PDF Хэвлэх И-мэйл
Хөгшрөлт: шинжлэх ухааны нүдээр...
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 

Үүрд мөнх залуугаараа, эрүүл саруул байхыг хүн бүр хүсдэг билээ. Энэ биелж болох хүсэл үү? Энэ тухай профессор, Оросын шинжлэх ухааны академийн хөгшрөлт судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Олон Улсын хөгшрөлт судлалын ассоциацийн зөвлөлийн гишүүн Владимир Анисимовтай “Аргументы и Факты” сонины сурвалжлагчийн хийсэн ярилцлагыг толилуулж байна.

“АиФ”: - Владимир Николаевич, хөгшрөлтийг зогсоох боломжтой юу?

Владимир Анисимов: - Хөгшрөлтийг зогсоож болохгүй, харин удаашруулснаар хүний насыг 120 хүргэх боломжтой. Хүн төрөлхтний генд ийм хэмжээний наслалт суугдсан байдаг, энэ тухай Библид ч байгаа. Дэлхий дээр хамгийн урт насалсан хүн бол франц эмэгтэй Жаннет Кальман, тэрээр 122 жил 164 хоног насалсан.

“АиФ”: - Тэгвэл яагаад олон хүн энэ хугацааны талыг нь ч насалдаггүй юм бэ?

В.А.: - Наслалгүй яахав. Та гайхаж магад, харин Европ болон АНУ –д 100-гаас дээш настай хүний тоо 10 жил тутамд хоёр дахин нэмэгдэж байгаа. Бас хүний дундаж нас сүүлийн 160 жилийн турш жил бүр 3 сараар нэмэгдэж байгаа юм шүү дээ.

“АиФ”: - Оросод хүний дундаж наслалт өндөр бус шүү дээ...

В.А.: - Манайд жил тутамд мянга мянган хүүхэд зам тээврийн ослоор нас бардаг, мөн гэмт хэргийн түвшин, архидалт зэрэг асуудлаас болж олон залуу хүн цаг бусаар энэ хорвоог орхидог. Үүн дээр зарлагдсан болон зарлагдаагүй дайныг нэм. Энэ бүхнээс болоод манай улсад нас баралтын түвшин өндөр гардаг юм. Манайд хижээл насныхан бага насалдаг бус, харин залуучууд эрт нас бардагаас байдал иймээр харагддаг. Герман улсын туршлага сонирхолтой байдлыг харуулсан байгаа. Тус улсыг Баруун ба Зүүн болгож хуваасны дараа Зүүн Германд нас баралтын үзүүлэлт өссөн: социализм хүнээ хамгаалдаггүй байсан. Харин 1990 онд Герман улс буцаж нэгдсэний дараах 10 жилд хоёр талын нас баралтын үзүүлэлтүүд тэнцээд ирсэн, хуучин Зүүн Германд өндөр настны тоо эрс нэмэгдсэн байдаг. Хүн амаа халамжилснаар хүний наслалтыг хурдан хугацаанд уртасгах боломжтой.

Хүний наслалтанд боловсрол их чухал үүрэг гүйцэтгэдэг. Профессор хүмүүс илүү удаан амьдардаг. АНУ –д хийсэн судалгаагаар, коллеж төгссөн эрчүүд боловсролгүй эрчүүдээсээ 6 насаар илүү насалдаг гэдэг нь нотлогдсон. Энэ байдал эхнэрүүдэд нь ч хүртээлтэй байв!

Өндөр IQ – тай эрчүүд урт насалдаг бол, харин ийм эмэгтэйчүүд болохоор, эсрэгээр, богино насалдаг. Учир нь, IQ өндөртэй эмэгтэйчүүд өөрийнхөө юу чаддагийг харуулахын тулд  ихээхэн стресстэй амьдардагаас болж нас нь богиносдог хэрэг.

