|
||||
| Гоц ухаантан хүүхдүүдийн амьдрал хөөрхий болох нь элбэг |
|
Сүүлийн жилүүдэд шагшигдаж байсан хүүхдүүдийг санацгаая. Эгч дүү Диана, Анжела Князева хэмээх хоёр гоц ухаантан охид нэг нь 10 настайдаа, нөгөө нь 11 настай байхдаа Олон улсын эдийн засгийн харьцааны дээд сургуулийн оюутан болж байлаа. Тэр хоёр охин дунд сургуулийн программыг ээж аавынхаа тусламжтайгаар гэртээ үзэж дуусгаад дээд сургуульд ороод 3 жилийн дотор дипломын эзэд болсон билээ. Гэтэл 13, 14 –хөн настай мэргэжилтнүүдийг олон улсын эдийн засаг тоосонгүй. Тэгэхээр нь охидууд дахин дээд сургуульд - энэ удаад хуулийн мэргэжлээр – элсэн орж аанай л богино хугацаанд дүүргэв, аанай л ийм залуухан хуульчдыг хэн ч сонирхсонгүй. Оросын ректоруудын зөвлөл охидыг АНУ – гийн Стэнфордын Их Сургуульд явууллаа. Диана, Анжела нар сурсан зангаараа ганц жилийн дотор дэд эрдэмтэд болов, гэвч бас л 16, 17 – хон настай дэд эрдэмтэдийн мэдлэгийг ашиглах хүсэлтэй ажил олгогч байсангүй. Охид маань докторын зэрэг хамгаалахаар үргэлжлүүлэн суралцав. Энэ удаад харин, насанд хүрсэн бүсгүйчүүд болсон байсан учраас, Нью – Йорк мужийн нэгэн дээд сургуульд багшлах болсон юм. Спорт биеийн тамирынханаас жишээ авч үзье: Брюс Хлебников гэж лут их хүчтэй хүүхэд байлаа. Резинэн грелкийг хагартал нь үлээнэ, номыг бүхлээр нь барьж байгаад ураад тасдаад хаяна. Брюсын бас нэгэн гайхамшигт амжилт – онгоцыг үсээрээ чангаан байрнаас нь хөдөлгөж байв... 4 настай хүүхэд дасгалжуулагчаа өргөж чадна гэдэг хүмүүсийг гайхашруулдаг байсан бол, харин одоо том болчихсон хойноо, бусад хүчтэнгээс ялгаагүй зүйл хийж байгаа залуу хүн амьтны сонирхлыг татахаа больжээ... Урлагын гоц авъястнаас саная. Аравхан настай байхаасаа олон улсын хамгийн нэр хүндтэй том уралдаан тэмцээнүүдэд оролцон гялалзаж явсан Полина Осетинская суут төгөлдөр хуурч болсонгүй. Нэгэн удаа аав нь төгөлдөр хуурынх нь ард суулгах гэхдээ хүч хэтрүүлэн хэрэглэчихсэн чинь арван таван настай Полина уурлан гомдохдоо гэрээсээ яваад өгчээ. Тэрээр хөгжмөө хаяагүй л дээ (одоо ч төгөлдөр хуураараа хоолоо олж байгаа), гэхдээ түүний нэр өөртэй нь хамт 80 – аад онд вундеркиндэд тооцогдож байсан Евгений Кисинтэй ижил түвшинд цуурайтаж чадахгүй байгаа билээ. Ника Турбина хэмээх бяцхан охиныг ч эмгэнэлт хувь заяа хүлээж байжээ. Дөрөвхөн настайгаасаа хүүхдийн сэтгэлийн гүнээс гармааргүй “том хүний” шүлэгнүүд хэлдэг байсан охин өсвөр насандаа ид хүчээ авчээ. Ээж нь охиноороо бахархан магтах, хүмүүс ч гайхан шагших. Гэтэл, Полина нас бие гүйцээд иртэл