|
||||
| Үнэртэн сонгохдоо юуг удирдлага болгох вэ?- хэсэг 2 |
|
Бие арчилгааны бүтээгдхүүнүүд ихэнхидээ үнэртэй байдаг. Тиймээс нэг үнэртэй савангаар биеээ угааж, тэс өөр үнэртэй тос түрхээд, хурц үнэртэй лак үсэндээ цацаад, дээр нь бас огт тохироогүй үнэртэйус хэрэглэвэл амьтан хүн муужирч унахаар үнэр ч гарч мэднэ. Ихэнхи үйлдвэрлэгчид үнэртэн гоо сайхны бүтээгдхүүнээ нэг шугам болгож ерөнхий нот үнэртэйгээр иж бүрдлээр нь хийдэг.
Сонгосон үнэртэй усныхаа шугамны савангаар биеэ угааж, хөлсний эсрэг дезодорантыг нь хэрэглэвэл танаас гарах үнэр ерөнхий нэг айзмаар эгшиглэх болно. Эсвэл үнэргүй бие арчилгааны бүтээгдхүүн, үнэргүй угаалгын нунтаг зэргийг хэрэглэж байвал үнэртэй усны чинь үнэр сарнихгүй. Дашрамд хэлэхэд, угаалгын нунтаганд шингээдэг хямд үнэр оруулагч бодиснууд харшил өгөх нь элбэг байна.
Зарим, үнэртэй усны тухай наад захын мэдлэггүй, өөртөө үнэртэн сонгох чадваргүй, гэхдээ мөнгөтэй хүмүүс “аль болох бусдад байхгүй ховор” гэх хэмжүүрээр асар үнэтэй “haute couture” үнэртэн авдаг. Тэгээд түүнийгээ түрхээд явахаар эвгүй байдалд орох нь бий, яагаад гэвэл “haute couture” үнэртэн “haute couture” хувцастай агаар нэг байдаг. Бодоод үзье л дээ: эрүүл ухаантай хүн хувцасны дизайнерүүдийн үзүүлбэр дээрээс гадуур өмсөхийн аргагүй этгээд хувцас аваад өмсөөд явдаггүй биз дээ? Моодны үзүүлбэр дээр дизайнерууд олны анхаарлыг татах зорилгоор л сонин содон, эдгээд гажууд хувцас үзүүлдэг, зүгээр нэг энгийн костюм хийдэг боловч - үзүүлдэггүй. “haute couture” үнэртэн ч хамраа дараад зугтмаар этгээд үнэртэй байх нь элбэг байдаг юм.
Эсвэл хямд үнийг нь бодож үнэртэн авах тохиолдол байдаг, тохиолдол ч гэж дээ – ихэнхи хүмүүс ингэдэг. Зөвлөлт засгийн үе, социализмаас, бараа товаарын хомсдол ноёрхож байсан үеээс уламжлагдаж ирсэн, санамсаргүй явж байгаад гудамжнаас, ТҮЦ – нээс “хямдхан юм байна, байж л байг” хэмээн есөн шидийн хэрэгтэй хэрэггүй зүйл авдаг зан араншин амь бөхтэй байсаар байна л даа. “Франц” гээд биччихсэн байна, өөр юу хэрэгтэй юм, тэгээд ийм хямдхан? Авдаг хэрэг!”
Ориг, үйлдвэрийн үнэртэнг хуурамчаас хэрхэн ялгах тухай бүхэл бүтэн ном бичиж болно, харин би хамгийн энгийн, хараажийн ялгааг л яръя.
Юун түрүүнд, сайн чанарын үнэртэн хэзээ ч хямдхан байдаггүй. Францад үйлдвэрлээгүй ч соёлтой оронд үйлдвэрлэсэн үнэртэй ус 1500 руб. –ээс доош үнэтэй байдаггүй. Хэрэв Францад үйлдвэрлэгдсэн бол дор хаяж 3000, дунджаар 5000 рубль байх ёстой. Мэдээжийн хэрэг олон хүчин зүйлээс үнэ хамаарна л даа, юу түрүүнд хэмжээнээс нь, би стандарт хэмжээ болох 15 мл. – ийн тухай ярьж байна.
