|
||||
| Ирина Хакамада "Их хот дахь success", хэсэг 2 |
|
Хэсэг 1 Хэсэг 3 Хэсэг 4 Хэсэг 5 Хэсэг 6 Хэсэг 7 Хэсэг 8 Хэсэг 9 Хэсэг 10 Хэсэг 11 Хэсэг 12 Хэсэг 13 Хэсэг 14 FAQ (frequently asked questions) Муур хатагтай: Би сайн ойлгосонгүй ээ. Уул нь марзан л сонсогдож байна л даа, гэхдээ энийг чинь албаар хэрэглэж болохооргүй л юм биш үү. Энэ чинь ердөө л таны тухайн үеийн ааш аяг л байсан шдээ. Энд чинь арга барил гээд байх юу байгаа юм бэ? Та тэгээд энийгээ ашиглаж болно гэх гээд байгаа юм уу даа? Чухал, шийдвэрлэх уулзалтын өмнө, өөрийгөө “амьгүй байдалд” оруулахын тулд, сэтгэлдээ уулзалт хэрхэн амжилтгүй болж байгааг / сөрөг байдал / дүрслэн төсөөлөөд энэ тохиолдолд ажиллах төлөвлөгөөгөө гаргах хэрэгтэй. Ингэснийхээ дараа эерэг байдал руугаа буцаж ороод “ханцуйгаа шуугаад” тэмцэхээр гарна. Сөрөг байдлыг нэвтлээд цаана нь гарчихсан байгаа шүү дээ та, тэгэхээр одоо та хуягтай болчихож байгаа юм, цэрэг тайж шиг. Өөрийгөө хуягтай цэрэг тайж гэж төсөөлсөн ч болно. Андрей Андреевич: Ингэхэд, үхнэ гэдэг чинь өөрийнхөө зорилгыг хайхрахаа больчихно, зорилгоо үл тооно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чинь та идэвхигүй болно гэсэн үг! Ямар ч хүч байхгүй! Бүх зүйлээ тавиад туучихаж ч магад! Ялагдал бол – айдсын үр дагавар. Айдсаа зайлуулчихвал – ялалтаа баталгаажуулна. Амьгүй байдалд орно гэдэг нь – нервтэхгүйгээр тэмцэлдэнэ гэсэн үг. Амьгүй хүнд сэтгэл мэдрэл байхгүй, тэгэхээр айдас бас байхгүй. Тэгэхээр хүч тань бол үлдэнэ, харин айдас тань байхгүй болно, айдас байхгүй болохоор хүч тань хоёр дахин нэмэгдээд ирнэ. Клеопатра: Ирина, урьд нь олон удаа бүтэлгүйтэж байсан хүнийг “үхэл” жинхэнээсээ алчихгүй юу? Өөртөө итгэлгүй байсан болохоор л бүтэлгүйтдэг байсан байхгүй юу. Түр зуурын “үхэл” итгэл зориг авчирдаг юм. Профессор: Би философийн матери энэ тэрийг сайн ойлгодоггүй л дээ, тийм болохоор, та зөвшөөрвөл, би гуйх гэсэн юм: та энэ аргынхаа тухай арай энгийнээр ярьж өгч болохсон болов уу? Энэ хайхрамжгүй байдлыг амьдралд хэрхэн хэрэгжүүлэх вэ? Бодъё л доо бүгдээрээ: та зорилгодоо тэмүүлж байна – унтахдаа ч, сэрэхдээ ч дандаа түүнтэйгээ, таны хувьд хамгийн гол зүйл болчихсон, тэр зорилго чинь. Тэр зорилгодоо яаж ч байсан хүрнэ гэж та хүсч байгаа, таныг юу ч зогсоож чадахгүй гэдгээ та мэдэж байгаа? Таны цорын ганц Зорилго! Агуу Зорилго! Та - хүрэх ёстой! Харин, хүссэндээ хүрч чадахгүй байх вий гэх айдас, амьдралынхаа ганц утга учраа алдчих вий гэсэн айдас таны бодол санааг хөшөөж, мэдрэмжийг чинь мохоогоод, нүдийг чинь бүрэлзүүлээд