PDF Хэвлэх И-мэйл
Ирина Хакамада, "Их хот дахь success", хэсэг 12
Хэрэглэгчийн үнэлгээ: / 2
МууМаш сайн 

Хэсэг 1 Хэсэг 2 Хэсэг 3 Хэсэг 4 Хэсэг 5 Хэсэг 6 Хэсэг 7 Хэсэг 8 Хэсэг 9 Хэсэг 10 Хэсэг 11 Хэсэг 13 Хэсэг 14

МаlуshkаLо: Надад яг юу хэрэгтэй гэдгээ мэдэж болох баталгаатай арга байна уу? Би амбицидаа хөтлөгдөөд буруу тийш явах гээд байгаа ч юм билүү?

Өөрийгөө сайн сонсож бай. Бүргэд болох уу мөлхөө амьтан байх уу гэдэг нь хувь хүний өөрийн хэрэг, тэгээд ч амьдралын явцад солигдож болох. Жишээ нь, бүргэд гайгүй өндөрт гараад цуцаж болно. Тэгээд сүүдэрт орж хоёрдугаар хүн болохыг хүсч ч болох. Яахав дээ, тэгвэл гүрвэл болоод хувирчихна л биз. Ийм юм байдаг – каръерынхаа нэгэн моментод өндөрлөгт толгой нь эргээд, өмнөөс салхилах салхи амьсгаааг нь давчдуулаад байгааг гэв гэнэт ойлгож болно. Харин өөр нэгэн нь, олон жил могой байснаа агуу зүйл хийх хүсэл нь аюулгүй амар жимир сууж байх хүслээс нь даваад оволзоод байгаагаа ойлгох юм бол могойн арьсаа тайлах цаг иржээ гэсэн үг.

Хамгийн гол нь – дотоод зөвшилцөл, өөрөөр хэлбэл өөртэйгээ эвтэй амьдрах. Далавч, могойн арьс хоёрын хооронд сонголт хийхдээ яарахгүй байх нь чухал. Эерэг сөрөг бүх талыг сайн бодож жигнэж үзэх хэрэгтэй. Өөрийнхөө боломж чадварыг эрүүл бусаар үнэлвэл ямар ч эмгэнэлт байдалд хүрч магад. Хэтэрхий яарч байж амьдрал каръераа баллах тохиолдол их. Сулхан далавчтай, нисч чадахгүй байж арьсаа яаран тайлж болохгүй. Хүслээ гээд шууд нисч чадахгүй, нислэгт бүрэн бэлэн болж байж нисэх ёстой.

Профессор: Ирина, таныг гомдоох гэсэн юм биш шүү, гэхдээ таны энэ юмс – бичиг цаас, бутанд сууж отох – нэг л тийм... эмэгтэй хүний л юм юм биш үү?

Муур хатагтай: Хүүе ээ, та наад шовинизмоо болиоч дээ, залхаачихлаа. Эмэгтэй хүн босс болох тохиолдол цөөн байдгийн цорын ганц шалтгаан нь – эрчүүд бидэнд тийм боломж өгөх хүсэл байдаггүйд л байгаа шүү дээ.

Үнэхээрийн, эмэгтэй хүний удирдах байр сууринд очих зам эрчүүдийнхээс нэлээд хүнд. Зарим салбарт бол “нэлээд” гэлтгүй, хавьгүй хүнд, эсвэл бараг боломжгүй байдаг. Энд тодорхой тогтсон үзэл бодол, бас зарим талаар генетик үйлчлээд байдаг л даа. Эр хүн төрсөн цагаасаа л эрх мэдэл рүү тэмүүлдэг. Памперстай хэвтэж байхдаа л өөрийгөө лидер болгон харах. Харин эмэгтэй хүн хүүхэд байхдаа юу боддог билээ? Яг тийм – сайн нөхөртэй болох тухай л мөрөөддөг.

