2009 оны 12-р сарын 20, Ням гариг, 06:39    PDF Хэвлэх И-мэйл
Шиннёо - ин гэж юу вэ? Бидний үеийн буддизм

buddizm


БИДНИЙ ҮЕИЙН БУДДИЗМ

Шиннёо-Эн гэж Бурханы шажнийг үндэслэгч Шагжмүни Буддагийн сүүлчийн сургаал дээр суурилсан Буддын нэгэн хүрээллийн сүсэгтэн олныг хэлнэ. Тэд аль болох олон хүмүүст гэгээрэлд хүрэх боломжийг бусдын төлөө гэсэн нинжин сэтгэл болоод харилцан биесээ халамжлан дэмжих замаар олгохыг зорьдог юм. Буддын номлолоор замнан гэгээрэлд хүрэх нь хүн бүрт боломжийн байсан хэдий ч эдүгээ хүртэл олон зууны туршид зөвхөн өөрийн энэ насны амьдралыг огоорон сүм хийдэд шавилан  сууж лам хувраг, гэлэнмаа болох замаар л гэгээрэлд хүрэх боломжтой байв.

Тэгвэл Шиннёо-Эн нь энгийн хүмүүст заавал сүм хийдэд шавилан суулгүйгээр өөрийн амьдран байгаа орчиндоо суралцан гэгээрэх өөр нэгэн боломжийг нээж байгаа юм. Шиннёо-Эний номлол нь уламжлалт буддын сургаал дээр баттай суурилсан бөгөөд энгийн сүсэгтэн олон, лам хуврагийн нэгэн адилаар оюуны оргилд хүрч болохыг сургадаг. Товчоор хэлбэл энэ нь өөрсдийн гишүүн нэг бүрийг их хөлгөний ариун замаар замнахад нь дэмжин тусалдаг сүсэгтэн олны өөр нэгэн урсгал юм.

ТОВЧ ТҮҮХ

Шиннёо-Энийг анх 1936 онд Шинжо Ито болон түүний эхнэр Томожи нар үндэслэн байгуулсан билээ. Тэднийг ихэнхдээ Куоши сама, Шожу Шинин сама  гэдэг номын нэрээр нь нэрлэдэг. Үндэслэгч Ито нь Японы  Шингон  гэдэг буддын нууц тарнийн ёсны  Дайго шашны сургуулийн төв хийд болох Дайгожид суралцаж дүүргээд Их багш Ачараяа зэрэгт хүрсэн байна.  Ингэснээр Буддагаас хойш 2500 гаруй жил үеэс үед тасралтгүйгээр дамжиж ирсэн буддын ухааны уламжлалт урсгал болох Дарма урсгалын залгамжлагч нь болсон байна. Энэ нь түүнд өөрийн гэсэн урсгал буюу шашны бүлэглэлийг эхлүүлэх эрхийг олгож  байлаа. Гэсэн хэдий ч Шингон буддизм нь эзотерик буюу нууц тарнийн ёсны номлолтой тул сахил хүртээгүй хүмүүст өөрсдийн сургаалыг заахыг хориглодог юм.

Эзотерик гэсэн ухагдахуунд хүний хэлээр зааж, тодорхойлж үл болох гэсэн ойлголт орно. Ингэснээрээ мөн бүрэн төгс ойлгохоос ч урьдчилан сэргийлж байдаг.  Эзотерик буддизм нь (очирт хөлгөн буюу дандрын ёс) бурханы шашны түүхэнд харьцангуй сүүлд хөгжсөн тул урьд өмнөх бүх сургаал номлолыг багтаасан байдаг. Энэ ёс нь шашны намба жаяг, сурах бичиг зэрэг гаднын аливаа нэгэн арга барилаар суралцахаас илүүтэйгээр амьдралд шууд бодитойгоор дадлагажиж туршлагажихыг чухалчилж онцгойлон анхаардаг бөгөөд мөн өөрийн номлолыг зөвхөн багшаас шавьд л дамжуулдаг ёстой. Гэхдээ тухайн шавь, багшийн хувьд, үнэхээр уг сургаалыг сонсоход бэлэн болсон тохиолдолд л айлддаг байв.

