|
||||
| Хүүхдээ чийрэгжүүлчихвэл – ноу проблем болно!!! |
Эцэг эхчүүд бид бүгд л хүүхдээ даарчихна гэж зузаалсаар байгаад хүлэмжийн ургамал шиг болгочихдог нийтлэг дутагдалтай. Зарим айлын хүүхэд зун ч үстэй бойтогтой байж байдаг, тайлах л юм бол нус нь гоожоод ирдэг гэж эцэг эх нь өөрийгөө зөвтгөдөг. Би ч гэсэн эхний хүүхдээ “хүлэмжний хүүхэд” болгож алдаж байлаа. Хүүхэд маань жаахан л даарвал нус нь гоожоод халуураад эхэлдэг, бүлээн юм л уулгахгүй бол хоолой нь өвддөг байж билээ. Багаас нь чийрэгжүүлэх хэрэгтэй байж гэдгийг ойлгож амаа барьж байлаа, яагаад сэтгээгүй юм бэ, ямар тэнэг юм бэ, би гэж өөрийгөө хараадаг байж билээ. Тэгээд хүүгээ маш болгоомжтойгоор, маш алгуураар чийрэгжүүлэх том аян хийсний үр дүнд эрүүл сайхан хүүхэдтэй болж амарсан юм. Харин бага хүүгээ нярай нялзрай байхаас нь л “хөрвий аргаар хүмүүжүүлнээ, чамайг” гээд амьтан хүнийг шоконд ортол нь “тамладаг” байсан.
Үүний үр дүнд миний бага хүү даарна гэдгийг бараг мэддэггүй, 4 – 5 нас хүрч ичиж маягладаг болтлоо гэртээ байнга шалдан л байж байдаг байсан. Хавар намарт дулаан байхгүй үед томчууд бид даараад ноосон оймс, хөвөнтэй дээл болоод байж байхад хүү маань хөл нүцгэн, дан футболк, нимгэн өмд зэргээс өөр юм өмсдөггүй хэвээр. “Та нар юундаа даараад байдаг юм бэ? Дулаахан л байна шүү дээ” , - хэмээн биднийг гайхна. Өвлийн зузаан курткээ өмсөхгүй байсаар шинээр нь багадуулчихдаг. Хавар намрын нимгэн курткатай өвлийг авчихна. “Хүүхэддээ дулаан хувцас авч өгдөггүй” гэж амьтан муу хэлнэ гэж санаа зовоод өвлийн курткээ өмсөөч ээ гэж нэлээн дайтаж үзсэн. “Наад балиар юмыг чинь өмсөхөөр халууцаад хөлс гараад байдаг”, - гээд намайг таг болгочихно. Өвөл хүүхдийг хөлсийг нь гартал дулаалж болохгүй, хөлсөнд норсон хувцас нь эргээд хайраад эхэлдэг, мөн халууцсан хүүхэд хувцсаа ярж сэвж хатгаа авах аюултай тул би шууд бууж өгдөг юм. Хүү маань заримдаа өдрийн нормын мөнгөө автобусны мөнгө үлдээлгүй үрчихээд сургуулиасаа гэр хүртэлх 3 км замыг явган туулж ирнээ. Цэв хүйтэн нүүр, чих болсон амьтан гаднаас орж ирэх боловч бие нь ер даараагүй байдаг болохоор би санаа зовдоггүй юм, тэгээд ч, нэгд - алхах биенд сайн, хоёрт мөнгөө зөв зарцуулж сураг, өөрөө мэдэг гээд. Тэр хүйтэнд алхаж ирсэн хүн чинь халуун цай уудаг байхад манай хүү бол хөргөгчнөөс хүйтэн сүү уудаг заншилтай. Ер нь цай уудаггүй юм, халууныг ч, хүйтнийг ч. Хүйтэн сүү, сок, цэвэр ус л уудаг зантай. Тэгээд хүйтэн сүүгээ ууж аваад оймсоо тайлаад шидчихнэ. Сезондоо нэг удаа нормын вирусаа авч ханиад хүрнээ, гэхдээ хөнгөн хэлбэрээр. Тэгэхээр залуу эцэг эхчүүд хүүхдээ нярай байхаас нь чийрэгжүүлэхээс битгий айгаарай. Тиймээ, маш эвгүй байдаг, улаан нялзрай амьтнаа хайрлаад, дааруулахаасаа айгаад, шалдлаад хаячих хэцүү. Гэхдээ л эцсийн үр дүнгээ бодоод зориглох нь дээр дээ. Би л хувьдаа тэгэж боддог. Өвчин ороодоггүй хүүхэдтэй байх чинь маш их проблемээс салж байна гэсэн үг, сэтгэлийн жаргалын тухай бол ярилтгүй...
