|
||||
| Ирина Хакамада "Их хоть дахь success", хэсэг 4 |
Хэсэг 1 Хэсэг 2 Хэсэг 3 Хэсэг 4 Хэсэг 5 Хэсэг 6 Хэсэг 7 Хэсэг 8 Хэсэг 9 Хэсэг 10 Хэсэг 11 Хэсэг 12 Хэсэг 13 Хэсэг 14Coffee-breakНамрын навч (Клеопатратай ярьсан яриа) Миний нэгэн танил, моодны халзан, өндгөн толгойтой царайлаг эр нэгэн удаа жаахан сэтгэл санаагаар уначихсан байсан үедээ надад эрчүүдийн хөгшрөлтийн 7 циклийн тухай ярьж өгсөн юм. Яг хэдэн настайд нь ямар цикл болдог талаар санахгүй байна. Харин гол санааг нь тогтоож авсан: “Тэр тоолонд, эрэгтэй хүний толгойноос үс унадаг... М – да... Яг л намрын навч мэт унадаг юм даа” Танилын маань депресс төд удалгүй арилсан болохоор намрын навчны тухай дахин яриа болсонгүй. Эхээс төрөөд 45 насыг зооглож байгаа анд маань Москвагийн эрвээхэйнүүдээр хүрээлүүлсээр цааш нисэв, харин би бодлогоширон үлдэв... Эрчүүдийг бодвол эмэгтэйчүүдийг Бурхан мөнхийн залуу настай гэж болохоор бүтээсэн шүү дээ : бидний үс шингэрдэг ч гэсэн бүрмөсөн унаад байхгүй болчихдоггүй, харин орчин үед бол гурван ширхэг үстэй байсан ч тэрийг нь гайхамшигтайгаар засаад янзлаад өгчихдөг болсон. Сексийн тал дээр ч бид насан туршдаа харьцаанд орох чадвартай, бэлгийн сулрал мулралын тухай уйтгартай роман бичих шаардлагагүй, элдэв виагра бидэнд хэрэггүй. Дашрамд хэлэхэд энэ онол шинжлэх ухааны баримтуудаар нотлогдсон эд. Гэтэл амьдрал дээр бол яаж байна? Амьдрал дээр бол бүх юм - эсрэгээр. “Эрчүүдийн иргэншил” хүйсийн физиологийн тулаанд цэвэр ялагдаж байгаагаа ойлгонгуутаа хариуд нь эмэгтэйчүүдийг нас сүүдрийн гинжээр гинжилж, хөл гар нь хүрсэн бүхий л газартаа элдэв хаалт боолт шургуулж аваад биднээс өшөөгөө авч байна. Жишээ хэрэгтэй юу? Хэлье л дээ. Хүмүүсийн хоорондын ярианаас: 50 орчим насны эр: “Над руу дөч гарчихсан эмээ нар утасдаад байх юм, арай ч дээ! Болоогүй ээ бас, хайр майр гэсэн шүү юм ярьмар аядаад байхыг нь яана? Нэг муу юм, тархи нь ажиллаад байдаг бололтой дог шүү!” 60 орчим насны эр: “Бүх эмэгтэйчүүд хоёр зэрэглэлд хуваагдана: хорь орчим насны ба хөгшин эмээ.” Нэртэй театрын найруулагч, 60 настай эр 38 настай алдартай жүжигчин эмэгтэйн тухай: “ Уул нь тэр сайхан хүүхэн л дээ, даана ч хөгшин” За яахав? Үргэлжүүлэх хэрэг байна уу? Хэрэв та эрэгтэйчүүдэд ба эмэгтэйчүүдэд зориулсан сэтгүүлүүдийг жишээд үзвэл ойлгоно: төгс оюунлаг эрэгтэй болох зам ихээхэн ээдрээтэй: стильны байхаасаа гадна улс төр, авангард найруулагч болон жүжигчдийн өнгө аяс, орчин үеийн уран зохиол, хөгжим, архитектур, космос гээд олон юмны талаар зохих мэдлэгтэй, ойлголттой байх хэрэгтэй. Харин эмэгтэйчүүдийн сэтгүүлийн ихэнхи хуудас нь