Үнэртэний өтгөрөлөөс үнэ хамаарна, шингэн байх тусам хямд байх боловч ариун цэврийн ус 50 – 100мл - ээр савлагдсан байдаг учраас үнэ нь бараг ижилхэн тусдаг.
Сайн үнэртэн зөвхөн томоохон, төрөлжсөн дэлгүүрт зарагддаг гэсэн ойлголт байдаг, харин би үүнтэй санал нийлэхгүй: миний мэдэх үнэртний томоохон сүлжээ дэлгүүрт (нэрийг нь дурьдвал бөөн асуудал болно, гэхдээ манайд ганцхан л ийм том сүлжээ байдаг даа) улайм цайм хуурамч үнэртэнг ичих ч үгүй зардаг. Харин ч жижигхэн тохилог, тайван суугаад сонголт хийх боломжтой, найрсаг худалдагчтай (тоомжиргүйгээр “та юу сонирхсон юм” гээд зогсож байдаггүй ) дэлгүүрээс жинхэнэ чанартай үнэртэй ус авах магадлал өндөр.
Сүүлийн үед сүлжээний худалдаа эрхэлдэг компаниуд үнэртэй ус хэмээн шавьж устгаж болмоор юм худалдах нь ихсээд байна.
Худалдан авахаар шийдсэн үнэртнийхээ жинхэнэ - хуурамчийг нь юун түрүүнд гаднах “царай зүсээр” нь ялгах боломжтой. Үйлдвэрийн үнэртэн бол хайрцаг сав нь цэвэр үзэмжтэй, чанартай хийгдсэн, дээрх бичиг үсэг нь муруй саруй биш тэгшхэн, дүрмийн алдаагүй бичигдсэн байдаг. Францаар parfum гэж бичдэг, parfume – биш. Англиар бол perfume гэж бичнэ, бас л parfume биш байгаа биз? Анхааралтай бай!
Жинхэнэ бүтээгдхүүн дээр ямар нэгэн наалт байх ёсгүй, хайрцган дээр нь ч, шилэн дээр нь ч. Усны нэр болон бусад үг үсэг зөвхөн хэвлэх технологоор тавигдсан байдаг. Ёроол дээрх цувралын дугаар нь ч наалтаар бус, шууд шилэн дээр нь хэвлэгдсэн байх ёстой!
Хайрцган дотор нь шилтэй усыг хөдөлгөөнгүй тогтоож байх зориулалт бүхий картонон хийц байх ёстой. Хайрцаг болон үнэртний шил “харах царайны” чанартай, цэвэрхэн хийгдсэн байх ёстой. Хайрцагны гадуурх гялгар бүрхүүл нь хэлхийж томдоогүй, энд тэндээ цүлхийгээгүй, цавуу нь урсаагүй, хайрцгийг яв цав бүрж байх ёстой. Гэхдээ, зарим маш мундаг, үнэтэй маркууд угаасаа гялгар бүрхүүлгүй байдаг гэдгийг бас хэлэх нь зүйтэй байх.
Хэрэв худалдагч нь үнэртэй усыг сайн үзэхийг зөвшөөрвөл (хэрэв зөвшөөрөхгүй байвал – хаяаад яв, хуурамч гэсэн үг) таглааг нь нээж хааж үз, сайн нягт, гэхдээ хүч орохгүйгээр хаагдаж байна уу үгүй юу? Шилэн дээрх бичигнээс нь арилж арчигдсан хэсэг байна уу? (хуурамч бүтээгдхүүнийх л арилдаг) Таглааных нь алтан будаг арилж бүдгэрч үү? Цав цуурга байна уу? Энэ бүхэнд анхаарлаа сайтар хандуулаарай.
