|
||||
| Ирина Хакамада "Их хот дахь success", хэсэг 14 |
|
Клеопатра: Ирина, хэрэв лидерт байх ёстой зан чанар байгалаас заяагаагүй бол ийм зан чанарыг олж авах боломж бий юу? Лидер хүн - төрөлхийн байдаг мэтээр хүмүүс боддог. Цэцэрлэгт байхад нь л тодорхойлчихсон мэт: энэ хөдөлгөөнтэй сониуч хүүхэд – лидер юм байна, харин энэ бол – бүтэхгүй гээд. Зарим хүмүүс лидер болохоор төрдөг байх, магадгүй. Багаас нь л тохироо нь бүрдчихсэн – сайхан гэр бүл, тусгай сургууль, гэрийн багш-хүмүүжүүлэгч, эрт хөгжил... Харин ийм “төрөлхийн лидер” давуу талуудаа ашиглах уу үгүй юу гэдэг бол – өөр асуудал. Ихэнхи тохиолдолд ийм аз заяатай, боловсрол мэдлэг авахад хялбар байдал, амьдралын төлөө тэмцэх шаардлагагүй бүх зүйл бэлэн, өөрийгөө боловсруулах хэрэгцээ байхгүй зэрэг байдал нь эсрэг үр дүнд хүргэдэг. Ийм “цэцэрлэгийнхээ лидер” байсан хүүхдийг 30 жилийн дараа харахад – хэн ч болоогүй байж байдаг. Гэтэл цэцэрлэгийн хэмжүүрээр нэг муу саарал оготно байсан хүүхэд компани толгойлчихсон явж байдаг. Тэгэхээр “төрөлхийн лидер” байдаг гэж бодох нь буруу. Сүүлээ гээчихсэн илжигийг ч том лидер болгож болдог! Манайд хүн бүрийг дэмждэг тогтолцоо байдаггүй болохоор ингэх боломжгүй гэж бид боддог. Барууныхныг хар: танд өглөөнөөс орой болтол “Чи хэн ч болж чадна” гээд л итгүүлээд ятгаад байдаг. Харин Оросод бол яадаг билээ? “Чи хэн ч биш, тийм болохоор чимээгүй сууж бай, бид чамгүйгээр чиний асуудлыг шийдээд өгнө” гэх утга л байдаг. Бид юу ч үгүй төрж болно – зориг, айж ичдэггүй зан, увидас, дуу хоолой, ярих чадвар – эдгээр шинж чанар генэнд маань ч байхгүй, сайхан царай ч үгүйгээр! Харин хэрэв та уйгагүй ажиллах юм бол огт өөр хүн болж хувирч чадна. Би өөрийгөө ямар хүүхэд байсныг санаж байна, үнэнийг хэлэхэд би чухам л тийм, лидер болохоор төрөөгүй хүүхэд байсан юм. Байгалаас надад юу ч заяагаагүй байлаа – өнгө зүс ч үгүй, ямар нэгэн авъяас увидас ч үгүй. Тэр бүү хэл, би ерөөсөө онцгой дорой, ховорхон тохиолдол байсан гэж мэд. Намайг зургаан настай байхаас минь зун бүр хүүхдийн зуслан руу явуулдаг байсан. Бусдаас өөр царай зүстэй, бүрэг дорой зантай, биеийн хөгжил муутай, аймхай дорой намайг хүүхдүүд дээрэлхэнэ, тасгийн хамгийн муухай булан надад оногдоно. Гэхдээ энэ байдал миний зан араншинг хурцалж өгсөн. Байрныхаа хүүхдүүдийн дунд би хоёрдугаар эгнээнд ч биш, бүүр “кадрын гадна” байдаг байсан. Аливаа тоглоом тоглоход би аль онцгүй үүргийг л гүйцэтгэнэ, юм эрж олох ёстой бол – би олж чаддаггүй, юман дээгүүр үсэрч гарах ёстой бол – би л чадахгүй, бүх хүүхдүүд аль нэг тийш яваад өгвөл – би л үлддэг, юунд ч зориглож чаддаггүй... Намайг доромжлоход би цохиод авах нь байтугай ядаж хариуд нь бас нэг юм бодож олоод хэлчихэж зүрхэлдэггүй байв. Бүүр