|
||||
| Атаман Буман хоёр |
|
Өгүүллэг Хайр сэтгэл гэдгийг хэмжиж ямар болох бишдээ. Тэн хэмжээ, залуур жолоо үгүй. Ямагт ер бусын, ямагт төгс ариун, гэнэн цайлган байдаг. Аянга цахилгаан мэт хүчтэй ч хөөсөн бөмбөлөг шиг эмзэгхэн. Зовлон жаргалын золионд хүний дотоод сэтгэлийг өрх мэт хуулан жинхэнэ нүүр царайг нь илчилж хэн хэнийхээ хайр дурлал, хатан биеийг бүрэн бүтнээр нь, ариун журмаар нь шаарддаг хатуухан нэхэлтэй. Ийм шалгуурыг хоёул давахул жинхэн хайрыг олж тоонт гэрийн тулгуур хоёр багана мэт дурлалт хоёр тэгш агаад тэнцвэртэй байх ажгуу. Эл шалгуурыг хэн нэг нь давж эс чадваас хайр сэтгэл сарних аюултай. Хоёр баганын нэг тулахгүй бол өрх гэр нурна шүү дээ. Иймээс үнэнч хайр дурлал хэзээд мөнхийн, хэзээд залуу, ямарч хүнийг танигдахааргүй болтол нь өөрчлөх нууц далдын ид шидтэй. Тэр далдын хүчинд нь автан дурлаж, хайрлаж, баярлаж, бахархаж, шатаж, шаналж, хариу дурлалын амтыг өөрийн бие сэтгэлээр амсаж явна гэдэг юутай ч зүйрлэшгүй агуу зүйл. Бургалтайд нэгдэл бий болсноор ихэнх айлууд нэгдэлд орж зарим нь цаашид амьдрах арга ухаанаа олохоор энэ зааг дээр хот суурин газар бараадаж байв. Тэр үед нийслэл хот гэдэг бүх мөрөөдлийн туйл, сургууль соёл, ажил амьдрал, элдэв хачин, эрээн бараан ер нь л сайн, муугийн хооронд таван хуруу зайтай юм юмны эхлэл болсон, амьтай болгоныг соронз мэт татаж ёстой л зовлонт хүнийг жаргаадаг, золбин нохойг зоолуулдаг газар байлаа. Гэсэнч бид нутагтаа л үлдсэн юмдаа. Аав ээж хоёр маань нэгдлийн гишүүн, би сумын бага сургуулийн сурагч болж зовлон дуусаагүй ч элэг бүтэн, эдэлж ханаагүй ч жаргалтай л амьдарч одоо л нэг гайгүй болох нь дээ гэтэл хэнбгуайд ч тийм амархан заяадаггүй жаргал хэмээх энэ том зочин манай бор гэрт нэг ч их удаан саатсангүй, үүлэн чөлөөний наран мэт үүдэн хойморийн зайд хэсэгхэн гэрэлтээд гарахдаа аавыг маань авч бараа сураггүй одлоо. Хар дарсан зүүд мэт гэнэт ирсэн аюулт өвчин дөчин есөн насанд нь аавыг маань биднээс булааж “Дөч гарсан эр, дөрөө дарсан ат” гэж ир орсон сэлэм шиг гялалзан, ид амьдрах үедээ нүүдлийн шувуудын араас тэнгэрт халиав. Хоёул хоёулаа борив бохисхийлгүй зүтгээд нугалаагүй амьдралыг ээж ганцаараа яаж дийлэхэв дээ. Тэгээд л бид хоёр хотод байдаг ээжийнхээ ахыг бараадсан хэрэг. Хотод ирээд би сургуульд орох боллоо. Хотын хүүхдүүд цөм гоё хүрэн хилэн формын хувцас, ширэн цүнх, савхин гутал, ботинктай юм. Тансар хилэн цамцныхаа заханд цав цагаан давуу хадах аж. Би гэдэг амьтан тэхэд хөдсөн дээлтэй хөөмий гуталтай хөдөөний хүүхэд байсан болохоор хөх даалимбан дээл, хөдсөн түрийтэй ээтэн гутлаа өмсөөд даавуу цүнхээ сугалдаргалж дотор нь хэдэн дэвтэр хийгээд л очлоо доо. Хотын хүүхдүүд ч намайг шоолж байгаа бололтой байн байн харж инээлдсээр л байлаа. Сүүлд би формын хувцастай болсон л доо. Гээд би гаднаа формын хувцастай ч дотроо бол хөдөөнийх хэвээрээ л байлаа. Ээж бид хоёр хотын хүн болох гэж хирэндээ л их