хүмүүсийн сонирхол замхран алга болов: “жаахан гайхамшиг” л хүмүүст сонин байж... Багаасаа л “од” байж дассан бүсгүй энэ байдлыг хүлээн авч чадсангүй: архи дарс, хар тамхи, амиа егүүтгэх оролдлогууд... Эцсийн эцэст цонхоороо унаж нас барсан, хөөрхий. Мөн Павел Коноплёв гэдэг гоц ухаант - математикч хүү 18 – хан настайдаа их сургуулийн диплом өвөртөлчихсөн Москвагийн Их Сургуулийн аспирантурт ирж байлаа. Харин хүүхэд байтугай хэр баргийн том хүн ч даахааргүй оюуны болон сэтгэл санааны ачаалал хийдгээ хийж Павелыг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт аваачсан юм. Одоо тэрээр энэ хорвоод аль хэдийн байхгүй болсон... Энэ бүхнийг яах гэж сөхөөд байгаагаа тайлбарлая. Амбицийн үр бүтээл Гоц авъяастай хүүхдүүдийг судалдаг сэтгэл зүйчдийн ярьж байгаагаар вундеркинд хүүхдүүдийн зөвхөн 10 хувь нь л авъяас чадвараа зөвөөр хөгжүүлж том хүн болсон хойноо сайн мэргэжилтэн болж чаддаг байна. Суперхүүхэд байх – маш хэцүү. Байнга бусдын, ялангуяа эцэг эхийнхээ хүлээлтийг биелүүлж байх хэрэгтэй болдог. Зарим эцэг эхчүүд хүүхэддээ байгаа авъяасыг анзаарангуутаа түүнийг нь хөгжүүлэхийн төлөө хамаг хүч, хөрөнгө, амьдралаа ч зориулж эхэлдэг. Үеийнх нь хүүхдүүдээс илүү гаргаж байж л санаа нь амарна. Тиймээс вундеркинд хүүхдүүд ихэнхидээ төрөлхийн гоц биш, харин эцэг эхийнхээ амбицийн үр бүтээл байдаг. Агуу авъяас, суут ухаантай хүмүүсийн сэтгэхүй болон тархи хэвийнээс гажууд бүтэцтэй байдаг. Агуу их генетикч В. Эфроимсон 1000 хүний нэгд нь авъяас заяадаг, саяаас нэгнийх нь л авъяас хөгждөг, 10 саяаас нэг нь жинхэнэ суут хүн болдог гэж хэлсэн билээ. Энэ тоог шууд утгаар нь ойлгох хэрэггүй л дээ, хэрэв байдал ийм байсан бол манай дэлхийд хэдэн мянган суут хүн байх ёстой болно. Авъяас билигийг агуулж байдаг “гений иж бүрдэл” удам дамжиж өвөлдөг, хичээллэсээр байгаад авъяастай болно гэж байдаггүй. Авъяас хэрэв байгаа л бол заавал цухуйна, заавал ил гарна. Суутуудын эцэг эхүүд бага байхад нь хичээл номоор шахаад, хүүхдийнхээ төлөө нэг их хүч гаргаад байсан зүйл байдаггүй шүү дээ. Эйнштейн, Ломоносов, Ландау, Билл Гейтс, мөн эдүгээ хамгийн ихээр нэр нь цуурайтаж байгаа математикч Григорий Перельман – бүхий л агуу, суут ухаантай хүмүүс өөрсдийнхээ хүсэл сонирхлоор явж байгаад л нэрд гарсан. Хүүхдийн нэрт сэтгэл зүйч Виктор Юркевич авъяас билигтэй хүүхдүүдийг олон жил судалж байгаа бөгөөд, 4 настай хүүхдийн цаашид тодрох оюуны чадварын 50% нь ил гардаг, 6 настай хүүхдийнх – 70% нь, харин 8 настайд нь - 90 % нь харагддаг гэж ярьж байна. Сурган