эхэлчихээд байна. Тун удахгүй урд туйлын Антарктид тивийг бас хуваахаар дэлхийн улс орнууд тэмцэж эхлэх бололтой. Антарктидын зузаан мөсөн доор балар эртний үед үүссэн хорвоод хосгүй нуур байгаа гэнэ. Эндээс Орос Улсад юу оногдох боломжтой вэ? Энэ олон сая тонн мөс Оросод ямар хэрэгтэй юм бол? Энэ тухай Газар Зүйн хүрээлэнгийн захирал, Оросын Шинжлэх Ухааны Академийн академич Владимир Котляковтой ярилцсаныг толилуулж байна.

-Мөсөн дотор маш их мэдээлэл агуулагдаж байдаг юм. Саяхан манай эрдэмтэд Эльбрус уулнаас, 5150 метрийн өндрөөс  өрөмдлөг хийж авчирсан мөсөн цилиндрийг судалсан юм. Гэтэл энэ Европын хамгийн том галт уулын нэг ердөө хэдхэн зуун жилийн өмнө дэлбэрэн уухилж байсан болж таарсан. Бид чинь түүнийг “номхон амьтан” гэж тооцож байлаа шүү дээ? Энэ 200 метрийн гүнээс авсан мөсийг цааш нь судлахад Дэлхийн уур амьсгал сүүлийн 2000 жилд хэрхэн өөрчлөгдөж байсан нь маш нарийнаар тодорч ирэх болно.

 

Дэлхийн дулаарал гэдэг бол зүгээр л “хадны мангаа”.

-Яагаад зөвхөн мөс бидэнд өнгөрсөн үеийн цаг агаарыг илтгэх гэж?

-Яагаад гэвэл мөсөн дотор ургамлын үр, эд эсүүд, бактерууд байж байдгаас гадна хоосон зай - бөмбөлөгүүдэд нь тухайн үеийн агаар болох хийнүүд хадгалагдсан байдаг юм. 30 жилийн өмнө манай эрдэмтэд Антарктид дахь “Восток” станц дээрээ 3,5 – 4 км зузаантай мөсөнд өрөмдлөг хийж судалгаа явуулахад Дэлхийн цаг агаарын байдлын 400 мянган жилийн түүхийн зураг тодорсон юм. Тэр судалгааны дүнд дэлхийн цаг агаар цикл байдлаар давтагддаг, хэдэн зуун урт богино цикл байснаас хамгийн урт нь 100 мянган жил үргэлжилсэн гэдэг нь тогтоогдсон. Тус бүр нь 90 мянган жилийн хугацаатай үргэлжилсэн 4 удаагийн хүйтрэл болж байжээ, тэдгээрийн  дунд 5 – 10 мянган жилийн хугацаатай дулаарлын үе байжээ гэдэг нь ойлгомжтой болсон. Мөсөн доторхи агаарын хийн бүтцийг судласнаар нүүрсхүчлийн хий болон метан бол дулаарлын шалтгаан биш, харин эсрэгээр, дулаарлын үр дүн юм байна гэдэг дээр санал нийлсэн. Тиймээс, одооны энэ дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилт рүү “чихээд” аюулын харанга дэлдэж байна гэх мэтийн яриа утгагүй л байхгүй юу? Түрүүний циклээр, 100 мянган жилийн өмнө, ямар ч аж үйлдвэр байхгүй байхад дэлхийн агаарын температур одоогийнхоос 1,5 хэмээр илүү байсан гээд бодохоор одоогийн дулаарал айгаад сүйд болоод байх юм биш гэдэгт би итгэлтэй байна.

Балар эртний үеийн нуур

-Та хагас зуун жилийн турш дэлхийн хоёр туйлын мөсийг судалж байгаа хүн. Одоо Арктикийг булаалдаж эхэлчихээд байна. Яагаад Арктик олон улсын улс төрийн бодлогын баатар болчихсон юм бэ?

-Хамгийн гол шалтгаан нь Арктикт нүүрсустөрөгчийн яндашгүй их нөөц байгаад оршино. Бусад тивүүд дэх нөөц шавхагдаад байгаа өнөө үед Арктик үнэд орж байгаа нь энэ. Одоогоор норвегчүүд л далайн усан доорхи газраас нефть гаргаж авч чадаж байгаа боловч удахгүй дэлхийн бүх нефть, хий олборлогч улс орнууд үүгээр “занималдаж” эхлэх нь тодорхой.

-Тэгвэл Антарктид тив одоохондоо тэмцлийн талбар болох болоогүй байна гэсэн үг үү?