нэг дарлуулж гүйцсэн амьтан! Арван дөрвөн нас хүрээд ирэхэд энэ дарлуулсан амьтан миний тэвчээрийг барсан, би аутсайдер байхаас залхсан. Ингээд би өөрийгөө өөрчлөхөөр шийдсэн юм. Хэрэв та нар өөрсдийгөө төрөлхийн лидер биш гэж бодож байвал тархинаасаа тэр төрөлхийн зан чанар, ген, учиртай гэр бүлд өсөх ёстой гэх мэтийн балай зүйлсийг авч хая! Өөртөө лидер болох боломжийг өг. Харин битгий хэтрүүлчихээрэй дээ. Усанд сэлж чаддаггүй хүнийг ус руу шидчихээд хахаж цацсаар живж байгааг нь хараад зогсоод байж болохгүй шүү дээ, өөрөө гараад ирэхийг нь хүлээгээд? Нэгдүгээрт, тэр живихгүйгээр уснаас гараад ирж чадахгүй ч байж магад. Хоёрдугаарт, тэр хүн дахиж ус руу ойртохыг ч хүсэхгүй болтлоо шоконд орж магад. Лидерийн хувьд яг л үүнтэй ижил, биеэ авч явах байдлаа гэв гэнэт өөрчилж болохгүй: гэнэт хашгирч загнаад, эсвэл хөлөө дэвслээд. Ингэх юм бол эргэн тойрныхноо гайхашруулж гүйцнэ, өөрөө нервээ барна, тэгээд хүссэн үр дүндээ хүрэхгүй. Кинонд л гардаг: өнөөдөр би “боол” байснаа маргааш нь -“хаан”. Ханцуйгаа шумлаад өөдгүй новшнуудыг балбаж өгөөд, боссыг ялаад... сургуулийнхаа хамгийн лаг нь болоод. Энэ бол Холливуд. Харин та ухаантай, нямбай хөдлөх хэрэгтэй. Лидерийн шинж чанарыг аажмаар эзэмшинэ. Бусдыг ажигла. Лидерүүд яаж биеэ авч явж байна, яаж ярьж байна гэдгийг хар, тэдний хажууд байх бүх боломжийг ашигла, урилга, холбоо хэлхээ гээд. Тэдний орчинд нэвтэр. Эрт орой хэзээ нэгэн цагт та энэ, таны хувьд шинэ ертөнцөд оршино гэдэг ямархуу эд болохыг ойлгон мэдрэх болно. Чухам энэ үед л өөртөө хариуцлагыг хүлээж ав! Би яасан гэхээр... Миний хувьд бүх зүйл “Артек” зусланд өөрчлөгдсөн, 14 тэй байхад. Комсомолын салааг төсөөл дөө: хөвгүүд нь аль хэдийн том залуучууд болчихсон, охидууд нь хоёр номерын хөхтэй болчихсон хүүхнүүд. Биднийг амрахаар ирэхэд юун түрүүнд хувцсыг маань тайлаад, усанд оруулаад, ариутгалаар оруулаад, дээр нь бас хувийн эд юмсыг маань хураагаад авчихсан – яг л шорон шиг. Тэгээд хэмжээ дамжаа нь таарсан таараагүй жигд ижилхэн шорт, майк, пионер малгай өмсгөөд улаан бүч зүүлгээд талбай дээр аваачаад алхуулаад л байв. Жигд эгнээгээр яв, “баруунтий - шээ”, “зүүнтий - шээ”, “э - рэг”... Нэг өдөр алхлаа, хоёр өдөр алхлаа, бүр ойлгохоо байчихсан: “Хүүе ээ, нөгөө далай хаана байна аа? Хар далай? Сэлэх юм саан!” Хэдхэн алхмын зайнд далай байгаад байдаг – гэтэл бид нэг бол жагсаалаар алхаад, үгүй бол уралдаан тэмцээн хийгээд, эсвэл хоороороо пионерын дуу дуулаад. Үүний үр дүн нь, мэдээж,- зөрчилдөөн. Хоёр нь хэлэв: -Ингэж байхаа больё. Эсэргүүцлээ илэрхийлье. Бидэнтэй хэн нэгдэх вэ? Хэн ч хөдөлсөнгүй. Харин би санав: би чинь лидер болохоор шийдээ биз дээ! Тэгээд бушуухан: -Би, би та нартай хамт! – гэж хашгираад