Нийгмийн үзэл бодол ингээд биднийг байр байранд нь хуваарилчихдаг. Тиймээс, эрчүүд ганц жилийн дотор нисээд өндөрлөгт хүрдэг салбарт эм хүн 2 жил нисэх болдог. Эрчүүдийн 5 жил нисдэг салбарт эм хүн 10 жил нисч байж өндөрт гарна. Тэгэхээр, хэрэв тантай хамт ажилладаг эрэгтэй, эсвэл найз эрчүүд чинь онгоц шиг хурдан “вжик” гээд л аль хэдийн өндөрт гарчихсан, харин та, тэднээс зуу дахин ухаантай, бүтээлч, хүчтэй эмэгтэй мөртөө тээр доор мацаж байгаа бол сэтгэлээр унаад хэрэггүй. Зүгээр л, эмэгтэй хүн хүлээн зөвшөөрөгдтөлөө хамаагүй удаан хүлээдэг гэдгийг л сана. Гэхдээ ирээдүйд энэ ялгаа багасах байх, цаг үе өөр болж байна. Санаагаар битгий уна, сэтгэлээ бүү зовоо, “би юугаараа доор юм” гэж асуух хэрэггүй. Юугаараа ч та доор биш! Ажлаа үргэлжлүүл. Би мэднээ, энэ их хэцүү, заримдаа бараг тэсэхийн аргагүй хэцүү. Тэгсэн ч гэсэн – хий, хий, хий! Тэгвэл та заавал ялна. Дашрамд хэлэхэд эмэгтэй хүмүүс их тэсвэр хатуужилтай, их тэвчээртэй улс. Олон эрчүүдээс илүү гүргэр. Хамгийн гол нь – тэвчээр.

Клеопатра: Гэхдээ энэ чинь феншуйд нийцэхгүй шдээ – банзалтай эр хүн байх чинь?...

Мэдээж, эр хүний зан байдлыг хуулж хэрэггүй – тэнэг хэрэг болно: эрчүүд рүү яаж ч дайраад чамаас айхгүй. Ухамсрынхаа түвшинд тэд эмэгтэйчүүдээс айдаггүй, энэ бол генетикт нь тавигдчихсан зүйл.

Эмэгтэй хүний каръерт голлодог зүйл бол – харьцаа. Уур амьсгалыг бий болго. Эмэгтэй хүний мэргэшсэн байдлыг нь олонхи хүлээн зөвшөөрсөн цагт амжилт ирэх болно. Хүлээн зөвшөөрөгсөдийн хувь эрэгтэй хүнийхээс их байх ёстой, яагаад гэвэл их бизнес ба их улстөрд эм хүйстэн – гажууд үзэгдэл. Жендерийн ялгаа үүгээр дуусдаггүй л дээ. Эр хүн ба эм хүн гэдэг бол хоёр өөр ертөнц гэдгийг та нар сайн мэдэж байгаа шүү дээ. Тийм болохоор “Бид бүгд ижилхэн, эрэгтэй эмэгтэй манлайллын стиль ижилхэн байх ёстой” гэж ярих нь инээдтэй хэрэг. Ижилхэн байх зам угаасаа байхгүй.

Олон юм нуршихаар, эмэгтэй эрэгтэй хүний ялгааг хүснэгтээр үзүүлье:

1.

Эмэгтэйчүүд

Удирдах албан тушаалын эмэгтэй гэр бүл бий болгохыг зорьж ажилладаг. Хамт олон биш, чухамхүү - гэр бүл, бүгдээрэнд нь тав тухтай байх гэр бүл. Хүүхдүүд нь ч өсөөд, орчин ахуй нь ч цэвэр цэмцгэр, хөргөгч нь ч дүүрэн, мөнгө ч дутагдаагүй.

Эрэгтэйчүүд

Эрэгтэй хүн ямагт манлайллын төлөө тэмцэж байдаг агаад эрх мэдлийг ганцаараа атгаж байхыг хүсдэг. Түүний багт зөвхөн ганц, маргаж болшгүй үндсэн зарчим үйлчилж байдаг: “Би – дарга, чи – тэнэг; чи – дарга, би - тэнэг”.  “Гэрийн эзэн хэн бэ?” – энд байдаг гол асуулт.

2.

Эмэгтэйчүүд

Удирдагч эмэгтэйн эргэн тойронд профессионалууд өсөн бойжоод ирвэл тэрээр дуртайяа зарим ажлаа тэдэнд шилжүүлэн хариуцуулна, байраа ч тавиад өгнө.

Эрэгтэйчүүд

Хэзээ ч байраа тавьж өгөхгүй. Лав л сайн дураараа өгөхгүй.

3.

