|
||||
| Ирина Хакамада, "Их хот дахь success", хэсэг 9 |
Хэсэг 1 Хэсэг 2 Хэсэг 3 Хэсэг 4 Хэсэг 5 Хэсэг 6 Хэсэг 7 Хэсэг 8 Хэсэг 10 Хэсэг 11 Хэсэг 12 Хэсэг 13 Хэсэг 14Дөрөвдүгээр бүлэг LIVE JOURNALҮдэшлэгний урилгаName: Khakamada Data: 06.06.2007; 01.35 p. m. Парламент руу би хуй салхи шиг, өөрөө ч учраа олж амжилгүйгээр гэнэт орж ирсэн билээ. Хоршооллын үеийн эцэс төгсгөлгүй бизнес – схем, аж ахуйн нэгжийн бүртгэл, татварынхан болон түрээслэгчидтэй хийх хэрүүлийн дараа цаг үргэлжид олон түмний овоо хараанд байдаг сонин үе ирэв. Яг л би гудамжинд номын сангийн ширээний ард суучихсан, өчнөөн тулгуур баримт уншингаа хажуугаар өнгөрөх хүмүүсийн асуултанд хариулж байгаа мэт, тэгээд, хамгийн сонирхолтой нь, хэн ч энэ байдалд гайхахгүй байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг байв. Ихэнхи туршлагагүй шинэхэн улстөрчидийн адилаар, энэ бүхнээс болоод би аажим аажмаар галзуурч эхлэв. Олон машин дээр зэрэг ажилладаг байсан социалист хөдөлмөрийн баатруудын гавъяаг давтаж чадахгүйгээ мэдэрсэн улстөрийн цехийн ажилчид хоёр том групп болж хуваагддаг. Нэг хэсэг нь өдөр бүр ширээн дээр нь овоологддог ( тэр үед Думд интернет байсангүй ) хууль эрх зүйн “зохиол”- уудыг судалж, өрөө хороогоороо таг суух. Нөгөө хэсэг нь Их хотын гудамжаар давхилдан бусдаасаа чанга хашгирах гэж оролдох. Цорын ганц зорилго нь: гудамжаар явах хүмүүсийг өөрийнхөө дэмжигч болгон жагсааж авах. Би шинэхэн, “хамгийн арын суудлын”, тэгээд бас фракцгүй, Жириновскийгийн сүрхий оноож хэлснээр “бомж” ( тодорхой хаяггүй хүн, манайхаар бол – “траншейнийхан”, орч.) депутат байсан болохоор олон дэмжигчийн тухай мөрөөдөхийн ч хэрэг надад байсангүй. Маниус шиг ганцаараа амьтдыг фракцуудын лидерүүд өндийлгөх ч үгүй. “Та хувийн амьдрал улс төрийн амьдрал хоёроо яаж зохицуулж чадаж байна аа?”, “Та стилист эсвэл имижмэйкертэй юу?”, “Та яагаад дандаа хар хувцас өмсдөг юм бэ?” мэтийн асуултууд бол мэдээж сэтгэлийн ханамж өгөхгүй шүү дээ. Ийм асуултаас дорхноо залхаж байгаа юм чинь. Миний аз болоход, урьдын, эрдмийн ажил бичиж байсан үеийн маань туршлага намайг аварсан юм. Думын их танхимын арын ширээнд суугаад би мянга мянган хуулийн төслийн учрыг олох гэж хичээн, олонд алдартай, туршлагатай депутатуудын ярих хэлэхийг анхааралтай сонсдог байлаа. Удалгүй би нэгэн сонирхолтой “хуулийг “ нээлээ: фракцуудын “зодоон” ямар ч ширүүн хурц байсан, индэр дээр ямар ч уран илтгэгч яаж ч гоёоор ярьж, гишүүд хэлцэж байсан ч - хуулийн төсөл унадаг шалтгаан нь ганц л байдаг юм байна! Хэрэв хуулийн төслийн эсрэг - та