PDF Хэвлэх И-мэйл
Цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд өгөх зөвлөмж
Хэрэглэгчийн үнэлгээ: / 2
МууМаш сайн 

Эмэгтэйчүүдийн их эмч Цэндсүрэн:

Цэвэршилт гэж юу вэ? Хэдэн наснаас цэвэршдэг вэ?

Цэвэршилт нь эмэгтэй хүний нөхөн үржихүйн насны төгсгөлийн шилжилтийн үе бөгөөд ихэнхи тохиолдолд нүүр, хүзүү халуу оргих, үтрээ хуурайших шинж тэмдгээр илэрдэг. Шилжилтийн үеийн төгсгөлд сарын тэмдэг зогсоно. Сарын тэмдэг ирэхгүй болсноос хойш 1 жил өнгөрсөн тохиолдолд цэвэршилт гэж үзнэ. Цэвэршилт нь хэвийн физиологийн  үйл явц бөгөөд ихэнх судалгаагаар 45 - 55 насанд цэвэршилт явагддаг гэж үздэг.

Цэвэршилтийн шалтгаан

Цэвэршихийн өмнөх үе буюу 35-40 наснаас эхлэн эмэгтэй хүний цусан дахь дааврын хэмжээ аажим буурсаар тодорхой түвшинд хүрэхэд уг дааврыг хүлээн авдаг сав, үр дамжуулах хоолой, өндгөвч, арьс, тулгуур эрхтнүүдэд үйл ажиллагааны өөрчлөлт гарч эхэлдэг бөгөөд тэдгээр нь цэвэршилтийн шинжүүд илрэх үндэс болдог. 40-50 насанд өндгөвчний үйл  ажиллагаа буурч,  өндгөн эс, эм бэлгийн даавар ялгаруулах чадамж нь буурсаар буурсаар сүүлдээ бүр зогсдог. Энэ нь сарын тэмдэг үзэгдэхгүй болох шалтгаан болно.

Цэвэршилтийн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Цэвэршилтийн  үед дараах шинж тэмдэг илэрч болно:

  • Сарын тэмдэг тогтворгүй болох
  • Артерийн даралт ихсэж багасах
  • Нүүр хүзүүгээр халуу оргих
  • Хөлрөх ( ялангуяа шөнийн цагт )
  • Арьс хуурайших, арьсанд толбо үүсэх
  • Үтрээний чийглэг багасах
  • Сэтгэл санаа тогтворгүй болох (уур уцаартай, гомдомхой, мартамхай)
  • Яс сийрэгжих

Цэвэршилтийн үед биед гарах дааврын өөрчлөлт эмэгтэй хүн бүрт адилхан явагддаг боловч тухайн хүний дасан зохицох чадвар болон биеийн ерөнхий эрүүл мэнд, сэтгэл санааны тайван бус байдал, оюуны хэт ачаалал зэргээс шалтгаалж зарим эмэгтэйчүүдэд цэвэршилт эмгэг байдлаар өөрт зовиуртай илрэх нь бий. Гэхдээ ихэнхи эмэгтэйчүүдэд ямар ч зовиургүй явагддаг.

Цэвэршилтийн үед илэрч болох олон олон хүндрэлээс та өөрийгөө урьдчилан  сэргийлэх боломжтой. Үүний тулд:

- Жилд 1 удаа эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж байх

- Жилд 1 удаа умайн хүзүүний эсийн шинжилгээ өгч байх

- Сар бүр хөхөө өөрөө шалгаж байх

Дадал болсон амьдралын хэв маягаа өөрчлөх нь бүсгүй таны эрүүл мэндэд чухал ач холбогдолтой гэдгийг анхааралдаа аваарай.  Өөх тос багатай, амархан шингэх хоолыг бага багаар хэрэглэх, ялангуяа кальциар баялаг тослог багатай сүү, тараг, ааруул, ээзгий, төрөл бүрийн бяслаг, Д витаминаар баялаг далайн гаралтай хоол хүнс, загас зэргийг түлхүү хэрэглэвэл зүйтэй. Та өдөрт 2 аяга сүү, 2 аяга тараг уухад л хүний организмын өдрийн хэрэгцээний кальцийг хангалттай авах болно. Мөн  борви тойгоны  шөл, үхрийн дунд чөмөгний ясны шөл /солонгос аргаар чанасан / нь их хэмжээний  кальци агуулдаг.

Кальцийн бэлдмэлийг хэдийд яаж хэрэглэх ёстой вэ?

calitsКальцийн бэлдмэлийг эмчийн зааваргүй удаан хугацаагаар хэрэглэсний улмаас бөөр, давсаганд чулуу үүсэх өндөр эрсдэлтэй. Ясны сийрэгжилтээс сэргийлж кальцийн бэлдмэл уудаг гэдгийг бараг хүн бүхэн мэддэг боловч яг ямар кальцийг хэзээ, яаж уухыг ихэнхи хүмүүс огт мэддэггүй. Кальци 2 төрлийн хэлбэрээр байдаг юм.

