|
||||
| Гоо сайхны мэс засал: хийлгэх нь зөв үү, үгүй юу? |
|
Залуу насаа мэс заслын аргаар буцааж олж авах нь зөв үү эсвэл байгалийг хуурах гэж оролдоод хэрэггүй юу? Энэ асуудлаар хүмүүс эсрэг тэсрэг байр суурийг хадгалдаг. Нэг хэсэг нь гоо сайхны мэс засал заавал хийлгэх хэрэгтэй, хийлгэх ёстой, хийлгэвэл зохино хэмээн өөрийн бодлоо ул суурьтайгаар хамгаалан тайлбарлана, харин нөгөө хэсэг нь эсэргүүцэн мөн дутуугүй тайлбар гаргана. Аль нь зөв бэ? Гоо сайхны мэс заслыг дэмжиж байна Ирина, 55 настай, менежер Би нүүрнийхээ арьсыг татуулсан. Маш сэтгэл хангалуун байгаа: үүний ачаар би 10 насаар залуу харагддаг болоод байна. Эхлээд би их эргэлзэж, шийдвэр гаргаж чадахгүй байсан л даа. Мэс засал хийлгэж залуужихад нэг л эвгүй, буруу зүйл байгаа юм шиг санагдаад байсан. Хүн насаа нууна гэдэг нь хүмүүсийг хуурах асуудал ч юм шиг. Бас мэс заслын янз бүрийн хүндрэл гарах вий гэж айж байсан. Их эргэлзсэний эцэст л гоо сайхны мэс засалч дээр очсон шүү. Тэгээд нүүрээ татуулсны дараа миний амьдрал сайн тал руугаа өөрчлөгдсөн дөө. Эрчүүд над дээр харцаа саатуулахаа больсон байсан бол одоо харин дахиад тоодог, сээтгэндэг болоод байна. Энэ нь зөвхөн миний залуужсан царайнд ч болсон биш байх, би өөрөө өөрчлөгдсөнд л хамаг учир байх шиг. Би өөрийгөө залуу сайхан гэдгээ дахин мэдэрсэн болохоор нүд маань сэргэн хүмүүстэй нүүр бардам, нээлттэй харьцдаг болсон юм. Хагалгаа хийлгэхээсээ өмнө би 5 жилийн турш ганцаараа амьдарч байлаа: охин маань том болоод хүнтэй суугаад явчихсан, нөхрөөсөө бол би аль эрт салсан юм. Би дахин шинэ хайртай учирна гэж найддаг ч үгүй байсан, өдий насанд бүх зүйл дууссан гэж боддог байсан юм. Гэтэл гаднах байдал маань өөрчлөгдөнгүүт миний өөрийгөө үнэлэх үнэлэмж дагаад өөрчлөгддөг юм байна. Ингээд миний амьдралд сайхан эргэлт гарсан: би шинэ хайртайгаа учирлаа, бид хоёр маш их аз жаргалтай амьдарч байна. Петр, 41 настай, жолооны багш Эмэгтэйчүүдэд гоо сайхны хагалгаа амин чухал хэрэгтэй гэж үздэг. Миний эхнэр одоо 40 настай байж бараг л 50 – тай юм шиг харагддаг. Хэрэв эхнэр маань нүүр болон бие галбираа засуулах юм бол би их баярлах болно. Гэтэл тэр хүсдэггүй, надад энэ хэрэггүй, миний байгаа байдал надад таалагдаж байна гээд хөдөлдөггүй. Харин миний тухай бол ер бодохгүй байгаа биз дээ? Би чинь залуу эр хүн шүү дээ, тиймээс хажуудаа гоё сайхан хүүхэн дагуулж явмаар байна шүү дээ. Эхнэртэйгээ орондоо орохдоо би бушуухан шиг гэрлээ унтраадаг, тэгэхгүй бол чадахгүй шүү дээ. Би түүнд олон удаа санал болгон ятгаж байсан - хуримтлуулсан мөнгөө чиний гоо сайханд зарцуулъя гэж. Харин эхнэр маань уурлаад гомдоод байдаг, намайг чи голлоо, хүн биш болоо юу би, чамд гаднах байдал л чухал юмуу гэх мэтээр үглэн загнадаг. Эмэгтэй хүний хувьд гоо сайхан байх явдал