хичээсэндээ. Гэхдээ л бодлын мухарт Бургалтайн гол, түүний дэнжид бор гэр маань харагдаад хот хэдий сайхан ч хөдөө нутгаа мартаж чадахгүй л байлаа. Ээж маань хавар эртээ хөдөө гарч бор гэрээ барьж нэгдлийн хэдэн үнээ авч саан, намар орой болсон хойно л ахындаа идэш авч ирнэ. Би гэдэг амьтан сургууль тарахыг тэсэн ядан хүлээсээр тарангуут л араас нь ухаан малгайгүй яарсаар очидогсон. Гэртээ ирээд аавынхаа эмээл хазаарыг чилээг гарган үлдсэн ганц нэг морио унаж үхэр малаа харах дор нутгийн айлаар орж явах л надад дээдийн жаргал байсан хэрэг. Нутгийнхан маань намайг өрөвдсөндөө ч тэрүү, өхөөрдсөндөө ч тэрүү том хүн мэт хүндлэн, тэд хотын сониныг асууж, би ч дуртай нь аргагүй ярьж өгнө. Тэхэд л би өөрийгөө өрх толгойлсон эр гэж тоочихоод их додигор явлаа л даа. Намайг хэн ч, хаана ч ингэж тоож байсан удаагүй. Хотод ирээд л хавар болохыг хүлээж ядан нутгийн зүг, галт тэргэнд суун эргэн далласаар одох ээжийнхээ хойноос харан харан санаа алдаж гэртээ харих тэр өдрийг тэсгэлгүй хүлээдэг байлаа. Үүнээс өөр зүйл миний толгойд байсангүй. Ингэж явсаар би нэг мэдэхэд л долдугаар ангид орж ерөнхийдөө хотын хүн болж эхэлсэн юм даа. Улирал улирлын дундаас хавар цаг гэдэг нэг л ондоо тэр дундаас урин хаврын хөх зэрэглээг харж, тэр агаараар амьсгалж явах цаанаа л нэг сайхан шүү. Тэр үеийн олон зүйл мартагдсан ч зарим нэг тохиол сэтгэл зүрхийг минь хүч түрэн эзэмдсээр л байдаг юм. Одоо ч гэсэн уяхан хавартай цуг, өсч төрсөн хөдөө нутаг, хотод сургуульд орсон тэр нэгэн үе оюун санаанд минь зэрэг айлчилнам. Хот газар хавар болж буйн нэг шинж нь гадаа гудамжны хөдөлгөөн, дуу шуугиан нэмэгдэж үүргийн худалдаанд хуушуур бууз, элдэв амтатны үнэр хамар цоргин, хүүхдүүд дугуй унаж, бөмбөг тоглон, ахлан ангийн эгч нар шилэн оймстой нүцгэн хөлөө сайрын шувууд шиг гялалзуулан гүйлдэнэ. Хүвгүүд охидын араас сэм харуулдан эрээн цамцны захыг задгай тавин халимаг үсээ янз янзаар самнан хөшилдөж, хөгшчүүд зах банзан хашааныхаа үүдэнд гадаалан залуу насаа дурсан хууч хөөрцгөөнө. Цэцэрлэгт монос цэцэглэж түүний анхилуунд хаврын жавар уярч, салаа мөчир бүрд нь дэлбээлэх ер бусын өнгөнд хайрын бурхан хорогдон түүний дор инээлдэн суух залуу хос үнсэлдэхээ тэвчин ядаж бүрий болохыг яахан эс хүлээнэм. Их хотын төвд орших эдгээр цэцэрлэгт л жинхэн хавар болдог байсан юм даа. Харин манай ахын суудаг Рашааны гудамжинд аль аль нь байсангүй. Цас мөс хайлж түүн дороос намрын хаясан хог новш цухуйн элдэв үнэр ханхалж байснаа хэд хоноод л хуурайшин улаан шороо шуурч нүүсэн айлын эзгүй хашаанд үлдсэн хөгшин ганц улиас бүх мод ногоорсны дараа л сая нахиалана. Хүнээр бол өтөлж бүр зөнөглөөд хөгжил нь удааширсан ганцаардмал амьтан. Миний орсон Сүх жанжны нэрэмжит хоёрдугаар дунд сургууль бол яах ч аргагүй хотын төвд орших Монголдоо хоёрт орох том сургууль, нэгд нь маршалаар овоглосон нь ордог байв. Гадаа жинхэн амьдрал цэцэглэж байхад багш нарт цагдуулан