Эмэгтэйчүүд

Эмэгтэйчүүд бол сайн сэтгэл зүйчид байдаг. Эмэгтэй босс өөрөө аз жаргалгүй, элдэв асуудалтай байсан ч гэсэн бусдын зовлонг сонсдог, тусалдаг. Ажилтнаа аз жаргалтай болгосноор өөрөө ч баярлан жаргадаг.

Эрэгтэйчүүд

Эрэгтэй боссд элдэв асуудал гарвал эргэн тойрныхноо ч бас зовоодог.

4.

Эмэгтэйчүүд

Хэрэв эмэгтэй боссд асуудал гарвал тэр тухайгаа найз хүүхэндээ ярина, гэхдээ хэн нэг нь сонирхолтой төсөл бариад ирвэл – тэр чигээрээ ажил руу шургачихна.

Эрэгтэйчүүд

Хэрэв эрэгтэй босс ажилтнуудаа ажлаар дараад эхэлбэл – гэрт нь элдэв асуудал гарсан, эсвэл нууц амрагтаа хаягдсан.

Эндээс гарах дүгнэлт: Өөрийг нь өөрсдөөсөө ухаантай, авъяастай хэмээн шууд хүлээн зөвшөөрөөд, өөрсдөө зөвхөн гүйцэтгэгч байхад бэлэн байгаа хамт олныг л эрэгтэй хүн удирдахдаа сайн. Харин сайн мэргэжилтнүүдийг өсгөн бойжуулах учиртай баг – хамт олныг эрэгтэй хүнд итгээд нэмэргүй: өөрийг нь давсан мундаг мэргэжилтэн өсчихөж магад шүү дээ! Ийм өрсөлдөөнд дуртай эр цөөхөн байдаг учраас ийм багийг чухамхүү эмэгтэй хүнээр л удирдуулбал зөв.

Муур хатагтай: Ха, эмэгтэй хүн ч бусдыг алж чаддаг шүү дээ. Харин ч нэг чадна даа!

Мэдээжийн хэрэг, аливаа зүйлд дүрмээс гадуур юм байдаг болохоор энд ч бас байлгүй яахав. Дарангуйлагч эмэгтэй тааралдаж л байдаг, мөн эцэг нь юм шиг ажилтнуудаа халамжилж тойлдог эр хүн ч байдаг. Чухам ийм учраас л амжилтын шатаар дээшлэхийн тулд юун түрүүнд та ямар нөхцөлд аль болох үр дүнтэйгээр ажиллаж чадах вэ гэдгээ тодорхойлж авах нь чухал.

Том корпорацууд зөвлөлтийн үеийн яам тамгын газартай төстэй байдаг. Энд дунд шатны ажилтан арван жил ажилласан ч захиралтайгаа гар барьж үзээгүй, захирлаа ТВ - ээр л хааяа хардаг. Каръераа ахиулах ганц арга бол – өөрийнхөө яг дээр байдаг даргатайгаа аль болох төвийг сахисан харьцаатай байх.

Харин жижигхэн, бүтээлч хамт олны дунд тэгш эрхийн зарчим үйлчилдэг: энд хамтын тархи ажиллах агаад хоорондоо хэн нь юу хийх, хэн нь удирдах, аль хэсэгт, ямар хэмжээгээр гэх мэтээр тохиролцдог.

Аль хэлбэр нь танд илүү ойр санагдаж байна - түүнийг л сонго, ямар харьцааны системийг та хүлээн зөвшөөрөх вэ? Хэрэв та өөрийгөө дарга, бусад хүмүүс бүгд үг дуугүй таны тушаалыг биелүүлж байх ёстой гэж үзэж байгаа бол эрх мэдлийн “босоо шугамтай” том компани руу оч. Гэхдээ босоо шугам уйгагүй төвийг сахихыг шаарддаг гэдгийг тооцоолоорой. Тийм газар хүмүүс өөрийгөө байнга тодорхой рааманд барьж ажиллах болдог. Тиймээс сэтгэл зүрх нь хурдан элэгдэж бухимдал нь зад тавин сэтгэл мэдрэлийн эмнэлэгт очих нь энүүхэнд.

