|
||||
| Өөрийгөө эмчлэх 8 дүрэм: аврах уу, алах уу? |
|
Эмийн сангаас жоргүйгээр авч болдог эм хангалттай олон байдаг. ОХУ – н Эрүүлийг хамгаалах яамнаас батлагдсан, эмийн сангаас жоргүйгээр олгогдох эмний жагсаалт 1600 гаруй нэр төрлийн эмийг багтаадаг. Амьдрал дээр бол ард олон 150 орчим нэр төрлийн эмийг “дур мэдсэн” эмчилгээндээ хэрэглэдэг байна. Авцалдаагүй байдал үүсчихээд байгаа мэт: нэг талаас, эмч нар “өөрийгөө дур мэдэн эмчилж болохгүй” хэмээн эсэргүүцнэ, гэтэл нөгөө талаас эмийн сан хүссэн хүн бүрт дээрх жагсаалтанд орсон эм - хорыг чөлөөтэй худалдана. Өвчтэй хүмүүс тэр болгон эмнэлэг рүү шогшин цаг заваа үрэхгүй байхыг хүсдэг нь ойлгомжтой. Эмч нар ч мөн цаг заваа жор бичин үрэхийг хүсдэггүй. Хэрэв бүх эмийг эмчийн жороор олгодог байсан бол эмч нар идэж унтах завгүй ажиллах болно, хөдөлмөрийн чадвартай хүмүүсийн тэн хагас нь эмч байхаас аргагүй байх байсан биз. Статистик мэдээгээр, Оросын иргэдийн 78% нь сард 1 – 3 удаа, 17 % нь сард 4 – 6 удаа эмийн сангаас эм авч өөрийгөө эмчилдэг гэсэн тоо байдаг. Ийнхүү, үй олон хүн зарим нэг өвчнөөсөө, эсвэл өвчнийхөө шинж тэмдгээс эмч нарын хараа хяналтаас гадуур салдаг гэсэн үг. Ихэнхидээ ханиад амьсгалын замын өвчин, ходоод гэдэсний хямрал, толгой болон бусад эрхтний өвдөлт, радикулит болон бусад архаг өвчнөө хөдөлсөн үед хүмүүс эмчид очих гэж яаралгүй өөрсдөө аргалдаг. “ Өвчтөнд хор хүргэхгүй байх” гэдэг эмчийн ёс зүй өөрөө өөрийгөө эмчлэгсэдэд бас хамаатай гэдгийг та зөвшөөрнө биз ээ. Үүнийг та эмчээс илүүтэйгээр биелүүлэхийг хичээдэг нь дамжиггүй, өөртөө хайргүй хэн байх вэ? Харин санамсаргүйгээр өөртөө хор хүргэчихгүйн тулд дараахь хэдхэн дүрмийг маш сайн тогтоож авааарай гэж зөвлөж байна. Дүрэм 1 Дундаж иргэн ижил үйлчилгээтэй эмнүүдээс сонгохдоо аль хямдыг нь, эсвэл аль аятайхан харагдсаныг нь авдаг. Гоё хайрцагтай бол сайн эм гэж боддог бололтой. Мөн найз нөхөд, танил хүмүүсийнхээ хэлсэн ярьсанд үндэслэн сонголт хийх нь ч элбэг. Хөрш нь “манай найз надад хэлээд, би энэ эмийг уусан чинь ёстой сайн эм байна” гээд л хэлнэ – тэгээд давхараараа, орцоороо, бараг байраараа тэр эмийг ууж эхэлнэ. Ийнхүү, эм сонгох үедээ олонхи хүн маш том алдаа хийдэг. Уул нь өөрийнхөө эрүүл ухаанд л тулгуурлавал болоод явчих юм шүү дээ. Харин өөртөө эрүүл ухаан байгаа эсэхийг мэдэх маш амархан: хэрэв та өөрийнхөө анагаах ухааны талын мэдлэгтээ эргэлзэж байгаа бол – эрүүл ухаан танд байна гэсэн үг. Тэгвэл та ядаж нэг удаа эмчид очоод өвчин зовиураа яриад өөртөө тохирсон эмээ бичүүлээд авчих, дараа нь өөрөө энэ эмээ авчихаад байна биз. Радикулит, бронхит мэтийн архаг өвчтэй хүмүүс ийм замаар явдаг. Дүрэм 2 Өөрийнхөө ой санамжинд найдаж худалдаж авсан эмээ санаж байгаагаараа ууж хэрхэвч болохгүй! Урьд нь олон удаа ууж байсан эм байлаа ч хэрэглэх тун болон зааврыг нь дахиад нэг анхааралтай унш. Тэгвэл урьд нь анзаараагүй байсан ямар нэгэн хэрэгтэй зүйл олж харах нь дамжиггүй. Харин, хэрэв та урьд нь огт ууж байгаагүй шинэ эм авсан бол хэрэглэх зааврыг нь томруулдаг шил барьж байгаад үе үеээр нь уншвал таарна. Дүрэм 3 Эмийг хэрэглэх зааварт хэзээ ямар тунгаар яаж уух талаар заавал бичсэн байдаг. Энэ зааврыг ягштал баримтлах шаардлагатай. Яагаад энэ тийм чухал вэ? Жишээ нь, ихэнхи антибиотикийг 4 цаг тутам уух шаардлагатай байдаг. Чухам ийм хугацаанд