|
||||
| Орлова Анетта хариулж байна, хэсэг 1 |
|
Анжела: Анетта, та надад хэлж өгч туслаач? Би түүнтэй танилцсан өдрөө өвөрт нь орчихсон юм. Яагаад гэвэл тэр надад их таалагдсан л даа: надад өчнөөн сайхан үгс хэлж, ”нүдээрээ идэж” байсан... Харин тэр маргааш нь л намайг тоохоо больчихлоо. Би түүнийг яаж дахин татах вэ? Орлова Анетта: Эр хүн гэдэг бол угаас анчин зантай байдаг болохоор тэдэнд буулгаж авах процесс маш чухал байдаг. Мэдээж, өнөө үед хорин жилийн өмнөх шиг айхтар хэм хэмжүүр байхгүй ч, эрчүүд тархиндаа “найзлах эмэгтэй”, “хайр сэтгэлийн эмэгтэй”, “зугааны эмэгтэй”, “гэрлэж болох эмэгтэй” гэх маягаар хуваачихсан байдаг, файлууд хадгалчихсан мэт. “Зугааны хүүхэн” файлаас “гэрлэж болох” файл руу шилжих мэдээж хэцүү, гэхдээ боломж бол бий. Миний үйлчлүүлэгч эмэгтэйчүүдийн дунд нэг файлаас нөгөө рүү амжилттай шилжсэн тохиолдол нэлээд байгаа. Хамгийн гол нь, түүнийг хэзээ нэгэн цагт утасдвал /магадгүй хэдэн сарын дараа ч/ шууд гүйж очих хэрэггүй, та хоёрын хооронд юу ч болоогүй мэт жаахан сээтэгнэвэл зүйтэй. Хэрэв та түүнд сонирхолтой байгаа бол тэр танд хариу сээтэгнэн байн байн утасдана, татагдана, харин та түүнд тийм ч сонирхолтой биш байгаа бол таныг орхиод тэмдэглэлийн дэвтэрнээсээ өөр хүүхэн хайна. Бүх зүйл тухайн хүний ертөнцийг харах харц, үзэл бодол, төгс хүүхний тухай төсөөлөл зэргээс нь хамаарах нь ойлгомжтой.
Мария: Би нөхөрт гараад жил хагас болж байна, хүүхэд маань нэг ойтой. Нөхөр маань гэрлэхээсээ өмнө маш их анхаарал халамжтай хүн байсан, түүний хувьд би – нэг номерт байдаг байлаа. Харин хуримын дараа бүх зүйл өөрчлөгдсөн, одоо тэр гэртээ байгаа бүх цагаа компьютерийн ард л өнгөрөөдөг. Гэр орны ажилд ерөөсөө оролцдоггүй, хүч хөдөлмөр орохгүй жижиг зүйлийг ч хийхээс залхууран ундууцдаг. Миний хийсэн бүхнийг голдог: хоол хийхдээ ч, юм угаахдаа ч би дандаа буруу хийдэг гэж шүүмжилнэ. “Миний ээж өглөө бүр 6 цагт босоод гэрээ цэвэрлэдэг байсан, төрөл бүрийн сайхан хоол хийдэг байсан” гэх зэргээр үглэнэ. Надад хадам эхтэй өрсөлдөх хүсэл огтхон ч алга. Үргэлжийн хэрүүлд нь би одоо дөжрөөд түүний яншихыг чихнийхээ хажуугаар өнгөрүүлдэг болчихсон. Харин нөхрийгөө гэх сэтгэл минь хөрч байгааг мэдэрч байна, ер нь одоо огт хайргүй болсон доо. Найз залуутай бол, тэр тусмаа нөхөртэй бол өөр эрчүүд рүү харах ч ёсгүй гэсэн үзэл бодол минь замхарч одоо би өөр эрчүүд рүү хараад байдаг болж. Байдал энэ хэвээр үргэлжилбэл бид хоёр салах, эсвэл нэг дээвэр дор тус тусдаа амьдрах юм шиг байна. Гэтэл бид чинь хүүхэдтэй улс? Орлова Анетта: Энэ бол маш их байдаг асуудал. Хоёр хүн танилцаад хамт амьдраад ирэхээр хоорондоо зохицох хэрэгтэй болдог, тодорхой дүрмүүдийг барьж амьдрах шаардлага гардаг. Хэн юуг хариуцах тухай тохирч гэрээ хийнэ гэсэн үг. Гэрээс гадуурх ажилд хэн толгойлох вэ, гэрийн ажлыг хэн хариуцах вэ, шалаа хэн нь угааж байх, аяга тавгаа – хэн нь. Эсвэл ажлын өдрүүдэд тус