За ингээд, мэргэжлийн хүмүүсийн зөвөлгөөг өөрийнхөө туршлагатай холин хүргэе, мэргэн оюундаа тунгаагаад авч хэрэглэхээ хэрэглэнэ биз. Залуу ээж хүүхдээ өөр дээрээ авсан мөчөөсөө эхлээд чийрэгжүүлэлтийг эхлэх хэрэгтэй. Өлгийг нь задлаад шалданаар нь хөхүүлнэ. Хүүхдийн дулаан солилцох систем нь байгалаас төгс байдлаар зохицуулагдчихсан ”ирдэг”. Тиймээс, эцэг эхчүүд бидний үүрэг бол энэ системийг нь анхнаас нь бүрнээр нь “ажилд оруулах” явдал. Ажилд оруулахгүй байвал систем ажиллахаа больж хүүхэд дулаанаа зохицуулж чадахаа больсноор даарна, өвдөнө. Тиймээс, хүүхэд шалдан л бол даардаг гэсэн буруу ойлголтоо хаяад хөхүүлэх тоолондоо шалдалж байгаарай. Нярай хүүхэд хөхөө хөхнө гэдэг нь зүгээр нэг хооллох процесс биш, түүний хувьд энэ нь нэлээд хүнд физик хөдөлмөр, тэгэхээр физик хөдөлмөр хийж байгаа хүн чинь юу гэж даарах вэ дээ? Тэгээд ч дулаан ээждээ наалдчихсан байгаа юм чинь? Тиймээс хүүхдийнхээ хөлийг барьж үзээд цэв мөс болчихоогүй байгаа л бол айх юмгүй, хүүхэд даараагүй байна гэсэн үг. Шалдангаар нь хөхүүлэх нь хэд хэдэн ач холбогдолтой: хүүхэд хөхөө маш идэвхтэй, цадталаа хөхдөг. Дулаан өлгийнд нозоорсон хүүхэд бол хөхөж эхлээд л цадахаасаа өмнө унтчихдаг. Хүүхэд шалдан байх хугацаанд бүх нугалаануудаар нь агаар орох тул арьс эрүүл чийрэг байна. Янз бүрийн юм туурах, нугалаануудаар нурах гэсэн асуудал гарахгүй. Хөхөө хөхөж байх хугацаандаа биеэ засчихна бас, тэгэхээр хуурай сайхан унтана гэсэн үг. Хүүхэд том болох тусам сэрүүн байх хугацаа нь нэмэгдэх тул чийрэгжүүлэлтийн хугацаа ч мөн аажмаар уртасна гэсэн үг. Ийнхүү ямар нэгэн нэмэлт ажиллагаа, зардалгүйгээр чийрэгжүүлэлтийн тулгуур багананууд – аажмаар хугацааг уртасгах, тунг нь тааруулах, байнга дасгалжуулах гэсэн зарчмууд биелэгдэнэ. Хүүхдээ усанд оруулахдаа бас чийрэгжүүлэлтийн асуудлаа санаж байгаарай. Бүлээн усанд оруулаад төгсгөлд нь ваннтай усныхаа нэг цэгт нь хүйтэн ус хийгээд тэр хүйтэн “толбоор” хүүхдээ нэг оруулаад буцаагаад бүлээн газар нь авчирах нэг дажгүй арга байдаг. Хамгийн гол нь хүүхдийн төрөлхийн дулаанаа зохицуулах системийг нь “алаад хаячихаагүй” л бол, биднээс илүү дулаанаа зохицуулж чадна, тиймээс даарчихна гэж бодон хувцсыг нь зузаалах хэрэггүй. Даарахгүй л байвал аль болох нимгэн хувцастай байлгавал дээр. Хараажийн даараад хөхөрчихсөн, хөл нь мөс болчихоогүй байвал дулаалах гэж яараад хэрэггүй. Хөлд орчихсон хүүхдийг аль болох хөл нүцгэн байлгаж байхад буруутахгүй. Манай хүү багадаа дулааны улиралд гадаа ч хөл нүцгэн явдаг байсан болохоор хөлийн тавхай нь гэж шир шиг зузаан, хатуу юм байдаг байж билээ. Харин одоо нэгэнт чийрэгжээгүй байгаа хүүхдийг цаг алдалгүй чийрэгжүүлэх хэрэгтэй. Цаг зав гаргаж урт хугацааны аян зохион байгуулаад эрүүл хүүхэдтэй болбол дээр гэдэгтэй санал нийлж байгаа эцэг эхчүүдэд хэдэн арга хүргэе. 