хажууд нь очоод зогсчихлоо. Ингэхэд хэцүү юм огт байгаагүй – зүгээр л хажууд нь очоод зогсоход хэцүү биш шүү дээ. Одоогоор надад өөр дээрээ хариуцлагыг авах шаардлага байхгүй, би зүгээр л гуравдахь хүн нь л болсон. Гэхдээ – лидерүүдийн дунд орсон. Ингээд бид эсэргүүцэл илэрхийлж бүх хорио цээрийг нулиман зуслангийн удирдлагуудтай зөрчилдөж, дараа нь бүр зуслангаас зугтаад хоёр хоног болсон... Энэ бол миний бүрэг амьдралын эргэлтийн мөч байсан юм. Шүгэл амьтан: Надад таны энэ нисэх гэдэг байр суурь таалагдаж байна... Өвсгүйгээр. Гэхдээ яаж өвс татахгүйгээр нисч болох юм бэ? Нисэхийнхээ өмнө хийх нэгдүгээр зүйл бол – амьдрах энергийнхээ нөөцийг шалгах ёстой. Хангалттай нөөц байна уу? Энэ шидэт бэлдмэлгүйгээр лидер болохын ч хэрэг байхгүй. Чадах ч үгүй. Амьдрах энерги бол таны түлш, түүнийг худалдаж авч болдоггүй, зээлдэж авч болдоггүй, хулгайлж болдоггүй. Өөрөө аяндаа бий болдог эд, хүн урдаа агуу зорилго тавихаар бий болоод ирдэг эд. Тиймээс, агуу зорилго тавихаасаа бүү ай! Хэзээ ч өөртөө “Энэ бол бүтэхгүй!” гэж битгий хэлж бай! Физикийн хуулийн эсрэг юм хийх гээгүй л бол, эсвэл цаг хугацааг давах гээгүй л бол болохгүй бүтэхгүй юм гэж байхгүй. Бусад бүх зүйл - боломжтой! МаlyshkaLo : Цаг хугацааг давах тухайд? Цаг хугацааг давах гэдэг бол зүгээр л тавигдсан зорилгын л асуудал шүү дээ. Би итгэлтэй байна: хэрэв би ерөнхийлөгч болох зорилгыг урдаа тавиад галзуу мэт үхэн хатан явсан бол аль хэдийн “чадхийчихсэн” байх байсан. Харин миний “би” –гээс илүү өргөн цар хүрээтэй зорилго бол өөр хэрэг. Жишээ нь, улс орноо өөрчлөх зорилго. Та нар бод л доо: улс орон гэдэг бол хийсвэр зүйл биш. Улс орон гэдэг чинь – бид, хүмүүс. Ирээдүйд нөлөөлье гэвэл хүмүүстэй ярьж эхэл. Тэгээд, хэрэв тэд хүсч байвал, улс орныхоо эзэн нь болоход нь тусал. Хүмүүс эрх чөлөөтэй болбол улс орон ч эрх чөлөөтэй болно. Харин ийм зорилгыг цаг хугацаа давж чадахгүй! Профессор: О, агуу зорилгын жишээнүүдийг бид мэднэ шүү. Энэ чинь зальтай балмад этгээд, далайн дээрэмчдийн зам...Тэд л дүүжлүүлэхэд хэзээд бэлэн байдаг улс. Тийм учраас бүргэдийн каръерыг сонгохдоо бодолцох ёстой дараагийн зүйл бол – эрсдэл. Эрсдэл зайлшгүй байх болно гэдгийг ухамсарлах хэрэгтэй. “Би хамгийн тэргүүн нь байхыг хүсч байна, өөрийн бизнесийг хүсч байна, гэхдээ нэг нөхцөлтэйгөөр – надад ямар нэгэн муу зүйл тохиолдох ёсгүй” гэж хүсдэг хүмүүс их байдаг. Ийм юм гэж байхгүй. Юу ч болж магад. Хоосорч болно. Ялагдаж болно. Хэрэв хэн нэг нь таныг өрсөлдөгчөө гэж харах юм бол ажлаасаа мултарч болно. Энэ бүгд эрсдэлд та бэлэн байх ёстой. Хэрэв эрсдэл таны зүг чиг биш бол та одоохондоо нисэхэд бэлэн биш байна. Эрсдэлгүйгээр та нисч чадахгүй. Эрсдэл бас бодлоготой байх ёстой. Эрсдэлд би бэлэн