PDF Хэвлэх И-мэйл
Амрахаар явах гэж байгаа бол...
Хэрэглэгчийн үнэлгээ: / 3
МууМаш сайн 

Амралтанд явах бэлтгэлээ хангана гэдэг бол маш хариуцлагатай асуудал байдаг. Ямар нэгэн зүйлээ мартчихвал нэг бол “гүрийх” /тав тухгүй байнэ гэсэн үг/, нөгөө бол илүү зардал гаргаж мартсан зүйлээ амралтын газрын өндөр үнээр худалдаж авах /дараа нь хэрэглэхгүй эд байх нь элбэг/ болдог.  Хэрэг болж магад гээд юм юмыг чемодандаа хийгээд байвал бас утгагүй: дараа нь чемоданаа зөөхдөө үгээ хэлнэ, бас гадаад явсан бол “шопингдсон” зүйлээ хийх зай үлдээх хэрэгтэй... Тэгэхээр, “илүү ч биш, дутуу ч биш” байдлаар бэлтгэлээ базаахад энэ зөвөлгөө тус болох болов уу гэж найдаж байна.

Авч явах юмсын жагсаалтаа хэрхэн гаргах вэ?

Явахаасаа долоо хоногийн өмнө “Авч явах юмс” гэсэн гарчигтай жагсаалт гаргаж бичнэ. Үүний тулд тайван суугаад аялалаа төсөөлөн бод. Таны аялалын туршид ямар ямар байдлууд байнга давтагдах вэ гэдгээ бодоод тэр үед юу хэрэг болох вэ, тэдгээрийгээ бүгдийг нь бичнэ. Энэ бол танд зайлшгүй хэрэгтэй зүйлүүд гэсэн үг.

Эхлээд та амрах газар руугаа явж таарна. Юугаар явах вэ? Онгоцоор явах бол юу хэрэг болох вэ? Галт тэргээр бол? Жишээ нь, хэрэв галт тэргээр явах бол, галт тэргэнд танд дөрвөн төрлийн хэрэгцээ гарах болно: идэх, цаг хугацааг зугаатай өнгөрөөх, унтах, ариун цэврээ сахих. Тэгэхээр, дараахь зүйлүүд хэрэг болж таарна:

1.Хүнс – түргэн мууддаггүй, үйрдэггүй, амттай. Цэвэр ус, нэг удаагийн аяганууд, цай, кофе, салфетк. Халбага сэрээг үйлчлэгчээс авчихаж болно.

2.Плеер, ном, тоглоом наадгай, үгийн сүлжээний цуглуулга.

3.Унтлагын хувцас, эвтэйхэн шаахай.

4.Шүдний оо, сойз, нойтон салфетк, “нойлын цаас”

5.Тийз болон бичиг баримтууд

Амралт өөрөө дараахь байдлуудаас бүрдэнэ: “Өглөө” /ариун цэвэр сахих хэрэгслүүд, тос, будаг шунх, алчуур, хувцас, сам гэх мэт/, “Наран шарлагын газар” /энд хэрэг болох эд зүйлс – дэвсгэр, усны хувцас, нарны бүрх малгай, нүдний шил, нарнаас хамгаалах тос/, “Экскурс, явган аялал” /хөлд эвтайхан гутал эсвэл пүүз/, “Үдэш” /дулаан хувцас, гоёлын хувцас, гутал/, “Гэнэтийн үзэгдэл” /эм, шумуулны тос, эмчилгээний тоснууд /түлэгдлийн, харшлын тос г.м/, “Шөнө” /унтлагын хувцас, бусад нойрны хэрэгсэл/. Таны хувьд бас бус өөр байдал байж ч болох...

Ерөнхий дүрмүүд

Хувцсандаа онцгой анхаарал хандуулах нь мэдээж. Эмэгтэйчүүд хэтэрхий олон хувцас /ялангуяа гоёлын хувцас/ авч яваад тэрийгээ өмссөн ч юмгүй буцааж авчирдаг. Тиймээс хувцаснуудынхаа жагсаалтыг гаргаад алийг нь хасч болох вэ гэдгээ бодоод хас. Нимгэн, урт ханцуйтай хувцас авч явахаа мартуузай, эхний үед арьсаа түлэхгүйн тулд өмсөх хэрэг гарна.

Урьдах туршлагаа бод: авч явсан зүйлээс чинь юу хэрэг болоогүй вэ? Юуг мартсан байсан билээ? Бичсэн жагсаалтаа гэрийнхэндээ үзүүл, тэд юм нэмэх хасах санал гаргаж магад.

Жагсаалттайгаа хэрхэн ажиллах

“Авч явах юмс” жагсаалтаа гаргасны дараа “Худалдаж авах шаардлагатай юмс” гэсэн дэд жагсаалт гаргана. Үүний тулд эхний жагсаалтандаа багана нэмээд худалдаж авах юмсынхаа харалдаа тэмдэг тавьчихад л болно. Тэгээд жагсаалтаа дэлгүүр рүү авч яваад тэмдэг тавьсан юмсаа авна, авсныгаа тэмдэглээд явна. Мөн жагсаалтандаа “Угаах юмс” гэсэн багана нэмээд тэмдэг тавина, угаасан, бэлдсэнээ тэмдэглэнэ.

Явахынхаа өмнө өдөр жагсаалтынхаа дагуу чемоданаа бэлдэнэ, ингэхдээ эд юмсаа хэрэглэх цаг хугацааныхаа дагуу хийнэ. Хамгийн эхэнд хэрэглэх зүйлээ дээр нь хийнэ гэсэн үг. Хийснийгээ дугуйлаад хаана хийснээ бичнэ /хэрэв гэр бүлээрээ явах гэж байгаа бол хэд хэдэн цүнх чемодан  авч явах биз/. Өөрт чинь мэдэгдэлгүйгээр эд юмсыг нааш цааш хөдөлгөхийг гэр бүлийн гишүүддээ хатуу хориглоно. Тийз, мөнгө зэргээ найдвартай бөгөөд ойр газар хийлээ – за ингээд бэлтгэл дуусаа. Одоо та тайвширч болно, ингээд таны амралт эхэллээ гэсэн үг.

Жагсаалтаа хаялгүй, гар цүнхэндээ авч явна, хүүхдийнхээ унтлагын хувцсыг хаана хийснээ санахгүй байвал хэрэг болно шүү дээ?

Сайхан амраарай!

Бэлтгэсэн Ё. Одончимэг, www.orosshkolton.mn

 

Сэтгэгдлүүд  

 
амрагч
+1 #1 амрагч 2011-06-07 02:51
Заавал нэг зүйл мартана даа
Quote
 
 
kk
0 #2 kk 2011-06-08 08:29
mongo bhd yahav de gej
Quote
 

Сэтгэгдэл нэмэх