Би гэхэд хэвтээ шугамын хүн – ижил тэгш партнер байх дуртай. Зөвхөн ингэж байж л хүн тус бүрийн сайн ажиллах, нэг нэгэндээ тусалж хамтын сайхан үр дүнд хүрэх хүсэл эрмэлзлэлийг нь өдөөж болно гэж үздэг. Хэвтээ моделийн бас нэг давуу тал нь – танд нэг их мөнгө байхгүй байсан ч энэ модель “ажилладаг”: партнерууд чинь цалингүйгээр ч, зөвхөн урам зориг, аазгайн дээрээ л ажиллахад бэлэн байдаг. Гэхдээ хамгийн гол нь – хүн бүр бүтээлч санааны генератор байх ёстой!

Шүгэл амьтан: Тэгээд юунаас эхэлбэл дээр болж байна аа? Эсвэл, яршиг зүгээр, ганцаараа явсан нь дээр юм уу? Элэгдэхгүйн тулд...

Улсын том корпорацаас каръераа эхэл гэж би зөвлөхгүй. Стандарт бусаар сэтгэдэг хүмүүс тэнд дээш гарах хэцүү. Сонгодог жишээний хүнд сурталтны үүр рүү бүтээлч сэтгэлгээтэй, шинийг санаачлагч хүмүүс ерөөсөө очдоггүй. Очлоо гэхэд дорхноо тэндээс шахагддаг. Яагаад гэвэл идэвхи санаачлагатай хүн зүгээр байж чаддаггүй, шинэ юм сэдээд л, тэрийгээ хэрэгжүүлэх гээд л... ийм хүмүүс улсын байгууллагад огтхон ч хэрэггүй. Тэнд нэг тийм, хэдий дарлуулж байсан ч баталгаатай болохоор тэр орчинд л байх сонирхолтой homo soveticus – ийг л авдаг.

Нэг удаа би түшмэлүүдийн тогтоосон хуулийг уландаа гишгэж үзэх гээд. Орос улсад жижиг бизнесийг хөгжүүлэх шинэ хөтөлбөр гаргах даалгавар аваад би хэлтсийн даргуудыг цуглуулаад  “за өнөөдөр бүгдээрээ хамтын тархиа ажиллуулнаа, гол зорилго – жижиг үйлдвэрлэлийг дэмжих шинэ арга хэлбэр олох” гээд зарлачихав. “Та нар намайг дарга биш, зүгээр л яг та нар шиг ажилтан гээд бодчих. Бүгдээрээ хамт бодъё, хэлэлцье, маргая” ( бодох хэлэлцэх зүйл зөндөө байсан) гэсэн нөхцөл тавилаа.

Тэгсэн чинь бүгд чив чимээгүй болчихдог юм байна. Нэг цагийн, уйтгартай идэвхигүй хэлэлцүүлгийн дараа ( хэлэлцүүлгийг мажийлгачихгуйн тулд би тувтан түүнийг өшиглөж байлаа) би, ажилтнуудаасаа формал хариултаас өөр юу ч олж долоохгүйгээ ойлгов. Учир нь захирагдах ёсны хатуу системтэй орчинд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхээс бүгд айж байж. “Би ингээд хэлчихвэл энэнд таалагдахгүй бол яах юм? Цалинг маань бууруулчих ч юм билүү... За яршиг зүгээр, мөрөөрөө байж байя. Олон таван юм ярьж байж гай болно... би энэ байрандаа сайхан л байгаа юм чинь... Өөрөө “сайдмаа” ухаантай юм бол надад даалгавараа л өгнө биз, тэгвэл би – яваад биелүүлнэ...” – босоо корпорацийн бүх хүн иймэрхүү байдлаар л боддог. Засгийн газар, Цагаан ордонд энэ схем абсолют солиорол болтлоо хөгжчихсөн байдаг: дундаж түвшний ажилтан үхэж байсан ч ямар нэгэн бүтээлч санаа хэлэхгүй. Учир нь юм санаачлаад бүтээгээд эхэлбэл сууж байгаа мөчрөө чавчсантай адил болно!

Том компаниудад ч байдал үүнээс дээрдэхгүй. Тиймээс, хэрэв та ухаантай, идэвхи зүтгэлтэй, бүтээлч нэгэн агаад каръер хиймээр байгаа бол шууд Роснефть, эсвэл Газпромд очих гэх хэрэггүй. Хичнээн сайхан залуучуудын каръер том корпорацийн хананд бяцарсан гэж санана? Энэ мангасууд ихэнхидээ хүнд сурталд идэгдсэн байдаг учраас тэнд орсон хүн яахаа мэдэхгүй ангайж байснаа зүгээр нэг энгийн үйлдэл л хийдэг эрэг шураг болоод хувирчихдаг. Сард нэг удаа түүнийг компанидаа хайртай байх талаар манийлдана, өөртөө хариуцлага хүлээх бүх боломжийг нь хаачихна. Ийм нөхцөлд дунд эгнээний менежерийн энерги унтраад унтчихдаг, дахиж сэрээхэд тун хэцүү –дээрээс нь корпорац дараад байдаг учраас.