тусдаа ажлаа хийнэ, харин амралтын өдрүүдийг хамт л өнгөрүүлж байх, эсвэл эцэг эх дээрээ очиж байх гэх мэтийн тухай тохирох мэтээр. Ийм байдлаар гэр бүлийн амьдралын хэлбэр тогтдог. Эхэн үед хайртай хосууд нэг нэгийнхээ алдаа дутагдалд маш тайван, уучлангуй хандан жаргалтай сайхан байдаг. Хэсэг хугацааны дараа гэр бүлийн гуравдахь гишүүн бяцхан хүн бий болоход нэг талаас эхнэр нөхрийг холдуулах авч, нөгөө талаас улам холбож өгдөг. Энэ үед гэр бүлийн амьдралын эхлэлийн үед тохирч байсан гэрээний заалтууд утгаа алдах тул дахин тохиролцоо хийх шаардлага гардаг. Гэр бүл гэдэг бол үргэлж өөрчлөгдөн хувирч байдаг систем учраас оршин тогтнох хугацаандаа үе үе “тоглоомын дүрэм болон шагналын сандаа” тохиргоо хийхийг шаардаж байдаг. Гэрээ тохиролцлоо дахин харах үе – хүүхдүүд сургуульд орох үе байдаг: гэр бүлийн хил хязгаар өргөжих учраас олон шинэ нөхцөл орж ирдэг. Хэрэв нөхөр чинь ээжээсээ хэтэрхий чаргуулдаастай байдаг бол эцэг эхдээ эрх танхи өссөнөөс одоо болтол биеэ даагаагүй, эсвэл ээж нь түүнийг юугаар ч дутаахгүй байхын тулд бүх насаараа 2-3 ажил хийдэг байсан, энэ тухайгаа түүнд үргэлж хэлдэг байсан байж ч болох. Эцэг хүн болсон хэдий ч өөрийгөө хүүхэд гэдгээр мэдэрч байгаа хүн хариуцлагыг өөр дээрээ авч чаддаггүй. Манай улсын гэр бүлүүдийн том проблем бол байрны асуудал: заримдаа нэг байранд гурван үеээрээ амьдахаас өөр аргагүй байдаг. Энэ нь мэдээж хэрүүл зөрчилдөөн үүсэх хүчин зүйл болж байдаг учраас залуу хосын гэр бүлийн тусгаар байдлыг үргэлж эвдэж байдаг. Гэр бүлийн хил хязгаар аль болох тод байвал л сайн. Чухал зүйл: Эрэгтэй хүн эцэг болохоороо сэтгэлийн хямралд орох нь элбэг: эхнэр нь бүх анхаарлаа хүүхэддээ хандуулаад ирэхээр эхнэртээ тоогдохоо болин хаягдсан мэт түүнд санагддаг. Үүнээс гадна компьютертэй олон цагаар харьцах нь хүний сэтгэхүйд муугаар нөлөөлдөг: сэтгэлийн тав тухгүй байдал, түгшүүр нэмэгдэн нэмэгдсээр сэтгэлийн гүн хямралд орж дуусдаг. Гэр бүлд гурван дэд систем байдаг: - Эхнэр – нөхөр - Эцэг – эх /хүүхдийнхээ хувьд/ - Хүүхдийн /нэг болон хэд хэдэн хүүхдээс бүрдэж болно/ Дэд систем бүрт өөрийн гэсэн орон зай байх нь чухал. Хэрэв гэр бүлд зөвхөн эцэг эхийн систем л хөгжөөд байх юм бол / эхнэр нөхөр хоёр нэг нэгэн рүүгээ зөвхөн эцэг эхийн үүднээс хандаж харьцах, хүүхдүүдтэйгээ ч зөвхөн ээж аавын үүднээс харьцах/ хүүхдүүд том болоод эцэг эхийн систем ач холбогдлоо алдсан үед эхнэр нөхрийн систем уналтанд орж таарвал гэрлэлтэнд ан цав суух аюул гардаг. Таны хувьд гэвэл, та эхнэр болон эхийн дүрдээ хэт автсанаас өөрийгөө эмэгтэй хүн гэдгээ мартсан бололтой. Нөхөртэйгөө эмэгтэй хүний үүднээс харьцахаа больсон мэт. Сайхан байсан үеээ хэрхэн буцааж авчирч болох тухай бодоод үз. Ядаж амралтын өдрүүдэд, долоо хоногийн хугацаанд ч болтугай хуучин харьцаагаа бий болгохыг эрмэлз. Өөртөө байгаа нөөц бололцоог эргэцүүл. Өөртөө эмэгтэй хүнийхээ хувьд анхаарал тавьж гадагшаа