Тиймээс Шинжо Ито нь Шингоны шашнаас ойлгож мэдсэнээ бусдад таниулах өөр арга замыг хайн бурхан багшийн бусад сургаалуудыг үргэлжлүүлэн судлах явцдаа сүүлийн айлдвар болох нирваан дүрийг олох тухай Нирваан буюу Махапаринирваан судруудыг уншсан байна. Уг судрын бүхнийг хүлээн авах гэсэн гол утга нь түүний хувьд энгийн хүмүүсийг хамарсан шашны өөр нэгэн хэлбэрийг бий болгоход  зайлшгүй хэрэгтэй, бурханы номлолын зүгээс хайж байсан, үндсэн  зарчим нь болохыг ойлгосон юм. Нирваан сударт бүх хүмүүс лам хувраг, энгийн сүсэгтэн олон ялгаагүй бүгд өөртөө туслая гэвэл бусдад туслаж байхыг хөхүүлэн дэмжсэн байдаг. Яагаад гэвэл хүн бүр өөрсдөө мэдсэн мэдээгүй зүрхнийхээ гүнд төрөлхийн бурханлиг чанартай  байдаг гэж үздэг.  Нирваан судрын үндсэн 4 зарчим нь:

  • Бүх хүмүүс, нэг хүн ч алгасалгүй, бүгдээрээ будда буюу бурханлиг чанартай төрдөг.
  • Будда нь хэзээ ч хувиран өөрчлөгдөлгүй мөнхөд оршин тогтнодог.
  • Хамгийн адгийн нүгэлт алуурчин ч ухаарсан бол нэгэн цагт аврагдаж гэгээрэх боломжтой.
  • Нирваан гэж оюун санааны гэгээрсэн төлөв юм. Энэ нь мөнхөд орших өөрийн мөн чанарыг танин мэдэж, ариусан цэвэршсэнээр хязгааргүй их баяр жаргалд хүрэх боломж юм.

Нирваан судар нь бүх хүмүүс хэмжээлшгүй их баяр жаргал. нинжин сэтгэл болон бурханы нигүүлсэнгүй бодь сэтгэлийг бусдын төлөө буян хийх болон эргэцүүлэл бясалгалаар  өөрсдийн дотоод сэтгэл рүү  хүрэх замаар төрүүлэн бий болгох чадвартай гэсэн үндсэн санааг агуулсан байдаг. Үндэслэгч Томожи бурхан багшийн хажуулдан хэвтээд сүүлийн сургаалаа айлдаж буй барималыг Нирваан сударт номлосон амьтай бүхэн төрөлхийн бурханлиг чанартай бөгөөд түүнээ ухаарах ойлгох чадвартай гэдгийг бэлгэдэн урласан билээ.

Буддизмын хамгийн чухал ойлголт бол үйлийн үр буюу карма юм. Үйлийн үрийг энгийнээр ойлгохын тулд жирийн л нэг үрийн (шалтгаан) талаар бодох хэрэгтэй. Үрийг тодорхой хөрсөнд суулгаад  усласан тохиолдолд (нөхцөл) үр соёолдог ( үр дүн). Өөрөөр хэлбэл энэ нь бидний мэдэх учир шалтгаан ба үр дүнгийн зарчим юм л даа. Шиннёо-Энд бид зовлон хийгээд зовлонгийн шалтгааныг таньж авснаар үр дүнд нь бид өөрсдийн үнэн дүр төрхөө буюу бурханлиг чанараа  хөгжүүлэхэд суралцдаг юм.

Өнөөдрийн байдлаар Шиннёо-Эн нь Буддын шажинтны дунд  албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн эзотерик буддизм буюу бурханы нууц тарнийн ёсны биеэ даасан салбар  болоод байгаа билээ.  1989 онд Шинжо Итог нас барснаас хойш түүний охин дарма залгамжлагч  Кэшу сама буюу Шинсо Ито уг шашныг тэргүүлж байна. Шиннёо-Эний гол сүм нь анхлан баригдсан цагаасаа хойш одоог хүртэл Токиогийн захад орших Тачикава хотод байрласаар байгаа билээ.

