|
||||
| Эдуард Тополь. "Монголын эзэн авхай", төгсгөл |
|
Хэд хоногын дараа “Шереметьево-2” онгоцны буудал дээр “Japan air” – ийн онгоц газардахад Юра Колосовтой хамт бүхэл бүтэн баг бууж ирэв. Японы бизнес хөтлөх дүрмээр ганцаараа шийдвэр гаргаж болдоггүй юм гэнэ, бүгд үзэж харж байж хамтын шийдвэр гаргадаг юм байх. Тиймээс, продюссерүүдээс гадна арилжааны захирлууд нь хуульч, орчуулагч нартайгаа ирсэн юм байж. Ингээд, энэ баг маань “Ниссан” микроавтобусд суугаад онгоцны буудлаас шууд, замаараа зочид буудлаар ч оролгүйгээр, Монголын эзэн авхай байсан эмэгтэйтэй уулзахаар гэр рүү нь давхив. Бид нэлээд хэдэн хүндэтгэлийн самбар хадсан байрны дэргэд зогсоод буув. Коммунизмын томчуудын амьдардаг байсан байр л даа.
Мэдээж би Славатай яриад японы телевизийн төлөөлөгчидтэй очихоо тохироод ээжийгээ бэлэн байлгаарай гээд хэлчихсэн байсан л даа. Энэ, улс хоорондын ажиллагааг эхлүүлэхийн өмнө би тэднийд очоод бүх ярьсан юм нь үнэн болохыг нүдээрээ харж байж хөдлөлгүй яахав? Славагийн ээж нь гэж жижигхэн биетэй сэргэлэн эмгэн байв. Түүнийг ерөөсөө агуу Монголын эзэн авхай байсан гэж хэлэхээргүй харагдаж байлаа. Түүнээс ямар ч эрч хүч, эрх мэдэл ханхлахгүй байсан бөгөөд түүний гол проблем нь - хүү нь бололтой: Слава байн байн нөгөө өрөө рүүгээ орж зуун грамм татчихаад, нээх сайхан болчихсон амьтан бид хоёр руу эргэн ирж байлаа. -Би үүнийг хийж байгаа учир нь, та нар миний материалаар кино хийхдээ хүүг маань энэ ажилдаа оролцуулах байх гэж найдаж байгаа шүү. Энэнийг ямар нэгэн юмаар “занималдуулахгүй” бол болохгүй байна. Би эмгэнийг өрөвдөн,тэгэлгүй яах вэ, та үүнд найдаж болно. Мөн бүх насаараа үрээд барахгүй мөнгөтэй ч болно. Үүнээс гадна бид таныг хамгийн сайн шүдний эмч дээр авч очиж шүдийг тань янзлуулж өгнө. Энэ бол бидний бэлэг байх болно. Танаас японы телевизэд зориулж ярилцлага авна гэдгийг хэлэв. Эмэгтэй машид их баярлан сэтгэл нь хөдөлж нэлээд хэдэн тоосонд дарагдсан альбом гаргаж ирээд, кинохальснаас буулгасан гэрэл зургуудыг үзүүлэв. Өөрөөр хэлбэл, кинохальснууд байгаа гэдэг нь батлагдлаа гэсэн үг. Хэрэв энэ гэрэл зургууд амилвал ямар том сенсааци болох нь ойлгомжтой болов. Эмгэний хамгийн гол үзүүлсэн юм нь, халцарсан хамба хилэнд ороосон эртний “Пентафлекс” кинокамер гаргаж ирээд, одоо ч ажиллагаатай хэвээр байгаа гэв. Тэгээд, үнэхээр, кинохальснуудыг төмөр хайрцагнуудад хийгээд цахилгааны лентээр наагаад /Славагийн хэлсэн шиг скочоор биш/ Улаанбаатарынхаа зуслангийн хашааны цэцэрлэгт булсан гэж батлав. Харин яг хаана булснаа бидний өгөх мөнгийг “амьдаар нь” харж байж хэлнэ гэлээ. Ингээд биднийг ирэхэд Слава гадаа зогсчихсон хүлээж байлаа. Бид уртаас урт цуваа болон шатаар өгсөж тэднийд оров. Зочны өрөөнийх нь бүх диван, кресл, сандал, мухар сандал гээд, сууж болох бүх юмыг нь эзлэн суув. “Гол баатрыг” гарч ирэхийг хүлээн 5 минут суулаа, 10 минут суулаа, 15 минут...