“АиФ”: - Эрдэмтэд амьтдын насыг уртасгаж чаддаг шүү дээ. Хүнийхийг болохоор чадахгүй байгаа юм уу?

В.А.: - Тийм ээ, бөөрөнхий өтөнд ген суулгаснаар амьдрах хугацааг нь 6 дахин уртасгаж чадсан. Туршилтын хулгана 2,5 жил амьдардаг, харин түүний рекорд – 1400 хоног байгаа. Хүний насыг уртасгаж болно, харин үнэ цэнэ нь ямар байх вэ? Хэрэв хүний генэнд өөрчлөлт оруулж насыг нь уртасгах юм бол хорт хавдар үүсэх нөхцлийг өдөөх болно. Яагаад? Хөгшрөлтийн процесст оролцдог генүүд хорт хавдар үүсэхэд ч бас оролцдог юм. Энэ хоёр процесс салшгүй холбоотой. Организмын бүх эд эрхтэнийг бий болгодог тулгуур эсэнд хөгжлийн хоёрхон зам л байдаг юм. Энэ эс бий болоод, хөгжөөд, дараа нь үхдэг – энэ бол хөгшрөлт. Эсвэл тулгуур эс үхэшгүй мөнх, хорт хавдрын эс болж хувирдаг. Хорт хавдрын эс ерөнхийдөө үхэшгүй мөнх эд. Хэрэв түүнийг нэг организмаас аваад нөгөө организмд суулгачихвал өөрийн бус тэр организмд ч өсөөд үржээд бэйна.

“АиФ”: - Жүжигчин Анна Самохина, Любовь Полищук нарыг үхэлд хүргэсэн шалтгаан нь залуужих гэж тулгуур эс хийлгэснээс болсон гээд байгаа...?

В.А.: - Тулгуур эс организмд хавдар үүсэх нөхцлийг өдөөдөг. Тулгуур эсний эрхтэн нөхөн сэргээдэг генүүд /жишээ нь, элэгний нэг хэсгийг нөхөн сэргээх/ маш богинохон хугацаанд л ажиллаад дараа нь хорт хавдрын эс болж хувирна. Тиймээс тулгуур эсээр “тоглох” үнэхээр аюултай. Тулгуур эснээс ургуулсан клон Долли хонь маш хурдан хөгширч үхсэн, яагаад гэвэл түүний геномд эхийнх нь бүх өвчин байсан.

“АиФ”: - Хүмүүс өөрсдийнхөө бие организмын төлөө юу хийж чадах вэ?

В.А.: - Амьд явах хугацаагаа уртасгах шилдэг арга бол хоол хүнснийхээ илчлэгийг хязгаарлах арга, энэ бол батлагдсан зүйл. Улс үндэстний туршлагаар ч батлагддаг: өдөрт 1500-1800 ккал. бүхий хоол хүнс зооглодог уламжлалтай Япон Улс өндөр нас сүүдэртнийхээ тоогоор дэлхийд тэргүүлдэг. Манай энгийн хүн ийм дэглэмээр явбал удахгүй, илүү идэхээс өөр аргагүй. Харин идсэн ч гэсэн бага илчлэг авах ямар арга байна вэ? Өнөөдөр шинжлэх ухаан хүнс тэжээлийн илчлэгийг хязгаарласан мэт байдлыг организмд бий болгодог бэлдмэл дээр ажиллаж байгаа, ийм төрлийн бэлдмэлийг миметикүүд гэдэг. Миметикүүд генэнд нөлөөлснөөр дураараа идсэн ч таргалахгүй гэсэн үг. Ийм бэлдмэлүүд одоо ч байгаа л даа. Бүр 1971 онд Ленинградын эрдэмтэн Владимир Дильман шижингийн эсрэг бигуанидуудыг /глюкоз шингээх зориулалтаар шижинтэй хүмүүс хэрэглэдэг/  таргалалтын эсрэг хэрэглэх саналыг дэвшүүлж байсан юм. Бигуанидууд миметикийн шинж чанарыг агуулдаг, хүний амьдралыг уртасгадгаас гадна хорт хавдрын эрсдлийг бууруулдаг гэдэг нь судалгаагаар батлагдчихсан байгаа. Швейцарийн эрдэмтэд ноднин жил мэдэгдсэн: бигуанидуудыг эрт хөгшрөхөөс сэргийлэх зориулалтаар хэрэглэж болно гэж.

