|
||||
| Зөөлөн тоглоомыг хэрхэн сонгох вэ? |
|
Зөөлөн тоглоом ямар шаардлагад нийцэж байх ёстой вэ? Томоос том зөөлөн тоглоом моодонд ороод байгаа ч гэсэн, жижиг хүүхдэд ийм тоглоом бэлэглэх хэрэггүй гэж сэтгэл зүйчид зөвлөж байна. Хүүхэд тоглож байгаа тоглоомоо өөрөө өргөж зөөж чадахаар байх учиртай. Хүүхдийн аюулгүй байдлын шаардлагын дагуу 7 хүртэлх насны хүүхдийн тоглоомны жин 400 граммаас хэтрэхгүй, овор хэмжээ нь 15 – 50 см байвал зохино гэж үздэг. Нялх хүүхэд тоглоомондоо даруулаад нүүр амаа зайлуулж чадалгүй бүтэж үхэх аюултай байдаг юм. Тод өнгө хэдий харц татдаг ч ийм өнгийн тоглоомоос татгалзсан нь дээр. Учир нь зарим үйлдвэрүүд тод өнгийн будаг гаргаж авах зардлыг хямдруулах зорилгоор хүүхдэд хортой хар тугалга болон кадмий хийх нь элбэг. Тэгээд ч тод алаг зүйлээс хүн амархан залхдаг, нүд, тархи нь ядардаг. Хар болон улаан өнгө сэтгэхүйд сөргөөр нөлөөлдөг. Харин цайвар дөлгөөн өнгүүд бол зөөлөн тоглоомонд хамгийн тохиромжтой гэж тооцогддог. Хүүхэд тоглоомныхоо тусламжтайгаар хорвоо ертөнцийн тухай бодит мэдээлэл авч байх ёстой юм, тиймээс тоглоом аль болох жинхэнэ амьтантай төстэй байвал зохино. Далавчтай нохой, сэлүүртэй гахай хэрэггүй. Гэхдээ архирч байгаа арслан бар бодит учраас сайн тоглоом гэсэн үг биш: тоглоом хүүхдэд сайхан сэтгэгдэл төрүүлж байх ёстой, хүүхэд өөрийгөө хамгаалагдсан, айх аюулгүй байгаагаа мэдэрч байвал сэтгэл нь тайван байх болно. Хөөрхөн баавгай нь хүүхдийг айдас, тэр ч байтугай шөнийн энурезээс ч /орондоо шээх өвчин/ “эмчилдэг” хэмээн сэтгэл мэдрэлийн эмч нар баталдаг. Төгс чанартай зөөлөн тоглоомоор яаж ч хөдөлгөж тоглож болох ёстой. Тоглоомны хөл толгой сүүл зэрэг нь хөдөлгөөнгүй бэхлэгдсэн байх ёсгүй. Дотор нь үрэл чихсэн тоглоом хүүхдийн хөдөлгөөнийг хөгжүүлэхэд тустай учраас ийм тоглоомыг жижиг хүүхдэд сонговол дээр. Тоглоомны чанарыг хэрхэн тодорхойлох вэ? Хүүхэддээ зөөлөн тоглоом сонгохдоо юун түрүүнд тоглоомыг хийсэн материалд анхаарлаа хандуулбал зохино: шошгон дээр нь харшил өгөхгүй гэсэн бичиг байх ёстойгоос гадна үс нь зөөлхөн байвал зохино. Ширүүн синтетик үс хүүхдийн нүүр гарны арьсыг цочроох магадлал их. Үүнээс гадна тоглоомны үсийг зулгааж үзэхээс бүү ичээрэй. Үс нь бат бөх биш бол хүүхдийн тань ам хамар руу орох болно шүү дээ. Мөн, тоглоомны нүд, хоншоор зэргийг ч татаж чангааж үзэх нь чухал. Муу бэхэлгээтэй бол хүүхэд амархан тасдана, тэгээд амандаа хийнэ – үүнээс ямар ч аюул гарч болно. Тоглоомны үйлдвэрээс гарсан чанартай тоглоомны нүд, хамар зэрэг жижиг деталиуд их биендээ бат бөхөөр оёгдсон