PDF Хэвлэх И-мэйл
Хүүхдээ зусланд явуулах гэж байгаа бол...
Хэрэглэгчийн үнэлгээ: / 2
МууМаш сайн 

zuslanХүүхэд бүхний хүсэн хүлээсэн зун цаг ирлээ. Хүүхдээ зусланд явуулж амруулах гэж байгаа эцэг эхчүүдэд хэдэн зөвөлгөө хүргэе.

Зуслан явах бэлтгэлийн хамгийг гол асуудал бол ямар нэгэн зүйл өгч явуулахаа мартчих вий гэдэгт биш харин - хүүхдийн тань авч явсан зүйлээс нэлээд нь эргэж ирэхгүй гэдэгт л байдаг юм. Тийм болохоор үнэ цэнэтэй хувцас эдлэл өгч явуулах хэрэггүй, аль хямд хувцаснаас нь сонгоод тус бүрд нь баяртай гээд хэлчихсэн нь дээр. Шинэ гоё малгайг нь бариад санаа алд, жаахан уйлчих... Одоо тэгээд хүүхэддээ өгч явуулж байгаа, буцаад ирээсэй гэж хүсч байгаа бүх зүйлээ жагсаагаад биччих. Залхууралгүй аль болох тодруулгатай жагсаалт хийгээрэй. Үүнийг хоёр хувь үйлдээд нэгийг нь хүүхдийнхээ цүнх чемоданы дотор талд нь наагаад, нөгөөг нь өөртөө авч үлдэнэ. Тэгээд энэ жагсаалтынхаа дагуу эд хөрөнгөө үе үе бүртгэж байгаарай гэж хүүхэддээ захина.

Хэрэв юм алга болбол багшдаа хэлж зуслангийн захиргаанд хэлүүлэх хэрэгтэй гэдгийг ч бас хүүхэддээ зааж өгөөрэй. Ялангуяа, зуслангаас буцах үеээр зарим хүүхэд өөртөө таалагдсан зүйлийг нэгнээсээ хулгайлах явдал гардаг учраас энэ үед эд зүйлээ хараа хяналтандаа байлгах хэрэгтэй гэдгийг хүүхэддээ анхааруулна биз. Жишээ нь, хүүхэд чинь зуслангаас буцахынхаа өмнөхөн МР тоглуулагчаа алдчихлаа гэхэд бүлгийн багшдаа хэлж эхний арга хэмжээг авахуулах ёстой. Сэжигтэй нөхдийг нэгжихэд “энэ чинь миний МР” хэмээн мултрах гэж үзнэ, харин таны бичсэн өнөөх эд хөрөнгийн бүртгэл – жагсаалт чинь тухайн МР таны хүүхдийн хөрөнгө гэдгийг батлах баримт болоод ирнэ.

Зуслан руу авч явах зүйлсээ хүүхэдтэйгээ сонгон ярилцаж хэзээ яаж хэрэглэх тухай хэлж өгнө ( жаахан хүүхэд бол). Энэ ажиллагааг уйлаан майлаан болгоод  хэрэггүй, ӨӨРИЙНХӨӨ юмнаас юу дуртайгаа авч явна л биз, харин тэдгээрийнхээ бүрэн бүтэн байдлыг ӨӨРӨӨ хариуцах ёстой гэдгийг нь л хэлж ойлгуулна биз.

Хүүхдийн зусланд авч явах зүйлс

1.Хувцас

-малгай (саравчтай болон хөнгөн даавуун)

-бандан алчуур

-өмд, жийнс

-нимгэн “хальсан” хүрэм

-зузаан дулаан цамц

-сорочкон цамц

-шорт

-биеийн тамирын хувцас

-футболкнууд

-дотуур хувцас

-оймс

-борооны цув

-Охидуудад шаардлагатай бусад зүйлс болон унтлагын хувцас

Хувцаснууд дээрээ тэмдэг тавьчихад зүгээр.

Хэр олон ширхэгийг авч явахаа өөрсдөө шийднэ биз. Оймс болон дотуур хувцас ахиухныг өгч явуулбал дээр: иймэрхүү жижиг зүйлс хаашаа ч юм алга болчихдог увидастай.