байдаг. Ихэнхи тохиолдолд энэ айдас л зорилгодоо хүрэх замыг хааж саад болдог. Зорилгодоо хүрэхгүй байлаа гэхэд юу болох вэ? Өөрөөсөө ингэж асуугаад, зорилгодоо хүрч чадаагүйгээс гарах аймшгийн байдлыг ухаан бодолдоо “тоглуул”. Нэг бүрчлэн сайтар үз. Бүх хүмүүс тань руу хуруугаараа заагаад “усан тэнэг” хэмээн шоолж байна гээд төсөөл. Ийм малыг амьдралдаа ч хараагүй юм байна гээд таныг хаалгаар гаргаад шидэж байна гээд бод. За тэгээд хөөгдсөнийхөө дараа цааш яаж амьдрахаа төсөөл. Нэг бүрчлэн мэдэр. Бүүр амьдралын ёроол руу ортлоо фантаазал. Харин дараа нь буцаж дээшээ гарч ирээд – урагшаа – нэгийгээ үзэж нэхий дээлээ тайлахаар давшил. Одоо таныг хэн ч яаж ч чадахаа өнгөрсөн. Та амьгүй, та байхгүй болчихсон юм чинь таныг алах боломжгүй. Андрей Андреевич: Энэ чинь тэгээд барууныхны зорилгодоо хэрхэн хүрэх тухай “зөвхөн зорилго” гэдэг тренингүүдтэй хэрхэн зохицох вэ? Би чинь тал нь барууны, тал нь дорнын хүн шүү дээ... Миний бодлоор бол барууны зорилгод хүрэх барил үнэндээ дэндүү хатуу санагддаг: хүн зорилгынхоо төлөө амьдралаа золих ёстой болдог. Барууны, ялангуяа америкийн кинонуудаас харахад, хүмүүс амбицандаа удирдуулдаг юм байна гэдэг нь ойлгомжтой байдаг. “Би хамгийн баян хүн болно”, “Би хамгийн алдартай хүн болно” – энэ бол барууны киноны гол баатрын үндсэн зорилго нь байдаг. Тэгээд, үнэхээр хамгийн – хамгийн нь болдог. Үзэгчид, бодол санаа – материаллаг чанартай юм байна гэдгийг ойлгоно. Киноны баатрыг дуурайн мөрөөдөлтэйгээ хамт унтаж, сэрж, хооллож түүнийхээ төлөө аймшгийн их төлөөс төлдөг. Гэр бүл, хувийн амьдрал, хүүхдүүд, амралт, нүд амаа баясгах гэх мэтийн бүх зүйл тэнгэрт тулсан амбицийнх нь төлөө хөх дөлөөр шатан алга болдог. Та нар анзаарч байсан уу, америк киноны баатар болгонд шүдний сойзны адил заавал байдаг зүйлийг нь? Сэтгэл зүйч. Өглөө нарийн бичиг рүүгээ утасдаад: ”Би сэтгэл зүйч дээрээ очих хэрэгтэй байна, офисдоо өдөр л очино...” гэх бол зүв зүгээр, ердийн хэрэг. Америкт сэтгэл зүйч гэдэг бол Оросод “найз” гэж юу байдаг, тэрэнтэй яг ижил. Найз руугаа шөнийн 2 цагт утасдаад: -Хүүе, одоо шар айраг уухгүй л бол би маргааш дүүжилж үхэх нь, - гэхэд -Тэгье л дээ, хүрээд ир, ууя, - гэнэ, найз нь. Тэгээд шөнөжин ярих зүйл нь: -Сонс доо, миний хөгшөөн, амьдрал гэж ёстой хогын юм байдаг юм байна аа... -Харин тийм ээ, найз минь, тэглээ гээд одоо яалтай нь билээ, амьдарч л таарна... Алив, дахиад нэг татчихъя... Тэгээд өглөө нь сэтгэл нь онгойгоод, сайхан болчихсон байна. Орос найз, америк сэтгэл зүйч хоёрын зарчмын ялгаа нь - америк