целлюлит, үрчлээ, илүү жинтэйгээ хэрхэн тэмцэх, мөн болох болохгүй бүх юмыг хэрхэн чийгшүүлэх, татах тухай зөвөлгөөнүүд байдаг. Намайг хорьтой байхад нэгэн нас бие гүйцсэн эр эхнэрээ болооч хэмээн гуйхдаа 5 жил л хүлээж чадна, цаашаагаа бол үгүй, эхнэрээ болгож болох насны ангиллаас чи гараад явчихна хэмээн шударгаар хэлж билээ. Олонхи орчин үеийн охид бүсгүйчүүд насаараа ангилуулан дарамтлуулж байгаагаа ойлгодог: гуч хүрээгүй бол “чи – залуу, гэхдээ нэг проблем нь – хэтэрхий ухаантай” гуч гараад ирэхээр “үе чинь өнгөрсөн” болоод явчихна, тэгээд л эхлэнэ: массаж, лифтинг, бигнүүр, гоо сайхны мэс засал, ботокс ба бөөн комплекс... Тэгвэл энэ, эрчүүдийн биднийг хашсан, цаг хугацааг чангаар гэгч нь тоолдог том цагнаас өөр юмгүй тунгалаг хашаанаас хэрхэн гарах вэ? Зөвөлгөө № 1. Бүх зүйл дууслаа хэмээн сэтгэлээр унахгүй байх, бас худлаа феминист царайлан эрчүүд болон тэдэнтэй холбоотой бүх зүйлийг үзэн ядах хэрэггүй. Бид ч, тэд ч – өөр хоорондоо адилгүй гэдгийг санаж явбал сайн. Бүх эрчүүд балар эртний зөн совиндоо хөтлөгдөн явдаггүй. Тэдний оюун ухаан хэдий чинээ ертөнцийн олон өнгөнд нээлттэй байна – төдий чинээ хорвоогийн хүнд хэцүүг мэдэрнэ, харин энэ хэцүү амаргүй ертөнцийн нэг хэсэг нь эмэгтэй хүний эрхэм чанар болж ирнэ. Зөвөлгөө № 2. Бухимдал дургүйцлээ хаяаад, эмэгтэй хүн нас сүүдэртэйгээ хоёулхнаа байж аминчлан ярих боломж байдагт баярла. Тэгэхээр чинь бүх зүйл бидний гарт гэсэн үг! Өнөөх цагийг нь хог руу хийгээд, харин өөрийнхөө нас сүүдрийг одоо ч, ирээдүйд ч хайрлан дурлаж болно. Эрчүүдийн “өгөгдлийн банкинд” тэмдэглээстэй байх хүслээ бус – өөрийгөө л хайрлах хэрэгтэй. Ингэвээс, навсайж чадахгүй, гэртээ халат л өмсөн, сав л хийвэл цэрдийтэл идээд байхаа болино, үс толгой, бие галбир, хувцас хунартаа анхаардаг болно. Гэхдээ! Жаахан бодох хэрэгтэй, яарах хэрэггүй. Өөртөө бага зэрэг ёжтой ханд. Өөрийгөө худалдаанд гаргах гэж байгаа бараа таваар мэт болгочихов! Өөртөө үнэхээрийн хайртай болсон бол та мини – банзал, торон оймс углахгүй, урууландаа элдэв гель шахуулж инээмсэглэлээ резинэн болгохгүй, бүтэн тонн будаг зориулалтын бус болсон зовхиндоо тавихгүй гэх мэт. Залуу харагдах гээд дэндүүлсэн эмэгтэй, эсвэл хэтэрхий дутуу хувцасласан охин ямархуу инээдтэй харагддагийг бид бүгд мэднэ. Зөвөлгөө № 3. Бүх насаараа эрчүүдийн анхаарлыг татдаг байсан агуу эмэгтэйчүүдийн намтруудыг дахин унш. Тэдний, эрчүүдийг умруулдаг байсан хамгийн гол зэвсэг нь зөвхөн гадаад гоо үзэсгэлэн нь бус – энерги нь байсан гэдгийг та ойлгон гайхах болно. Гялалзсан, амьдрал буцалсан нүд өөрийн эрхгүй сэтгэл татдаг. Харин “үхсэн” нүд – хэзээ ч, хэдэн ч настай байсан – хүмүүсийг танаас түлхэнэ. Энергийг тэтгэгч эд бол – мөрөөдөл. Өөрийнхөө хүсэл бодлыг биелүүлж өөрөө өөртөө батлах нь л чухал, юу байх нь хамаагүй – хүүхдийн хүмүүжил үү, ерөнхийлөгчийн албан тушаал уу, хамаагүй. Эцэст нь, өөрийгөө царай зүс муутай гэж боддог хүмүүст зориулж нэг зөвөлгөө өгье. Тийм ээ, гоо сайхан ертөнцийг аварна, гэхдээ гоо сайхны үнэлэмж бол харьцангуй эд, ялангуяа бүх зүйл холилдсон 21 – р зуунд. Энэ сайхан хэлцийг орчин үед зохицуулбал хавьгүй ардчилалтай сонсогдоно: стиль ертөнцийг аварна, намайг ч бас. Аливаа бүтээлч эмэгтэй, хэрвээ эрчимтэй, хайр хүсэлд нээлттэй, өөрийн давтагдашгүй стильтэй, хүчээр тулгагддаг стандартад баригддаггүй, юун түрүүнд өөрийгөө болон сэтгэлийнхээ тав тухыг дээдэлдэг бол - заавал хайр бишрэлийн объект болдог, нас үүнд огт хамаагүй. Хамгийн гол нууц – өөрийгөө хэн бүхэнд таалагддаг объект болгох зорилго тавихгүй байх. Та ямар “Рафаэлло” биш дээ, хүн бүрт таалагдах? Та үзээрэй, шилэн хана үнэхээрийн нуран унаж, та хувь хүний эрх чөлөөний агаараар амьсгалах болно. Намрын навч харин, жилийн нэгэн сайхан улирлыг л санагдуулаг. Хоёрдугаар бүлэгLIVE JOURNALХатан хаанд зориулагдсан сандал
Name: Khakamada Data: 20.03.2008; 11.13 p. m. Имиж, стиль, фэшн, пиар гэх ойлголтууд хаалттай зөвлөлт ертөнцийн хамгийн цаадахь хаалган дээр урт удаан хугацаанд шахцалдан хүлээж байв. Тэгээд мөнөөх хаалга 80 – аад оны сүүлчээр хяхтнан дуугарсаар дөнгөж завсар гармагц орж ирж эхлээд, 90 – ээд онд хаалга цэлийтэл нээгдсэний дараа эдгээр шинэ, моодны үгнүүд манай улсын амьдралын стилистикт даруухнаар шургаж байснаа, харин 21 – р зууны эхээр Их хотын бүх гудамж, мухрыг эзлээд байна. Зөвлөлт Холбоотын дундаж хүн имиж, стиль гэж сонсоо ч үгүй байсан билээ. Гэтэл 2008 оны хэрэглээний Оросын хувьд эдгээр ойлголтууд каръерыг илэрхийлж байна. Харин бүх зүйл дөнгөж эхэлж, санамсаргүй, гэнэн, нуугдмал байсан үе бий. Ямар нэгэн зүйл эхэлж байгаа нь мэдрэгдээд, хувь хүн өөрийгөө ертөнцөд үзүүлэх урлагын үл мэдэг үнэр агаарт дэгдэж эхэлж байсан үе байсаан. Хүүхэд байхдаа би гоё хувцасласан охидыг хараад их шаналдаг байж билээ. Тийм охидууд зөвлөлтийн муухан хувцасласан бүүдгэр саарал масс дотроос шууд л тодрон харагддаг байсан бөгөөд банди нарын бишрингүй харцыг өөртөө татдаг байлаа. Ийм охид сургуулийн хүрэн дүрэмт даашинз, хар хормогчийг ч өөр болгож дөнгөдөг байв. Би ч гэсэн чадах ядахаараа тэмүүлдэг байлаа. “Доживем до понедельника” киног үзээд Ирина Печерниковаг хуулбарлан духныхаа үсийг тайраад, хар өнгийн торгомсог тууз болон халаадаг төмөр бигуж