хэн гэж бодож байна: Жириновский? Зюганов? Гайдар? “Наш дом – Россия” фракцийн лидер үү? – хэн нэг нь эсрэг байр суурьтай байвал тэр төсөл унаад байдаг биш ажээ. Парламент дээр болж байдаг тэмцлийг жүжигчилэн найруулдаг үл үзэгдэгч найруулагч бүх зүйлийг хатуу хянан харж байдаг юм байна, тэр найруулагчийг нь ЗАСГИЙН ГАЗАР гэдэг юм байна, орших хаяг нь ЦАГААН ОРДОН юм байна! Цагаан ордныхон Думын хонгилуудаар анхаарал таталгүйгээр сүлжилдэх. Хуралдааны танхимд оролгүйгээр гол тэмцэгчид рүү бодлогоширонгуй харах. Тэднийг үүдний танхимд сүүдрээрээ л бариад авна, тэгснээ асуудал шийдэгдэнгүүт, Булгаковын чөтгөрүүд мэт агаарт уусан алга болно. Ингээд л би нууцыг нээхгүй юу! Гол ТАРХИ энд байхгүй юм байна, энэ ярвигтай бичвэрүүдэд ч нуугдаагүй юм байна. Улсын чухал шийдвэр гаргах нууцлаг явдал холбооны засгийн газрын хаалттай ордонд долоон цоожны цаана болдог юм байна. Шууд утгаараа хаалттай. Депутатын мандат бол Кремльд ч, Цагаан Ордонд ч орох зөвшөөрөл болдоггүй. Харин орлогч сайдын дайны албан тушаалтан ч бидний үүр рүү чөлөөтэй орж чаддаг. Хуулийн төслийн дүгнэлтэд бичигдсэн “Засгийн газраас дэмжиж байна” гэсэн хэдэн үгийг төслийн хувь заяатай жишээд байхад миний зөв болж таараад байв. Парламентаас гарсан мянган санаачилгын нэг нь л засгийн газрын дэмжлэг хэмээх зүүний сүвээр гарч чаддаг, бусад нь хогийн сав руу хаягдал цаас болон тонн тонноороо чулуудагддаг ажээ. Ганц минут ч болсон энэ нууцлаг, засгийн эрхийн үүрэнд орж үзэх юмсан! Улсын агуу тархи хэрхэн ажилладгийг нүднийхээ булангаар ч болтугай харах юмсан! Тэнд би дээд хүмүүсийг үзэх байх, дээд утга учрыг тайлж чадах байх, тэгвэл нэг юм, хамгийн тансаг улстөрийн хоолнуудын нууц жоруудыг хадгалдаг лабораторын цоожинд түлхүүр тааруулж болох байх хэмээн төсөөлж байлаа. Энэ тачаасан мөрөөдөл намайг эзэмдээд ядаж байтал – о, ид шид! – боломж гарав. Заримдаа Засгийн газар асуудал хэлэлцэх процедураа ардчиллын элементтэй, олуулаа хэлэлцэж байгаа байдлаар харагдуулах зорилгоор хуралдаандаа тухайн проблемоор мэргэшсэн гэдгээ харуулж чадсан депутатуудыг урьдаг юм. Мэдэхгүй, ямар замаар ч юм, ямар ч байсан “гол тархинуудын” нэг нь намайг жижиг бизнесээс ирснийг санасан бололтой юм билээ. За ингээд ээлжит, над шиг жижиг юмнууд руу анхаарлаа хандуулах ёслол нь болох гээд би гэдэг дундаж - “дөрвөн зуун тавийн нэг” депутат, фракцийн гишүүн ч биш, эдийн засгийн хорооны дарга ч биш – амьтан Үнсгэлжин хааны үдэшлэгт уригддагтай ижил юм болж хүсэн хүлээсэн урилгаа хүлээн авав. Болох юм болдгоороо болов: сайн санаат дагинагүй