Цахилгаан түгжээтэй халаастай хувцас зусланд тохиромжтой байдаг (мөнгө, гар утас зэргээ хийхэд). Цаг агаарын урьдчилсан мэдээг анхаарч судлаарай. Аагим халуу шатахаар үе таарвал олон өмдний хэрэг байхгүй, богино шортууд тохирно гэх мэтийг бодолцоно биз.

2.Гутал

Углааш, сандаал, пүүз. Зуны халуунд пүүзнээс салдаггүй хөвгүүдийн хөл авах юмгүй үнэртэй болдог тул запас улавчнууд өгч явуулбал сайн. Бүжгийн тэмцээнд орох төлөвлөгөөтэй хөвгүүд брюк, ботинкаа авч яваарай.

3.Ариун цэврийн хэрэгсэл

-Далай, нуур, гол дээр байдаг зуслан руу явж байгаа бол том нимгэн алчуур.

-Саван болон савангийн хайрцаг. Хэдэн ширхэг жижиг, аятайхан үнэртэй саван байвал дээр, тэгэхгүй бол нялцайгаад шүүгээг нь муухай үнэртэй болгочихно.

-Шампунь. Нэг удаагийн ууттай нь дээр, том савалгаатайг хаашдаа усанд орох газар мартчихна, бас цүнхэн дотор нь асгарчихаж магад.

-Шүдний оо. Гэхдээ багш нь хураагаад авчихна, нэг нэгэндээ түрхэж сахилгагүйтахаар нь.

-Шүдний сойз, хямд сойз гурвын зэргийг (мартана, гээнэ)

-Нойлын цаас, гэхдээ салфетка нь дээр дээ, нусны алчуур, гарны алчуур гэх зэргээр хэрэг болдог юм чинь. Бас нойтон салфетка хэрэгтэй.

-Хөлсний эсрэг роликтой, эсвэл хатуу дезодорант. Хямд цацдаг дезодорант хэрэггүй шүү, халуунд хор л болно.

-Нарнаас хамгаалах хэрэгсэл: нүдний шил, нарнаас хамгаалах тос. Наранд амархан түлэгддэг арьстай хүүхэдтэй бол анхааруулаарай: хурц нартай үед майк биш футболк өмс гэж, тэгэхгүй бол мөр, эгэм нь “шатчихна”, дараа нь хорсоод хэцүүднэ.

-Шумуулны эсрэг тос. Ялангуяа гадаадад амрахаар явж байгаа бол сайн тос авч явах хэрэгтэй: “гадаадын” шумууланд хазуулахад хүчтэй харшил өгөх нь элбэг байдаг шүү. Харшлын эсрэг тос ч хэрэг болно.

-Хумсны хутга.

-Ойр зуурын эмнүүд. Ямар тохиолдолд юу уухыг бичиж өгөх, хэрэг болбол зуслангийн эмчид үзүүлж байж уугаарай гэж захих.

4.Бичиг баримт

Авч явах бичиг баримтных нь хуулбарыг хийлгэж авч үлдээрэй.

-Гэрчилгээ, гадаад паспорт

-Эмнэлгийн магадалгаа

-Анкет. Зарим зуслан хүүхдийн архаг өвчин, харшилтай эсэх, сонирхол, бусад хувь хүний зан чанаруудыг нь мэдэх зорилгоор анкет бөглүүлдэг.

-ЭМД – ын гэрчилгээний хуулбар

-Амрах эрхийн бичиг

-Хилийн чанад руу явж байгаа бол эцэг эхийн зөвшөөрөл хэрэг болдог.

-Мөнгө. Хэрэв тийм дүрэмтэй бол – ихэнхи мөнгийг нь хариуцлага бүхий хүнд хүлээлгэн өгөх. Халаасанд нь үлдэх багахан мөнгөө цахилгаан түгжээтэй халаасанд хадгал гэж захих. Мөнгийг хадгалах хамгийн муу газар бол – түрийвчтэй нь цүнхний гадна талын карманд хийх, гэхдээ гартаа атгаж явахаас арай дээр л дээ...

-Үзэг, харандаа, дэвтэр

-Ном унших дуртай хүүхэд унших номоо авч явахаа мартахгүй биз.

-Өөрийнх нь адал явдал бүхий цөөн хэдэн фото зураг (шинэ найзууддаа үзүүлнэ).

-Цүнхэнд нь нэр ус, хаяг, утасны дугаар, зуслангийн хаяг бүхий зурвас хийх (замд цүнх нь, эсвэл – түй – түй – түй - хүүхэд өөрөө төөрсөн тохиолдолд хэрэг болно).