хүний цусанд антибиотикийн концентраци халдварт нянг устгаж чадахуйц хэмжээтэй хадгалагддаг. Энэ хугацаанаас хойш эмний концентраци багасах тул дараагийн тунг уух учиртай байдаг. Хэрэв цагаас нь өмнө уучихвал – эмний тун хэтэрнэ, энэ нь организмд маш муугаар нөлөөлнө. Цагаас нь хойш уувал – эм маань үр дүнтэй ажиллаж чадахгүй болж ирнэ: халдвар үүсгэгч нянгууд маш хурдан өсч үржих бөгөөд эдгэрэлт удааширна, таны ууж байгаа эмэнд дасан зохицсон нянгийн шинэ арми бий болж өнөөх эмийг “нулимна” гэсэн үг. Тиймээс эмний заавар тунг дураараа өөрчлөн шинийг санаачлах гэх хэрэггүй, ингэж дураараа загнаж хэрхэвч болохгүй гэдгийг хатуу анхаар. Дүрэм 4 Хэрэв олон бодисоос бүрдсэн эм байвал ямар ямар бодисоос бүрдсэнийг нь анхааралтай унш: тэдгээрийн дунд танд тохирохгүй бодис байж магад. Танд харшил өгдөг, эсвэл зүрх судсанд чинь муугаар нөлөөлдөг бодис байгаа ч юм билүү? Дүрэм 5 Зарим өвчнийг хэд хэдэн эмийг нэгэн зэрэг ууж эмчилдэг. Жишээ нь, зүрх судасны өвчнүүд байна. Зүрхний хэмнэл алдагдах, цусны даралт ихсэхээс авахуулаад олон талаар илэрдэг байж болно, тэгээд таны уух ёстой эм атга дүүрэн болж ч магад. Энэ тохиолдолд, уух гэж байгаа эм тус бүрийнхээ тухай бүрэн дүүрэн мэдэж байх ёстой. Юун түрүүнд – эмнүүдийнхээ бүтцийг сайтар хар. Олон бодисоос бүрдсэн эмэнд энгийн эмтэй чинь ижил бодис байна уу үгүй юу гэдэгт анхаар, тэгэхгүй бол зарим бодисны тун хэтэрнэ! Тиймээс уух гэж байгаа бүх эмнүүдийнхээ химийн бүтцийг нь анхааралтай жишиж үзээрэй. Дүрэм 6 Эм ууж эхлэхээрээ бие организмаа чагнаж, арьсаа анхааралтай ажиж байх хэрэгтэй. Ойлгомжгүй мэдрэмж төрөх, арьсанд дээр юм туурах зэрэг үзэгдэл гарвал эмээ уухаа түр зогсоож тухайн байдлыг намжтал хүлээ. Дараа нь дахин уугаад үз. Хэрэв ойлгомжгүй үзэгдэл давтагдах юм бол эмчид очиж үзүүлэн зөвөлгөө ав. Эмч танд тохирсон өөр эм бичиж өгөх, эсвэл хэрэглэх тунг нь өөрчилж зөвлөх байх. Дүрэм 7 Өөртөө таардаг эмнээсээ хэн нэг нь ямар нэгэн юм зөвлөхөөр нь, эсвэл өөрийнхөө шийдлээр татгалзах хэрэггүй. Танд үр дүн өгч байгаа цагт эмээ өөрчлөх гэх шаардлагагүй. Харин уугаад уугаад тус болохоо больчихвол – эмчид очиж ямар эм рүү шилжихээ зөвлөх шаардлагатай. Дүрэм 8 Энэ бол хамгийн гол дүрэм гэж хэлж болно. Бие организмдаа хор хүргэхгүйгээр эмчлэхийн тулд организмаа арван хуруу шигээ мэдэж байх ёстой: өөрийнхөө өвчин зовиураа уухаар төлөвлөсөн эмнийхээ зааварт бичигдсэн эсрэг заалтуудтай жишиж үзнэ гэсэн үг. Ялангуяа, эмний дагавар нөлөөний тухай хэсгийг анхааралтай уншиж танилцах хэрэгтэй. Тэгэхгүй бол, магадгүй угаасаа сайн бус өөр эрхтэнээ өвчлүүлэх аюултай гэдгийг онцгой анхаар! Эдгээр дүрмүүдийг заавал баримталж байгаарай! Ямар ч эм организмд аюул авчирч болзошгүйн дээр, хэрэв дур мэдэн заавар тунг нь өөрчилж уувал та өөрийгөө эмчлэх бус хорлох болно гэдгийг байнга санаж яваарай! “АиФ” аас орчуулсан Ё. Одончимэг, www.orosshkolton.mn
|



Өвчин тусахаараа эмчид очилгүй өөртөө онош тавин эм ууж өөрийгөө эмчилдэг хүн олон байдаг, ихэнхи хүн ингэдэг гэж болно. Эмч нар “дур мэдэн эм уудаг” гээд их дургүй байдаг. Нөгөөтэйгүүр, аспирин эсвэл анальгин авахын тулд эмчээр жор бичүүлэх гээд явна гэдэг тэнэг хэрэг: тэгэж явах цаг зав хаана байна? Тэгэхээр, өнөөх алтан дунджыг л барих хэрэгтэй: өөрийгөө биеэ даан эмчлэхдээ өөртөө хор хүргэхгүй байх.
Сэтгэгдлүүд