  • Биокальци буюу ”амьд” кальци - Энэ нь зөвхөн сүү, цагаан идээ, цэцэгт байцаа, амтат төмс зэрэг хүнсэнд байдаг. Хүнсэнд агуулагддаг аливаа амин дэм, бичил элемент хүний биед сайн шингэж өгөөжөө өгдөг учраас аль болох хүнсний – био хэлбэрээр нь биедээ авахыг хичээж байх нь зүйтэй. Мөн эмийн хэлбэрээр савласан байж болох авч манай улсад бараг л байхгүйн дээр үнэ өндөр учир тэр бүр худалдан авах боломжгүй байна.
  • Органик бус, өөрөөр хэлбэл “амьд бус” кальци - энэ кальци манай бүх эмийн сангуудаар олон янзын үйлдвэрийнх  дүүрэн байгаа.Та уух гэж байгаа кальцийн бэлдмэлээсээ 1 ширхэгийг аваад дараахь аргаар шалгаад үзээрэй:

Хагас стакан буцалсан бүлээн усанд 1 ширхэг кальцийн бэлдмэл хийгээд дээрээс нь 3 - 4 дусал орос цууний хүчил дусаагаад хутгана.  Үүссэн уусмал маань тунгалаг байвал “амьд” кальци руу дөхөж очих сайн кальци байна гэж ойлгоорой.  Ийм кальцийг уухад болно. Харин хутгахад бужигнаад тунадас үүсээд байвал биед шингэхгүй муу кальци байна гэж мэдээрэй. Ийм кальцийг уухгүй байхад буруутахгүй.

Кальцийн бэлдмэлийг их хэмжээний усаар даруулж уугаад 30 - 40 минут маш идэвхитэй хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. .Хөдөлгөөнгүй байснас ходоод өвдөх, бөөр, давсаганд чулуу үүсэх мэтийн сөрөг үр дагавар илэрдэг юм.

Хийжүүлсэн ундаа кальцийн шимэгдэлтийг саатуулж, яс сийрэгжилтийг нэмэгдүүлдэг гэдгийг санаж яваарай.

Эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үед дааврын дутагдлаас болоод ясан дахь кальцийн хэмжээ багасдаг гэдгийг дээр хэлсэн билээ. Ингэснээр яс нимгэрэн сийрэгжиж  хэврэгшдэг. Яс хэврэг болсноор хугарч гэмтэхдээ амархан болдог аюултай. Ясны аль хэсэгт  сийрэгжилт хамгийн түрүүнд явагддагийг дараах зурагнаас хараарай.

skele

Зураг дээр харахад дугуйгаар тэмдэглэсэн хэсэгт яс  сийрэгждэг. Бэртэл гэмтлээс болоод энэ хэсэгтээ яс хугарах магадлал маш өндөр байдаг гэсэн үг.

skelet1А Эрүүл ясны зураг

Б Сийрэгжсэн ясны зурагskelet3

 

 

 

 

 

skelet2

 

Рентген туяаны тусламжтайгаар ясны эдийн нягтралыг тодорхойлдог сүүлийн үеийн DEXA аппарат..

Гурван хөлтэй эмээ болохгүйн тулд...

Биеийн тамирын дасгал хөдөлгөөн тогтмол хийх.  Өөртөө тохирсон дасгал хөдөлгөөнийг өдөр бүр цөөн минутаар ч хамаагүй хийж хэвшээрэй, хүүхнүүд минь!!!  Дасгал хүнд хэцүү байх шаардлагагүй. Та гэртээ орохдоо лифтээр биш шатаар дээш алхан, буухдаа явган бууж байж болно шүү дээ? Үүний өгөөж багагүй байх болно гэдэгт итгээрэй!!!. Өдөрт 15 - 30 минут алхаж хэвшээрэй. Бүжгийн зааланд ч бүжиглэх маш сайн. Ер нь бүжиг маш сайн дасгал болдог. Хүмүүс нас ахихаар үенд яс ургадаг гэсэн ойлолттой байдаг нь буруу юм. Энэ бол  яс ургаж байгаа биш, харин үений хоорондох зөөлөн жийргэвч уян хатан чанараа алдаж, хатуурч овойж товойсноос болоод хөдөлгөөн хязгаарлагддаг юм. /зураг/

Цэвэршилтийн хямралд орохгуйн тулд

1. Сэтгэл санааны хэт хямралаас зайлсхийж цагийг хөгжилтэй сайхан өнгөрөөж сонгодог хөгжмийн аянд  иог бясалгал хийж тайвширч тайтгарч сураарай.