баяр цэнгэлд явах. Нөхөр чинь хоол, цэвэрлэгээний тухай л хэдий ярьж байгаа мэт боловч хэрэг дээрээ бол түүний ундууцал өөр зүйлд л байгаа. Таныг хуучин шигээ түүнд ухаангүй дурласан, хөнгөн шингэн зантайгаар харахыг хүсч байж магад. Нөхрөө гэр бүлийн асуудлуудын шийдэл рүү аль болох татаж, би чамгүйгээр яаж шийдэж чадах вэ, чи минь надад ийм хэрэгтэй гэдгийг түүнд харуулж түүний амжилт бүрийг жижиг гэлтгүй магтан урамшуулж байвал түүний идэвхи санаачлага улам ундрах болно. Хэрэв нөхөр чинь компьютерийн донд л автчихаагүй байгаа бол үр дүн гарна. Харин та өөр хүнтэй “сүүлэрснээр” асуудал шийдэгдэхгүй, та хоёрын харьцаа сайжрахгүй, улам л холдох болно. Наташа: Анетта, би таны бичсэн олон нийтлэлийг уншиж байсан, лекцэнд чинь ч очиж байсан, танаас асуулт асуух боломж олдсонд баяртай байна. Нөхөр бид хоёр 23 жил хамт байгаа, хүү охин хоёр том болсон, миний өгсөн эд баялгийг хэрэглэж амьдардаг хэдий ч талархсан шинж огт байдаггүй, би өгөх ёстой, тэд авах ёстой мэт ханддаг. Нөхөр маань захиргаанд байх дуртай, огт лидер бус зантай, гэр бүлээ авч явж чаддаггүй, хүсдэг ч үгүй, тиймээс би л зүтгэдэг, одоо тэгээд өөрийгөө эр хүн мэт мэдэрдэг болчихсон, заримдаа би чинь эмэгтэй хүн шүү дээ гэдгээ санадаг л даа. Би яаж залуу насных шигээ мэдрэмжээ олж авах вэ, юунаас эхлэх вэ, өөрийгөө эрхлүүлж сэтгэл татам эмэгтэй болох юмсан гэж бодоод бодоод яахаа мэдэхгүй байна? Орлова Анетта: Наталья, та эрүүл ухаан сайтай хүн гэдэг нь надад мэдрэгдэж байна, тийм болохоор миний зөвөлгөө тайлбар зэргийг зөвөөр хүлээж авч хэрэгжүүлж чадна гэдэгт найдаж байна. Та өөрийнхөө энэ бичсэнийг хар даа, таны бичсэн стилийг харахад эр хүний сэтгэхүйтэй, эр хүн шиг биеэ авч явдаг хүн гэдэг нь тов тодорхой харагдаж байна. Яагаад ийм болсон бэ? Үүнд олон шалтгаан байж болно: хүүхэд байхаасаа гэр бүлийн ийм загварыг харж өссөн байж магад, эсвэл угаасаа та байгалаас заяасан эршүүд зантай ч байж болох, үгүй бол амьдралын шахалтаар ийм болохоос өөр аргагүй байсан ч байж магад... Ямар ч шалтгаантай байсан – та лидер хүн байна, та зорьсондоо яаж ч байсан хүрч чаддаг хүн байна, бас амбийцтай хүн байна. Хамгийн гол нь хэтрүүлэхгүй байх хэрэгтэй, зорилгоо биелүүлэх процессоосоо л таашаал авч байвал болно. Та өөрийнхөө орон зайд болж буй бүхнийг хяналтандаа байлгах үүднээс лидер биш хүнийг амьдралын ханиараа сонгосон байх, “Бид бодлоо, тэгээд би шийдлээ” гэх маягаар танай гэр бүлийн шийдвэрүүд гардаг байх. Нөгөөтэйгүүр, хатуу хяналт бол өндөр хариуцлагатай хамт байдаг зүйл учраас танай гэр бүлийн төлөөх хариуцлага тэр чигээрээ тань дээр байдаг байж таарна. Хүүхдүүд чинь эцгийнхээ стратегийг хуулдаг хэрэг: яаралгүй зугуухан хөдөлж байтал ээж тэсэлгүй өмнөөс хамаг асуудлыг шийдээд өгнө гэдгийг тэд сайн мэддэг, ийм байдалд бүрэн дасчихсан. Та тэдэнд “баярлалаа ч байхгүй шүү” хэмээн гомддог, магадгүй үүнийгээ хэлэн загнан буруутгадаг ч