байна гээд “толгойгүй” хүн болно гэсэн үг биш. Юм л бол цамцаа зад татаад “А, юу л болно уу болог! Яадаг юм, цус! Эрсдэл хийдэггүй хүн шампанск уудаггүй юм!” гээд дайраад байж болохгүй. Хэрэв амьдралд ийм тэнэг байдлаар хандах юм бол шампанскаа ууж ч амжихгүй, юун шампанск, аягүй бол усны ч хэрэг танд байхгүй болно. Андрей Андреевич: Энэ ч ойлгомжтой л доо. Манайд юу л байна – энэ л байна... Нисэхээр шийдсэн бол та бас аль болох профессионал байх ёстой. Зөвхөн өөрийнхөө нисэх газрыг судалж хяналтандаа байлгах биш, хажуугийн орон зайг ч бас анхааралдаа байлгах ёстой. Зүв зүгээр, хэн ч биш байснаа гэв гэнэт нэг өглөө босч ирээд л агуу зохиол бичнэ гэдэг бол үлгэр. Эсвэл агуу мундаг зураг зурчихгүй. Эсвэл – Рокфеллер болчихно гэж байхгүй. Тийм юм байдаггүй. Маш их ажиллаж, салбартаа суперпрофессионал байсан учраас л амжилтанд хүрсэн, энэ хүмүүс. Харин лидерийн мэдрэмжийг шинжээчийн мэдрэмжтэй битгий андуураарай: хэрэв лидер шинжээч болох гэх юм бол лидерийн зөн совингоо алдчихна шүү. Клеопатра: Ирина, та их сонирхолтой асуудлыг хөндчихлөө – зөн совингийн тухай. Зөн совин хэр их үүрэг гүйцэтгэдэг тухай ярьж өгөхгүй юу? Зөн совингүйгээр бүргэд болж чадахгүй. Зүгээр л механикаар далавчаа дэвээд ямар ч ашиггүй. Эргэн тойрноо мэдэрдэг байх хэрэгтэй. Салхи хаашаа салхилж байна? Аль үүл гэмгүй царайлж байснаа бороо цахилгааны үүл болж хувирах гэж байна? Хэзээ тэнгэр дуугарах гэж байна? Гэхдээ дотоод ухамсар руугаа элдэв мэдлэг чихээд л байх юм бол хамгийн гол багаж чинь, луужин чинь ч гэж хэлж болох зөн совинг чинь хариуцдаг дотоод ухамсар ажиллахаа больчихно. Дотоод ухамсар бол оюун ухаанаас хурднаар мэдээллийг хүлээж авч боловсруулдаг, илүү хүчин чадалтай гэдэг нь шинжлэх ухаанаар батлагдсан байгаа. Чухам энэ шалтгаанаар л зүүд нойрондоо, хүн дотоод ухамсрынхаа эзэмшилд байгаа үед нь асуудлын шийдэл ирэх нь элбэг. Чухам дотоод ухамсар л бид дөнгөж ойлгох гэж ядаж байхад аль хэдийн бидний реакцийг тодорхойлчихдог. Клеопатра: Зөн совин маань бүх хүчин чадлаараа ажиллаж байдаг бол ч сайхан л байна. Харин байхгүй бол яахав? Дотоод ухамсраа ажиллуулахын тулд оюун ухаанаа чөлөөлж өгөх хэрэгтэй. Тархиа амраа. Жишээ нь, уран зохиол унш, сонгодог зохиолоос, үе үе хуучны сайхан кино үзэж бай. Зодоон цохион аллага биш, зүгээр энгийн, хайрын тухай, хүмүүсийн харьцааны тухай кино үзвэл ертөнцийг мэдрэх мэдрэмж хөгждөг. Зөн совингийн мөн чанар нь – мэдрэмж гэдгийг санаж яв. Жаахан залхуурасхийгээд, бие тавирсан, гэхдээ эмоцтой байх үед зөн совин сайн ажилладаг. За ингээд та могойны арьсаа тайлж хаялаа, доор нь далавч байгааг харлаа, тэгээд нисэхийг хүслээ, хатуу шийдлээ. Шатахууныхаа нөөц, тоормосныхаа ажиллагааг шалгалаа, хэмжих