Санаж яв: 28 –тайдаа саятан болоод Forbes – ийн жагсаалтанд орчихсон гялалзсан амжилттай бизнесменүүд том корпорацаас ирээгүй шүү. Тэд бүгд жижиг бизнесээс гарч ирсэн – оюунлаг,  шинэлэг газраас.

Профессор: Гэхдээ л би эрэгтэй эмэгтэй манлайлалын тухай асуудал руу эргэж ормоор байна. Эмэгтэй хүн залуурын ард байж болно оо, яагаад үгүй гэж? Пажааласт! Харин асуулт байна: эрчүүдгүй яаж ажиллах вэ? Бизнесээ яаж тавих болж байна? Тэгэхээр, яаж ч бодсон – эрчүүд нь дээр байх аа.

Муур хатагтай: За та болиоч дээ, арай дэндэж байна. Хэрэв, ноён профессор минь, бид хоёр америкийн шүүх дээр уулзсан бол би таныг 20 жилээр таслуулж чадах байсан юм.

Эрчүүд үр дүнтэй нь үр дүнтэй л дээ. Гэхдээ юугаараа вэ? Хатуу чанга зантай байдгаараа л тэр. Эрчүүдийн нийгэм дэхь гол зүйл бол – сүргийн хамгийн хүчтэй нь удирдагч болох ёстой. Тиймээс, эр хүн хүссэн хүсээгүй үргэлжид өөрийнхөө хүч сүрийг үзүүлж байх шаардлагатай болдог. Оюунлаг боловч хүн рүү давшилах, загнах чадваргүй ээрүү, хэлгий хүнийг хэн ч сүргийн тэргүүлэгч – босс байдлаар хүлээж авахгүй. Эрчүүд зөрчилдөөнөө яаж шийддэг билээ? Чанга дуугаар! Шууд духаараа мөргөлдөж! Заримдаа бүр гар зөрүүлнэ! Нэг үгээр хэлэхэд хэн хүчтэй нь – лаг. Зөвхөн физик хүчийг хэлэхгүй л дээ. Соёлт ертөнцөд хүчний үүргийг мөнгө, банк, компани орлодог.

Нөгөөтэйгүүр, эмэгтэй хүнд мухар түрэмгийллийг нь бол уучилдаггүй. Гэхдээ ихэнхи бүсгүйчүүд хүчтэй дуу хоолойгүй, эрэгтэй хүн шиг хүч тамиргүй, жин булчингаараа ч өрсөлдөж чадахгүй. Тиймээс дайснаа хананд нялж байна гэж мянга мөрөөдөөд кинонд гардаг шиг зодолдож нисч чадахгүй гэдгээ ухааран хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.

Муур хатагтай: Та энэ профессорыг, эмэгтэй хүний орон зай – гал тогооны өрөө гэж хэлсэн анхны эрэгтэй гэж бодож байна уу? Эрчүүдийн ихэнхи нь – ийм шдээ! Эд нартай яаж тэмцэх вэ?

Зөрчилдөөн маргаантай үед эмэгтэй хүн хүч чадлаа үзүүлээд нэмэргүй, зорилгодоо дөхөх, зөрчилдөөнөөс гарах цорын ганц арга – ийм байдалд орохоос зайлсхийж байх. Эрэгтэй хүн өөрийг нь доромжлонгуут тэр дор нь хариулдаг. Эмэгтэй хүн ингэж болохгүй. Таныг доромжлосон, доош нь хийсэн ч – зүгээр л өнгөрөөчих...

Муур хатагтай: Юу - уу?!

... Харин дараа нь, дайсан чинь цохилт ирнэ гэж бодоо ч үгүй байх үед нь – хариугаа авчих.

Муур хатагтай: Үгүй тэгээд ийм тохиолдолд залуу босс бүсгүй яавал зохилтой юм бэ? Өөрт нь ч бас хүч байгааг яаж харуулах вэ? Би эрчүүд та нартай эн тэнцүү партнер шүү гэдгээ яаж ойлгуулах вэ?

