|
||||
| Инээдээр эмчлэхүй |
|
Гелотологи – инээдний шинжлэх ухаан нь 1970 – аад онд Америкт үүсчээ. Энэ шинжлэх ухааныг үндэслэсэн Норман Казинс гэдэг хүн “үхлийг инээлгэж чадсан хүн” хэмээн түүхэнд үлдээд байна. Тэрээр үе мөчний маш ховор төрлийн өвчтэй байсан аж. Эмч нар юу ч хийж чадахаа байж түүний өвчний өмнө бууж өгөхөд Казинс өдөржин өрөөндөө инээдмийн кинонууд үзэж хэвтдэг болжээ. Гэтэл маш сонирхолтой үр дүн гарсан нь – долоо хоног инээсний дараа Казинсыг зовоож байсан өвдөлт байхгүй болж, сарын дараа тэрээр хөдөлж чаддаг болж, 2 сарын дараа бие нь зүв зүгээр болоод ажилдаа эргэж орсон байна. Энэ цагаас хойш Америк болон Европод инээд хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг судалж эхэлсэн түүхтэй.
Инээд хошигнол бол хүний амьдралд ус агаартай ижил чухал зүйл юм. Олон хэцүү нөхцөл байдалд инээд хүмүүн бидний үнэнч туслагч болж ирсэн билээ. Хэрэв хүн өөрөө өөрийгөө шоолж инээж чаддаг, хүнд хэцүү асуудлыг өөр өнцгөөс харж чаддаг бол хэзээ ч элдэв бэрхшээл түүнийг зогсоохгүй, харин ч улам хүч зоригтой болж хүндрэл бэрхшээлийг даван гарч чаддаг юм. Инээд хорт хавдрыг эмчилж байна Инээд хүний бие организмд маш их эерэг нөлөө үзүүлдэг. Сэтгэл санаа, бие лагшинг өөд нь татдаг. Сайхан хошигнолоос авсан цэнэг заримдаа өдөржингөө үйлчилдэг. Учир нь хүн инээн баясах үед организмд мэдрэлийн модераторууд – дофамин, серотонин, эндорфин зэргийн “аз жаргалын гормонууд” ялгардаг юм. Үүнээс гадна инээд нь 80 бүлэг булчинг нэгэн зэрэг ажиллуулж чаддаг учраас сайхан физик дасгал ч болдог. Инээх явцад хүний мөр хөдөлнө, диафрагм чичирнэ, хүзүү, нуруу, нүүрний булчин суларна. Пауз авахад буцаж чангарна. Зарим эрдэмтэд 1 минут инээхэд 25 минут дасгал хийсэнтэй адил гэж баталдаг. Инээх үед, дасгал хийсэнтэй ижлээр, зүрхний цохилт түргэсдэг шүү дээ? Инээд бол ерөөсөө бүх өвчнийг эмчлэх увидастай, зүрх судасны өвчнүүд, хорт хавдрыг ч эмчилдэг. Стрессын гормонуудын ялгаралтыг багасгана, холестерины түвшинг бууруулна, цусны даралтыг тогтворжуулна, биеийн эсэргүүцлийг сайжруулна. Заримдаа сайхан инээгээд авахад л толгой өвдөхөө больдог. Үүнээс гадна, инээд амьсгалд их сайнаар нөлөөлдөг. Жирэмсэн эмэгтэйчүүдэд инээд их тустай байдаг. Төрөлтийн өвдөлтийн эхний шатанд ч инээд өвдөлтийг дарангуйлж чаддаг. Харин, эвэрхийтэй, нүдний өвчтэй, мөн уушигны янз бүрийн асуудалтай хүмүүс удаан хугацаагаар инээж болохгүй. Мөн хагалгааны дараах шархтай, зулбалт болох аюултай жирэмсэн эмэгтэйчүүд хамаагүй инээх аюултай. Бусад хүмүүст инээд – эм л болно. Мэдээж