дөрвөн ханын дунд модон сандайлга дээр ягшуурагдуулж тэр сайхан цагыг өнгөрөөнө гэдэг ямар л олигтой байхав дээ. Цонхны дэргэд сууж гадаа өрнөж буй үйл явдлыг ядаж хааяа ч гэсэн харах гэж тэр суудлын төлөө өрсөлдөнө. Манай анги нэгдүгээр давхарт, ердөө л гуравхан цонхтой. Эхний цонх буюу багшийн өмнөх ширээнд манай ангийн хамгийн сахилгагүй атаман хочтой Шагдар, аравжар хочтой Хашхүү пацаан нар суудаг байлаа. Тэд ард суухаараа цонхоор гадаа гараад явчихдаг тул багш зориуд өмнөө суулгасан хэрэг л дээ. Дараагийн хоёр ширээний төлөө бид өрсөлдөж тэр нь хэрүүл болж, хэрүүл нь зодооноор, зодоон нь цустай л голдуу төгсөнө. Тэр үед сургууль бүрд бүр бага ангиас орос хэл зааж эхэлсэн юм. Катаев, Фадеев, Полевой нарын Хорооны хүү, Ниргэлт, Жинхэн хүний тухай тууж зэрэг алдарт романууд орчуулагдан, Чичлүүр хутга, Тимур ба түүний команд, Барагдашгүй өшөө авагчид, Невийн Алексадр, Садко гээд л олон орос кино “Ленин клуб” хэмээх орос маягын гоё цагаан байшинд гарч бид билетийн касс-д очерлож буфетэд орж компот, морожин, колбаса авч тэдгээр киног үзнэ гэдэг тэр үедээ л дээдийн дээд жаргал байлаа. Иймээс энэ бүхнийг мартана гэж юуны хэрэг билээ. Хагас, бүтэн сайн болохыг тэсч ядан хүлээх бидний ярианд аяндаа л атаман, пацаан, хулиган, морожин, билет, касс, очер, компот, колбаса гээд л олон орос үг хүч түрэн орж бүр моод болоод байсан юм. Ихэнх үгийг сүүлд монгол хэлэнд хөрвүүлсэн ч атаман, пацаан, хулиган гурав нэг л болж өгөөгүй өнөөг хүртэл хэвээр үлдчихсэн юм. Би Ленин клубт очих тоолондоо тэнд цугларсан олныг алмайран харж тэр дундаас орос сургуулийн монгол охидууд содон байдагсан. Өмссөн хувцас хунар, байгаа байдал нь цаанаа л нэг ондоо, хоорондоо оросоор нэвтэрхий гоё ярилцан, орос гялгар ботинк, пальто өмсөн, үснийхээ үзүүрт улаан тууз зүүж гоёно. Тэдний дунд Буман гэж монгол охин байлаа. Би Бумантай сургуулийн уулзалт дээр хамт үдэшлэг хөтөлж танилцсан юм. Орос хэлний хичээл орсноор манай сургууль, орос сургуулийнхантай уулзалт хийж уралдаан тэмцээн болдог байлаа. Тэмцээнд орос сургууль талаас Буман, монгол сургууль талаас би багийн ахлагч болж таарчээ. Орос сургуульд том дарга нарын хүүхдүүд орох ба жирийн бид бол монгол сургуульдаа л орно. Буман том даргын хүүхэд боловч их даруухан хөөрхөн зантай долгиолсон хар үстэй хачин гое хувцасладаг охин байж билээ. Монгол хүүхдүүд тэдэнд өөрсдийн сурсан орос дуу шүлгээрээ хэлний авъяасаа үзүүлж орос сургуулийнхан элгээ хөштөл инээлддэг байв. Тэхэд Буман Константин Симоновын “Жди меня” гэдэг алдарт шүлгийг уншсан юм. Эх орны дайны хүнд үед утга агууллага, уран оновч, шулуун үгээр бичигдсэн энэ шүлэг дайн тулаанд явах цэрэг эрс болон тэр үеийн хүн бүхний сэтгэл зүрхний угт хүрдэг байж. Үүнээс хойш би тэр шүлгийг ахин дахин цээжилж оросоор уншдаг болчихсон юм. Олон жил өнгөрсөн боловч энэ шүлэг миний цээжинд үлдэж залуу насыг минь эрхгүй санагдуулж байдаг юм.