Хүлээлт удааширахын хэрээр ядаргаатай, сүүлдээ дарамттай болж ирэв. Слава үе үе нөгөө өрөө рүүгээ гүйж, буцан гарч ирэхдээ “зүгээр зүгээр, бүх юм сайхан” гэх маягийн царай гарган алгаа хавсарч байв. Ийм зочдыг хүлээж авах нь эмгэний хувьд том үйл явдал байлгүй яахав, үс зүсээ янзалж байгаа байх гэж бодсоор бид тэвчээртэй хүлээж суув. Цаг яваад л байв. Гучин минут, гучин тав, дөч... Япончууд маш их тэвчээртэй улс тул буддын бурханууд шиг, нүүрэнд нь ямар ч сэтгэлийн хөдөлгөөн илрэхгүй чив чимээгүй суух. Магадгүй, бясалгал хийж байсан ч байж болох. Харин би байж ядан, тэдэнд хамаг л мэддэг гэмгүй цэвэрхэн онигоогоо ярьж өгөн сандал дээрээ тогтож ядан суусан нь юмдаг. Арай гэж, хүлээлт маань цаашаа тэсвэрлэхийн аргагүй болоод байтал, 1 цаг 12 минут хүлээлгэсний эцэст хүсэн хүлээсэн хатагтай маань гарч ирэв. Тэрээр ямар ч шинэ хувцас өмсөөгүй, үсэнд нь сам, нүүрэнд нь будаг хүрсэн шинжгүй байв. Харин түүний явдал нь! Тэрээр, энд цугларан, түүнийг хараад босон зогссон хүмүүс ердөө юу ч биш, мэндчилгээний хоёр үг хэлэх байтугай толгойгоо ганц дохих ч хэрэггүй шаарнууд байгаа мэт ихэмсэг байдалтай орж ирэв. Өрөөний голд байсан зөөлөн сандал руу очиж суугаад бүгдийг маань, хүн бүрийн нүүрэн дээр харцаа хэдэн зовлонтой - удаан секунд тогтоон, тойруулан харав. Бидний нүүрэнд илэрч байсан тэсэн ядсан хүчрэлийг өөртөө шингээж авч байх шиг санагдсан, надад. Тэгээд маш тайван бөгөөд тодоор: - Ямар ч хальс өгөхгүй, - гээд гараараа Сталины хийдэг шиг захирангуй хөдөлгөөн хийв. Ингэнэ гэж хэний ч толгойд ороогүй байсан болохоор бүгд над руу, харин би Слава руу харав. Тэгснээ япончууд шулганаад эхлэв. Орчуулагч нь хатагтайд тайлбарлалаа: - Мадам, та сайн ойлгоогүй юм шиг байна, энэ бол хоёр - гурван мянган долларын тухай асуудал биш, маш их мөнгөний асуудал шүү дээ. Та шинэ байр, машин, зуслангийн байшин, бүх хүссэн юмаа авч чадна, дуртай газар руугаа амралтанд явж болно. Хүү чинь шилдэг эмч нараар эмчлүүлэх боломжтой болно. Танаас онцгой хэцүү юм юу ч шаардагдахгүй. Та Улаанбаатар руу ч очих хэрэг байхгүй, ерөөсөө та юу ч хийх шаардлагагүй...Та үүнийг хар даа, энэ бол танай хашааны зураг – карт. Энэ бол сансраас авсан зураг, гэхдээ бүх юм маш тод харагдаж байгаа, энэ бол детальчилсан зураг. Та хальснуудаа хаана булснаа л заачих, бусад бүх зүйлийг бид өөрсдөө хийнэ. Монголын КГБ – г хахуульдан хашаа руу орох, ухах, хальснуудыг Монголоос авч гарах гээд бүх асуудлыг бид өөрсдөө зохицуулна, танд ер хамаа байхгүй. Та зөвхөн, хуруугаараа л ганц заачих, хаана ухах вэ гэдгийг! Тэгээд хальснууд тань тэнд одоо болтол үнэхээр байж байдаг л юм бол, ашигтай метр тутмыг нь... Хатагтай түүний яриаг таслалгүй, нүүрний ямар ч хувиралгүйгээр сонсон суув. Харин царай нь – би сая л анзаарлаа – царай нь орос гэхээсээ илүү монгол талдаа харагдаж байв. Монголд олон жил амьдарсан болохоор, эсвэл олон жил ханилсан ханьтайгаа төстэй болсон ч байж магад. Ийм юм байдаг шдээ? Тэгээд орчуулагчийг дуугүй болсны дараа тэрээр хүйтнээр инээмсэглэснээ, нэн таашаалтайгаар: - Та нарт дахин хэлэх үү? Давтан хэлье: ямар ч хальс өгөхгүй! - Яагаад?, - хэмээн бид бүгд зэрэг орос, англи, японоор хашгиралдав. - Яагаад гэвэл - би тэгэж шийдсэн, - гээд, босоод нөгөө өрөө рүүгээ орчихов. Бид гадагшаа, Москвагийн цас мөс болсон гудамжинд гарав. Би япончуудад, би буруугүй, долоо хоногын өмнө тэр хальснуудаа хэдхэн зоосоор ч өгөхөд бэлэн байсан, надад “Пентафлекс” кинокамераа үзүүлж байсан энэ тэр гээд хэлэв. Слава царай нь хачин болчихсон амьтан уучлал гуйгаад л, бувтнаад л... Тэгээд япончууд микроавтобусандаа суугаад арилаад өгөв, харин би чөтгөр шулам хэмээн хараасаар гэр рүүгээ гэлдрэв. Гэртээ ирээд хайртай диван дээрээ унаад, атгаж аваад алдсан сая долларынхаа