зөвхөн инээдээр л эмчилнэ гэхгүй л дээ. Инээдийг нэмэлт эмчилгээ, эдгэрэлтийг түргэсгэгч, урьдчилан сэргийлэх эмчилгээ болгож хэрэглэх тухай ярьж байгаа та ойлгож байгаа биз ээ. Гадаадын олон эмнэлэгт алиалагчийн орон тоо байдаг. Нялх хүүхэд 1 сартай болж байж л инээж эхэлдэг. Ээжээсээ сурдаг юм. Хэрэв ээж нь хөгжилтэй, аливаа юманд өөдрөг сэтгэлээр ханддаг, үргэлж инээд баясгалангаар дүүрэн байдаг бол хүүхэд нь ч гэсэн ээжийгээ дуурайн хөгжилтэй хүн болдог. Ер нь хүн 1 – 5 насандаа хамгийн их инээдэг. Жижиг хүүхэд хэн бүхнээс илүү амьдралаас баяр жаргал авч чаддаг. Хүүхдүүд үргэлжийн, үнэн сэтгэлээсээ инээн баясаж явдаг болохоор тэдний сэтгэл санаа үргэлж өөд байдаг. Тэд үргэлж шинэ нээлт, шинэ гавъя байгуулахад бэлэн байдаг.. Магадгүй, тэд үргэлж инээж байдаг болохоор хорвоо дэлхий тэдний өмнө хаалгаа нээж өгдөг байх. 5 минутын инээд = 40 минутын амралт Гадаадын анагаах ухааныхан олон төрлийн өвчний эмчилгээнд инээдийг ашиглаж байна. Өөдрөг сэтгэлтэй, баяр баясгалантай байгаа хүн амархан эдгэдэг нь нотлогдоод байгаа юм. АНУ – д Инээдмийн Төвүүд хүртэл байдаг. Хүмүүс ийм төвүүд рүү, фитнес клубт ирдэг шиг л ирж хичээллэдэг. Олуулаа инээхэд сэтгэл хавьгүй хурдан засагддаг бөгөөд үр дүн нь ч удаан үргэлжилдэг. Цагийг сайхан өнгөрөөх хамгийн ашигтай хэлбэр нь инээдмийн төв болжээ. 5 минут инээхэд 40 минут амарсантай тэнцүү гэсэн судалгааны дүн гарсан байна. Инээд бол халдвартай эд. Хүн тааламжтай хүмүүстэйгээ хамт байхдаа ганцаараа байснаас 30 дахин олон удаа инээн хөхөрдөг аж. Хамгийн сонирхолтой нь ямар нэгэн хөгжилтэй юм ярьж байгаа хүн сонсож байгаа хүмүүсээсээ 1,5 дахин олон удаа инээдэг байна. Өөрөө өөртөө инээдэн эмчилгээг хэн бүхэн хийх боломжтой. Өглөө, өдөр, оройд 10 минут инээх дэглэмээр амьдарч хэн ч чадна. Инээдмийн кино, хошин шогийн нэвтрүүлэг үзэх, онигоо унших, инээдтэй зураг үзэж инээдээ хүргэх, хөгжилтэй хүмүүстэй харьцаж байх гээд олон суваг бий. Ганцаараа толины өмнө зогсоод нүүр амаа янз бүр болгон хөхрөхөд ч болно. Үнэн санаанаасаа инээж болохгүй байвал худлаа хөхөрч ч болно. “Балай юм шиг инээгээд л” гэж хүмүүс хэлнэ гэж бүү ай, үргэлж инээмсэглэж, инээж яваарай. Орчуулсан Ё. Одончимэг, www.orosshkolton.mn
|



Хүмүүс бид инээх баясах шалтгаан гарахгүй л бол инээх хэрэггүй юм шиг боддог. Гэтэл инээд гэдэг бол удаан хугацаанд сэтгэл санааг өөд байлгаж чаддаг, ямар ч хоргүй хар тамхи л гэсэн үг, эмчилгээний увидастай эмоци билээ. Их тунгаар хэрэглэх тусам эрүүл мэндэд сайн хэмээн эмч нар баталж байна.
Сэтгэгдлүүд