сэтгэл зүйчтэй 45 минут сэтгэлээ уудлан ярилцахад 100 доллар төлнө. Үүнд америкчууд ерөөсөө мөнгөө хайрладаггүй, дансаа улайтал нь, зээлийн картаа тултал нь мөнгөө дуусгадаг, яагаад гэвэл мөрөөдлийнхөө араас гүйх замаасаа гарахгүйн тулд байнгын, тэсэхийн аргагүй, цаашаагаа депресс болж хувирахаар стресстэй амьдрахаас өөр аргагүй байдаг. Харин дорнын арга барил бол огт өөр. Дорнын хүн урдаа ямар ч зорилго тавьсан байсан – тэр нь хэзээ ч, амьдралаас нь илүү чухал байдаггүй. Дорнын хүн аз жаргалыг өөрөөсөө л хайхаас биш, бусдаар өөрийгөө үнэлүүлж байж аз жаргалтай болдоггүй. Чухамхүү ийм учраас л дорнын ертөнцөд бясалгал маш их хөгжсөн байдаг. Клеопатра: Ирина, таны зан араншингийн хувьд энэ хоёр барилын аль нь илүү ойр вэ? Та алийг нь сонгох байсан бэ? Миний хандлага – өөрөө өөртэйгөө нийцэн зохицож байх. Өөртэйгээ хэл амаа ололцчих л юм бол аз жаргалд хүрнэ, тэгээд амжилтанд ч хүрнэ. Та нар бод доо, миний амьдралын 13 жил нь үр дүнгүй өнгөрчихсөн байна шүү дээ. Бид нар, ардчилалынхан, бүх сонгуульд ялагдсан, сөрөг хүчин бараг устан байхгүй болчихоод байгаа. Одоо энэ, Оросод болж байгаа зүйл бол – тийм нэг, ес дахь давалгаа болж байгаа юм шиг байна. Ганц муу турьхан эмэгтэй дийлэхээргүй үзэгдэл. Би босч ирээд энэ агуу том давалгааг нөгөө тийш нь эргүүлчихэж чадахгүй шүү дээ. Боломжгүй гэдгийг би мэдэж байгаа. Яг л - гамшиг! Энэ тохиолдолд ихэнхи хүмүүс “нэгийгээ үзэж нэхий дээлээ тайлдаг.” Ингэх явцдаа өөрийгөө ч устгачихдаг. Хамгийн гол нь, үзэлцлээ гээд амжилтанд хүрэхгүй, яагаад гэвэл одоогийн гол хүсэл нь хүмүүст хэрэгтэй зүйл хийх гэсэндээ биш, даагаа нэхэх асуудал. Ялагдсан сэтгэлээ засах, өөрөө өөртөө баталж өгөх. Өөрөөсөө болж ялагдсан бол – зөв, энэ бол тустай зүйл. Харин объектив хүчин зүйлүүдээс болж ялагдсан бол – зорилгодоо хүрэх шинэ зам хайж олох хэрэгтэй. Хэцүү л дээ, гэхдээ өөрт нь ч, өрөөлд ч ашиг тусаа өгнө. Би яг л ингэсэн: өөрийгөө компьютер мэт “рестартлаад” нөгөөх л мөрөөдөлдөө хүргэх шинэ замд гарсан. Клеопатра: Ямар мөрөөдөл? Оросын иргэдийг эрх чөлөөтэй бөгөөд хангалуун амьдралтай болгох. Андрей Андреевич: Ялгаа руугаа буцаж оръё л доо. Барууны аргуудтай зөрчилдөх өөр юм бий юу? Мөрөөдлөө хаа сайгүй яриад явж хэрэггүй. Хүүхдийнх шиг гэнэн мөрөөдөл байвал хүмүүс таныг их сайндаа л “мөрөөдөгч” гэнэ, аягүй бол тэнэг амьтан байна гэнэ. Надаас нэг удаа асууж байлаа: -Хүүе ээ, чи үнэнээсээ ...