PDF Хэвлэх И-мэйл
"Онц сурлагатны дарамт" гэж юу вэ?
Хэрэглэгчийн үнэлгээ: / 3
МууМаш сайн 

Есөн сарын нэгний өдөр. Нэгдүгээр ангид орж байгаа бяцхан жаалуудад хүн бүхэн баяр хүргэх. Ингэхдээ “онц сураарай” гэж хэлэхгүй, захихгүй хүн нэг ч үгүй! Эцэг эх бүр үр хүүхдээ онц сурлагатан байгаасай гэж хүсдэг, сургуульд онц сурна гэдэг ирээдүйн ажил амьдралынх нь баталгаа гэдэгт бат итгэдэг учраас тэр! Тэгээд ч, “онц сурлагатан” гэдэг үгсийн цаана хүмүүжилтэй, ухаантай, цэвэр цэмцгэр хүүхэд төсөөлөгддөг болохоор арга ч үгүй биз.

Харин, онц сурлагын араас хөөцөлдсөн эцэг эх ба хүүхэд нэгэн цагт харамсаад барахгүй байдалд хүрэх нь цөөнгүй. Энэ тухай эцэг эхчүүдэд сэрэмжлүүлж байх нь бас зүйтэй юм.

Хэдийгээр онц сурлагатангууд харилцан адилгүй ч, ихэнхид нь ерөнхий нэгэн сэтгэл санааны байдал ноёрхож байдаг бөгөөд үүнийг “онц сурлагатны дарамт” гэж нэрлэдэг.

Энэ нь: өөртөө болон өрөөл бусдад байнга хэтэрхий өндөр шаардлага тавих, бүх зүйлд “номер нэг” байхыг эрмэлзлэх, өөрийгөө алдаа хийх эрхгүй гэж үздэгээс бүтэлгүйтэх вий гэх маш том дотоод айдас дарамттай байх мэтээр сэтгэл санаа нь тайван байдаггүй. Энэ дарамт нь сэтгэл санаанд нь нөлөөлөхгүй байх үндэсгүй учраас толгой өвдөх, нойргүйдэх, дотоод эрхтний үйл ажиллагаа алдагдах г.м. олон сөрөг үр дагавар гардаг учраас эрүүл мэндэд тун хортойгоор тусдаг.

 

“Онц сурлагатны дарамт” хэрхэн бий болдог вэ?

Эрдэмтдийн судалгаа дүгнэлтээр, “онц сурлагатны дарамт” хэмээх энэ сэтгэл санааны гажиг нь хоёр зүйлээс тогтдог аж – удмын ба сэтгэл санааны хүчин зүйлээс. Хэрэв эцэг эх нь онц сурлагатан байсан бол хүүхэд нь ээж аавынхаа мөрөөр явах магадлал маш өндөр гэсэн үг. Гэхдээ удмын хүчин зүйл амьдралын тодорхой программаар дэмжигддэг агаад үүнийг эцэг эх нь өөрсдийнхөө шагнал урамшуулал, баярын бичиг медаль зэргийг гайхуулах, амжилтын түүхээ ярих зэргээр хэрэгжүүлчихдэг.

Онц сурлагатан байсан эцэг эхчүүд хүүхдээ хэтэрхий их хянаж шахан бяцхан биенд нь ахадсан шаардлага тавьж хариуцлага хүлээлгэх гэдгээс хүүхэд маш их дарамтанд автдаг. “Чи заавал ингэ”, “Чи ингэх ёстой”, “Чи ингэх хэрэгтэй” гэх мэтийн үгс хүүхдийн хувьд маш хүнд ачаа дарамт болдог. Ялангуяа, эмэгтэй хүүхдүүд угаасаа үгэнд оромтгой байдгаасаа болоод “онц сурлагатны дарамтанд” автамтгай байдаг бөгөөд илүү их шаналдаг гэдэг нь тогтоогдсон байдаг.