Шиннёо-Эн нь шашны бүхий л урсгалыг үнэлж үздэг тул хүнийг  итгэл бишрэлээсээ урвах болон татгалзахыг шаарддаггүй юм.  Тиймээс сонирхсон хэн бүхэн гишүүнээр элсэн орж, Шиннёо-Энд анх танилцуулсан хүнийхээ тусламжтайгаар дадлага олж авах бүрэн боломжтой билээ. Өнөөгийн байдлаар Шиннёо-Эн нь Ази, Хойд Америк, Европ болон Австрали тивүүдэд өөрсдийн салбараа нээн ахуй соёл, зан заншил, шашин шүтлэг өөр мянга мянган гишүүдийг хамруулан үйл ажиллагаагаа явуулж байна.

СУРГАЛТ

Буддын шашинд хүн өөрийнхөө цэвэр зүрхэн тольтод хүрч мөн чанараа танин мэдсэнээр ухааралд хүрэхийг заадаг олон хэлбэрийн сургалтууд байдаг. Үүнийг л чухамдаа гэгээрэлд хүрэх, авралд багтах гээд байгаа юм. Шиннёо-Эний хувьд анхлан ирж байгаа хүмүүсийг сүмийн цугларалт болон гэрээрэх уулзалтуудад урьдаг. Эдгээр тохиолдолд судрын уншлага болон хичээл явагдаж, түүнчлэн гишүүд өөрсдийн туршлагаас илтгэн таниулдаг. Иймэрхүү сүмийн цугларалтууд тухайн зорилгоос шалтгаалж өөр өөр өдрүүдэд явагддаг. Тухайлбал, буддын шажны тусгай тэмдэглэлт өдрүүд, талийгаачдын  засал, ерөнхий ариусгал зэргийг үйлдэх өдрүүд гэх мэтээр зориулагдаж болно. Шиннёо-Эний өдөр тутмын үндсэн сургалтыг гурван дадлага гэж нэрлэдэг.  Үүнээс гадна бясалгал болон онолын сургалтууд явагддаг.

Гурван дадлага

Гурван дадлагыг гохоши, канги, отасукэ гэж нэрлэдэг бөгөөд энэ нь Буддын төгс гэгээрэлд хүрэх уламжлалт бармидын зургаан арга замын нэг нь билээ. Эдгээр дадлагаар хүн биеэ эрхэмлэх сэтгэлээ огоорон бусдын төлөө гэсэн асрал хайр, энэрэл нигүүлсэл, бодь сэтгэлийг хөгжүүлэхэд чиглэгддэг.

  • гохоши "үйлчлэх" - өөрийн цаг завыг бусдад зориулах. Энэ нь сүмийн үйл ажиллагааны үеэр бусдад үйлчлэх буюу бүр томоор нийгэмд ч  үйлчилж болно.
  • канги "баясах"  - баяр бахдалтайгаар хандив өргөх. Энэ нь чин сэтгэлээсээ хүссэн үедээ л хандивлахыг хэлж байгаа юм.Зөвхөн ингэж чадсан үед л л хүний бодол болон үйлийн үрд нөлөөлж бодит үр дүнгээ өгдөг. Хандивийн мөнгийг сүм хийдийн байрны хэрэгцээнд хэрэглэхээс гадна өөр бусад хүмүүнлигийн өглөг, тэтгэлгэнд зориулдаг юм.
  • отасукэ "хөтлөх" - бусдыг замчлах. Энэ нь өөрийн сурч мэдсэнээ бусадтай хуваалцаж, тэдэнд мөн адил гэгээрэлд хүрэх замаар замнах боломжийг олгохыг хэлнэ.

Гурван дадлагын үндэс нь бусдын төлөө чин сэтгэлээ зориулж чадах явдал юм. Үүнийг анхан Будда багшийн  эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд яавал зохих талаар гэгээрэл ухаарлыг эрж хайж байсан тод жишээнээс харж болно.  Бурхан багш хэлэхдээ жинхэнэ өгөөмөр сэтгэл нь үйлийн үрийн гинжин хэлхээг тасалж, өөртөө болон бусдад баяр бахдалыг төрүүлдэг гэж заасан байдаг.