  1. 2. Хангалттай сайн унтаж амарч байхыг хичээх хэрэгтэй. Ядарч огт болохгүй. Ядарснаас дархлаа суларч өвчинд өртөх магадлалтай.
  2. 3. Архи тамхины хэрэглээг зогсоох, кофены хэрэглээг багасгах.
  3. 4. Биеийн жингээ тогтмол хянаж байхын тулд биеийн жингийн индексээ үзэж сураарай. Хуучны,  биеийн өндрөөсөө  зууг хасдаг арга хоцрогдсон гэдгийг та мэдэх биз ээ.
  4. 5. Дааврын дутагдлаас болоод үтрээ хуурайших шинж тэмдэг илэрвэл даавар агуулсан тосон түрхлэг хэрэглэж Кегелийн дасгалыг тогтмол хийж байвал сайн үр дүнд хүрнэ. Үтрээ хуурайшснаас бэлгийн харьцаанд ороход төвөгтэй байвал усан суурьтай тосон гель хэрэглээрэй.

Цэвэрших үед заавал эмчилгээ хийлгэх шаардлагатай юу?

Даавар нөхөх эмчилгээ хийснээр цэвэршилтийн зовиур шинж тэмдгүүдийг арилгахаас гадна зүрхний өвчин болон ясны сийрэгжилтээс сэргийлэх давхар ач холбогдолтой байдаг. Эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд даавар эмчилгээг цэвэршсэний дараа эрт эхлэх нь зөв гэж эмч нар үздэг. Гэтэл зарим судлаачид даавар нөхөх эмчилгээг биений юм зогссоны дараа 1 жил хүртэл хугацаанд хийхгүй байхыг зөвлөдөг. Учир нь биений юм бүрэн зогсоогүй тохиолдолд эстроген даавар ямар нэгэн хэмжээгээр ялгарсаар байдаг бөгөөд, хэрвээ энэ үед нь даавар нөхөх эмчилгээ хийвэл организм дахь эстроген хэт ихсэж, үүнээс үүдээд тааламжгүй сөрөг үр дагавар гардаг гэж үздэг байна.

ялгарах нь улам багасдаг гэж үздэг байна.

Гэхдээ даавар орлуулах эмчилгээ хийх заалт нь шинж тэмдгийн илрэлтэй илүү холбоотой учраас та юуны өмнө нарийн мэргэжлийн эмчид үзүүлж шинжлүүлсний дараа зохих стандартын дагуу эмчилгээгээ эхлээрэй.

!!!     Даавар орлуулах эмчилгээг зөвхөн эмчийн заалтаар хэрэглэнэ !!!

Хүүхнүүд минь ! Та нар минь гаднах гоо үзэмжиндээ анхаарахаасаа илүү дотоод ертөнцтэйгээ сайн холбогдоорой. Ам дамжсан яриагаар өөр дээрээ туршилт хийж хэрхэвч болохгүй шүү. Найзад тань таарч байгаа эмчилгээ танд бас ижил тусна гэж бүү бодоорой. Зөвхөн танд ямар эмчилгээ таарахыг эмч үзэж байж шийддэг гэдгийг мартуузай!!!

Цэвэршилт таны 2 дахь залуу нас байлаа ч бие махбодь чинь эмзэг хэвээрээ байх болно.

Бүсгүйчүүд минь биеэ жилд нэг удаа эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж байвал алиаваа аюулт өвчнөөс өөрийгөө бүрэн хамгаалах боломжтой гэдгийг санаж яваарай!!!

“ЦОП” эмнэлэг, эмэгтэйчүүдийн их эмч Цэндсүрэн. Утас 9917 4700

 

Сэтгэгдлүүд  

 
chimgee
0 #1 chimgee 2010-02-19 13:53
oo. ih chuhal sedev bichsen bnaa. bayarlalaa
Quote
 
 
гэрлээ
0 #2 гэрлээ 2011-03-26 13:43
caйн байна уу би яг энэ сэдвээр диплом бичиж байгаа юм. та надад ]борви тойгоны шөл, үхрийн дунд чөмөгний ясны шөл /солонгос аргаар чанасан / нь их хэмжээний кальци агуулдаг./] үүний талаар солонгосчуудийн хийсэн судалгаа байдаг болов уу хариу
Quote
 
 
Enkush
0 #3 Enkush 2011-12-14 07:51
ih heregtei medeelel bn manai eej yag ene tseweshiltiin ue deeree yvj bga bie ni hymraad joohon hetsuu bga eejdee avaachij unshuulna aaa
Quote
 
 
yrgui
0 #4 yrgui 2012-03-08 01:37
sain baitsgaana uu erhemseg yldamhan bugsuichuuddee emegteichuudiin bayariin mend hurgie.
Quote
 

Сэтгэгдэл нэмэх