байх, харин хүүхдүүд чинь “Надад нэг их хэрэггүй байхад та өөрөө л...” гээд улам уурыг чинь хүргэдэг байх л даа. Тэгээд цаашаа уур - гомдол- бухимдал – хэрүүл... Гэр бүлийнхээ гишүүдэд тодорхой эрх үүргийг оногдуулахыг хичээ, хийснийг нь шүүмжлэхгүй хэлээ хазаад тэс, харин ч магт, урмын үг хайрла. Танд шүүмжлүүлэн шоолуулахаас айсандаа тэд санаачлага гаргадаггүй байх гэж бодож байна. Та хийж байгаа бүхнээ тэдэнд үнэлүүлэхийг хүсдэг юм байна, та тэдэнд тусласныхаа хариуд талархал магтаал хүртэхийг хүсээд байгаа юм байна. Гэхдээ та чинь одоо том болсон охин шүү дээ, бусдад заавал магтуулах гээд одоо яах вэ, дотроо өөрийгөө магтчихаад л явж байхгүй юу? Тэгвэл таныг эргэн тойрныхон чинь ч магтан үнэлэх болно. Танаас гарч байгаа эмоци бусдаас танд буцаж ирдэг. Та гомдоод байвал – таны эргэн тойронд ч бас гомдол дүүрэн гэсэн үг. Наташа, та өөрийгөө магтаж болохоор амжилттай яваа хүн байна шүү дээ. Таны амьдралын стратеги сайн үр дүнтэй байна, харин та үүнийгээ жаахан засахыг л хүсч байх шиг байна. Та нөхөртэй, 23 жил хамт амьдарч байгаа, хоёр хүүхэд өсгөсөн, тэдэндээ тусламж үзүүлэх чадалтай. Одоо харин эмэгтэй хүнийхээ хувьд байдлаа өөрчилмөөр байгаа юм байна. Биеээ тайвшруулан тавируулах аргуудыг хэрэглэвэл зүйтэй дээ. Йогоор хичээллэх. Гомдлоо авч хаяж ухаан бодлоо цэвэрлэх техник ч байдаг. Нөхрөө байгаагаар нь л хүлээж ав. Хэрэв нөхөр чинь өөр шиг чинь хүчтэй хүн байсан бол та хоёр лидерийн байр суурьны төлөө өрсөлдөөд юу ч болох байсан юм билээ, гэр бүлээ авч үлдэж чадахгүй ч байсан юм билүү. Байгаагаа үнэлэх. Амьдралын амжилтын үндэс бол “одоо, энд” гэсэн зарчим байдаг. Байгаагаа хүлээж авах, ирээдүйгээ төлөвлөх, гэхдээ зүгээр ч нэг төлөвлөх биш - зорилгодоо хүрэх замыг тодорхойлж аваад түүгээрээ баяртайгаар, энэ замынхаа хэрчим бүрээс таашаал аван урагшлах. Танд амжилт хүсье! Үргэлжлэл бий. Хэсэг 2 Орчуулсан Ё. Одончимэг, www.orosshkolton.mn |




Сэтгэл зүйч Орлова Анетта “АиФ” сонины уншигчидтай бүтэн сарын турш харилцан, тэдгээрийн асуултуудад хариулсан юм. Манай бүсгүйчүүд ч иймэрхүү асуудлуудтай тулгарчихаад хэрхэхээ мэдэхгүй байж болох гэсэн үүднээс зарим асуулт хариултуудыг түүвэрлэн авч орчуулан сайтынхаа зочдод цувралаар хүргэе гэж бодлоо.
Comments
usa-gaas
Дахиад ганцхан удаа гараас минь хөтлөөд алхаач
Дахиад ганцхан удаа араас минь тэврээч
Дахиад ганцхан удаа хажууд минь хэвтээч
Надад хэрэгтэй байна, чиний уучлал
Надад хэрэгтэй байна, чиний зэмлэл
Би хүсч байна чиний хайр, энхрийллийг
Би мэдэрмээр байна, чиний зүрхний хэмнэлийг
Мартмааргүй байна хамтдаа байсан тэр мөчийг
Холдмооргүй байна огтхон ч тэр дурсамжаас
Намайг битгий явуулаач цонхон доороосоо
Намайг битгий сэрээгээч харанхуйн зүүднээс
Хангалттай миний хувьд ийм байгаа нь
Ханахгүй байна уу чи миний зовлонд
Харанхуйн гүнээс хашгирах сонсогдоно
Хамаг чадлаараа би орилно
Даанч чи минь сонсохгүй
Тэгээд ч ойлгохгүй байхаа