араас гашуудан гиюүрч , арай жаахан тайтгарсныхаа дараа “ингэхэд ер нь юу болчихвоо?” хэмээн эргэцүүлэн бодлоо. Би юун дээр буруутчихваа? Хаана алдчихваа? Тэр яагаад ингэв ээ? Түүнд эд баялаг өгье гэж байхад? Хэн ч түүнийг болон гэр бүлийг нь шоолох, доош нь хийх гээгүй шүү дээ? Харин ч хэн бүхэнд мартагдсан байдлаас нь дэлхий нийтийн өмнө гаргаж өгөх гэж байхад? Хуучны, агуу их эрх мэдэлтэй удирдагч нарын дунд байгаагаар нь сэргээн харуулах гэж байхад? Учир нь юунд байгаа юм болоо? Яагаад ийм сайхан юмнаас татгалздаг байна аа? Тэгээд, түүний биднийг хэрхэн цаг гаруй хүлээлгэсэн, ямар байдалтай өрөөнд орж ирсэн, ямар харцаар бидэн рүү харж бидний хүчрэлийг өөртөө шингээн суусныг санаад, гэв гэнэт түүнийг ойлгов! Бид түүнд, ингэхэд, юу санал болгосон юм бэ? Мөнгө, шүд, түүний хэрхэн Монголын эзэн авхай байсныг дэлхий нийтэд сануулж өгөхийг, тийм үү? Гэтэл энэ бүхэн, түүний өчнөөн жилийн турш эдэлж байсан, биднийг хүлээлгэсэн 72 минутын хугацаанд түүнд буцаж ирээд байсан хязгааргүй эрх мэдлийн дэргэд, энэ хамгаас үнэтэй зүйлийн дэргэд бидний санал болгосон зүйл бол үнэндээ юу ч биш байжээ! “Ямар ч хальс өгөхгүй” гэж хэлэн бидний реакцийг харж суух тэр мөчид, “Яагаад” хэмээн бид хоороороо уулга алдсан тэрхэн мөчид, тэрээр өөрийнхөө агуу эрх мэдлийнхээ дээд цэгт нь сандайлан сууж, энд тэндээс цугларсан бидний хэдэн юмнуудыг гартаа атгаснаар, юугаар ч солишгүй таашаалыг авчээ. Ийнхүү энэ - талхнаас амттай, дэлхийн бүх мөнгөнөөс ч илүү үнэтэй – энэ хэдхэн мөчийн төлөө тэрээр өөрийгөө золиослон, дэлхий нийтэд үүрд мартуулсан ажээ. Орчуулсан Ё.Одончимэг, www.orosshkolton.mn |





Comments
Ингээд л дуусаа юу. Үргэлжлэх үү?
Гэхдээ сайн орчуулга болжээ. Маш их баярлалаа.
ByBrand452, би чамайг листэндээ нэмсэн. Чи намайг хүлээж авахгүй л юм байна даг
Orchuulga tun dajgui..uil yavdal ayataihan oilgogdoj baina. Gagatshuu tugsguliin heseg deer huch ni buuraad, unshihad tuvegtei, oilgomjgui, todorhoi helbel sain bolj chadsangui. Ene hesgiig dahij neg haraarai..
Харин тийм ээ, өөртэй чинь санал нийлж байна, надад бас таалагдахгүй байгаа. Тополийг орчуулах их хэцүү юм байна.
Чи өөрийнхөө вариантыг санал болговол их сайн байна. Чамд энэ ном байхгүй бол, сүүлийн хэсгийг нь би явуулж болж байна.
za ter uguuguin shaltgaan ni autor-iinhoos arai uuruur, hoyor huvilbaraar haragdaj baina.
1. Ugaasaa baigaagui
2. Erh medliig medreh agshinaar solison bish, harin ner turuu erhemleh ni diilsen baih. NER TUR. yadarsan ch gesen nuuts arhivaa zarj amidrahgui, yadarsan ch gesen negen tsagt naiz nuhud baisan humuusiinhee dursglt muchuudiig hudaldaj amidrahrahgui gesen bodol baisan baih.
Дээр сэтгэгдэл бичсэн Одкод хандаж хэлэхэд (Шинкаревийн бичсэн байхаа хэрвээ би андуураагуй бол) Цэдэнбал болон Цэдэнбал-Филатовогийн тухай бичсэн хайр сэтгэл ба эрх мэдэл гэсэн ном бас хуу Зоригийнх бичсэн номнуудыг уншвал энэ хумуусийн талаар болон тухайн уеийн Монголийн нийгэмийн талаар, энэ хумууст тодорхой хэсэг хурээнийхэн хэрхэн яаж хандаж байсанийг ойлгох байх гэж бодож байна. Унэхээр их эрх мэдэлтэй байсан хэдий ч унэхээр маш эмгэнэлтэй туух....
dali, Munkhmaa, баярлалаа, миний сайт таалагдаж байгаа бол баяртай байна
tegeed mongol helen deer enenees iluu yaj orchulaah yum be?
Mash saihan orchulaga baina mash ikh taalagdlaa