|
||||
| Байцаатай пирожки |
|
Монгол, шинэ “ориг” байцаа дүүрэн байгаа энэ үед байцаатай пирожки хийж гэрийнхэнийгээ дайлмаар юм уу даа. “Ямар пирожкинд илүү дуртай вэ?” гэсэн асуултанд ихэнх оросууд “байцаатай пирожкинд дуртай” гэж хариулж байгаа харагддаг. Нээрээ л гоё шүү. Та хийж үзье гэвэл миний жор энэ байна: Зуурмаганд орох зүйлс – 1стакан сүү, 2 амны халбага элсэн чихэр, 0,5 цайны халбага давс, маргарин 150 гр, хагас уут дрожж, 2 ш. өндөг, 3,5 стакан гурил. Шанз – 1 жижгэвтэр байцаа, 2-3 ширхэг чанасан өндөг.
Сүүндээ давс, сахар, маргаринаа хийгээд бага зэрэг халааж хайлуулна. Хэт халаасан бол бүлээн болтол нь хөргөөд 2 ширхэг түүхий өндөгөө нэмж хийн хутгана. Гурилаа эхлээд дрожжтойгоо холиод бэлдсэн уусмалаараа зуурна. Нэгэн жигд болгож зуураад алчуураар бүтээгээд гурилаа эсгэнэ. Энэ хооронд шанзаа бэлдэнэ. Байцаагаа үрүүлд үрээд, давслаад гараараа сайтар базаж шүүсийг нь гаргана. Шүүрэн шанаганд хийж шүүсийг нь асгаад 2 ш. чанасан өндгөө жижиглэн хэрчиж хийгээд хутгана. Гурилаа эсэхээр нь сайтар нухаад пирожкины хэмжээгээрээ тасдан бөөрөнхийлнө. Шанзаа дотор нь хийж чимхээд хуурай лист дээрээ хооронд нь 3-4 см-н зайтай тавина. Гоё гялгар өнгөтэй болгоё гэвэл нэг ширхэг өндөгийг хутгаад пирожкиндоо түрхэж болно. 220 градус болтол нь халаасан шарах шүүгээнд 25-30 минут орчим болгоно. Бэлэн болсон пирожкиг шарах шүүгээнээс гаргаад цэвэр алчуураар бүтээж зөөлрүүлнэ. P.S. Гурил чинь гар болон ганпанзанд наалдаад байвал бага зэрэг ургамлын тос түрхээрэй. Хуурай гурил нэмж хэрэггүй. Манайхан пирожкиг мантууны гурил шиг өтгөн гурилаар хийгээд резин шиг юм болгочихдог. Зуурмаг шингэн байвал хөвсгөр зөөлөн пирожки болдог. |





Сэтгэгдлүүд
Fairfax, VA USA