|
||||
| Амин дэмүүд. Сүржигнэх хэрэг байна уу? |
|
Биднийг байнга л, олон төрлийн хоол хүнс хэрэглэж байхгүй бол бүх төрлийн аминдэмийг биедээ авч чадахгүй сүйд болно хэмээн айлгана. Амин дэмүүд бие организмд нөөцлөгдөн хадгалагддаггүй учраас өдөр бүр “нийлүүлэлт” хийж байх хэрэгтэй, эс тэгвээс бүх биохимийн процессүүдийн зөв гольдирол нь алдагдана хэмээнэ. Энэ тийм маргашгүй үнэн мөн үү? Ямар итгэлцүүрээр эрдэмтэд тооцоолж гаргадаг, ингэхдээ ямар объектив зарчмыг баримталдаг тухай би “юм” хайгаад олсонгүй. Өөр өөр цаг агаарын нөхцөлд амьдарч байгаа хүмүүс ижил төрлийн, ижил хэмжээтэй амин дэм хэрэглэх ёстой байдаг нь ямар учиртай юм бэ, зөв юм уу? Амин дэм байхгүй бол нүүрсустөрөгч нарийн гэдсэнд очоод исч эхэлдэг, уураг илжирдэг, өөх тос бүр хэлэхийн аргагүй юм болдог хэмээнэ. Далайчид удаан хугацаагаар хойд зүгт явахдаа витамин дутагдсанаас чийг бам /цинга/ өвчнөөр өвчилж хөдөлмөрийн чадвараа бүрэн алддаг байсан, тэгээд тэдэнд амин дэм өгөнгүүт зүв зүгээр болоод сэтгэл хангалуун аз жаргалтай гэгч нь аялалаа үргэлжлүүлдэг байсан гээд л түүхэн жишээ татдаг. Харин хэзээ ч, энэ байдал өөр бүсэд төрж өссөн, хойт бүсэд амьдрахад зохихгүй гентэй хүмүүст л үзэгддэг байсан тухай огт дурьдаггүй. Тэгвэл яагаад хойт туйл хавийн уугуул үндэстнүүд хүнсэндээ хөлдүү загаснаас өөр юу ч хэрэглэдэггүй шахуу, нарны гэрэл туяагаар хомсхон, өнөөдрийг хүртэл амин дэмний тухай сонсоо ч үгүй байж аль балар эртний үед л түүний дутагдлаас болоод үхээд дуусчихсангүй вэ, сонирхолтой юм? Тэгэхээр бүх юм тийм ч шулуун дардан биш байгаа биз? Амин дэмийн хэрэгцээ амьдарч байгаа газраас нь, генотипээс нь, цусны бүлгээс нь, хооллолтын байдлаас нь, мөн энэ бүхнээс шууд урган гарч буй бодисын солилцооны хурднаас нь хамаардаг бололтой байна. Хойт зүгийн уугуул бус хүний хувьд амин дэмүүд нь нэмэлт антиоксидант, бодисын солилцооны хурдасгуур болж өгдөг. Учир нь ийм хүмүүс хойт зүгт ирэхээрээ бодисын солилцоо нь хэт удааширснаас чөлөөт радикалууд саармагжиж чадахгүй хуримтлагдан, синтезийн хэвийн байдал нь алдагдаж биед нь явагдаж байх ёстой химийн урвалууд дутуу явагдан орхигддог ажээ. Тиймээс, ийм цаг агаарын нөхцөл дахь организмын биохимийн процессүүдийг түргэсгэн, химийн урвалууд дутуу явагдсанаас болж биед хуримтлагдаж байгаа чөлөөт радикалуудыг багасгахад нэмэлт хурдасгуур – амин дэмүүд хэрэгтэй гэсэн үг. Гэхдээ зөвхөн байгалийн амин дэмээр л организмыг тэтгэвэл үр дүн гарна, хиймэл витамин бол үр дүн муутайгаас гадна бодисын солилцооны жамыг алдагдуулдаг, онцгой тохиолдолд богино хугацаагаар хэрэглэвэл юу юм гэхээс. Хойт бүсийн уугуул иргэдэд амин дэмийн нэмэлт тэжээл шаардагддаггүй, яагаад гэвэл тэдний бодисын солилцоо угийн удаашралтай явагддаг, ген нь тийм. Энэ нь уламжлалт хоол тэжээлтэй нь холбоотой, тиймээс тэдэнд чөлөөт радикал ихэснэ гэх асуудал гардаггүй, бусад, витамины дутагдалд оруулахаар гажуудал ч үзэгддэггүй. Мэдээжийн хэрэг, урд зүгийнхэн натурал витаминаар дутагдана гэх асуудал байхгүй. Нарны туяаны нөлөөгөөр биед “үйлдвэрлэгддэг” амин дэмүүд хангалттай хэмжээгээр бий болох бүх нөхцөл нь бүрэн, жимс ногоогоор дамжуулан бусдыг нь хангах боломжтой. Хойт зүгийнхэн урд зүгт ирээд амин дэмээр баялаг хүнс их хэрэглэлээ гээд хуучнаасаа тавтай сайхан байдаг гэсэн баримт ч байхгүй шүү дээ. Хамгийн нууцлаг сонирхолтой аминдэм бол В12 юм. Энэ амин дэмийг ургамал ч, амьтны организм ч, хүний организм ч “хийдэггүй”. Түүнийг газрын хөрсөн дахь бичил биетүүд гаргадаг бөгөөд өвсөн тэжээлтэй амьтад шороотой хамт В12 – идчихдэг. Улмаар энэ амин дэм амьтны биед хуримтлагдаж