авлаа. За тэгээд л эхэлсэн дээ... Нээрээ л имижний төлөө өөрийгөө золиослож байв. Орой болгон би бигужээ буцалгаж, хуруу болон үсээ түлэн байж ороох. Шөнөжин хөнгөн цагаан бигужиндээ тархиа нухлуулан нойр хугас хононо. Өглөө нь үсээ ардаа боогоод дээрээс нь хар туузаа зангидна. Яг л гол баатрынх шиг. Хөмсгөө хүрсэн далий чёлк, буржгар сүүл. Тэгээд сургууль руугаа, хэн нэгнийг, ялангуяа физикийн багшаа умруулна хэмээн найдан (физик дээрээ дунд гарах гээд байсан юм) шийдэмгий алхдаг байлаа... Аа, тийм! Бүр мартчихаж: би чинь бас, Beatles болон хиппи урсгалын нөлөөнд ороод ертөнцийг өөрчлөх гэж үздэг байлаа. Аавынхаа элэгдсэн хуучин цүнхийг гуйж аваад дээр нь том үсгээр «People, I love you, love me, please» гэж бичив. Физикийн багш маань миний энэ чимгийг огт тоосонгүй, харин арай л хэрэгт дуртай математикийн багш маань хяналтын ажлын үеээр миний цүнхний хажууд зогтусаад цүнхэн дээрх бичгийг гайхан уншив. Хичээлийн дараа тэрээр надаас асуулаа, энэ юу гэж байгаа юм? Би хариуллаа. -Яагаад англиар бичсэн юм? -Ингэсэн нь дээр... – гэж би хэлэв. Тэр үед одооны энэ “лаг” гэдэг үг байсангүй. Ертөнцийг өөрчлөх гэсэн миний энэ сулхан оролдлого амжилтанд хүрээгүй. Мэдээж ертөнц илүү элгэмсүү болоогүй, мөн миний хавьгүй даруухан – хүмүүст өөрийгөө сайнаар таниулах – зорилго маань ч нуран унасан. Дээд сургуульд байхад минь ч /дараа нь нөхрөөсөө мэдсэн юм/ оюутнууд намайг “уул нь дажгүй охин, даана ч эв хавгүй харагддаг” гэж хоорондоо ярьдаг байсан гэсэн. Хэсэгхэн хугацаанд намайг япон ахын минь бэлэглэсэн жийнсэн өмд аварч байлаа. Миний муу эв хавгүй “би” – г засан гангаруулав. Энэ жийнсээрээ анх удаа залууд тоогдоод баярласандаа, нөгөө залуу маань ганц өдөр өмдөө өмсүүлчих гэж гуйхаар нь өгчихгүй юу. Жийнс маань тэр чигээрээ, залуутай маань хамт алга болж билээ. Өөртөө итгэлтэй гоо эмэгтэйн дүр бүтээх гэсэн өрөвдөлтэй оролдлогууд маань угийн нарийн мэдрэмжгүйгүйгээс минь болоод нурдаг байв. Би яав ч өөртөө таалагдахгүй байсан, хувийн эрх чөлөөний тухайд бол... тайлбар өгөхгүй гэсийгээд орхисон нь дээр. Байгаа дотоод амьтнаа арай гялтайлган хэлбэржүүлэх сонирхол маань тэгэсгээд, амьдралын лоозон болж амжилгүй, хаашаа ч юм арилаад өгсөн. Би цаашаа амьдралын замаар давхихдаа хар залуугаараа хүүхэд шуухад, нөхөр сүүдрүүд, эрдмийн диссертаци, ажил гээд хамаг байдгийг үүрээд авсан байв. Дээд сургуульд багшлаад эхэлчихсэн байхдаа /”ЗИЛ”- харъяаны дээд сургууль/ хүндэт самбар дээрх өөрийнхөө зургийг харан зогсож байснаа санадаг юм. Хонгорцог, томоо нүдний шил, ойрын хараа муутай өрөвдөм хоёр нүд, битүү хоолойтой цамц. Үүн дээр