чинь чухал асуудал биз дээ? Тэгэхээр алдагдсан гоо сайхнаа бүхий л аргыг хэрэглэн эргүүлж авахыг эмэгтэй хүн бүр хичээх хэрэгтэй гэж бодож байна. Наталья, 51 настай, нягтлан бодогч Гоо сайхны мэс засалд муу юм байхгүй гэж үзэж байна. Эмэгтэй хүн өөрийгөө гаргуунд гаргаж хугацаанаасаа өмнө өөрийгөө эмгэний тоонд оруулахыг хүсэхгүй байгаа бол сайн хэрэг биш үү? Эхний үрчлээсүүд 35 – тайд бий болж эхэлдэг, гэтэл энэ чинь дөнгөж амьдрал талдаа л орж байгаа үе шүү дээ. Яагаад үүнийг засаж болдоггүй юм бэ? Үсээ засуулах, фитнесээр хичээллэж галбираа засах зэргийг буруу гэдэггүй биз дээ? Харин ч эсрэгээр, өөрийгөө болон бусдыг хүндэлдэг хүн бүхэн гаднах байдалдаа санаа тавьж өөрийгөө арчилж байх ёстой гэж үздэг, тийм биз? Тэгвэл өөрийгөө арчилан гоо сайхны мэс засал хийлгэхэд муу юм юу байгаа юм? Эмэгтэй хүн ихэнхидээ эрчүүдээс түрүүлж хөгширдөг, үүнээс болж гэр бүлд элдэв асуудал эхлэх нь цөөнгүй. Нөхөр нь өөрийгөө толинд харан эхнэртэйгээ харьцуулаад залуу эхнэртэй болохыг хүсч эхэлдэг, ялангуяа амжилтанд хүрсэн эрчүүд. Тэд үрчийж хөгширсөн эхнэрээ дагуулж явахаас ичдэг тал бий. Мэдээж, хэрэв гэр бүлийн хоёрын харьцаа төгсгөлийн шатандаа нэгэнт орчихсон байгаа бол эхнэр нь хагалгаа хийлгэж залуужсанаар гэр бүл аврагдана гэж хэлж болохгүй л дээ. Харин мэс заслын тусламжтайгаар эрэгтэй хүнд, хэдий нас нь явсан ч, толиотой сайхан харагддаг эхнэрээрээ бахархах боломжийг өгч болно. Энэ бол бага ч юм биш шүү. Гоо сайхны хагалгааг эсэргүүцэж байна Дмитрий, 44 настай, зохион бүтээгч инженер Нүүрээ татуулж байгаад хэнийг хуурах гээд байгаа юм бэ? Найз нөхөд болон хамаатан садангууд чинь хаашдаа л таны насыг мэднэ шүү дээ. Харин таныг танихгүй хүмүүст бол таны нас ер падгүй. Таныг наснаасаа залуу харагдлаа гээд хүмүүсийн хандлага өөрчлөгдөхгүй. Мэс засалч руу очно гэдэг чинь зөвхөн гоо сайхнаараа ч биш, бас эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэй гэдгийг санах хэрэгтэй. Ямар ч хагалгаа бол бие организмын хувьд – стресс. Хагалгаа гэдэг бол нэгдүгээрт, наркоз - сайн юм биш, хүн бүхэн үүнийг сайн даадаггүй, хоёрдугаарт өвдөлт, шархаа эдгэтэл өчнөөн хугацаагаа зарцуулна. Ялангуяа, нас дээр гарч байгаа хүнд ямар ч үр дагавар, хүндрэл гарч болзошгүйгээс гадна тэгэж их өвдөж зовсны ард үнэхээр залуу сайхан болно гэх баталгаа огт байхгүй. Одуудыг харахгүй юу, байсгээд л мэс засалчидтай шүүхдэж байгаа биз дээ? Гэтэл тэд чинь хамгийн сайн, өндөр үнэтэй мэс засалчид руу очиж байгаа. Харин энгийн хүмүүс бол ихэнхи нь хямд эмнэлэгт л очиж байгаа. Ингээд, хүмүүсийг хуурах гэж байж эрүүл мэндээ золиослодог. Ольга, 51 настай, гэрийн эзэгтэй Миний бодлоор бол, ихэнхи хүмүүс мэс засалчаар өөрийнхөө сэтгэл зүйн асуудлуудыг шийдүүлэх гэж хүсдэг. Гоо сайхны хагалгаа хийлгэчих