Мөн гэр бүлийн эрүүл бус уур амьсгал “онц сурлагатны дарамт” бий болоход нөлөөлдөг: хэрэв онц дүн авбал л эцэг эх нь хайр анхаарлаа цухуйлгадаг бол хүүхэд эцэг эхээсээ хайр халамж хүртэхийн төлөө хичээн, төгс байхыг эрмэлзэн байнгын хүчрэлд, өөрийнхөөрөө бус байснаар өөрийгөө мартаж хүний амьдралаар амьдарч байгаа мэт болдог. Мэдээж энэ байдал хүүхдийг гүн ядаргаанд оруулж сэтгэл санааг нь бусниулдаг. Ингээд онц дүнгийн араас хөөцөлдөж, “түмний манлай” байх гэж эрмэлзсэний үр дүн нь - архаг ядаргаа ба амьдрах сонирхолгүй болох нь ч бий!

Ийм аюултай байдалд хүрэхгүйн тулд эцэг эхчүүд яавал дээр вэ?

Хамгийн чухал нь, хүүхдээ онц сурлагатан болгох таны сайхан хүсэл хүүхдийн чинь чадал ба хүсэлтэй нийцэж байна уу үгүй юу гэдгийг тунгааж үзэх хэрэгтэй юм. Онц сурч чадахгүй байлаа гээд таны хүүхэд муу хүүхэд гэсэн үг биш шүү дээ, зүгээр л өөр, ийм л хүүхэд гэсэн үг! Өөрийн гэсэн амьдралын мөртэй, өөрийн гэсэн үзэл бодолтой, хэнтэй ч адилгүй хувь хүн!

Хүүхдээ бүү бусдын хүүхэдтэй жишэж бай, хэрэв өөрөө жишээд өөрийгөө голоод байвал ингэх хэрэггүй юм гэдгийг ойлгуулж тусал, түүнд ямар нэгэн нөхцөл тавилгүйгээр хайрладаг гэдгээ ойлгуул. Жижигхэн амжилтанд нь ч баярлан магт, хувийн сонирхолоо хөгжүүлэхэд нь тусалж дэмж. Юм боддог, эрүүл энх, аз жаргалтай хүүхэд өсгөж бойжуулахыг хүсч байгаа эцэг эхчүүдэд ийм л энгийн зөвөлгөө өгье...

Улсын Ерөнхий шалгалтаа амжилттай өгөх, олимпиадуудад медаль авах гэх мэт нь ухаантай, эрүүл биетэй, мэдлэгт шунал сонирхолтой онц сурлагатны хувьд ч хүндхэн ачаа болдог. Дээр нь янз бүрийн бага хурлуудад оролц, илтгэл тавь гэх мэтээр багш нар нь гуйна... Онц сурлагатан байна гэдэг байнгын өндөр ачаалал гэсэн үг. Тэгэхээр, сургуулийн босгыг алхаж байгаа бяцхан хүүхдээ “таван онцын эзэн” болгохоор шахахаасаа өмнө энэ нь хүүхдэд чинь өөрт нь тийм их чухал хэрэгцээтэй юу, онц сурлагатан болохын тулд төлөх төлөөс золиос нь ямар байх вэ гэдгийг сайтар бодож үзээрэй. Зөвхөн эцэг эхийнхээ ухаантай хандлага дэмжлэгэн доор өөрийн дур сонирхлоороо онц сурч байгаа тохиолдолд л онц дүн ба бүрэн дүүрэн сэтгэл хангалуун амьдрал хоёр зөрчилдөхгүй!

Орчуулсан: Ё. Одончимэг, www.orosshkolton.mn

 

Сэтгэгдлүүд  

 
аав
+2 #1 аав 2011-08-29 08:35
"Хүүхдээ сургуульд яах гэж ордог юм бэ?" гэсэн асуулт тавьж үзсэн үү? Мэдээж боловсролтой болгох гэж. Нэг ангид 40-50 хүүхэд байхад хүн юм сурах уу? Багш хүүхэд бүрт анхаарал тавьж чадах уу? Хариулт: Сурах боломжгүй. Анхаарал тавьж чадахгүй.
Хичээл 45 минут-1 хүүхдэд /1 мин.
Quote
 
 
gdag
0 #2 gdag 2012-04-23 06:21
huuhdee hicheel taslahd ni bitii zagna gj aav eejuded helmeer bna boldog bol uuriinhuu etseg eh 2t yunas bolj taslajaaag ni medku bj zagnaj zodoh hereg bhgu
Quote
 

Сэтгэгдэл нэмэх