амьтан юм чинь яах вэ дээ, би, ариуны ариун тэр газар руу шагайсан анхны мөчөөсөө эхлээд л бүрэн хэмжээгээр будилж гардаг юм байгаа биз дээ? Төөрчихсөн! Эцэс төгсгөлгүй лифт, хонгилных нь учрыг олж чаддаггүй ээ. Хов хоосон, амьгүй, яг ижилхэн энэ хонгилнууд нь сүнс зайлуулчихдаг юм байна. Ингээд арай гэж нэг юм, туйлдаа хүртэл ядарсан амьтан хуралдааны танхимд орж ирлээ. Тээр хол, томоо гэгчийн зууван ширээний ард шадар сайд Сосковец тэргүүтэй холбооны сайдууд сууж байна. Хаалга руу ойртох тусам шувууд жижгэрэх агаад арын эгнээгээр над шиг депутатууд сууна. Тэгсэн, нэг ч сул суудал байдаггүй ээ. Нэг ч! Би комонд орчихсон амьтан шиг хөшчихөв, гэтэл ашгүй, энэ хүүхэн одоохон ухаан алдаж унаад хуралдаан үймүүлэх нь гэж ойлгосон бололтой, хэн нэг нь миний доор сандал шургуулав, би ч лагхийтэл тэр сандал дээр нь унаад өгөв. Ингээд яг хаалганы хажуу дахь гарцан дээр суудаг юм байна. Огцомхон л газардалт боллоо. Зорьсон хүссэн газартаа буурьтайхан зөөлөн буух биш, онгоцны ослын буулттай төстэй газардалт болсон юм. Чих дөжөрчихсөн, зүрх минь илтгэл тавьж байгаа хүний дуунаас чанга цохилж байв. Таван минут хэртэй болсны дараа л нэг юм, хожимдсондоо ичсэн нүүр минь улайхаа больж жаахан таавширлаа, илтгэлийг нь сонсох сөхөөтэй болов. Бусад хүмүүсийн хувьд ердийн л сонсогдохоор “Жижиг бизнес засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийн ачаар хурдацтай хөгжиж байна” хэмээх өгүүлбэр сэтгэлийн зовнилоос минь намайг суга татан гаргав. Би сэрдхийгээд явчихав. Сайн сонсогдохгүй байв, харахын тухайд ярих ч юм биш. Хараа болон сонсголоо хүчлэн байж илтгэлийн мөн чанарыг нь ойлгохыг хичээв. Гэвч байдаг л нөгөөх, эрхи гүйлгэж байгаа мэт жигд сонсогдох хоосон үгнүүдээс өөр олигтой тод санаа сонсогдохгүй л байлаа. “Татвар буурсан, хүнд суртлын хүлээсийг устгаж байна, дотоодын нийт бүтээгдхүүнд эзлэх хувийн жин нь өсч байна, ажлын байрны тоо нэмэгдэж байна...” гэх мэтийн бувтналын доор танхим тэр чигээрээ нүдээ нээлттэйгээр унтаж байгаа нь өгөгдсөн сэдвийг огт тоохгүй байгааг илтгэнэ. Дараа нь хэлбэр төдий асуултууд тавьж, кабинетын гишүүд урьдчилан бэлтгэсэн жагсаалтынхаа дагуу тайлбар хийв. Харин намайг, үгээ хэлэх үхлийн бодол аажим аажмаар эзэмдээд ирлээ. Зүгээр ч үгүй, бүх үнэнийг хэлэх. Ингэж болохгүй гэдгийг би мэдрээд байсан л даа. Ухаан бодол маань хоёр хуваагдчих шиг болсон. Нэг “би” нь “дуугүй байж байх хэрэгтэй, байдлыг судал, туршлага суу, бүү яар, үнэн мөнийг бол одоохондоо цааш хийх нь зөв” хэмээн давтана. Нөгөөх “би” маань галзуурсан мэт “энэ бүх