кадрт ороогүй зүйлийг нэмээд үз: урт, шоон хээтэй банзал, гахайн арьсан, намхан өсгийтэй болхи хийцийн гутал ( made in Болгария) – ингээд бүх зүйл ойлгомжтой болж байгаа юм. Нэгэн удаа би яг энэ хувцастайгаа хамт ажилладаг хүүхэнтэйгээ Андрей Вознесенскийн яруу найргийн үдэшлэгт очиж билээ. Бидэнтэй хамт байсан гял цал элит залуу эрчүүд найз хүүхэнд минь хэлж байсан гэнэ лээ: “Сонин юм аа, хагас япон байж яг л саарал хулгана шиг юм”, “Ндаа... яалт ч үгүй, 100% багшмаа. Даруухан бөгөөд секси биш. Нэг үгээр хэлбэл – тэр аяараа уйтгар гуниг...” Харин нэг нь л: “ Нуруугаа хэрхэн барьдгийг нь би харсан. Та нар юу ч ойлгоогүй байна, тэр – хатан хаан байна. Харин түүнд нэг юм л дутагдаад байна”. Өөрийнхөө тухай энэ яриануудыг 00 – ийн дэргэдэх тамхины өрөөнд ямар шуналтай сонсож байснаа санаж байна. Дараа нь, намын хурал мурал дээр уйдахаараа “Хатан хаан, хатан хаан... нэг л юм дутаад байна, нэг л юм дутаад байна...” хэмээн дотроо давтан суудаг байсан юм. Амьдралд бүх зүйл үнэхээр л цагираглаад ирдэг нь инээдтэй. Багшийн ажлаасаа гараад, бүх дипломоо далд хийгээд хувийн бизнес хөөлөө. “Жигули” авлаа, машин барьдаг боллоо, гайгүй хувцастай боллоо, хонгорцогоо арай доош нь байрлууллаа. Нэг удаа зам дээр гараа өргөн зогсох эрийн хажуугаар өнгөрөхдөө харсан чинь өнөөх, үдэшлэг дээр байсан залуучуудын нэг нь байв. Үгүй ээ, намайг хатан хаан гэсэн нь биш, яг эсрэгээр хэлсэн нь. Тэр намайг хараад ангайж билээ. Жолооны хүрдний ард тамхи татан суугаа бизнес ледиг хараад “саарал хулгана” байна гэдэгт итгэж чадахгүй, арай гэж намайг танисан. Гэхдээ энэ бол юу ч биш, зүгээр л цэцэг, дараа нь жимс нь гарч ирсэн. Тэр үеийн орос дизайны бурхан болох Слава Зайцеваар хувцаслуулж аваад би ганц хоёр удаа Төв телевизээр Константин Боровой –гийн харъяат бизнесвумен байдлаар гялсгээд өнгөрөв. Дараа нь түүнээс салан бие даан явсан. Урьд нь өмнө нь мэддэггүй байсан улстөрчийн мэргэжил рүү орох гэж хэлэхийн аргагүй зүдрэв. Ээлжит удаагаа “энэ бол огт бүтэхгүй зүйл, яагаад гэвэл та энэ мэргэжил болоод улстөрийн учиг утгыг огт ойлгохгүй байна, тиймээс таны унах магадлал маш өндөр...” гэдгийг сонсоод уур шатаад явчихсан, тэгээд үзээд алдахаар шийдсэн юм. Энэ бол миний Их хотийг өдсөн анхны өдөөн байсан юм. Их хот миний хатгалтанд жаахан хатуу, гэхдээ яс юман дээрээ бол харин ч энэрэнгүй хариу өгсөн гэж боддог. Миний хоршооллын бизнесийн найз хүүхнүүдийн нэг, дашрамд хэлэхэд, түрийвчин дэх мөнгөнийхээ хэмжээнээс хамааралгүйгээр өөрийгөө сайхан харагдуулж дөнгөдөг, нэг удаа надтай тааралдаад хэлэв: “Хүүш ээ, чи нэг юм хийх цаг болсон