Бясалгал

Бясалгал нь буддын шашны бүх сургуулиудад заагддаг бөгөөд  бясалгалын тусламжтайгаар бид бусдаар бол огт боломжгүй өөрсдийнхөө үзэл бодол, дүр төрхийг харж ажиглах боломжтой болдог. Шиннёо-Эн нь өөрийн гэсэн маш өвөрмөц хэлбэрийн бясалгалтай. Үүнийг cэшин гэж нэрлэдэг ба үүнийг мөн чанарыг хөндөх гэж ойлгож болно. Зэн буддизмд  мөн ижил нэртэй бясалгал байдаг боловч Шиннёо-Энд рэиноша (spiritual guide) буюу оюун санааны зөвлөгчийн тусламжтайгаар харьцангуй богино хугацаанд хийгддэг. Уг рэиноша нь өөрөө бясалгалд орсноор нөгөө бясалгалд байгаа хүнийхээ сэтгэлийг тольдон харж хэлж өгдөг.  Өөрөөр хэлбэл таныг гэгээрлийн замаар замнахад саад болж буй бэрхшээлийг олж харан хэлж өгдөг. Шиннёо-Эний аль ч гишүүн хүсвэл өөрийн энэ боломжоо хөгжүүлэхэд суралцаж рэиноша болсноор бусдад үйлийн үр болон мөн чанараа танихад нь тусалж чадах болно.

Cэшин хүмүүст  өөрсдийн дотоод сэтгэл рүү өнгийн харж, бурханлиг чанарыг нь бүрхэгдүүлэн байгаа уур уцаар, шунал болон бардамналаа арилгахад нь, түүнчлэн өөрсдийн бодь сэтгэлийг хөгжүүлэхэд нь тусалдаг юм.  Шиннёо-Эний сургалтын гол үндэс нь сурч мэдсэнээ өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх явдал байдаг юм. Тиймээс бид бясалгалаар олж авсан мэдлэгээ өөрийн гэр бүл, ажил болон нийгэмдээ хэрэгжүүлэхийн хирээр бодит үнэнийг илүү ойлгож, ингэснээр хүрээлэн байгаа орчинтойгоо илүү уялдсан харьцааг бий болгож туслах боломжтой болох юм. Өдөр тутам тохиолдох амьдралын саад тотгор, зовлон бэрхшээл нь ухаалаг даруу төлөв зан болон хүндэтгэл талархалтай сэтгэлийн үрийг боловсруулах үржил шимтэй хөрс нь болж өгдөг.

Мөн түүнчлэн сэшинээр дамжуулан бид өөрсдийн үйлийн үрийн талаар илүү сайн ойлгож авдаг. Өнгөрсөн үед тарьсан үрийн шимийг өнөөдөр хүртэж, өнөөдөр тарьсан үрийн ургацыг ирээдүйд хураах болдог. Ингэж өнгөрсөн,одоо, ирээдүй маань үйлийн үрээр холбогдож өгдөг байна.  Муу сөрөг үйлийн үр амьдралыг маань харлуулж сүүдэртүүлж байхад, сайн эерэг үйлийн үр амьдралыг маань илүү сайхан гэгээлэг ирээдүй рүү хөтөлж байдаг билээ.

Хэрвээ та цаашид улам гүзгийрүүлэн суралцах хүсэлтэй бол бясалгалын тусгай хэлбэр болох эза нямбанд сууж болно. Энэ сургалтаар бид өөрсдийн оюун ухаан, зүрх сэтгэлийг гэгээрлийн илүү өндөр түвшинд хөгжүүлж сурдаг.

Онол

Үндсэн дадлагыг эзэмшсэнээс хойш тодорхой хугацааны дараа  Бурхан багшийн сургаалын мөн чанарыг илүү сайн ойлгож, цааш түгээх үүднээс Чирю Гакуин богино хэмжээний  сургалтанд хамрагдаж болно. Оюутнууд онол, ёс жаягт суралцахаас гадна Шиннёо-Эний нууц тарнийн ёсны сахил хүртдэг. Төгсөгчдөд сахил санваарын цол зэргэм олгож, мөн албан ёсоор бурханы шавийн сахил хүртэх боломжийг олгож өгдөг.

