|
||||
| Хүүхдээ хариуцлагатай хүн болгож хүмүүжүүлье гэвэл |
|
Хариуцлага гэдэг нь хүн өөртөө оногдсон үүрэг даалгаврыг биелүүлэх явцдаа хийж байгаа үйлдлээ бүрэн ухамсарлаж, үйл ажиллагаанаасаа гарах бурууг өөртөө үүрэн хүлээх чадвар билээ. Хариуцлагатай хүн хийж байгаа үйлдлийнхээ шалтгааныг өөртэйгээ холбон ухамсарладаг, амьдралдаа хийж байгаа өөрчлөлтүүдээ өөрөө санаачилдаг, үүнийхээ үр дагаварыг хүлээн хариуцахад бэлэн байдаг. Хариуцлагатай байхын тулд хүүхэд тань “намайг яавал ээж аав дуртай байх вэ, юу хийвэл дургүйцэх вэ” гэдгээ мэдэж, өөрийнхөө үйлдлийн үр дагаварыг таамаглаж чаддаг байх ёстой. Жижигхэн хүүхэд үүнд бүрэн бэлэн байж чадахгүй нь ойлгомжтой. Тэрээр томчуудын дүрэм дэг жаягийг аажим аажимаар ойлгон мэдэрдэг бөгөөд энэ мэдлэг нь түүний ирээдүйн хариуцлагатай зан байдлын үндэс суурь болдог. Харин эцэг эхүүд тэр болгон үүнийг ойлгодоггүй бөгөөд хүүхэд бол жижигхэн биетэй “том хүн”, бүхнийг ойлгож мэдэж байгаа, зүгээр л тэгэхээс тэгэх гэж, эсвэл залхуурсандаа “маяглаад байна” гэж бодон хэрээс нь хэтэрсэн зүйлийг нэхэх нь олонтаа. Хүүхдэд хариуцлага суулгаж хүмүүжүүлж эхлэх хамгийн тохиромжтой нас бол 3 – 3,5 насны үе. Энэ үед хүүхдэд үүрүүлж болох хэдэн хэдэн хариуцлага бий болсон байдаг: өөрийнхөө тоглоомнуудыг хариуцах /”өөрөө алга хийсэн юм чинь – өөрөө хайж ол” г.м./, энгийн ажлыг хариуцуулах /хооллохын өмнө гэр бүлийн бүх гишүүдэд халбага сэрээг нь тавьсан байх г.м./. Мэдээж, хамаагүй олон зүйл хариуцуулах хэрэггүй, бага багаар үүргийг нь нэмэхэд болно. Энэ насны хүүхдүүд цэцэрлэгт явдаг болохоор тэнд нь ч тодорхой хариуцлага оногддог: өөрийнхөө эд зүйлийг харж хариуцах, нийтийн тоглоомтой харьцах хариуцлага, цэцэрлэгийн дүрэм журмыг биелүүлэх г.м. Хэрэв хүүхэд тань цэцэрлэгт явдаггүй бол эцэг эх та хүүхэддээ заавал тодорхой үүрэг хариуцлага даалгах шаардлагатай. “Нялх амьтан” гээд өөрт нь хамаатай жижиг зүйлсийг хариуцуулахгүй байвал хүүхэд тань дандаа хүнээр хөтлүүлээд сурчихна, тийм хүн болж өснө. Энэ насны хүүхдүүд хүний ба өөрийнхөө явдал үйлдлийг үр дагавараар нь л дүгнэдэг гэдгийг тэмдэглэн хэлэх хэрэгтэй. Тиймээс, гаднаас нь харахад зөв үйлдэл хүүхдэд хожил биш, хожигдол авчрах юм бол энэ үйлдэл хүүхдэд төлөвшиж үлддэггүйг анхаараарай. 