эээ... ерөнхийлөгч болохыг мөрөөдөөд байгаа юм уу? Би тэгэхээр ингэж хариулсан: -Тэр байтугай би ерөнхийлөгч болж үзчихээд ирсэн юм чинь! Надад ер нь хийж үзээгүй юм гэж бараг алга оо, тэгэж ярьвал... Над руу ёжтой харж: -Үгүй, яг үнэнээсээ хэл л дээ? Чи зүгээр л, худлаа тэгэж байгаа биз дээ, ерөнхийлөгч болмоор байна гэж? -Яагаад болж болохгүй гэж? -Ну... чи өөрийгөө толинд хараач дээ, ийм ерөнхийлөгч гэж хэзээ байсан юм? Би толинд харлаа: зүгээр л байна шд. Ерөнхийдөө дажгүй, аятайхан царайтай. Зарим нэг ерөнхийлөгчтэй харьцуулалтгүй аятайхан царайтай л байна даг... Шал мангар юм! Орон сууц барилгын департаментын дарга болмоор байна гэж хэлдэг байж л дээ, улсын захиалга биелүүлэх эрх тараагаад л – янзын сайхан мөрөөдөл! Тэгсэн бол бүгд итгэхгүй юу? Клеопатра: Ирина, таны энэ “нийцэн зохицно” гэдэг чинь юу гэсэн үг вэ? Өөртэйгөө нийцэн зохицно гэдэг нь – ердөө л өөртөө болон ертөнцөд эрүүл ухаанаар хандах л гэсэн үг. Хэрэв хүн өөртөө болон хийж байгаадаа хэтэрхий чухал байдлаар ханддаг, одоо байгаа компаниасаа гарчих юм бол хорвоо ертөнц бутраад үгүй болчих юм шиг санадаг бол – энэ яав ч эрүүл ухаан биш, тийм үү? Тэгэхээр, үе үе тоормосоо гишгэж байх хэрэгтэй, өөрийгөө шоолон хошигнож байх, тэгээд хамгийн гол нь – амьдралдаа өөрчлөлт хийхээс битгий ай! Зарим хүмүүс өөрчлөлтөөс их айдаг, амьдралаа өөрчлөх тэдэнд маш хэцүү байдаг – амьдрал нь мухардалд орчихсон байхад ч хуучнаасаа зуураад тавьж чаддаггүй. Гэтэл хувь заяа гэдэг чинь яг л арслантай ижил: айгаад байвал дайраад л байна, харин айхгүй байвал хэлсэн зүг рүү чинь явна. Шинэ юмыг эхлүүлэх хамгийн амархан үе бол хуучин хийж байсандаа итгэл алдарсан үе. Хүч, зориг, ухаан самбаа байгаад байдаг – харин эргэн тойрон чинь хүссэндээ хүрэх боломжийг хаагаад байвал. Саяхан л би яг ийм байдалд байсан юм. Улстөрчийн хувьд би улсаа Европын Холбоонд оруулж европын улс болгохын төлөө чадах бүхнээ хийхийг хүсч байсан. Дэлхий даяар паспорт виз энэ тэр гэхгүйгээр явж болдог, амьдралын түвшин ч өөр... Чадаагүй. Үнэнийг хэлэхэд, амьдралаа өөрчлөх надад аймаар байсан. Би 15 жил улстөрөөр хөөцөлдөхдөө өчнөөн хүч чадлаа зориулсан, бүхнийг сурсан, би мэргэжлийн улстөрч болсон, нэр төртэй болсон гээд амьдралаа өөрчлөхгүй байх шалтаг надад зөндөө байсан. Энэ бүхнээ хаяаад хайрын тухай ном бичихэд надаас нэлээд хатан зориг шаардагдсан. Би өөрийнхөө хүсэл зорилгоосоо урваж чадахгүй, тэгэхээр одоо зорилго руугаа өөр замаар явах болсон хэрэг. Хачирхалтай нь, би ном бичих тухай бодолгүй олон жил болсон байсан юм. Харин нэгэн удаа нөхөр маань надад хэлэв: “Санаж байна уу, 12 жилийн өмнө чи бид хоёр дөнгөж танилцаад байхад, чи роман бичихийг