юм бол л амьдрал нь тэгшрээд ирэх юм шиг санадаг. Гэтэл үгүй шүү дээ. Мэс засалч таныг өөрийгөө үнэлдэг болгочихгүй, таныг хөгжөөнтэй, баяр баясгалантай, тааламжтай болгож чадахгүй. Таны сэтгэлийн проблемуудыг сэтгэл зүйч л засч өгч магадгүй, гэхдээ таны тусламжтайгаар л. Тийм болохоор хагалгаа хийлгэснийхээ дараа бүр сэтгэлээр унадаг хүмүүс олон. Өчнөөн мөнгөө үрээд хагалгаа хийлгэчихээд байдаг, харин амьдрал маань бахь байдгаараа гээд. Бас зарим хүмүүс нэг л мэс засал хийлгэсэн бол донтой болчихдог, нүүрээ дахин дахин зүсүүлээд, бүр зогсож чаддаггүй. Үрчлээгээ татуулангуутаа дахиад л нүүр царайнаасаа дутагдал хайгаад эхэлнэ, тэгээд хамарны хэлбэр нь онцгүй санагдаад ирнэ. Хамраа “засуулсны” дараа уруулаа зузаан болгомоор санагдаад унана. Эцсийн дүнд өөрийн гэх зүйлгүй болно, харин проблемууд нь – хэвээрээ, яагаад гэвэл проблемууд нь нүүр царайндаа биш, дотоод сэтгэлд нь байгаа учраас. Царай муутай ч үүндээ эмзэглэлгүй, амьдралаас таашаал аван баяр баясгалангаар дүүрэн амьдарч байгаа хүн өчнөөнөөрөө л байдаг, тэд хүмүүст таалагддаг, хамгийн гол нь тэд өөрөө өөртөө таалагддаг. Тийм болохоор, гоо сайхны хагалгаа хийлгэх гэж байгаа хүмүүсийг сэтгэл зүйч рүү явуулж байвал таарна гэж бодож байна: ийм хүний проблемыг шийдэхэд мэс заслын хутга биш – сэтгэлийг нь уудласан сайхан яриа хэрэгтэй байж магад шүү дээ. Олег, 39 настай, системийн эрхлэгч Хэрэв ямар нэгэн нүдэнд шууд тусах дутагдалгүй л бол – сорви, эсвэл хугарч далийсан хамар – гоо сайхны мэс засал хийлгэх шаардлага байхгүй гэж бодож байна. Байгаагаар нь л өөрийгөө хайрлах хэрэгтэй. Нас болгон сайхан, өөр өөрийн сайхан талтай. Хэрэв та 50 – тай бол 20 – той юм шигээр биеэ авч явах, 20 – той мэт харагдах гэх хэрэг байхгүй. Хаашдаа та хэнийг ч хуурч чадахгүй, тэгээд ч залуу харагдах гэж ядсан эмэгтэй, ялангуяа эрэгтэй үнэн инээдтэй харагддаг. Ер нь, үрчлээтэйгээ тэмцэнэ гэдэг бол тэнэг хэрэг гэж үзэж байна би: үрчлээ бүр маань өнгөрсөн амьдралыг маань илтгэн сануулж байгаа. Эцсийн эцэст үрчлээнүүд чинь – таныг давтагдашгүй хүн гэдгийг харуулна, энэ бол таны амьдрал. Харин мэс засал хийлгэсэн хүмүүс бүгд л адилхан лааны тосон хүн шиг болчихдог: нүд нь бүрэн анигдахгүй, нүүр нь хөшчихсөн байдалтай. Тэд өөрсдийгөө байснаасаа сайхан харагдаж байгаа гэж боддог, гэтэл байгалийг хуурч чадахгүй шүү дээ, яаж ч нүүрээ татуулаад хөгшрөлөөс салж чадахгүй юм чинь. Бардам сайхан хөгширөх л хэрэгтэй. Үр бүтээлтэйгээр удаан сайхан амьдарлаа, гэтэл насаа нуух хэрэг юу байгаа юм бэ? АиФ аас орчуулав. Ё. Одончимэг, www.orosshkolton.mn Гоо сайхны мэс заслын эргэн тойрон дахь асуудлыг форум дээр хэлэлцье гэвэл энд дар
|




Сэтгэгдлүүд
Gehdee bi miss bish ch odoohondoo mes zasal hiilgeya gej boddogui.
Hun hunii asuudal yumdaa.