хэрэгслүүддээ тохиргоо хийлээ, радараа асаалаа. Урд чинь – нисэх зурвас. Муур хатагтай: Таны наад уран халил чинь, үнэнийг хэлэхэд надад сонин биш байна. Надад зөвхөн амжилт л сонин байна. Би бүх насаараа амжилтанд хүрэхийг л мөрөөдөж байна. Намайг ороод ирэхэд л зургийг минь аваад, Анжелина Жоли шиг. Энэ том, хэдэн зуун модель, Forbes-д нэр нь бичигддэг эрчүүдтэй хотод яаж амжилтанд хүрэх вэ гэдгийг л хэлээд аль? Өглөөнөөс орой хүртэл миний нислэг өөгүй сайхан гоё үзэмжтэй байх болов уу гээд, амьдрал болон өөрийгөө үнэлэх үнэлэмжээ хүмүүс таныг шагших уу, дооглох уу гэдэгтэй уялдуулах гэвэл бүтэхгүй. Амжилтын тухай бодлыг толгойноосоо авч хаях хэрэгтэй. Төслийн зорилгод хувь хүний амжилт багтах ёсгүй гэдгийг санаж байх хэрэгтэй. Амжилт гэдэг бол ердөө л хэрэгсэл, сэтгэлээ хангахаас хавьгүй илүү зүйлд хүрэхэд ашиглах хэрэгсэл. Жишээ нь, корпорацийн бүтээгдхүүнийг зах зээлд нэвтрүүлэх, эсвэл улс төрийн байдлыг өөрчлөх. Зорилгодоо хүрсэн л бол хүмүүс таны нэрийг мэдэж байх үгүй нь ямар хамаа байгаа юм бэ? Мөнгө амжилтын өрөөсөн дугуй боловч зорилго байх ёсгүй. Мөнгө бол зөвхөн амьдралын чанарыг хангах л хэрэгсэл. Жишээ нь, надад их мөнгөний хэрэг ерөөсөө байхгүй. Их мөнгө их анхаарал, их цаг шаарддаг. Би зөндөө баян хүмүүсийг мэднэ, тэд бүх насаараа галзуурмаар их мөнгө олж байгаа, өчнөөн яхт, вилл г.м. аваад л байдаг, харин энэ яхтаараа зугаалж ч амждаггүй, тэр виллүүддээ очиж амрах ч завгүй байдаг. Өглөөнөөс шөнө болтол хөрөнгөө залж залуурдсаар таардаг. Саяхан би нэг шинэ жилийн инээдтэй бэлэг “Экспедиц” гэдэг дэлгүүрээс авсан: “Амжилт бол аялал, экспедицийн зорилго биш” гэсэн бичигтэй футболк авсан. Зөвхөн өөрийн, хувийн амжилтанд шунах юм бол далавч чинь тайрагдах болно. Шүгэл амьтан: Муур хатагтай үүний тухай яриагүй л дээ. ТВ дотор яаж орох вэ гэж л асуусан... Нисч явахад тааралддаг зүйлсээс хамгийн аюултай нь нэрд гарах явдал. Ямар ч сайхан гэгээтэй санаа, зорилгыг ч лаврын навчинд булшлуулж болдог. Алдар нэрэндээ үргэлж умбаж байх гэж тэмүүлвээс өөрийгөө алдах амархан. Нэг мэдэхэд л хүмүүсийн мэдлийн хүн болчихдог. Хүмүүсийн хүлээлтэд зохицох гэвэл тэд таныг хэрхэн харахыг хүсч байна, танаас юу сонсохыг хүсч байна – тийм л хүн байхаас өөр аргагүй болно. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон ТВ өчнөөн улстөрч, шоумен, зохиолчийг “бүгд багтсан” зочид буудал мэтээр үзүүлснээр нэр хүнд нь тас татагдан мөхөж байсан. Алдар нэрийг сөрж зогсох чадвар хэн хүнд байдаггүй. Хүн гэдэг өчүүхэн амьтан. Өөрийгөө хийсэн ажлаараа биш, ТВ-ээр хэр их гарч байгаагаараа үнэлэх хорхойгоо дарж дийлэх амаргүй. Алдар нэрийн хамаг заль, хор уршиг нь – тогтворгүй байдал. Өнөөдөр танд ирж наалдаж байснаа долоо хоногын дараа