ярьж байгаа юм чинь – солиорол, би та нарт хэлээд өгье, яг одоо яг энд “тэргүүн тархи” та надаас нэн чухал, үнэн зөв мэдээлэл авах боломжтой байна” хэмээн чарлана. Одоо л биш бол дахиж хэзээ ч ийм боломж олдохгүй шүү! Шадар сайд “Уригдсан хүмүүсээс үг хэлэхийг хүсч байна уу?” гэж хэлэх мөчид эхний “би” маань инерцээрээ бувтнаж л байлаа, харин хоёрдахь “би” маань аль хэдийн гараа өргөж байв. Сониуч зандаа хөтлөгдсөн юм уу, эсвэл хэн болохыг ялгаж харж чадаагүй юм уу, Сосковец намайг индэр рүү урив. Цаазын тавцан руу явж байхдаа би бүхнийг хараан зүхэж байв: энэ өдрийг, хожимдсоноо, өөрийнхөө ичгүүргүй тэнэг занг – тэгээд намайг хэрхэн цаазлаж байгааг маш тодоор төсөөлөв. Индэр дээрээс харахад төрийн түшээ нар бүр ч лут харагдаж байлаа. Буурьтай агаа нар над руу ивээнгүй - жигшсэн харцаар харан шадар сайдын балайрлыг тэсэхээс дээ гэсэн шиг царайтай байв. Бүрмөсөн шараа болохгүйн тулд би урьдах хүмүүсийг дуурайн ерөнхий үгнүүдээр яриагаа эхлэв. Танхим дахь хүмүүс сурсан зангаараа нүүрээ чулуу мэт болгочихов. Би хэсэг дуугүй болсноо - дүүрсэн хэрэг гээд, гүнзгий амьсгаа аваад, дуугаа намсгаж байгаад цавчиж гарав. Юу ч бодохгүй, өөрийнхөө хувь заяаг ч бодолгүй цавчаад л байв. “Та нар мэддэггүй юм уу, жижиг бизнесийнхнээс галынхан, ариун цэврийнхэн, бусад албаныхан хичнээн хахууль нэхдэгийг? Мэдэхгүй байгаа бол би та нарт хэлээд өгье... Москвад подвал түрээслэх зардал нийт зардлын хэдэн хувьд хүрдгийг мэдэх үү? Аж ахуйн нэгж бүртгүүлэхэд хэдийг төлдөгийг? Хамгийн гол нь, үүнд хичнээн их цаг ордгийг? Хэрэв бүх татварыг төлөх юм бол жижиг бизнес юу болохыг та нар ер нь төсөөлж байна уу? “Май” гээд төлчихлөө гэхэд? Дараа нь үхээд өгнө шүү дээ! Та нар юу ч мэдэхгүй байна шүү дээ, юун хөгжүүлэх тухай ярих, хүсэх. Эсвэл худлаа дүр эсгээд байдаг юм уу? Гудамжинд юу болж байна? Улсын рэкет, дээрэмдэлт – ийм л юм болж байна. Гэтэл бид энд амжилтын тайлан сонсоод ...” Намайг ярьж дуусахад танхим чив чимээгүй болов. Төрийн түшээ нар над руу ангайн харахаас гадна Сосковецийн юу хэлэхийг ихэд сонирхон хүлээж байв. Тэгсэн чинь Сосковец... хөтөлбөрийг дахин боловсруул гээд буцаасан! Ийм л юм болсон. Харин намайг жижиг бизнесийн мэргэжилтэн гэх цуу яриа тарж энэ нь миний улстөр дахь чиглэл - мэргэшил болж хувирсан юм. Тэгээд 1997 онд би жижиг бизнесийн сайд болсноор хүсэн хүлээсэн Цагаан ордондоо орж суусан юм. Гэхдээ энэ бол шал өөр түүх, эрчүүдээс бүрдсэн улсын тархинд эмэгтэй хүн яажшуухан оршиж байсан тухай түүх байгаа юм, энэ түүхийг “Их улс төр дахь Sex” номноос уншаарай.