юм шиг байна аа. Имижээ өөрчилмөөр юм уу? (Өнөөх, 90 –ээд оны шидэт үг!) Юу ч гэсэн миний үсчин дээр нэг очоодох доо? Наад хонгорцог чинь үнэн хуучны, үнэн шог, бүр залхаж байна” Нарийн мэдрэмжтэй найзынхаа шахалтаар, түүний зөв гэдэгт огт итгэлгүйгээр Саша Петров хэмээх, гартаа - ирээдүйн депутатуудыг биш, хонь л хяргамаар – үсний машин барин эвсэлтэй хөдлөх үсчин залуу дээр очив. Бидний хооронд ийм л яриа болов: -Яах билээ? -М-м –мээдэхгүй... имижээ солих ... байх... -Үргэлж л урт үстэй байсан уу? -Тийм. -Богино болговол яаж байна? -Үгүй, надад зохидоггүй юм. -Бүүр богинохон болговол? -Үгүй ээ, айж байна. -Айх хэрэггүй ээ. Гоё болно. Өөрчлөх гэж байгаа юм бол өөрчилсөн шиг л өөрчилье. Ингээд би Саша дээр мөр давсан үстэй ороод хамгийн урт хэсэгтээ 5 мм үстэй, дагзан дээрээ эрвээхэйн дүрстэй амьтан гарч ирэв. 1993 онд ийм дүр төрхтэйгээр парламентад орж ирээд, мэдээжийн хэрэг, бүхнийг айлгачихсан. Үсэндээ тохируулан хувцсаа солихоос өөр аргагүй болсон, эндээс л миний дэгжин спорт – унисекс – хар өнгийн стиль үүссэн юм. Эхэн үед бүгд л, тухайн үеийн парламентын сурвалжлагч Алексей Венедиктовыг оруулаад, миний ард шивнэлдэж байснаа асуудаг байв: “Эрвээхэй чинь ямар учиртай юм?” “Нисэлт л байхгүй юу!” Жилийн дараа гэхэд л хэн ч, юуг минь ч гайхахаа больчихсон. Намайг хараад бүүр дасчихсан: чөлөөтэй, итгэлтэй, стандарт эвдэхээс айдаггүй амьтан гэж л уншина. Харин би дагзан дээрх эрвээхэйгээ гялалзуулан хуралдаанууд дээр дахиад л уйдан суух болов. Депутатын сандалд нуруугаа цэх барьсан хэвээр. Заримдаа “Хатан хаан, хатан хаан, харин нэг л юм...” хэмээн санана. Тэгээд “За яршиг даа, одоо бол бүх юм л бүрэн болсон байлгүй дээ, үгүй байлаа ч яахав дээ, яав л гэж. Одоо л би өөртөө сэтгэл хангалуун боллоо, нээрээ л хатан хаан шиг, баярлалаа” FIN Үргэлжлэл бий. www.orosshkolton.mn, Ё. Одончимэг |




Сэтгэгдлүүд
zaluudaa
sonirholtoi l yum, ene bugded gantsaaraa bor zurheeree zutgeed hurchihsen bol ch argagui l super huuhen yum daa, hehehe...sain nuhruudiin tus dem????
oort chini neg sanal tavih gesen yum .nadad email hayagaa ogch boloh uu? www.eworldtradecenters.com -oor orj uzne uu zavtai uedee.bidend oros helnii mash sain orchuulagch heregtei baigaa .herev ooroo sonirhoj baival yahoo messenger ;eworldtradecen ters, MSN chat: ewtcenters hariltsana uu.enehuu sanaliig Donna ilgeesen gene uu.herev emailee nadad ilgeevel todorhoi medeelliig oort chini ilgeee.oron ornii zar deer ZAR gargasan bgaa.www.orloo. com-iin buh hotuudiin zar deer
Юм орчуулах хоббитой хүмүүс байвал хүнд өгөөжтэй юм орчуулаад нааш нь пааслаарай