5 – 7 насандаа хүүхэд арай хариуцлагатай болдог бөгөөд ихэнхи тохиолдолд зөв буруу үйлдлийг ялгаж салган ухамсарлах чадвартай байдаг. Мөн үйлдлийг зөвхөн үр дагавараар нь бус, тухайн хүн ямар дотоод шалтгаанаар тухайн үйлдлийг хийж байгааг дүгнэж сурч эхэлдэг. Чухам энэ, өөрийн болон бусдын үйлдлийн дотоод шалтгааныг ойлгон хэлбэржүүлэх чадвар нь түүний ирээдүйн хариуцлагын үндэс суурь болж өгдөг. Энэ чадвар зарим хүүхдэд 5 – 7 насанд хөгжиж эхэлдэг бол, заримд нь 10 – 11 насанд нь л хөгжиж эхэлдэг. Сургуулийн өмнөх насны хүүхдээс хэтэрхий их хариуцлага нэхэж болохгүй. Өдий насны хүүхэд өөрийн хүрээний хариуцлагатай байхад л болно: хувийн эд зүйлс, тоглоомтой нь холбоотой хариуцлага, өөрийн гаднах байдлаа хариуцах, хүний эд зүйл болон байгальд ариг гамтай хандахын чухлыг ойлгож байх, өөрийнхөө эрүүл мэндэд өөрөө хариуцлагатай хандаж байх хэрэгтэй гэдгийг ойлгож эхлэх г.м. Энэ бүхэн мэдээж том хүний түвшинд байж чадахгүй. Энэ ойлголтууд хүүхдэд дөнгөж сууж эхэлж байгаа учраас алдаа гарах нь зүй хэрэг. Том хүний түвшний хариуцлагад хүүхэд бүр өөрийн насандаа хүрдэг. Зарим нь 17 – 18 насандаа хүрдэг ч, ихэнхи нь бараг 25 нас хүрч байж хүрдэг. Чухам энэ үед л өөрийнхөө амьдралыг өөрөө хариуцах ёстой гэдгээ бүрэн ухамсарлана. Харин зарим хүмүүс 30 гарсан хойноо ч хариуцлагаас бултан зугтсан хэвээр байдаг. Хүүхдээ ийм хариуцлагагүй нэгэн болгохгүйн тулд яавал зохилтой вэ? Хүүхдээ ухаалаг шийдвэр гаргадаг, өөрийнхөө хэрэг явдлыг хариуцдаг, өөртөө болон бусдад халамжтай ханддаг болгож сургахаасаа өмнө, юун түрүүнд эцэг эхчүүд өөртөө хариуцлага хэмээх зүйлийг төлөвшүүлэх хэрэгтэй. Ихэнхи хүмүүс эцэг эх болсноо ухамсарлаж, хүүхдийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой гэдгээ ойлгож ухаарснаар өөрийн эрхгүй хариуцлагатай байж эхэлдэг. Үүнийг ухаарсан эцэг эх хүүхдийнхээ оюуны болон бие бялдрын хөгжлийн төлөө санаа зовж хүүхэддээ хэрэгтэй зүйлийг чухалчлан хийнэ. Хүүхэд нялх байхад ээж нь хүүхдийнхээ өмнөөс сонголт хийдэг ч, хүүхэд тань таны үйлдлийг байнга ажиж, сурч байдаг учраас том болохоороо таныг дуурайх болно. Хүүхэддээ хариуцлагатай хандахын тулд өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсох, өөрийгөө хүүхдийнхээ оронд тавьж бодох хэрэгтэй юм. Хүүхэд тань шинэ хамт олон дунд ороод, эсвэл хийж байгаа зүйл нь түүнд таалагдахгүй, сэтгэл санаа нь тухгүй байгаа юм шиг танд санагдвал бодоод ч хэрэггүй, хүүхэддээ тусал, өөрөө юу хүсэж байгааг нь асуугаад тэр зүйлд нь сурга. Хүүхэд тань том болоод таны үлгэрээр бусдад туслах дуртай болно. Хүүхдээ элдэв эвгүй зүйлээс хамгаалах тэмүүлэл бол хариуцлагатай эцэг эхийн шинж тэмдэг. Замын уулзвар дээр очоод та хүүхэддээ “ээжийнхээ гараас сайн бариарай” гэж хэлдэг. Ганцааранг нь гадуур явуулдаггүй. Харин хэт халамжилж хэрэггүй: хүүхдийг хэдий чинээ хамгаалан халамжилна – том хүн болоод төдий чинээ эмзэг, бие дааж амьдрах чадваргүй болно. Хүүхдээ бусадтай муудалцан маргаж