байдаг. Дээрээс нь тавьж оёсон ч биш, тэр тусмаа наасан биш байх учиртай. Наасан нүдтэй бол дуураймал, “хулхи” тоглоом байна гэсэн үг. Ийм тоглоомноос холуур тойрсон нь дээр: будагны чанар, материалын чанар нь ямар ч баталгаагүй байж таарна. Мөн иймэрхүү чанаргүй, оёдол муутай тоглоомыг угаалгын машинд угаах явцад хэдэн хэсэг салаад явчихдаг. Зөөлөн тоглоомны арчилгаа цэвэрлэгээ Зөөлөн тоглоомыг угаахгүй байж болохгүй: “тоосонд нугасгүй амьтан” болохоор маш их тоос өөртөө татдагаас гадна “идэвхитэй тоглогддог” тоглоом амархан хиртдэг. Тиймээс, сард нэг удаа угаалгын машины зөөлөн хэмээр угааж байх хэрэгтэй. Хэрэв гар аргаар угаах заавартай байвал шампуньтай усаар арчаад, цэвэр усаар зайлна. Илүүдэл усыг нь базаж шавхаад өлгөж хатаана. Мөн тоос сорогчоор ч цэвэрлэж болно, гагцхүү тоос сорогчныхоо хошууг угааж цэвэрлэсэн байх хэрэгтэй. Тоосны хачиг хүйтэнд тэсвэр муутайг нь ашиглан тоглоомыг үе үе хөлдөөгчинд хийж байхад сайн. Хасах 18 хэмийн хүйтэнд тоосны хачиг 2 – 3 цагийн дотор үхдэг. Хими цэвэрлэгээний хувьд гэвэл: химийн хүчтэй бодиснуудын үлдэгдэл хүүхдэд хэрхэн нөлөөлдөг нь бараг судлагдаагүй асуудал гэж хэлж болно. Дашрамд дурьдахад Хүүхэд 4 нас хүртлээ өөрийн эргэн тойронд байгаа эд юмсыг амьд мэтээр хүлээж авдаг. Тоглоомныхоо чихийг тасрахад түүнийг өвдөж байгаа хэмээн санаа нь зовно, хуучирч муудсан тоглоомыг нь хаячихвал дотны найзаасаа хагацсан мэт эмзэглэнэ. Тиймээс “тахир дутуу” болсон тоглоомыг нь хаях биш, нялх үртэйгээ хамт засч тордож байгаарай. Сэтгэл зүйчийн үг Зифа Садекова: Зөөлөн тоглоомны тусламжтайгаар хүүхэдтэй дотны холбоо тогтоох амархан байдгаас гадна ийм тоглоом хүүхэд орчин тойрноо ойлгох, бусадтай харьцах, шинэ мэдлэг олж авахад нь тусладаг. Тиймээс, хэрэм туулайнаас гадна араатан амьтан ч хүүхдэд байх ёстой. Хүүхэд тоглох явцдаа янз бүрийн эмоци гаргах шаардлагатай байдаг, үүнд нь төрөл бүрийн амьтад нь туслана. Хүүхдүүд амьтны зулзага – тоглоомонд дуртай байдаг. Дэндүү хурц, тод өнгийн тоглоом хүүхдийн сэтгэлийг хэт өдөөдөг уршигтай учраас улаан биш ягаан өнгийн тоглоом байсан нь дээр. Ертөнцтэй танилцаж амжаагүй жаахан хүүхдэд хөх цэнхэр заан, ногоон баавгай зэргийг авч өгч хэрэггүй. Ийм тоглоомыг өсвөр насны охидод бэлэглэвэл тэдэнд таалагдана. “АиФ” аас орчуулсан Ё. Одончимэг, www.orosshkolton,mn |



Бид том болсон хойноо ч хөөрхөн зөөлөн тоглоом харахаараа эгдүү хүрэн өхөөрддөг, хүүхэддээ авч өгдөг. Харин “асуудлыг” хэр мэддэг билээ? Зөөлөн тоглоомыг бусад хүүхдийн барааны адил учир утгатайхан сонгох хэрэгтэй юм.