Одоо усны шилийг гэрэлд хар. Нэгэн жигд, дотроо бөмбөлөггүй хийгдэж үү? Доош нь харуулаад доторхи усыг нь хар: ямар нэгэн хог, хялгас хөвж байна уу? Хэрэв байвал – хаяаад өөр дэлгүүр рүү яв. За ингээд элдэв “но” харагдахгүй байвал үнэртэнг түрхээд үз (түрхүүлэхгүй байвал – өөр дэлгүүрт оч). Тагыг нь үнэрлээд нэмэр байхгүй гэж мэд. Таг үнэрлүүлэх гээд байвал – өөр дэлгүүрт оч. Энэ тухай би эхний хэсэгт бичсэн, мартсан бол дахиад унш.
Хэдийгээр та өөрийнхөө тааллаар үнэртэй усаа сонгох боловч тогтсон дүрэм журмыг дагахгүй бол бас болохгүй. Угаасаа тодорхой насныханд зориулагдаж хийгдсэн үнэрнүүд байдаг, жишээ нь чихэрлэг үнэртэй хүүхдийн үнэртэн, цэцэг жимсний хөнгөн үнэртэй охид залуусын, ахимаг насныхны альдегидан үнэр гээд. Тиймээс, өөрийнхөө насны хязгаарт тохирсон үнэрнээс сонголт хийх хэрэгтэй. Мөн үнэрний “хүйс” гэж бий: савхи, тамхины үнэр охидуудад зохихгүй, цэцэг жимс үнэртүүлсэн эрэгтэйг хүмүүс эр хүн биш юм байна гэж л ойлгоно.
Хэрэв нөхөртэйгөө дундаа нэг ус хэрэглэж хэмнэлт хийхээр шийдсэн бол “унисекс” төрлийн ус аваарай, ийм төрлийн усанд эрэгтэй эмэгтэй үнэрийн давамгайлал байдаггүй, ямар ч хүйстэй хүн хэрэглэж болно.
Үнэртэн сонгохдоо ажил мэргэжлээ бас бодолцоход буруутахгүй. Ялангуяа үйлчилгээний ажилтнууд элдэв таарамжгүй үнэр ханхлуулах нь үйлчлүүлэгчдийг үргээнэ гэж үздэг. Жишээ нь, үсчин, гоо сайханч, хүүхдийн эмч, шүдний эмч гэх зэргийн хүнтэй их ойртож ажилладаг ажил мэргэжилтэй хүмүүс үнэртэй усыг маш болгоомжтой хэрэглэдэг. Мөн нисгэгч мэтийн давчуу орон зайд ажилладаг хүмүүст үнэртэй ус бэлэглээд хэрэггүй.
Сайн үнэртэний тухайд “өмсөх, зүүх” гэсэн ойлголтыг хэрэглэдэг. Түрхэх биш, өмсөж зүүж явна гэсэн үг. Учрыг нь ойлгож байна уу? Үнэртэнг гэртээ, ажилдаа, амралтандаа гэх мэтээр тохируулж авдаг гэсэн үг, яг л хувцас шиг. Хэрэв та үнэртэнг өөрийн хувцасны нэг хэсэг мэтээр хүлээн авч, цаг зав харамгүй зарцуулж зөв сонголт хийх аваас өөрийн стилийг бий болгож чадна. Танд амжилт хүсье! Орчуулсан Ё. Одончимэг, www.orosshkolton.mn |



Үнэртэй усны ”амталгаа” хийснийхээ дараа гаргадаг алдаанууд бас байна. Сонголт хийх үедээ болон дараа нь хэрэглэхдээ гаргадаг алдаануудыг авч үзье.
Хэрэв 
Сэтгэгдлүүд
Хулхи усаа савлах гээд шилийг нь буцааж авдаг байх нь
Түшигийг