|
||||
| Бид яагаад зээлийн урхинд ордог вэ? |
|
Зээл, зээл, зээл... Зээл бидний амьдралд идэвхитэй нэвтэрч байна. Сэтгэлийн хөдөлгөөнөөрөө гэнэт хэрэглээний зээл авсандаа олон хүн харамсдаг байх. Алдаан дээрээ суралцацгаая.
Хүн хэрэглээний зээл яагаад авдаг вэ гэхээр ихэнхидээ бусдаас дутахгүй байх гэсэн хүсэлдээ хөтлөгддөг. Тэднийх автомат угаалгын машин авчихсан байхад бид юугаараа дутдаг юм... гэх жишээний. Бусдад болон өөртөө мөнгөний боломжтой гэж харуулмаар санагдан зээлийн аранганд ороод явчихдаг. Энэ бол өөрөө өөрийгөө хуурах гэсэн оролдлого. Хүмүүн бид өдөр бүр өөрийгөө хуурч байдаг. Өөрийнхөө залхуу занг, өөрийнхөө бүтэлгүйтлийг өөр хүнд тохохыг хүснэ, өөрөөс нь бусад бүх хүн үүнд нь буруутай болж хувирна. Жишээ нь, манай найз “засгийн газар ард түмнээ улам ядууруулж байна, банкууд улам даварч гүйцлээ, зээлийн хүүгээ нэмээд л... Доллар уначихлаа. Би одоо яаж зээлээ төлөх юм бэ?” хэмээн бухимдаж байсан. Өөрөө бол ямар ч буруугүй!
Чи яагаад бүх хуримтлалаа нэг валютаар хадгалж байсан юм? Яагаад чиний орлого зарлага чинь бараг тэнцэж байгаа юм, яагаад чи нөөц үүсгээгүй юм, яагаад орлогоо нэмэгдүүлэх талаар ямар ч арга хэмжээ авдаггүй юм?... Яагаад ... яагаад... өчнөөн яагаад гэсэн асуулт гарч ирж байгаа биз? Тэгэхээр өөртөө жаахан шүүмжтэй хандаж байхад илүүдэхгүй...
Өөрийгөө эрхлүүлэх хүсэлдээ хөтлөгдөн бас зээл авдаг. “Яадаг юм, би яахаараа дандаа ингэж өөрөөсөө харамлаж байх ёстой юм... үргэлж л аятайхан юмнаас татгалзаж байх... яаж ийж байгаад зээлээ төлчихөж болох л байлгүй, амьд хүн аргатай...” хэмээн өөртөө хэлдэг. Ерөнхийдөө дээр ярьсантай төстэй гэж болно, мөн л өөрийгөө хуурч байгаа хэрэг.
“Эдийн боол” болох. Заримдаа эд хогшил хүний амьдралд дэндүү их байр суурь эзэлчихсэн байдаг, бүр амьдралыг нь удирдах шахуу хэмжээнд оччихсон... Саяхан плазма телевизор авсан чинь одоо бүр гоё, интернетэд орж болдог LCD телевизор гараад ирчихлээ, энийг гэртээ тавьчихвал мөн догь оо?...гэх жишээний. /Машинаа солих, байраа солих/ Дараа нь өчнөөн сар зээлээ төлөх хэрэгтэй болно гэдгийг бодох хүсэл бол байхгүй.
Ятгалганд орох. Том дэлгүүр, үзэсгэлэн худалдаа зэрэг газраар банкны зээл олголт явагдаж байдаг бөгөөд “манайх танд тун ашигтай зээл санал болгож байна...танд ямар ч дарамт болохгүй, бараг л хүүгүй зээл, маш уян хатан систем...” гэх мэтээр ятгаж байгаад таныг зээл авахуулж дөнгөдөг. Харин сүүлд нь та харамсахгүйн тулд зээлийн гэрээг маш сайн уншиж судалж байж шийдсэн нь өлзийтэй. Ялангуяа тээр доор жижиг үсгээр бичигдсэн нэмэлт нөхцлүүдийг нь сайтар унших хэрэгтэй, тэнд л “усан доорхи чулуунууд” нуугдаж байдаг юм шүү. Энэ зээл хэнд ашигтай вэ гэдгийг бодох хэрэгтэй!
Санхүүгийн байдалдаа хөнгөмсөг хандах. Хүн зээл авахдаа түүнийгээ төлж барагдуулж чадахгүй гэж хэзээ ч боддоггүй. Гэтэл амьдралд янз бүрийн урьдчилан тооцоолоогүй зүйл гарч ирэх нь элбэг байдаг. Гэнэтийн том том зардлууд. Тэгэхээр нь дахиад мөнгө зээлдэнэ. Дараа нь дахиад зээлдэнэ... гэх мэтээр нэг мэдэхэд зээлийн цагирагт таг баригдчихсан, өөрийнхөө санхүүгийн байдлаа хяналтаасаа бүрэн алдчихсан байж байдаг. Амьдралаа өөрөө хянах биш, өр зээлнийхээ хамааралд бүрэн орчихно гэсэн үг.
Тиймээс хэрэглээний зээл авахынхаа өмнө бүх зүйлийг сайтар бодож жигнэж үзвэл зүйтэй. Зээл авах тухай бодохгүй байвал бүр сайн, амьдралаасаа зээл авах гэдэг асуудлыг бүрмөсөн хөөчихсөн байхад ч буруутахгүй. Зээл авч байснаас өөрийнхөө өмнө тодорхой, хүрч болох зорилгуудыг тавиад төлөвлөгөөнийхөө дагуу бага багаар ч болов урагшилж явсан нь хавьгүй дээр. Хэрэв зорилгодоо хүрэхэд урт хугацаа шаардлагатай байна гэж бодож байвал “За яршиг, хэзээ бүтнэ гэж явж байхав...” гээд буцах биш, харин ч цаг алдалгүй, яг одоо эхлэх хэрэгтэй бус уу! Өмнөө нэг сарын дотор хүрэх зорилго, жилийн дотор хүрэх зорилго, хэдэн жилийн хугацаатай зорилго гэх мэтээр тавь. Энэ замаараа явах явцдаа та өөр хүн болж хувирна, сайн тал руугаа өөрчлөгдөнө, энэ бол батлагдсан зүйл.
Олонхийг даган урхинд оролгүй өөрийн бодолтой бай, төгөлдөрж, өөрийгөө хөгжүүл – тэгвэл гарцаагүй амжилтанд хүрнэ, батлагдсан зүйл!
Орчуулсан Ё. Одончимэг, www.orosshkolton.mn |




Та банкинд өртэй байгаа цагт өөрийнхөө төлөө биш, банкны төлөө ажиллаж байгаа гэсэн үг.
Comments