FIN FAQ
Андрей Андреевич: Та тэгээд нэг удаа хүчтэйхэн шиг үг хэлээд л мэргэжлийн нэр алдраа хийчихэж болно гэх гээд байна уу? Тийм! Гэхдээ, та дараа нь тэр нэр алдраа зөв авч явж чадах юм бол, зөвхөн үг яриагаараа биш, үйл ажиллагаагаараа. Бас эсрэгээр, суперпрофессионал байлаа ч – хэн ч таныг анзаарахгүй, дэвшүүлэхгүй байж болно. Заримдаа хүн бүх насаараа энэ гол үгээ бэлддэг. Харин заримдаа гол үг чинь цаашдын амьдралыг чинь тодорхойлдог. Яахыгаа - өөрөө сонго! Профессор: Үгүй, таны тэр бут нэргэсэн шүүмжлэл чинь тогтсон төсөөлөл, тоглоомын дүрмийг хамаа намаагүй эвдээд хаясан шүү дээ. Энэ бол том эрсдэл. Таныг дахиж засгийн газрын хуралдаанд хэзээ ч урихгүй байж ч болох байсан! Тэгэлгүй яахав, энэ бол эрсдэл. Гэхдээ уран илтгэгчийн үг амжилттай болох нөхцлүүд нь юу вэ гэхээр: а) проблемыг та бусдаас сайн мэддэг бол б) та дуугүй байж чадашгүй байгаа бол в) та алдах юмгүй гэж тооцоод, үзээд алдахад бэлэн байгаа бол. Уран илтгэгчийн урлаг бол нээлттэй тулааныг хүлээн авч чаддаг, төрөлхийн харизмтай хүмүүсийн эрхшээлд байдаг зүйл. Тийм болохоор супер илтгэгч болохын тулд нэлээд хатуухан замыг туулж боловсрох шаардлагатай байдаг.
МаlyshkaLо: Ийм авъяс заяагаагүй хүн байлаа гэж бодъё. Мэдлэг сайтай ч ярьж чаддаггүй... яахав, тийм нэг хашлагатай.Тэгэхээр одоо яахав? Цицерон хэлсэн байдаг: “Яруу найрагч - төрдөг, харин уран илтгэгч - болдог”. Тиймээс – битгий ай, айх хэрэггүй. Би ч бас чаддаггүй л байсан, төрөлхийн юм надад юу ч байгаагүй. Гэтэл сурчихсан л байгаа биз дээ. Би Патрис Лумумбын нэрэмжит Их сургуульд ороод амьдралынхаа анхны сессийг өгч байх үеэр улс орон судлалын хичээлийн шалгалтыг ер бусын гайхамшигтай байдлаар өгсөн юм даг. Маш сайхан багш байлаа, улс орон судлалыг тэр багш супер хичээл болгон хувиргадаг байсан, хамгийн сонирхолтой хичээл болгож. Бид бүхий л зүйлийн тухай - дэлхийн бүх шашины үүсэл хөгжил ч бай, дэлхийн эдийн засгийн төвүүдийн тухай ч бай, геополитикийн дайнуудын тухай ч бай – маш сонирхолтойгоор, ямар ч цензургүйгээр гарамгай сайхнаар ярьж өгдөг багшаасаа сонсож суралцдаг байсан юм. Тэр багшийг маань дараа нь ажлаас нь халсан, яагаад гэвэл түүний хичээл заах энэ хэлбэр нь тэр үеийн дүрэм журам, үзэл сурталд огт тохирохгүй байсан хэрэг. Энэ хичээлд үнэнхүү дуртай, автагдсан байсан болохоор би бүх лекц, бүх семинарт суугаад, бүх билетийн асуултуудыг уншиж судлаад шалгалтандаа ирсэн байж юу ч ярьж чаддаггүй ээ. Яг л нохой шиг: ойлгоод байдаг, мэдээд байдаг – харин хэлж