Би нэг маш чухал нууцыг задалъя. Эмэгтэй удирдлагын юун түрүүнд сурах зүйл бол – дуу хоолойгоо төгс эзэмшиж сурах. Жишээ нь, эрэгтэй босс шивнэж байсан ч – бүгд л сөхөрдгөөрөө сөхөрнө. Гонгиносон нарийхан хоолойтой байсан ч – бүгдээрээ өмнө нь номхон зогсож байдаг. Эрэгтэй хүн ямар ч хоолойтой байхад болдог. Би Абрамовичийг Кремльд ирж байхыг нь харж байсан. Та нар төсөөл дөө: эрэгтэйчүүд бүгд үнэтэй пальтотой, эмэгтэйчүүд – булган шубатай байж байхад Абрамович нэг муу богино драпан пальтотой, жижигхэн биетэй амьтан байж байгаа байхгүй юу. Гэтэл бүгд л, секунд бүрт түүний хаана байгаа, хаашаа явж байгааг мэдэж байдаг. Яагаад? Яагаад гэвэл тэр – Абрамович. Галзуурмаар их “0” нуруундаа үүрсэн хүн. Тэр ямар ч байж болно, хэн ч юу ч гэхгүй.

Эмэгтэй хүн бол харин ямар ч хамаагүй байж огт болохгүй. Санаж яв: эмэгтэй хүн хашгичин загнах нь хэн бүхэнд муухай санагддаг. Тэгэхээр үүнийг бодон, дуугаа аль болох намсгаж ярьж байгаарай. Намуухан. Аяархан. Бүүр аяархан.

Энэ тохиолдолд л эрэгтэйчүүд таныг сонсоно. Маш намуухнаар тэдний хэн болохыг нь хэл – тэгвэл үр дүн гарна.

Та нар мэдэж байгаа, “СПС” блок цэцэглэлтийнхээ үед дөрвөн тэргүүлэгчтэй байсан: Немцов, Хакамада, Чубайс, Гайдар. Гол шийдвэрүүдээ бид дөрвүүлээ хэлэлцэж байж гаргадаг байлаа. Би ижил тэгш эрхийг олж авч чадсан байсан, харин бид бүр сэтгэл зүйчдийн тусламжтайгаар томоохон “сургууль төгссөн” ч гэсэн үүнийг олж авах надад аймаар хэцүү байсан юм. Гурван эр маань зөн совингийнхоо түвшинд хоорондоо их хурдан харьцана, дотоод ухамсар, сигнал энэ тэрээрээ дорхноо мэдээлэл солилцчихно. Намайг сонсохын тулд тэд өөрсдийгөө албадан хүчлэх хэрэг гардаг байв. Харин хэн ч байн байн өөрийгөө албадаад хүчлээд байх дуртай байдаггүй болохоор би өөрөө л хүч гаргахаас  өөр арга байхгүй юм байна гэдгийг би аль хэдийн ойлгосон байсан юм.

Би нэг аргачилгаа боловсруулаад тэрийгээ нэг удаа туршиж үзэхээр шийдэв. Их ээдрээтэй хэцүү асуудлыг бид хэлэлцэж байсан болохоор халуухан маргаан болж байв. Би хэргээр дунд нь хутгалдахгүйгээр, өөрсдөө хоорондоо маргаж дуусаг гээд тэвчээртэй хүлээгээд л суугаад байв. Надад анхнаасаа өөр санал төрсөн боловч би урьдынх шигээ тэднийг давж хашгиран өөр рүүгээ хандуулах гэж оролдолгүй, тэвчээртэй гэгч нь хүлээгээд л байгаад байв.

Тэгэж тэгэж, ядартлаа маргасны эцэст, тэд зүгээр л, ёсыг бодож, хэлбэр төдий байдлаар над руу хандлаа, чи юу гэж бодож байна? Би хэсэг дуугүй байснаа, бараг шивнэн, “Вы - ох...ли” гэж хэлсэн. Тэгсэн, хамтрагч нарын маань нүд эрс сэргээд ирлээ, Чубайсын нүдэнд маш их сонирхол тодорч: “Энэ чинь харин сонин байна шүү! Алив, тодруулаад орхиоч!” гэж уулга алдав. Би өөрийнөө бодол үндэслэлийг гаргаж тавилаа – маш аяархнаар, маш баримтлалтай цэгцтэйгээр, ердөө ганц минутын дотор л. Миний хэл тэдэнд их ойлгомжтой байсан, өөрсдөө ингэж ярьдаг болохоор.