УГСАА ЗАЛГАМЖ

Шиннёо-Энд гишүүн бүр "халамжлагч эцэг эх"-ээр дамжин элсдэг. Энэ нь анхлан уг гишүүнийг шинээр авчирч танилцуулсан хүн байдаг бөгөөд цаашид дадлагажиж туршлагажихад нь байнга туслан дэмжиж байдаг.

Энэ урсгал  нь анхандаа цөөхөн гишүүдтэй байсан учир  Шинжо Ито эхнэр Томожигийнхоо хамтаар элсэгчдийг  шууд  хүлээн авч, өөрсдийн гэр бүлийн нэгэн гишүүн мэт тэднийг халамжлан хүмүүжүүлдэг байв. Өдрөөс өдөрт нэмэгдэх сүсэгтний тоо өсөхийн хирээр  шууд  халамжлах боломжгүй болж, тэдний асрал хайр, энэрэл нигүүлсэлийг нь мөн нэгэн адилаар түгээх үүргийг "халамжлагч эцэг эх"нар хариуцах болсон юм. Ийм номын ёcны харилцаа нь " халамжлагч эцэг эх" болон "халамжлуулагч хүүхэд" хоёрын хувьд харилцан туршлагаа солилцож ухаарахын хирээр бие биесийн бурханлиг чанарыг дэмжин,  хамтран гэгээрэлд хүрэхэд нь тус нэмэр болдог байна.

Ийнхүү бие биесийг харилцан халамжлагч эцэг эх болон хүүхдүүд болох замаар тогтсон систем нь гишүүдийг дотор нь хэд хэдэн угсаа бүлгүүдэд хуваадаг. Эдгээр нь гишүүдийн хувийн эрэлт хэрэгцээг хангахаас гадна Шиннёо-Эн үүссэн цагаас эхлэн тотнож ирсэн нөхөрлөлийн халуун дулаан уур амьсгалыгг хадгалж өгдөг юм.

ШИННЁО-ЭНИЙ ТУХАЙ

Гишүүн бус хүмүүст зориулсан  хэвлэлүүд бол Цэцэрлэгт Хүрээлэнд Зугаалсан нь номын  Боть I болон Шиннёо-Эний тухай Зарим Асуулт Хариултууд товхимол зэрэг болно. Эдгээрийг манай хийдүүдээс болон анхлан танилцуулсан хүмүүсээр дамжуулан олж авч болно.  Мөн түүнчлэн манай www.shinnyo-en.org вэб хуудсанд зочлохыг урьж байна.

Шиннёо-Эний номлолын мөн чанарыг таниулан түгээх гол зам нь хүмүүсээр дамждаг учраас бид таныг өөрсдийн дадлага туршлагаас хуваалцан цаашид дэмжин туслах чадвар бүхий манай гишүүдтэй уулзан ярилцахыг онцгойлон дэмжиж байна.

buddizm

Орчуулсан Д.Отгон, www.orosshkolton.mn

 

Comments 

 
0 #1 maralmaa 2010-02-27 01:22
hi.ulaanbaatart salbar bgaa iy? haana?
Quote
 
 
0 #2 Otgon 2010-02-27 20:12
ulaanbaatart neg darhand neg salbar baidag gesen sonirhoj baival bi suraglaad utsiig ni olood uguy minii email o2003d@yahoo.com ruu bicheerei
Quote
 

Add comment


Your are currently browsing this site with Internet Explorer 6 (IE6).

Your current web browser must be updated to version 7 of Internet Explorer (IE7) to take advantage of all of template's capabilities.

Why should I upgrade to Internet Explorer 7? Microsoft has redesigned Internet Explorer from the ground up, with better security, new capabilities, and a whole new interface. Many changes resulted from the feedback of millions of users who tested prerelease versions of the new browser. The most compelling reason to upgrade is the improved security. The Internet of today is not the Internet of five years ago. There are dangers that simply didn't exist back in 2001, when Internet Explorer 6 was released to the world. Internet Explorer 7 makes surfing the web fundamentally safer by offering greater protection against viruses, spyware, and other online risks.

Get free downloads for Internet Explorer 7, including recommended updates as they become available. To download Internet Explorer 7 in the language of your choice, please visit the Internet Explorer 7 worldwide page.