ярьж чаддаггүй, бодлоо хэлбэржүүлж үг холбож чадахгүй юм. Миний бүрэг ичимхий зан, сандрал, бас хазгай хэл – бүгд л нөлөөлөхгүй юу. Дунд сургуульд байхдаа би шүлэг унших, текст унших, зохион бичлэг бичих зэрэгтээ сайн байсан ч цээжээрээ зохиогоод яриад байх чадваргүй байсан гэсэн үг. Уншсан зүйлээ ерөнхийд нь ярьж чадаж байвал их юм байсан л даа. Ингээд намайг ойлгосон залуу профессор багш маань надаас юу ч асуулгүйгээр онц тавьчихсан. “Таныг хичээлээ сайн мэдэж байгааг би мэдэж байна, та жилийн турш их сайн ажиллаж байсан, харин, үнэнийг хэлэхэд та маш муу ярьдаг юм байна, санал бодлоо илэрхийлж чаддаггүй юм байна. Энэ бол таны зовлон, үүнээс болж амьдралд чинь олон проблем үүсэх болно шүү, би таны оронд байсан бол цаг алдалгүй ярьж сурах байсан” гэж эцэст нь зөвлөв. Би, мэдээж, асуусан: “Яаж?” – “Яахав, их амархан. Семинар дээр битгий дуугүй сууж бай, хичээлд идэвхитэй оролцон үг хэлж бай. Ялангуяа, бэлдэж ирээгүй үедээ бүр их идэвхитэй оролцож бай. Өөрийгөө дийлээд гараа өргөж байгаад, мэдэхгүй байсан ч аргалах гээд оролдож бай”. Ийм зовлонтой гэдэгтээ санаагаар унасан ч багшийн зөвөлгөөгөөр сэтгэлээ цэнэглэн хөөргөөд түүнийг нь биелүүлэхээр зүтгэж эхлэв. Курсийнхэн маань хачин их гайхах нь тэр: угийн хулгана шиг чимээгүй сууж байдаг байсан дорнын охин ( зуун тавин эрэгтэй оюутны дундаас цорын ганц) гэв гэнэт учиргүй идэвхитэй болчихдог! Эхэндээ би чичирдэг байсан, өөрийгөө ятгана, эсэргүүцнэ, ерөөсөө чадахгүй, хүсэхгүй байсан. Миний эхний хариултууд гэж авах юмгүй хазгай хэлгий байлаа. Харин жилийн дараа гэхэд намайг зогсоохын аргагүй болчихсон, сургуулиа төгсөх үеээр бүр факультетынхээ тэргүүн “ярьдаг шувуу” болоод хувирчихав. Дүгнэлт: хамгийн гол нь – ярьж эхлэх. Энэ хашлагаа яаж давахаа бодож ол. Хэрэв том байр суурь руу зүтгэх гэж байгаа л бол юун түрүүн уран илтгэгчийн урлагт суралц гэж би хэлэх байна. Хэрэв хамгийн хэцүү ээдрээтэй зүйлийг энгийн үгээр тайлбарлаад ойлгуулж чаддаг бол, хэрэв та паузыг зөв газар нь хийдэг бол, дуу хоолойгоо цагаа олж өндөрсгөж намсгаж чаддаг, хүмүүс таныг хэр удаан анхааралтай сонсож чадах вэ гэдгийг сайн мэдэж байгаа бол - та бусдыг араасаа дагуулж чадах болно. Жишээ юу? Гитлер. Үзлийн амьтан! Тэгсэн мөрт, түүнийг гараад ирэхэд олон түмэн амьсгаагаа дардаг байсан... Үргэлжлэл бий... Орчуулсан Ё. Одончимэг, www.orosshkolton.mn |




Сэтгэгдлүүд
Халах хийх хоорондоо ялгаатай
Би сая хэд хоног ерөөсөө зав гарсангүй ээ. Та нарыгаа бодоод л санаа зовоод л байлаа