5.Бусад эд зүйлс

-Зуслан руу үнэт эдлэл болон үнэтэй аппарат, гар утас зэргийг авч явах хэрэггүй. Зургийн аппарат, гар утас зэрэг бол – зэрлэг амьтад л гэсэн үг: уяанаас нь тавингуут л, цэнэглэх гэж залгаад ганц минут нүдээ салгангуут л зугтчихдаг зантай.

-Тоглоом наадгай – хаяхад хайран биш байхаар тоглоомнууд.

-Багт наадамд хэрэглэх хөгжилтэй хэрэгслүүд

-Галт тэргээр явах бол нэг удаагийн аяга, халбага сэрээ, хог хийх уут.

Элдэв нууц зүйл – өдрийн тэмдэглэл мэтийн – авч явж хэрэггүй, хэн нэг саваагүй нь үзчихвэл хүүхэд чинь тоглоом шоглоомны бай болчихно.

6.Хоол хүнс

Галт тэрэг, автобусанд хүүхдүүд газтай ундаа ууж чипс идэн гар хуруугаа долоож байгааг нь харахад бие арзайх. Гэхдээ одоо яая гэхэв, хүүхдүүд ингэдэг л хойно. Замын хүнсэнд амархан муудах зүйл л авч явж болохгүй. Сайтар угаасан алим, мандарин ( жүрж хэрэггүй – тэр чигээрээ шүүсэнд нь будагдчихна), шинэхэн боов бульчик байхад л болно.

Бэлдсэн зүйлсээ хийж явах цүнх саваа эртхэн шалгаж бэлдээрэй. Тоос шороог нь арчиж цэвэрлээд цахилгаан оёдол зэргийг нь шалгах. Оосор бүч бариул зэргийг нь шалгаж бэхлэх. Нэр хаягаа дээр нь наах.

Бидний ажигласнаар хүүхдүүд жижиг цүнхэнд юмнуудаа пиг чихэж авч явдаг, ухаж төнхөхөд энэ нь их түвэгтэй харагддаг. Үүнээс гадна гадаадад амарч байгаа хүүхдүүд бэлэг дурсгалын зүйл их авдаг, дараа нь буцахдаа түүнийгээ цүнхэндээ чихэж эвдэх, эсвэл гартаа барьж яваад энд тэнд мартаж бөөн уйлаан майлаан болдог.

Харин америк хүүхдүүд томоо гэгчийн дугуйтай чемодантай ирдэг, түүн дотор нь орны цагаан хэрэгсэл нь ч, угаалгын нунтаг ч байх. Өдөр тутам солих түмэн хувцасных нь тухай ярилт ч үгүй. Кола чипс гэхээсээ илүү америк хүүхдүүд цэвэр ус, жимс, шагшуур зэргийг л идэж уух юм билээ. Биендээ үргэлж нарны тос түрхээстэй. Усанд орохдоо жижигхээн савтай биеийн саван, шампунь авч ороод тэнд нь үлдээчихнэ. Хооллосныхоо дараа заавал шүдээ угаана. Сэрүүн өдөр ноосон малгай өмсөнө, харин доогуураа бол нүцгэн: шорт, нүцгэн хөлөндөө углааштай. Зуслангийн бүх дүрмийг нарийн чанд биелүүлнэ, гэхдээ баяр баясгалангаа ерөөсөө гээхгүй шүү. Тэд ч бас өчнөөн зүйлээ мартаад явдаг, түүнийг нь цуглуулаад буяны байгууллагуудад өгчихдөг юм билээ.

За ингээд, жижиг сажиг, за бас том ч эд зүйл чинь гээгдэнэ, хулгайлагдана, эвдэрнэ, хагарна гэдгийг санаж сэтгэлийн бэлтгэлтэй байгаарай гэдгийг эцэст нь давтаж хэлмээр байна. Харин, хэрэв бүх зүйл бүрэн бүтэн эргээд ирвэл -юутай гайхамшиг, юутай баяр!

Орчуулсан Ё. Одончимэг, www.orosshkolton.mn

 

Сэтгэгдлүүд  

 
bi
0 #1 bi 2010-05-24 07:18
medej avuushtai zuvulguu bn ene bugdiig heregjuulehiig bodno helne
Quote
 

Сэтгэгдэл нэмэх