|
||||
| Алимны ашиг тус бүрэн “илчлэгджээ” |
|
Алимны шүүсэнд (алимны жингийн 83%) глюкоз, фруктоз, сахароз их хэмжээгээр агуулагдахаас гадна төрөл бүрийн органик хүчил байдаг. Мөн А, В, С аминдэмүүд, минерал бодисууд, пектин, эслэг, бага хэмжээний уураг, тос ч бий. Үрэнд нь хүний өдрийн хэрэгцээг хангахуйц хэмжээний йод байдаг учраас алимыг үртэй нь хамт идэхэд сайн. Алимны эмчилгээний чанар чамлахааргүй их бөгөөд олон өвчинд тустай гэдгийг хүмүүс эрт дээр үеээс мэдэж хэрэглэж ирсэн. Гэдэс өвдөхөд алимыг үрүүлд үрж нухаж иддэг. Алимыг чанаж уувал хөхүүл ханиадыг дарж өгнө, бөөрний ажиллагааг дэмжинэ, цусны даралтыг бууруулна, склероз, подагр, элэгний өвчнүүдийг эмнэнэ. Алим бас нүдний харааг сайжруулах, арьс, үс, хумс зэргийг эрүүлжүүлэх, хүнсэн дэхь төмрийг биед шингэхэд тусалж цусан дахь гемоглобины хэмжээг хэвийн болгож өгөх зэргээр ашиг тусаа өгдөг жимсгэнэ. Арьсны экзем болон арьсны өөр бусад өвчний үед гадуур байдлаар хэрэглэнэ. Алимны шүүс хоол боловсруулалтыг сайжруулдаг бөгөөд шээс хөөх, бие организмаас илүүдэл өөх тосыг гадагшлуулах үйлчилгээтэй. Алимны хальсаар өдөр бүр нүүрээ арчиж байвал арьс хөгшрөх хугацааг нэлээд цаашлуулдаг. Ер нь алим идэхэд нас уртасдагийн учир нь алим бие организмаас “муу” холестериныг гадагшлуулж өгдөг, харин алиманд агуудагддаг антиоксидант бодисууд нь организмыг залуужуулдагт байгаа юм. Уруул, хөхний толгой дээр үүссэн хагарал гэх зэргийн арьсны гэмтлийг эмчлэхдээ үрж нухсан алиманд бага зэргийн цөцгийн тос нэмж хутгаад гэмтсэн хэсэг дээр тавина. Мөн хатиг, бусад өрөвсөл дээр ч тавихад тустай. Одоо шинжлэх ухаан руу оръё. Дэлхий дээр, хүмүүсийн аль дээр үеээс мэддэг болсон зүйлийг шалгах дуртай эрдэмтэн мэргэдтэй хоёр улс байдаг (Их мөнгөтэй болоод л тэр биз?) Нэг нь Англи Улс, нөгөө нь, мэдээж – АНУ. Барууны шинжлэх ухааны өлгий болох Английн Кембрижийн Их Сургуулийн эрдэмтэд хүмүүсийн амьдралын хэв маяг, хооллолт нь хүний наслалттай ямар хамааралтай байдгийг нарийвчлан мэдэхээр маш өргөн хүрээний судалгаа хийсний үр дүнд, хэрэв өдөр бүр нэг ширхэг алим идэж байх юм бол насаа 3 жилээр нэмнэ гэдгийг тогтоожээ. Энэ судалгааны явцад 49 – 79 насны 25000 хүнийг судалж, хэрэв цөөн хэдэн, биелүүлэхэд хэцүү бус зүйлийг биелүүлж байвал хэн ч өөртөө 10 насыг нэмэх боломжтой гэж мэдэгджээ. Юун түрүүнд эрүүл хооллолт ба хөдөлгөөн, хоёрдугаарт тамхинаас татгалзвал 5 нас нэмнэ гэдгийг баталжээ.Бас нэгэн хүнс судалгааны институт (Норвич) асуудлыг Кембриж шиг өргөнөөр биш боловч гүнзгийрүүлэн судалсан байна. Энэ институтын эрдэмтэд алимнаас полифенолын эпикатехин хэмээх цусны эргэлт, биеийн дархлааг сайжруулж зүрхийг залуужуулдаг үйлчилгээтэй бодисыг илрүүлжээ. Үүнээс өмнө энэ бодис зөвхөн цагаан ба ногоон цайнаас л олдож байсан юм байна. Мөн энэ бодис хүний судасны хана хатуурах явцыг 21% - аар бууруулдаг учраас зүрхний шигдээс, тархины цус харвалт зэрэг аюулыг багасгана. Тиймээс хүний нас бүхэл бүтэн 17 насаар уртсах боломжтой гэж Норвичийн эрдэмтэд баталж байгаа аж. Харин алимнаас энэ бодисыг ялгаж авч хэрэглэхэд үр дүнгүй байсан учир зөвхөн “амьд алим” л идэх хэрэгтэй юм байна. Америкийн эрдэмтэд юу нээсэн бэ гэвэл, профессор Борис Суханов (Америк руу явчихаагүй бол энэ нээлт Оросынх байх байлаа) алимнаас хүний тархины эд эсийг сүйрлээс хамгаалснаар Альцгеймерын өвчнөөс авардаг ер бусын онцгой бодисыг олжээ. Өдөрт 2-4 ширхэг алим идэх, эсвэл 2-3 аяга алимны шүүс ууж байхад альцгеймерын өвчнөөс бүрэн аврагдах гэнэ. Ер нь хоол идэхийнхээ өмнө 3 алим идвэл цусан дахь өөх тосны хэмжээ 20% - аар буурдаг гэдэг нь тогтоогджээ. Ийнхүү “муу холестерин” цуснаас зайлснаар судас хатуурч хагаран зүрхний шигдээст хүргэх эрсдэл буурдаг байна. Мөн профессор Суханов алимнаас хорт хавдрын эсний өсөлт үржлийг удаашруулдаг квертецин, флавоноидууд, полифенолууд мэтийн бодиснуудыг илрүүлсэн нь сенсааци болсон юм. Алиманд агуулагддаг пектин мөн хүнд металлууд болон холестериныг өөртөө шингээж организмаас гадагшлуулдаг нь батлагдсан баримт билээ. Үүний үрээр гэдэс дотор цэвэрлэгдэж ашигтай бичил бактерууд нөхөгдөн сэргэж цус цэвэрших, дархлаа сайжрах зэрэг ач холбогдолтой. Орчуулсан Ё. Одончимэг, www.orosshkolton.mn
|



Хүн төрөлхтөн алимны модыг бараг 5000 жилийн өмнөөс заншуулж эхэлснээр дэлхий даяар алим хэмээх амттат жимсгэнэ тархсан билээ. Тэр цагаас хойш алимыг зөвхөн хүнсэнд хэрэглээд зогсохгүй эмчилгээнд ч хэрэглэсээр ирсний учир нь алимны химийн бүтэцтэй холбоотой.
Сэтгэгдлүүд