1. Хөлийг нь усанд дүрэх арга: 34 – 35 градустай уснаас эхэлнэ. Минутын хугацаанд дүрээд хуурай болтол нь арчина. Долоо хоног тутам усны температурыг 1 градусаар буулгаж 22 градус хүргэнэ. Энэ температурыг 2 – 3 сар барина. Хэрэв хүүхэд энэ температурт бүрэн дассан, ямар нэгэн проблем гарахгүй байвал усны температурыг цаашид мөн буулгах замаар 10 – 12 градуст хүргэнэ. 2. Шүршүүр. Том болсон хүүхдэд хэрэглэнэ. Дээрхтэй ижлээр усны температурыг буулгана. Шүршүүрээс яг гарахдаа тааламжтай температурын усаар шүршинэ. Нэлээд чийрэгжсэний дараа хүйтэн халуун усыг ээлжлэн шүршинэ. 3. Арчих арга. Нялх, жижиг хүүхдэд хэрэглэж болно. Өрөөний температуртай усанд алчуур норгож мушгиад биеийг нь арчина. Дараа нь хуурай алчуураар биеийг нь үрэх маягаар, хөнгөн улайлт үүстэл нь арчина. Долоо хоног тутамд усны температурыг 1 градусаар буулгаж 15 градус хүргэнэ. Энэ ажиллагааг өглөөд хийж байвал сайн. 4. Ваннтай усанд байлгах арга. 35 градусаас эхлэнэ. Хугацаа 5 – 10 минут. Долоо хоног тутам температурыг буулгаж 30 градуст хүргэнэ. Уснаас гаргаад биеийг нь улайтал сайн арчина. Чийрэгжүүлэлт нь хүүхдийн биеийн эсэргүүцлийг сайжруулаад зогсохгүй бодисын солилцоог нь идэвхжүүлдэг.Ихээхэн сул биетэй хүүхдийг эмчтэй зөвөлж маш болгоомжтой чийрэгжүүлээрэй. Чийрэгжүүлэлт хийхдээ хүүхдийнхээ ааш авирыг анхаараарай. Хүүхдэд тань тааламжтай байх хэрэгтэй. Юм ойлгодог болсон хүүхдэд сайтар тайлбарлаж өгвөл дээр: ингээд мундаг чийрэг, өвчин тусдаггүй баатар болно гэх мэтээр чийрэгжих хүслийг нь төрүүлэх хэрэгтэй. Мөн чийрэгжүүлэх ажиллагаагаа таслахгүй байх хэрэгтэй. Тасалбал, бүхнийг дахиад шинээр эхлэх хэрэгтэй болно. www.orosshkolton.mn, Ё.Одончимэг |





Сэтгэгдлүүд
1. Edgeer chiiregjuuleh argiin ali negiig n l hereglehed boloh uu? Esvel davhar davhar hereglevel iluu ur duntei bolov uu?
2. Huuhdiinhee haniadiig buren edgesnii daraa chiiregjuulelti ig hiih heregtei yu? Chiiregjuulelt hiih yavtsad huuhded haniadnii ehnii shinj temdeg ilervel yah ve, chiiregjuulelte e bolihuu esvel hiisen heveer n haniadiig n emchleh uu?
Taniig zovlogoo ogno gedegt naidaj baina.
Bayarlalaa.
Ovliin ulirald chiiregjuulelte e ehelbel zugeer uu? Zaaval zun ehleh yostoi yu?