Хөгшрөлтөнд гэрэл гэгээний дэглэм бас маш чухал нөлөөтэй байдаг. Хойт зүгийнхэн илүү хурдан хөгширдөг. Энэ нь зөвхөн цаг агаарын хатуу нөхцөл байдалтай ч холбоотой эд биш. Хамгийн гол нь, хойд зүг цагаан шөнөтэй: шөнөдөө цагаар гэрэлтэй байвал зөвхөн шөнө, харанхуйд ялгардаг мелатонин хэмээх гормон ялгарч чадахгүй дарангуйлагддаг. Мелатонин бол хөгшрөлтийн эсрэг гормон. Хурц гэрэл 15 секунд асаахад л мелатонин дарангуйлагдана. Тиймээс, шөнө унтахдаа гэрэл гэгээ гаргах бүхнийг /ханын гэрэл, компьютер, телевизор г.м./ унтрааж, цонхныхоо хөшгийг хааж аль болох харанхуй нөхцлийг бүрдүүлж байх хэрэгтэй. Шөнийн цагаар ажилладаг хүмүүс, мөн мелатонины дутагдалтай хүмүүс энэ гормоны бэлдмэлийг ууж байх нь зүйтэй. Мелатонины дутагдалтай эсэхийг цус болон шээсний шинжилгээгээр тодорхойлно. Хэрэв дутагдалтай байвал эмийн сангаас авч гэрлийн хэмжээ өөрчлөгддөг үе болох хавар намарт ууж хэрэглэнэ. Нойр гэдэг бол эрүүл энх байхын чухал үндэс суурь. Долоо хоногт 4 удаа нойр муутай хонодог эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдраар өвдөх эрсдэл 2 дахин их байдаг нь судалгаагаар тогтоогдсон. Гоо сайхнаа хадгалахын тулд шөнөдөө 6 – аас доошгүй, гэхдээ 9 – өөс дээшгүй цаг унтдаг байх хэрэгтэй.

“АиФ”: - Залуу насаа хиймлээр уртасгах тал дээр юу хэлэх вэ? Гоо сайхны бэлдмэлүүд, массаж? Энэ бол “ажилладаг” аргууд шүү дээ, үнэхээр л залуу харагдуулдаг...

В.А.: - Үжирч муудсан барилгын гадна талыг өнгөлж заслаа гээд нэмэргүй, хаашдаа л нурна шүү дээ. Түүнтэй л адил. Байгалийг хуурах боломж байхгүй. Тэгээд ч хүн бүр ижлээр хөгширдөггүй. Нэгнийх нь арьс хурдан хөгширч байхад, нөгөөгийнх нь дотор эрхтнүүд нь түрүүлж хөгшрөх жишээтэй. Гэхдээ хүний хөгшрөх хурдны 35 % л генээр нь тодорхойлогддог, бусад нь – таны гарт.

“АиФ” – аас орчуулав. Ё. Одончимэг, www.orosshkolton.mn

 

Сэтгэгдлүүд  

 
bat
0 #1 bat 2011-05-05 04:15
Эрүүл байя гэвэл ногоо ид
Урт насалья гэвэл жимс ид
Удаан жаргая гэвэл хүүхдээ хүмүүжүүл
Quote
 
 
bayarlalaa
0 #2 bayarlalaa 2011-11-11 06:33
tand bayarlalaa uneheer sak uymaa
Quote
 

Сэтгэгдэл нэмэх