|
||||
| Дэглэмээ зөрччихлөө. Одоо яах вэ? |
|
Турах дэглэм барьж байгаа хүмүүсийн багаар бодоход тал хувь нь дэглэмээ дуусгаж тэсэлгүй, хориотой хоол унд, амттан идчихдэг. Тэгээд “За за, одоо хаашдаа өнгөрсөн, би ер нь дэглэм барьж тэсэхгүй юм байна” гээд дэглэмээ тэр чигээр нь хаячихдаг. Гэтэл энэ нь та тийм тэсвэргүйдээ ч биш, зүгээр л хооллох байдлаа өөрчлөх явцад байнга гардаг, байгалийн хууль гэхээр үзэгдэл юм шүү. Тийм болохоор дэглэмээ зөрчлөө гээд дураараа иддэг байдал руугаа буцвал зөөлнөөр хэлэхэд утгагүй зүйл болно. Бүх насаараа бандайсан өвчний үүр байж, гоолиг хүмүүст атаархаад суугаад байвал тэнэг хэрэг биз дээ? Хэрэв та үүнтэй санал нийлж байвал юу ч болоогүй юм шиг дэглэмээ үргэлжлүүлэн барьж байгаарай. Ер нь дэглэм зөрчих олон шалтгаан байдаг. Үүнд:
Сэтгэлээр унасан үе
Төрсөн өдөр, нийллэгБаярын өдрүүд Амралт, зугаалга, аялалаар явах Ресторанд хооллох хэрэг гарах Ардаа дэмжлэггүй байх Их ядрах Энэ бүх саад тотгорууд таны дэглэмийг будаа болгох гээд гэнэт гараад ирдэг.
Ер нь дэглэм барихаар шийдэх үедээ дээрх саад тотгоруудыг аль болох тойрон гарахаар бодож төлөвлөвөл зүгээр. Тэгвэл дэглэмээ зөрчих эрсдэл багасна. Хэрэв таны ойр дотны хүмүүс таныг дэмжихгүй байвал турах сонирхолтой хүмүүс цуглардаг сайт руу орж хүмүүстэй танилцан тэдний дэмжлэгийг авч болно шүү дээ. Тухайлбал, манай оросшколтон сайтын форум дээр энэ асуудал хэлэлцэгдэж байгаа. Дэглэмээ төлөвлөхдөө (богино хугацааны хатуу дэглэмийн хувьд), шаардагдах хугацаанд баяр, төрсөн өдөр, зугаалга гэх мэтийн дээр дурьдсан эрсдэл бүхий өдрүүд байгаа эсэхийг бод. Хэрэв байгаа бол дэглэм эхлэх өдрөө хойшлуулсан нь дээр. Хэрэв та олон кг турах шаардлагатай байгаа бол бага багаар найдвартай турах дэглэм сонговол ашигтай. Ийм дэглэмэнд удаан хугацаа шаардагдах тул долоо хоногын нэг өдрийг “амралтын өдөр” болгоод тэр өдрөө идмээр санагдаад байгаа юмнуудаа идэж байвал дэглэм барихад хялбар байх болно. Удахгүй идэх болно гэдгээ та мэдэж байвал тэсэхэд амар шүү дээ. Хамгийн гол нь дэглэм зөрчиж болох хууль ёсны өдөр юм чинь гээд хамаагүй идэж л болохгүй. Болно гэдэг бол их идэж болно гэсэн үг биш шүү. Өглөө таваг дүүрэн цөцгийтэй шарвин, өдөр нь шарсан төмстэй гахайн стейк, орой нь ресторанд очиж найрлана гэвэл дэндсэн хэрэг болно. Ерөөсөө хэзээ ч цэрдийж бялууртлаа идэх хэрэггүй. Зүгээр л хүслээ тайлах маягаар бага багаар идвэл дэглэмд аюул учрахгүй юм. Богино хугацааны хатуу дэглэмийн үед амралтын өдөр гэсэн асуудал байхгүй. Учир нь хатуу дэглэмийн үед чангалгаанд орсон байгаа организм идсэн үртэс бүрийг тань өөх болгон цааш хийдэг. За яахав, та өчигдөр дэндүүлээд идчихэж. Тэгээд өнөөдөр өөрийгөө харааж буруутгахын хажуугаар “Турна гэдэг ч бүтэшгүй эд байна доо, дэглэм мэглэм барьж өөрийгөө зовоохоо больдог ч юм билүү?” гэх маягийн ичмээр бодол тээж байгаа юм биш биз? Болиорой, тийм юм бодохгүй шүү!!! Нэгдүгээрт, ийм дүгнэлтэнд хүрэх нь эрт байна, хоёрдугаарт жин тань 2 кг – аар нэмэгдсэн байсан ч, энэ нь та хоёр кг өөх нэмчихсэн гэсэн үг биш. 1 кг өөх гэдэг бол 7000 ккал. илчлэг, та ийм их идэж арай чадаагүй байлгүй? Тэгэхээр энэ нэмэгдчихээд байгаа 2 кг – ны чинь нэг хэсэг нь организмд тань хуримтлагдсан ус, бас нэг хэсэг нь гэдэс доторт тань боловсрогдож байгаа хоолны жин юм. Тиймээс, өнөөдөр та ногооны салат, хөнгөн шөл, цэвэр ус зэргийг уугаад, маргаашаас дэглэмээ үргэлжлүүлэхэд 3 хоногын дараа “нүглээ наминчилчихна”. Ер нь яалаа гэж нэг удаа дэглэм зөрчлөө гээд турах санаанаасаа татгалзах ёстой юм бэ? Та ажил дээрээ алдаа гаргалаа гээд шууд л ажлаас халагдах өргөдөл бичдэггүй биз дээ? Эсвэл нөхөртэйгээ ам зөрөнгүүтээ гэр бүлээ цуцлуулдаггүй биз дээ? Тийм болохоор, төлөвлөгөөнөөсөө хазайснаа тухайн цаг үеийн хүндрэл, саад тотгор, үүнийг даваад гарч болноо гэж өөрийгөө хурцлах хэрэгтэй. Нэг алхам ухраа л биз, тэглээ гээд урагшаа явахаа болино гэж юу байсан юм? Унасан ч босоод явдаг хорвоо, хө !!! Гоолиг бие, эрүүл организмын төлөө урагшаа!!! www.orosshkolton.mn, Ё.Одончимэг |




Сэтгэгдлүүд
Найзууддаа тараагаарай
нээрээ л дэглэм зөрчлөө гээд зогсоох хэрэггүйн байна