Жди меня Жди меня,и я вернусь. Только очень жди, Жди, когда наводят грусть, Желтые дожди, Жди, когда снега метут, Жди, когда жара, Жди, когда других не ждут, Позабыв вчера. Жди, когда из дальних мест Писем не предет Жди, когда уж надоест Всем кто вместе ждет.
Жди меня, и я вернусь, Не желай добра Всем кто знает наизусть, Что забыть пора. Пусть поверят сын и мать В то, что нет меня, Пусть друзья устануть ждать, Сядут у огня, Выпьют горькие вино На помин души... Жди. И с ними заодно Выпить не спеши.
Жди меня, и я вернусь, Всем смертям назло. Кто не ждал меня, тот пусть Скажеть: - Повезло. Не понять, не ждавшим им, Как среди огня Ожиданием своим Ты спасла меня. Как я выжил, будем знать Только мы с тобой,- Просто ты умела ждать, Как никто другой. Энэ шүлгийн үг бүрийг нь толь бичгээс харж орчуулсаар ингэж л би орос хэл бага сага сурсан даа. Манай ангийн атаман Шагдар бол долдугаар ангидаа хоёр улирч манай ангид орсон, биднээс биеэр ч насаар ч хавьгүй илүү биднийхээ дунд ёстой л атаман эр байлаа. Ном сурдаггүй, чухамдаа бол сурахыг ч нэг их хичээдэггүй, данх мэт данхар толгойгоо данхалзуулан хаана л хэрүүл маргаан болж байна тэнд аль хэдийнээ оччихсон байх агаад аливааг аав ээжийн бүтээсэн махан бодиор шийдэхийг урьтал болгодог нэгэн. Хувцас хунараа хэзээ ч анхаардаггүй түүний бакаал хэмээх орос цэргийн гутал байнгийн тоостой, формын цамцны цагаан зах тас хар байх агаад өөрөө баргийн юманд сэтгэл нь хөдөлдөггүй харин ангийн охид хүвгүүдийг хэн нэгэн шогловол хамраа сарталзуулан, данхар толгойгоо дамар мэт данхалзуулсаар очиж заавал жавтий хүртээхчихээд бусад цагт голдуу л уйтгарлан суух. Гэхдээ ийм насанд яаж л дандаа намрын тогооны өрөм шиг мэлийж хэнийг ч шоглохгүй байхав дээ. Тэхэд л бид атаманынхаа араас эхээ дагасан дэгдээхэй шиг хошууран гүйлдэж түүнийг бидний өмнөөс нөгөөх дээрэлхүү амьтанд жавтий хүртээхийг харж бахаа хангаж, цөсөө шингэлдэг байлаа. Анхандаа бид түрүүлж оччихоод атаманыгаа ирэх хооронд салам зодуулдаг байснаа сүлдээ түрүүлж гүйхээ болиод араас нь л дагадаг болчихсон юм. Нөгөөх Хашхүү нь биеэр жижиг ч билчээр томтой, их сэргэлэн пацаан. Янз бүрийн гоё хувцастай, формынхоо хилэн цамцны дотуур орос усан цэргийн хөх цагаан судалтай бүтүү захтай телняшка хэмээх цамц, мөн цэргийн суран бүс зүүн үсээ ч, гутлаа ч байнга тослон гангарч, хонх нь хангинаж толь нь гялалзсан унадаг дугуйгаар явдаг эр. Түүний аав нь хүнсний дэлгүүрийн дарга, ээж нь эмийн сангийн худалдагч. Тэд ганц хүүгээ газар тавилгүй өсгөж хүссэн бүхнээр нь хангаж хүзүүн дээрээ энхрийлдэг, Хашхүү ховор бүхнийг багш нарт олж өгдөг тэдний дунд захирлаас илүү хэрэглээтэй, түүнгүйгээр багш нарын амьдрал наашаа ч үгүй, цаашаа ч