хүмүүжүүлэх ухааны доктор Елена Авдотьина: Авъяастай хүүхдийнхээ хүүхэд насыг нь булааж зав зайгүй шахан хичээллүүлэх хэрэггүй. Эцсийн дүнд гоц хүүхдүүдийн 90% нь энгийн, бусдаас ялгараад байхааргүй мэргэжилтэн болдог. Цагаас нь өмнө том хүн шиг болгож шахан хөгжүүлэх нь хүүхдийн сэтгэл санааг баллах аюултай байдаг. Мөн хүүхэд өөрийгөө эрүүл бусаар хэт дээгүүр үнэлдэг болох, үргэлж нэг номер байхыг л хүсэх зэрэг гажууд сэтгэхүйтэй болсноос найз нөхөдтэй ч болж чадахгүй байх нь элбэг. Үүнээс гадна, нэг л зүйлээр оролдон сууж бусад хүүхдүүдтэй харьцахгүй байснаас хамт олонтой зохицон харьцах туршлагагүй, нийгмийн амьдралын журам горимыг мэдэхгүй хүн болж өсөн цаашид хувийн амьдралаа ч зохицуулж чадахгүй хүн болдог. Гэр бүлд ч, хамт олны дунд ч бусдын ашиг сонирхлыг тооцон зохицож харьцах хэрэгтэй байтал хар нялхаасаа л өөрийгөө бусдаас илүү гэсэн ойлголт тархиндаа шингээчихсэн хүнд энэ нь амархан байхгүй нь ойлгомжтой. Тэд хожигдож чаддаггүйгээс гадна магтаал сайшаалыг л бусдын зүгээс хүлээдэг заншилтай болчихдог. Тиймээс, надад 3 настайдаа ном уншиж байгаа хүүхдийг харуулахад эцэг эхэд нь би “хүүхдийнхээ амьдралыг баллах хэрэггүй” гэж л хэлдэг. Дашрамд хэлэхэд, дунд сурлагатангууд – хамгийн амьдрах чадвар сайтай хүмүүс болдог: тэд хэрэггүй газар хүчээ гаргадаггүй, амьдрал ахуйн нөхцөл байдалд маш хурдан учраа олж чаддагаас гадна ажил каръер нь авъяастай хүмүүсээс хурдан өсдөг. Бид бүгд хүүхдүүддээ аз жаргалыг л хүсдэг билээ. Энэхүү аз жаргалын дор эрүүл саруул бие бялдартай, бат бөх сайхан гэр бүлтэй, амьтан хүний хүндэтгэлийг хүлээсэн хүн болгох гэдгийг нэн түрүүн ойлгодог бус уу? Харин суут ухаантны амьдрал ийм аз жаргалгүй байх нь олонтаа. Хэрэв таны хүүхэд өөдрөг сэтгэлгээтэй дунд сурлагатан бол, магадгүй, энэ нь л аз жаргал байж болох! Ямар ч байсан, эрдэмтэд үүнд итгэлтэй байдаг юм билээ. “АиФ”- аас орчуулав. Ё. Одончимэг, www.orosshkolton.mn |



Хүүхдийнхээ амжилтаар бахархаж бусдад гайхуулах дургүй эцэг эх ховор. Хүүхдээ “хамгийн – хамгийн”, нэг үгээр хэлбэл вундеркинд болгохын төлөө амьдралаа зориулахад ч бэлэн эцэг эх цөөнгүй. Тиймээ, ийм гоц ухаантай хүүхдүүд байдаг, тэднийг улс даяараа мэддэг. Харин тэд өсч томрон насанд хүрэхээрээ яадаг бол?
Сэтгэгдлүүд
bi 6nastai ohintoi, ooroo hicheel hiigeed nom unshaad suuh durtai, 3heleer yarj oilgodog. zurag zurah bolon jijeghen oguulber ulger zohioj bicheh durtai...g.m. uramiin ugeer magtahiig ih hicheedeg gevch tegeheer ih l bolgoomjtoi anhaaraltai bh heregtee yum bn