-Чухам одоохондоо л болоогүй байна. Антарктид ч нефть болон хийгээр маш баялаг шүү дээ. Тэгэхээр энэ том бялууны төлөө өрсөлдөөн болох нь тодорхой. Орос Улс үүнд бэлдэх хэрэгтэй. Шинжилгээ судалгааны ажлуудыг хийх хэрэгтэй байна, үүний тулд орчин үеийн хөлөг онгоцууд болон сайтар тоноглогдсон станцууд шаардлагатай.

-Антарктидад манай хэд хэдэн станц маань байгаа биз дээ?

-Байгаа л даа, гэхдээ 90-ээд оны хэцүүхэн жилүүдэд станцууд нэлээд хоосорсон байдалтай байгаа. Харин манай станцууд Антарктид тивийн периметрийн дагуу байрладаг болохоор бялууны хуваалтанд манай улсад давуу тал байгаа шүү.

-Энэ станцуудын хамгийн үнэ цэнэтэй нь “Восток” уу?

antarktida

-Тэгэж хэлж болно, яагаад гэхээр “Восток”-ийг геомагнитын туйл дээр байгуулсан юм, дээр нь бас энд дэлхийн хамгийн доод температурын рекорд бүртгэгдсэн газар. Энд - 89,3 хэм хүрч хүйтэрч байсан. Хамгийн чухал нь юу гэхээр, энд 20 –р зууны хамгийн сүүлийн геологийн олдвор болох – мөсөн доорхи нуур- олдсон юм. Энэ нуурны усны хэмжээ нь Байгал нуурын гуравны нэгтэй тэнцэж байгаа.

Хамгийн гол нь нуурны усанд байж болохуйц органик бодисуудаараа энэ нуур шинжлэх ухааны хувьд дэлхийд хосгүй үнэлж баршгүй эрдэнэ болох юм. Цооногоо өрөмдөж дуусгах л хэрэгтэй байна. Нэг хоёр жилийн дараа гэхэд энэ хэцүү ажлын ард гарчихна байх гэж би найдаж байгаа. Ус руу өөр микроорганизм оруулчихгүй байх асуудал л хамгийн чухал байна. Магадгүй, дэлхийн хамгийн эртний энэ нуурын экосистемыг өөрчлөхгүйгээр, маш болгоомжтой хандах шаардлагатай байгаа юм. Бархасвадь гаригт Европ гэдэг дагуул байдаг шүү дээ, тэр дагуул тэр чигээрээ мөснөөс бүтдэг. Мөсөн гадаргуу доор нь бас ус байдаг бөгөөд энэ ус шинжлэх ухааны сонирхлыг маш ихээр татаж байдаг. Тэр дагуул руу техник явуулж судалгаа хийе гэвэл хэдэн тэрбум доллар хэрэг болно. Харин Европ дагуулын устай ижил, “Восток” станцын доор байгаа нуурны ус руу хүрэхэд хэдэн сая доллар л шаардлагатай. Энэ усанд хүрснээр бид олон шинэ нээлтийг хийх боломжтойгоос гадна ирээдүйд өрнөх Антарктидын эзэмшлийн тухай маргаанд манай улс давуу эрхтэй оролцох ач холбогдолтой юм.

Орчуулсан Ё. Одончимэг, www.orosshkolton.mn

 

Сэтгэгдлүүд  

 
otgon
0 #1 otgon 2009-11-13 17:45
ih sonirholtoi saihan medee baina Dulaaraad hailahaar chin musgui bolno biz dee?
Quote
 
 
Би
0 #2 Би 2009-11-17 16:17
Баярлалаа. Танай сайтаас хэд хэдэн төөрөгдлөсөө салахад их тус боллоо.
Quote
 
 
Administrator
0 #3 Administrator 2009-11-18 07:00
Би, танд баялалаа, орж ирж байгаарай. Бичмээр сонирхолтой юм их байна, хүнд хэрэг болох юм бичихийг л хичээж байна. Хов жив, одонцоруудыг бичээд яахав дээ, тийм ээ ;-)
Quote
 
 
Би
0 #4 Би 2009-11-18 09:28
Тийм шүү. Эхний ээлжинд форумд бүртгүүлсэн байгаа. Яваандаа надад ч бас хуваалцах сонирхолтой зүйлүүд их бий. :-)
Quote
 
 
Administrator
0 #5 Administrator 2009-11-18 14:07
Яваандаа гэлтгүй хуваалц л даа :-)
Гоё сонирхолтой юмыг олуулаа мэдэж хэлэлцвэл гоё ш дээ :lol:
Quote
 
 
Би
0 #6 Би 2009-11-18 14:10
Намайг сайн гуй. Тэгвэл оруулж болох л юм :P

Наргиа шүү тэгнэ ээ. Удахгүй. :lol:
Quote
 

Сэтгэгдэл нэмэх