үгүй яг гацдаг тул эрээд олддоггүй тэр ховор бараанаас ч илүү, тун чухал хүн болсон хэрэг. Тэр үед идэх юм ховор, аравжарын хиам, алим жимс гэдэг бүр ч нүдний гэм байлаа л даа. Хашхүү пацаан нөгөөхийг аавынхаа дэлгүүрээс багш нарт зөөсөөр тэдний гүн ивээлд орж хичээл номоос илүү багш нарынхаа захиасыг л болговол бусад нь аяндаа бүтдэг байв. Тэгээд л “Аравжар” хочтой болж жинхэн нэр нь мартагдсаар ангийн журнал дээр л үлдсэн юм. Тэрээр нэг удаа ангидаа маш сонин юм авчирч билээ. Манай ангийнхан түүнээс нь авах гэж булаацалдсаар би ч бас түүнээс нь нэгийг авч үзсэн л дээ. Чухам юунд хэрэглэдэг, ямар учиртай, юу гээчийг мэдсэн юмгүй, цаасан ууттай дээрээ ямарч бичиггүй жижигхэн дугуй цагаан резин л байсан юмсан. Хүүхдүүд уутнаас нь гарган үлээж том бөмбөлөг болгон амыг нь зангидаад агаарт хөөргөж Аравжар нэг бөмбөлөг дээр ам, хамар, үс зурж, нүдний шил зүүлгэсэн нь манай анги даасан Цэрэндэжид багштай адилхан болчихсон юм. Түүнийгээ доороос нь хуруугаараа хатган агаарт хөөргөн “Цэрэндэжид нис нис” гээд л бужигнаж байтал багш ороод ирлээ. Бид сандарч дор бүрээ л нөгөөх бөмбөлөгүүдээ нуухыг оролдсон ч гараас гар дамжуулан нэгэнт дээш хөөргөсөн бөмбөлөгүүд өд мэт агаарт хөвж байснаа аажмаар доошлосоор шалан дээр буулаа. Харин нөгөөх зурагтай нь хөвсөөр багшийн ширээн дээр “Би чамтай адилхан байна уу?” гэсэн шиг зурагтай талаараа яг өмнөөс хараад тогтлоо доо. Гээд бидэнд ямар зөв байх вэ. Хүүхдүүд байр байрандаа сууж ямар шийтгэл ирэх бол хэмээн чив чимээгүй болцгоов. Цэрэндэжид багш нөгөөхийг хараад уурлаж байгаа ч гэж жигтэйхэн, хэн үүнийг авчирсан гээд л тачигнаж гарлаа. Хэн авчирч, хэн юу зурснийг тэр дор нь олж Аравжарын ээжийг дуудуулан маргааш нь хурал болж тэрээр ээжийнхээ эмийн сангаас гондоом гээчийг хулгайлж авсан нь илэрч бөөн юм болж Аравжир ч ээжээсээ нилээн сайн жавтий хүртсэн ч төдөлгүй мартагдаж тэгсгээд л өнгөрсөн дөө. Дараа нь Аравжар багш нарт хиам авчирч, бид гондоом гэж юу байдгийг тэхэд мэдэж авснаар энэ хэрэг намжсан. Ингэж бид гондоом гэдэг бас нэг шинэ үгтэй болсон юмдаа. Сүүлд төгсөх ангид ороод эвлэлийн гишүүн болоход монгол хэлэнд нөгөөх гондоомийг бэлгэвч хэмээн хөрвүүлж түүнийг яаж хэрэглэх тухай гайгүй сайн заалгаж билээ. Тэр үед дунд сургуулийн ахлах ангиудад эр эмийн ёс, бэлгийн амьдралын талаар шинэ хичээл орж туршиж байсан юм. Бид нэг иймэрхүү л амьдралтай өдөр хоног өнгөрөөж байтал нэг шинэ үйл явдал болж манай ангид нэг охин шилжин ирлээ. Аавтайгаа хамт ирсэн нөгөөх охиныг Цэдэв захирал, хичээл анги Хоовой, Гоогормаа багш, Цэрэндэжид багш, яам тамгийн бас нэг хүн дагалдан манай ангид ирж билээ. Бид ч нэгэн зэрэг нирхийн суудлаасаа босцгоолоо. Захирал багш -Сайн байцгаана