байгаа үед нь эвтэйхэн оролцож тохиролцоонд хүрэх арга замыг тодорхой жишээн дээр үзүүлж зааж өгвөл маргагч талуудад, асуудлыг ийнхүү амархан шийдэх гарц маш их таалагдана. Хожим нь, хүүхэд тань хэрүүл маргаанаас ээж аав шигээ ухаалгаар зайлахыг хичээдэг болно. Чухамхүү та л хүүхэддээ эрүүл мэндээ хэрхэн хамгаалахыг зааж өгөх ёстой. Тэгвэл хүүхэд тань том болсон хойноо танаар хэлүүлэлгүй, энэ тал дээр өөрөө өөртөө хариуцлагатай байх юм. Шүдний эмчид очихоор явах замдаа шүдээ үе үе үзүүлж байхын ач холбогдлыг тайлбарлаж яриад, эмчид үзүүлээд харих замдаа дэлгүүрээр орж өөрөөр нь шүдний сойз сонгуулбал хүүхэд дуртайяа шүдээ угаадаг болж, шүднийхээ эрүүл мэндийн асуудлыг өөртөө хариуцаж эхэлнэ. Бидний тусламжтайгаар л шүд маань эрүүл, бөх бат байдаг гэдгийг ойлгуулан тайлбарлаж өгөх хэрэгтэй. Хариуцлагатай хүн болж өсөхийн тулд, амьдралд ялалт ч байдаг, ялагдал ч байдаг гэдгийг багаасаа мэдэж авах ёстой. Ихэнхи эцэг эх хүүхэдтэйгээ ямар нэгэн тоглоом тоглохдоо албаар хожигдож, шагнал бооцоог хүүхэддээ шударга бусаар өгөөд байдаг. Ялангуяа хүүхэд нь хожигдохоороо уурлаж уцаарладаг, сэтгэлээр унадаг зантай бол. Яахав, хүүхэд тэр үедээ баярлана, харин энэ тактикийн хор уршиг нь хүүхдийн нэг удаагийн баяр баясгалантай зүйрлэшгүй их байдаг. Ийм байдлаар бол хүүхэд тань хэзээ ч бүтэлгүйтлээ эрүүл ухаанаар хүлээж авч сурахгүй, тэгэхээр бэрхшээлийг даван туулж сурахгүй гэсэн үг. Эцэг эх та өөрийнхөө амжилтыг хүүхдээсээ нуулгүй бахдан баярлаж байвал хүүхэд тань бодит амьдралд хэн ч ялагч болж болох юм байна, зөвхөн би л ялж байх ёсгүй юм байна гэж ойлгож авна. Хүүхэд тань ямар нэг зүйлийн төлөө хариуцлага хүлээх гэж хүсвэл түүнд битгий саад болоорой. Алхам алхмаар хүүхэддээ хариуцлага суулгаж хүмүүжүүлсэн таны зүтгэл талаар болохгүй гэдэгт итгээрэй. Хүүхдийн хариуцлага бидний өгөх хайраас эхэлдэг юм шүү. Эцэг эхийнхээ хайр халамжаар дамжуулан өөрийнхөө цаглашгүй үнэ цэнийг мэдэрч өссөн хүн бусдыг хайрлан халамжлах сэтгэлтэй, хариуцлагатай хүн болдог учиртай. Бусдын үнэ цэнийг хүлээн зөвшөөрөхийн тулд өөрийнхөө үнэ цэнийг мэдэрсэн байх ёстой юм. Эндээс л халамж, энэрэнгүй сэтгэл, хариуцлага, бусадтай хамтран ажиллах хүсэл болоод чадвар, хүлээсэн үүргээ биелүүлэх ухамсар болоод хүсэл төрдөг билээ. Орчуулсан Ё. Одончимэг, www.orosshkolton.mn
|




Эцэг эх бүр хүүхдээ ухамсартай, хариуцлагатай хүн болоосой гэж хүсдэг. Тэгвэл хүүхдээ бага байхаас нь хариуцлага суулгаж хүмүүжүүлэх хэрэгтэй. Хариуцлага гэдэг ойлголтийг том хүнд л хамааруулж бодох нь буруу. Энэ зан чанарыг хүүхэд бага насандаа олж авдаг юм.
Comments