сүүлээ шарваад өөр хүн рүү явчихна. Ингээд та хөөсөн бөмбөлөг шиг хагараад алга болно, тантай хамт – тэртээ цагт таны эхлүүлж байсан ариун зорилгууд бас “будаа”. Амжилтанд алдар нэр нэмэр болох нь бий ч, хор болох нь бас цөөнгүй. Зөндөө зохиолч, найруулагч, яруу найрагч алдар нэрээ хамгаалахын тулд, мартуулахгүйн тулд янз бүрийн шоуны шүүгч, хөтлөгч байдлаар ТВ – гээр аль болох олон жирэлзэхийг хүсэх. Энэ хугацаанд ном зохиол нь бичигдэхгүй, завгүй. Бичлээ гэхэд - хуучин шигээ биш. Бат бөх холбоо тогтоож болдог эд биш ээ, алдар нэр. Түүнтэй сээтэгнэ, гэхдээ амьдрал болон санаа сэтгэлээ тэр чигт нь итгэн даалгах хэрэггүй. Хэрэв хэн хүнд танигдаж алга ташилтанд умбаж байхыг хүсээд байвал – жүжигчин бол. Үүнээс өөр байр сууринд байгаа бол – далавчны хэрэгцээ юунд билээ гэдгээ бүү март. KEYSАтаманууд ерөнхийлөгч болдоггүй. Аз – хатагтай, лидер – мистер хариуцлага. Шинжээч зөвөлгөө өгдөг, лидер – шийдвэр гаргадаг. Амжилт ба нэр алдар – хэрэгсэл болохоос зорилго биш! «SELFMADE» – ЛИДЕР – БОДИТ БАЙДАЛ, ФАНТААЗ БИШ!
Төгсгөлийн үг. За та сүүлчийн хуудсыг эргүүлчихлээ, одоо онолын дагуу нисэх ёстой... Та хэр удаан уншив? Хоёр цагаас илүүгүй гэж бодож байна. Энэ хугацаанд танд хүчтэй далавч ургачихлаа гээд төсөөл дөө? Одоо та Их хот дээгүүр нисэхэд бэлэн болчихсон! Наргиан л даа, мэдээж... Гэхдээ наргиан болгонд... гэдэг дээ... За за одоо тоглоом наргиагүйгээр хэлье. Энэ ном эцсийн үнэн болох гэж горилоогүй юм шүү. Байдаг л нэг тренингийн курсээс ялгаатай нь гэвэл амьд туршлага нэвт шингэсэн байгаа. Хал үзэж байж олж авсан туршлага, дүн шинжилгээ хийгдсэн туршлага. Дашрамд хэлэхэд олон сэтгэл зүйчдийн бүтээл бодолтой таарч байгаа. Өөрсдөө саятан болоогүй байж хэрхэн саятан болох тухай заагчидын номыг бид уншиж л байдаг. Өөрсдөө ганц бие, аз жаргалтай гэр бүлтэй болж чадаагүй байж гэр бүлийн харьцаагаа хэрхэн байгуулж аз жаргалд хүрэх тухай заадаг сэтгэл зүйч ч – зөндөө байдаг... Би та нарын сэнсэй болох гэж горьдсон юм биш, тэр тусмаа career-maker царайлах гээгүй. Зүгээр л өөрийгөө болон Их хотыг ялж байсан туршлагаасаа алдаа оноо, эргэлзэл эмзэглэлтэйгээ, үнэн сэтгэлээсээ хуваалцъя л гэсэн юм. Танд энэ материал ашиг авчрах үгүй нь цаашдаа ажил хэрэг чинь хэрхэн явахаас харагдах биз. Ямар ч байсан танд таалагдсан зүйл нь таны санаанд үлдэх болно, санаанд чинь үлдсэн бол - ашиглагдана. Хэрэв танд тус болж энэ түлхүүрнүүд хэрэгцээт хаалгыг танд нээж өгвөөс - үүнийг би дэмий бичээгүй юм байна гэсэн үг. Орчуулсан Ё. Одончимэг, www.orosshkolton.mn |






Comments
Odnoo doo bayarlalaa,
Sain saihan buhniig husie...keep going
Үнэхээрийн их хэрэгтэй зүйл хийж байгаад чинь маш их баярлалаа!!! Таныг танихгүй нь харамсалтай байна даа...