мөрөөддөг гэж ярьж байснаа?” “Үгүй байлгүй дээ!” – хэмээн би хариулав. Мартчихсан байсан байгаа юм даа! Нээрээ л тийм мөрөөдөлтэй байсан байхгүй юу, уул нь. Багадаа би зохион бичлэгийн олимпиадуудад их оролцдог, шагнал авдаг байсан, тэгээд роман бичих юмсан гэж мөрөөддөг байсан юм. Харин дараа нь, том хүний амьдралд ороод багын мөрөөдлүүдээ мартчихгүй юу. “Тоглоомын гадуурх хайр” гэдэг номоо би 1,5 жилийн хугацаанд бичсэн. Хамгийн дотны хүмүүс маань л надад итгэж байсан, бусад хүмүүс намайг роман бичиж чадна гэдэгт ер итгээгүй. Энэ бас нэг бэрхшээл юм шүү: шинэ юм эхлэхдээ, найз нөхөд маань намайг дэмжих байх гэж бодож байтал тэгдэггүй. Мэдээж, цаг хугацаа өнгөрөхөд таныг ойлгон дэмжиж хамтран зүтгэх хүмүүс олдоно л доо, гэхдээ энэ болтол бууж өгөхгүй тэсэж үлдэх л хамгийн хэцүү. Нөлөөлөл ч, мөнгө санхүү ч дандаа л олонхийн саналтай холбоотой байдаг, харин чи энэ мөчид цөөнхид байж байдаг. Тэгсэн ч гэсэн, Үнэн олонхийн талд биш, харин жижигхэн зоригтой хүний талд байх нь олонтаа байдаг. Үүнийг байнга санан, юу ч болж байсан - урагш давшилж байх хэрэгтэй. Нийцэл зохицол гэж – ухаан болоод сэтгэл санааныхаа баланс руу тэмүүлэхийг бас хэлнэ. Би, урьдын л адил, Орос Улсыг хөгжилтэй, нээлттэй улс болгох хүсэлтэй байгаа. Гэхдээ би ойлгож байна, манай улс төрийн элит үүнд бэлэн биш байна. Үгүй яахав. Өөр арга замууд байна. Уран бүтээл, нийгмийн ажил гээд... Стратегийн чиг хуучнаараа үлдэж, багаж хэрэгсэл маань л өөрчлөгдөж байгаа. Зохицол үүсэн төрж байна гэсэн үг. MalyshkaLo: Би таны энэ өв тэгш байдлыг үргэлж биширдэг юм. Шууд л ингээд роман биччихэж болдог юм уу? Зүгээр л, мөрөөдөл байхад л хангалттай байдаг юм уу? Та яаагаад, мөрөөдөх амархан гэж бодоов? Та хар даа: хүн нас ахих тусам мөрөөдөх нь багасдаг. Хорин тав дөхөж ирээд бид мөрөөдөхөө болиод ажлын мал болж эхэлдэг. Харин мөрөөдөл маань нисээд явчихдаг. Эсвэл бид, сурсан зангаараа, түүнийгээ хойш тавиад байдаг. Тэгээд жижиг сажиг юмтайгаа л үлддэг, зарим нь тэрийгээ мөрөөдөл хэмээн андуурдаг. Жинхэнэдээ тэр нь мөрөөдөл биш, харин амьдралын төлөвлөгөө, эсвэл өнгөцхөн хүслүүд л байхгүй юу, үүнийг биелүүлэхийн тулд цаг заваа зөв төлөвлөж хуваарилаад сурчихад л болчихно. “Амралтын өдрөө нэг жүжиг үзэх юмсан” – энэ мөрөөдөл юм уу? Үзээч дээ тэгээд, явж очоод л үзчихгүй юу. “Нөхөрт гарна” – гарах л үгүй юу тэгээд? “Авгай авна” – авж л орхилоо. Эсвэл -“хүүхэд гаргана” Иймэрхүү зүйлүүд бол огт мөрөөдөл биш, яагаад гэвэл хэн бүхний хийдэг зүйл. Мөрөөдсөн мөрөөдөөгүй, болдогоороо болно, чимээгүй – шуугиантай, кинонд гардаг шиг гоёоор, эсвэл баримтат киноных шигээр... Дэлгүүрт 2000 еврогийн гутал хараад авахыг хүсээд үхэх гэж байна уу? Амьсгалж чадахаа байтлаа хүслээ гээд яах юм одоо, өдөр шөнөгүй тэр гутлыг авахсан гэж мөрөөдөх үү? “Би үргэлж ТВ – гээр гарч баймаар байна...” – энэ бол мөрөөдөл биш - солиорол. Агуу мөрөөдөл гэдэг нь бодит байдалд байж болох, биелж болох зүйл биш ээ. Агуу мөрөөдөл гэдэг бол бодит байдлыг харгалзахгүйгээр, бодоожийн бололцоогүй мөртөө биелээд эхэлдэг тийм зүйл. Хүүхдүүдийг хар даа: тэд бүгдээрээ шахуу нисгэгч, сансрын нисгэгч болохыг мөрөөддөг биз дээ? Бандгар охин балетчин болохыг мөрөөдөж байснаа том болоод ирэхээрээ” Би тарган” гээд больчихдог. Тэгэхээр, томоор мөрөөдөхийн тулд, энэ бүх болзол шалтгаануудыг хаяаад яг л хүүхэд шиг болж, дур зоргоороо мөрөөддөг болох ёстой. Агуу мөрөөдөл гэж – нэг хоног ч мартаж чаддаггүй, ямар ч их завгүй, ямар ч их ажилтай байсан үргэлж тархинд хадаатай байдаг – тийм зүйл. Танаас салахгүй наалдаад, үргэлж дотроос чинь маажиж, шөнө зүүдэнд орж, өглөө кофегоо ууж байхад чинь тархинд чинь эргэлдэнэ. Найзуудтайгаа наргиж байхад чинь ч үргэлж бодогдоод байдаг. Кино – бас миний мөрөөдөл. Би кино хийхийг хүсч байна! Бидний тухай, хүмүүсийн тухай. Агуу хайрын тухай, агуу тэмцлийн тухай, агуу амьдралын тухай. Миний энэ мөрөөдөл надаас салахгүй наалдчихаад байгаа юм. Энэ дэндүү бүтэхээргүй мөрөөдөл болохоор би өдөр болгон боддог л доо, “за өнөөдөр л надаас салах байх” гээд. Биелэх боломжгүй шүү дээ! Гэтэл салахгүй л байгаа юм. Ерөнхийлөгч болох мөрөөдөлтэй минь хамт надаас салахгүй байгаа. Андрей Андреевич: Ийм огт өөр хоорондоо адилгүй салбарт үйл ажиллагаа чөлөөтэй явуулахын тулд нэг бол суут хүн байх ёстой, нөгөө бол абсалют эрх чөлөөтэй, маш их зав чөлөөтэй хүн байх ёстой. Орчин үеийн амьдралын хүрдэнд арай гэж мэдээ сонсож амжихтайгаа л байх юм. “Сэтгүүл зүй”,”улс төр”, эсвэл “бизнес” гэсэн хязгааргүй урт хонгил байна гээд төсөөлөөд үз дээ? Та тэгээд тэр коридороор яваад, тэнд амьдардаг бүх хүнтэй гар барин мэндлээд, мэргэжлийн сэдвүүдээрээ ярилцаад, амралт чөлөөт цагаараа мэргэжлийн сэтгүүлүүд уншаад л... Өдөр бүр яг ийм байдлаар амьдрана гээд бод доо. Энэ тохиолдолд, эрт орой хэзээ нэгэн цагт, амьдрал гэж энэ хонгил болон энд амьдардаг хүмүүс л мэт танд санагдах болно. Гэтэл энэ чинь тийм биш шүү дээ? Үүнтэй адил, бусад салбараас өөрийгөө халхалчихаад өөрийнхөө салбарт л суугаад байх юм бол таныг амжилтанд хүргэж нисгэх агаарын урсгалыг та хаачихна гэсэн үг. Бусад хонгилд, бусад