байгаад махаар нь дамжин хүний биед орж ирдэг. Үүнийг цагаан хоолтонгуудад онцгойлон анхааруулмаар байна. В12 хүнд маш бага хэмжээгээр хэрэгтэй байдаг ч түүний ач холбогдол нь маш их юм. Витамин В12 (цианокобаламин) цус бүрдэлт, цус бүлэгнэлт, төрөл бүрийн амин хүчил болон нуклеины хүчлүүдийн синтезэнд нөлөөлнө, мөн нүүрсустөрөгч болон өөх тосны солилцооны процессүүдийг идэвхжүүлнэ, элэгний үйл ажиллагаа, мэдрэлийн болон хоол боловсруулах системийн ажиллагаанд мөн чухал үүрэг гүйцэтгэдэг. В12 дутагдвал цус багадалт үүснэ, мэдрэлийн системийн ажиллагаа алдагдана, бие сульдан толгой эргэнэ, амьсгаадна, хоолны дуршил багасна гэх мэтээр олон таагүй зүйлд хүргэдэг. В12 ходоодоор шимэгдэхдээ муухан. Биед шингэхийн тулд түүнд кальцитай урвалд орох шаардлагатай байдаг. Хэдийгээр ийм “төвөгтэй” амин дэм боловч мах иддэг хүнд дутагдаад байх нь ховор. Хамгийн сонирхолтой нь, дунд бүсийн уугуулууд ч хэзээ ч амин дэмийн дутагдалд ордоггүй: тэдний уламжлалт хүнс нь амин дэмийн хэрэгцээг нь бүрэн хангадаг. Тэгэхээр, жирийн хоол тэжээлээсээ амин дэмийг бүрэн авч чадахгүй, аль болох амин дэмтэй хүнсийг онцгойлон хэрэглэж байвал хамаг л өвчнөөс аврагдана хэмээн сурталчилдаг нь, зөөлнөөр хэлэхэд, ямар ч ул суурьгүй, ямар ч үндэсгүй хэтрүүлэг гэх дүгнэлт гарч байна. Хүний организмыг хэвийн ажиллахуйц хэмжээний амин дэм байхад л хангалттай, үүний тулд зөв хооллоод байхад л энэ тэнцвэр хадгалагдаад явдаг. Байгаль ээж бидний организмыг амин дэмээр дутаахгүй байх талаар санаа тавьсан байгаа. Цаг агаарын нөхцлөөс хамаараад жил тойрон идэх бололцоогүй амин дэмүүд тодорхой улиралд бие организмд ихээр орж ирэн хуримтлагдаад дараагийн “сезон” хүртэл бага багаар хэрэглэгддэг. В12 – ын нөөц 8 жил хүртэл хугацаанд хүрэлцэх боломжтой, А – витамин 6 сараас 2 жил хүртэл гэх жишээтэй. Ихээр хэрэглэгддэг бөгөөд хуримтлагддаггүй амин дэм болох С витаминыг өвлийн улиралд даршилсан байцаа, хатаасан жимс зэргээр нөхөх бүрэн боломжтой. А – витаминыг луувангаас авдаг гэж хүн бүр мэддэг ч энэ витамин нь тосонд л уусч байж биед шингэдэг гэдгийг тэр бүр мэддэггүй. Тийм болохоор лууванг ямар ч тосгүйгээр дангаар нь идээд нэмэргүй, тос байхгүй бол луувангийн каротин “үүрнээсээ гарч ирэхгүй”, А – витамин болж хувирахгүй, тэр чигтээ гадагшилна. Өлөн элгэн дээр уусан луувангийн шүүс ямар ч үр дүн өгөхгүй, харин тостой хоолон дээр уувал маш их ашиг тусаа өгнө. Ихэнхи тосонд уусдаг амин дэм С витаминтай хамт байвал сайн шингэдэг, үүнийг ч санаж байх хэрэгтэй. А – витаминыг хэтрүүлэх юм бол арьс шарладаг, гэхдээ ингэтэл нь хэтрүүлдэг хүн цөөн тааралддаг. Организмд илүүдэл амин дэм хэрэггүй, хэрэгцээгээрээ л хэрэглэдэг гэдгийг бас санаж байх хэрэгтэй, тиймээс хэт их жимс шүүс хэрэглэж байх шаардлагагүй. Харин ч судалгаагаар амин дэм болон антиоксидантыг ихээр хэрэглэх нь ямар нэгэн сайн үр дүн авчирдаггүйгээр барахгүй организм дахь биохимийн процессүүдэд сөрөг нөлөө үзүүлдэг нь тогтоогдсон байгаа билээ. Орчуулсан Ё. Одончимэг, www.orosshkolton.mn
|



1911 онд польшийн эрдэмдэн Казимир Функ амин дэмийг нээсэн цагаас хойш бараг 100 жил өнгөрөөд байгаа билээ. Харин амин дэмийн тухай бидний мэдлэг хангалтгүй хэвээр л байсаар байна. Бидний мэдэхээр, амин дэмүүд бол организмд, ялангуяа хоол боловсруулахтай холбоотой олон биохимийн процессуудад хурдасгагч байдлаар оролцдог бөгөөд хэрэгцээт амин дэмүүдийнхээ ихэнхийг бид хоол хүнсээр дамжуулан авддаг, цөөн тооныхыг организм маань өөрөө үйлдвэрлэдэг. Амин дэм маш бага хэмжээгээр хэрэгцээтэй байдаг хэдий ч, тэдгээрийн үүрэг ач холбогдол нь агуу их.
Сэтгэгдлүүд