90 – ээд оны дундуур, нэгэн сайдын үүдний өрөөнд харсан явдлыг би хэзээ ч мартахгүй. Ширээний ард сайдын туслах – өөрийгөө тэнгэрт тулгаад бодчихсон нэг муу батга залрах. Коридорт буурьтай эрчүүд, зүгээр ч үгүй, төмөр замын толгой дарга нар хүлээн зогсох. Бүтэн цаг, дахиад нэг цаг тэвчээртэй хүлээх. Эцсийн эцэст тэдний тэвчээр барагдаж нэг нь сайдын туслах руу:

-Уучлаарай, та хэлээд өгөхгүй юу?...

-Юу гэнээ? – батга харцаа өндийлгөх ч үгүй дуугарав.

-Үгүй ээ, зүгээр... юу... өнөөдөр биднийг хэн нэг нь сонсох юм болов уу...?

-Сонсох оо?! – Алтан гургалдайнууд минь! Өнөөдөр та нарыг сонсох биш, еб...ть болно,  за юу!

Та нар зөвөөр ойлгоорой – би та нарыг хараалын үгээр хаа сайгүй ярь гээгүй байна. Үүнийг маш ховор, оновчтойгоор л хэрэглэх хэрэгтэй. Би ингэж боддог: хэрэв хүмүүс, намайг өөрийгөө хамгаалж чаддаггүй юм байна гэж харвал – араасаа дагуулж яваа хүмүүсээ ч хамгаалж чадахгүй гэж бодно. Улстөрч эмэгтэй, удирдагч эмэгтэй хичнээн оюунлаг, соёлтой, аятайхан эмэгтэй байсан ч зарим тодорхой тохиолдолд хатуу, эвлэрэшгүй зан гаргаж байх л хэрэгтэй. Ичгүүргүй, тоомжиргүй байдалтай эрчүүдийн дундуур орж өөрийгөө сонсуулах зайлшгүй шаардлага байгаа үед би тэдний хэл рүү шилждэг, тэгэхээр тэд намайг сонсож эхэлдэг. Тэдэнд танил, гэхдээ өөр хөгөөр хэлэгдсэн хараалын үгс тэднийг шууд дэгээддэг.

Нэгэн мэргэжлийн зөвлөх, эмэгтэй хүн олигтой улстөрч байж чадахгүй гэдэгт итгэлтэй байсан юм. Тиймээс тэр надад хатуу анхааруулж байлаа: “Хэзээ ч дуугаа битгий өндөрсгөж байгаарай. Хэзээ ч битгий шах. Тантай муухай харьцаг, харин та эелдэг, соёлтой... Дахиад тань руу муухайгаар дайраг, харин та дахиад л боловсоноос боловсон...”

Дүгнэлт: хэрэв та бүгдийг нь хараалаар булах онцгой шаардлага гарвал-боловсон байдлаар хийгээрэй.

KEYS

Хамгийн чухал нь –ямар ч тохиолдолд тэргүүний байх биш, жаргалтай байх.

Онцгой анхааруулга: “босоо шугам” тэвчээр шаарддаг. Маш их тэвчээр.

Эмэгтэй хүн хүлээн зөвшөөрөгдтөл хавьгүй их хугацаа ордог.

Хараалаар булах онцгой шаардлага гарвал-боловсон байдлаар хийгээрэй.

Үргэлжлэл бий.

Орчуулсан Ё. Одончимэг, www.orosshkolton.mn

 

Сэтгэгдлүүд  

 
sanaa
0 #1 sanaa 2010-06-11 06:49
bayrlalaa
Quote
 
 
Boloro
0 #2 Boloro 2010-06-11 08:04
;beleg urgelj bdag shigee goe sonirholtoi blaa
Quote
 
 
Erkhtsetseg
0 #3 Erkhtsetseg 2011-02-20 15:03
Маш сонирхолтой байлаа. Олон тусгаж авууштай зуйлууд байна.
Намуухан,аяархан, бур аяархан яриж сурмаар байна унэхээр шуу
Quote
 

Сэтгэгдэл нэмэх