байшинд, бусад оронд, дэлхийд юу болж байгааг харж байгаа цагт л янз бүрийн стандарт бус санаа бодол төрөх болно. Тиймээс, ухаан санааныхаа хаалгыг нээлттэй байлга! Ухаан бодрол чинь өдөр тутмын хонгилоосоо гарч яваг, шинэ энерги аваг. Зарим хүмүүст ингэх хэцүү санагддаг. Ялангуяа, шинэ жилийн үдэшлэг дээр ч Газпромын хувьцааны курсыг хэлэлцэж явдаг хүмүүст. Уул нь энд хэцүү юм юу ч байхгүй. Шинэ жилийн үдэшлэг дээр зүгээр л нарги, цэнгэ, ирээдүйнхээ тухай мөрөөд. Театрт жүжиг л үз, таашаал ав, урлагын тухай ярь. Бүтэнсайн өдөр болчихлоо, эсвэл таныг амралтаа ав гээд хөөчихлөө гээд сэтгэлээр унаад байх хэрэггүй. Амьдралаа сонирхолтой, каръераа амжилттай, шийдвэрээ бүтээлч байлгая гэж бодож байвал хонгилынхоо гадаа өнгөрүүлэх мөч бүрээсээ таашаал ав, энэ бол маш чухал. Ажил хэрэг чинь хүссэнээр чинь явахгүй байна гэдгийг мэдрэнгүүтээ – амралтаа аваад яв. Жишээ нь, Алтай руу. Эсвэл Африк руу. Нэг үгээр хэлэхэд, урсгал сөрөөд яв. Жуулчид бүгд зун цагт далай руу явдаг бол – та ууланд гар. Өвөл бүгд цанаар гулгахаар явж байвал – та Европ руу амралтанд яв. “Улирлын гадуур” байх их кайфтай байдаг юм билээ, та нар үзээрэй. Андрей Андреевич : Энэ чинь ямар ашигтай юм? Магадгүй, та ямар ч тав тух байхгүй газар очиж болно. Харин тэнд өөрөө өөртэйгөө байх, байгаль дэлхийтэйгээ дотоод харилцаа үүсгэх зэргээс та маш их шинэ сайхан сэтгэгдэл болон маш том сэтгэлийн цэнэг авна. Энэ цэнэг маань буцаж ирээд “шоргоолжны үүрэндээ” нэг - хоёр жил тэсэхэд хүрэлцдэг. Муур хатагтай: Таны зөв өө, Москва – аймаар стресстэй хот. Замын түгжрэл, үдэшлэг зугаа цэнгээ, мөнгө, бүх газар зэрэг байх хүсэл... юун нийцэл – зохицол? Сар бүр Африк яваад байлтай биш. Эсвэл танд мэддэг, бас нэг хэрэгсэл байгаа байх? Их хотын эсрэг? Их хотод ч сэтгэл санаагаа амар тайван зохицолтой байлгах арга байгаа. Ямар ч галзуурмаар амьдралын хэвтэй хүн тэр хэдэн үйлдлийг хийвэл өөрийнхөөрөө үлдэж чадна. Нэгдүгээрт, стрессээс гарахын тулд яах хэрэгтэй вэ гэвэл – усанд орох. Гадаадын кинонд ихэнхидээ хүүхнүүд орой ваннад хэвтэж байгааг үзүүлдэг л дээ. Гэхдээ энэ процесс нэлээд удаан бөгөөд хэтэрхий тайвшруулах үйлчилгээтэй байдаг болохоор сэргэх нь байтугай нойр хүрээд явчихдаг. Тэгэхээр шүршүүрт орсон нь дээр. Ялангуяа эрэгтэй хүнд дассан сурснаараа шүршүүр нь дээр. Ямар ч байсан, ус гадны хүний харц, энергетик, уур уцаар гэх мэтийг угаагаад урсгачихдаг. Бас гэртээ ирээд заавал хувцсаа сольж байгаарай. Хувцастай хамт өдрийн стресс, өнөө өдөр бас зайлна. Хувцсаа сольсны дараа бол дур зоргоороо амарч болно. Хоёрдугаарт: Хүн, өөрөө ч мэдэлгүйгээр, хүмүүстэй байнга харьцаад байхаар их ядардаг. Үе үе ганцаараа байж бай. Долоо хоногт нэг удаа гэртээ ганцаараа үлдэж бай, ядаж хагас өдөр. Утас, хамаг юмаа унтраагаад, хэнтэй ч харьцалгүй чимээгүй сууж байхад зүгээр. Өөрийгөө сонсож байвал муу сөрөг үйл явдлыг өдөөхгүй байх боломжтой. Та нар анзаарч байсан байх: заримдаа тийм өдөр байдаг даа, юу ч хийж чадахгүй, “гарт юм тогтохгүй” өдөр? Жижиг сажиг зүйлээс эхэлдэг. Жишээ нь, өглөө аягатай кофегоо хөмрүүлээд, дараа нь замын түгжрэлд саатаад хүсэн хүлээж байсан уулзалтандаа очиж чадалгүй өнгөрөөгөөд балардаг... Чухал партнер чинь бас л хариу өгсөнгүй. Бас амь тэмцсэн чухал асуудлаа шийдэх шийдвэр толгойд чинь ер орж ирдэггүй гэх мэт. Бүр ядарч гүйцлээ, ямар ч хүч чадал алга, дахиж юу ч бүтээж чадахгүй юм байна гэж санагддаг даа? Энэ тохиолдолд таагүй зүйлүүдийг тас цохин, энэ үүсэн төрж байгаа депрессийн ханыг зад дайран унагах гэж оролдоод хэрэггүй, ингэлээ гээд сайн үр дүнд хүрэхгүй. Зогсоод, биеээ сулласан нь дээр. Тэгээд гэртээ харь. Утаснуудаа унтраа. Ажлынхандаа, дарга цэрэгтээ юу л гэж худлаа хэлнэ үү хэл, нэг шалтаг ол, үүнийг надаар заалгахгүй биз. Тэгээд дуртай киногоо үзэх, дуртай номоо унших, нохойтойгоо зугаалах – юунд дуртай вэ, юунаас таашаал авдаг вэ – тэрийгээ хий. Юун түрүүнд бүтээгээгүй ажлуудаа март, ядаргаатай партнер, ядаргаатай гэрээ, шийдэгдэж өгөхгүй байгаа асуудлуудаа март, битгий бод, толгойноосоо үлдэн хөө. Дуртай юмаа хийж кайф авахаа л бод, дуртай ном чинь байж байна, хайртай нохой чинь байна. Дараа нь л, бүүр тайвширчихсан, унтсан унтаагүйн хооронд байх үедээ шийдэж чадахгүй байгаа асуудлаа өөртөө сануулах хэрэгтэй. Асуудлаа бодох биш, зүгээр л сэтгэлдээ шивнэнэ: “гэрээ хэлэлцээр”, “дарга” гэх мэт танд ямар асуудал шийдэх хэрэгтэй байгаа – тэрийгээ сэтгэлдээ хэдэн удаа давтана. Цааш нь ургуулж бодох хэрэггүй, тэгээд л орхино. Өглөө нь таны толгойд асуудлын шийдвэр ороод ирнэ гэдэгт би бараг итгэлтэй байна. Өнөө бүтээгүй уулзалт чинь ч гайхамшигтай байдлаар дахин товлогдоод амжилттай болохыг би үгүйсгэхгүй. Өөрийгөө каръераасаа арай илүү хайрла. Тэгвэл аз хийморь буцаад л хүрээд ирнэ. Үргэлжлэл бий. www.orosshkolton.mn, Ё. Одончимэг |




Сэтгэгдлүүд
thx.
Hakamadagyn talaar asuuh zuil bna, daraahi maileer holbogdohyg husey. hangarid@lycos.com
best,
Olon olon hunii huseltiig bieluulj urmiig sergeesen orchuulga gargaj baigaad talarhal ilerhiilye. Daraa daraachiin hesgiig huleej baina.
amjilt husye.
bayarlalaa