уу? Хүүхдүүдээ гэхэд бид нэгэн зэрэг -Сайн, гэж тааз доргин шохой нь унатал хариулав. -Сууцгаа гэх командаар нэгэн зэрэг нирхийн сууж нам чимээгүй болж сая харваас нөгөөх охин нь миний танил Буман байв. Захирал багш Бумангийн аавд хандан - Сайдаа та охиноо хаана суулгамаар байна гэхэд тэрээр манай ангийг эргэн тойрон харж байснаа -Энд гэж багшийн өмнөх ширээг заав. Захирал маань ч дуулгавартай нь аргагүй толгой дохин, Цэрэндэжид багш ч тэр даруй тэнд сууж байсан Аравжар пацааныг босгон Буманг атаман Шагдарын дэргэд суулгав. Бумангийн аав нь сайд болоод тэднийх томчуулын суудаг засгийн ордны ар дахь олон давхар гоё байранд нүүж ирснээр охиноо ойролцоох сургуульд оруулсан аж. Ингэж манай анги жирийн бус, сайд нарын дэлгүүрт орж ногоон алим, аравжарын хиам бус, нар хамба, нанжин чавга авдаг, унадаг дугуйгаар бус улаан дугаартай хар тэргээр явдаг нэг охинтой болов. Тэрээр их цэвэрч нямбай, дух хавиар долгиолсон тасам хар үсээ арагш бус өвөр лүүгээ унжуулан үсэндээ чамин маягийн хавчаар хатган манай ангийн охидууд дотроос тэр ганцаараа шинэхэн авторучка барьж, шилэн оймс өмсдөг байв. Яриа дөлгөөн, харц намуун, үнэр тансаг агаад ер бусын царайлаг, түүний галбир ямар гоолиг гэж санана. Тэр үзэсгэлэнт охин гимнастикийн улсын шигшээ багт хичээллэж бас улсаас тусгай цалин пүнлүү авдаг гэнэм. Орос хэлээр гарамгай сайхан ярихаас гадна бас дээр нь хичээлдээ бүр сайн гээч. Түүнд ер нь муу юм юу ч алга. Ангийн хүвгүүд түүнд ойртон юугаар ч гэсэн туслах хүсэлтэй. Би ч гэсэн тэднээс хоцорсонгүй, гэхдээ надад телняшка цамц, унадаг дугуй, суран бүс аль аль байхгүй л дээ, хөдөө алаг үрээ минь л адуундаа бий. Гэсэнч би түүний хайрыг яаж татах вэ, Буманд яаж туслах вэ хэмээн өдрийн бодол шөнийн зүүд болдог, заримдаа түүнийг кинонд гардаг дайсанд баригдаад байхад нь Дандар баатар шиг алаг морьтойгоо давхиж очиод аварвал ямар гоё байх бол гэж боддог ч үе байлаа. Буман нэг удаа охидуудтай Явуухулангийн шүлгийн тухай ярилцаж байхыг би сонсчихсон юм. Тэхэд бид чинь Явуугийн хайрын шүлгийн уянгаар амьсгалж түүний “Мөнгөн хазаарын чимээ” гэж их гоё шүлэгтэй бас өврийн хармаанд багатахаар бүр жижигхэн хөөрхөн ном гарч тэр нь мэдээж мань мэтэд олдохгүй нүдний гэм болж байсан цаг. Би тэр номыг олоод Буманд дурсгачихвал ч... гэж л бодож байлаа. Харин тэр номыг хаанаас олох вэ? хэмээн өөртөө том асуулт манаж байтал нэг сонин тохиол болсон юм. Ээж маань тэхэд нэгдсэн гуравдугаар дугаар эмнэлгийн бөөрний тасагт сувилагч хийж байлаа. Тэдний эмнэлэгт нэгэн эмэгтэй хэвтэж дэргэд нь байнгын хүн байлгахаар ерөнхий эмч Лувсанбалдан шийдэж, тэгээд ээжид энэ ажлыг даалгаад “Энэ том дарга хүн хариуцлагатай бай” гэж захижээ. Тэр хүн бол Монгол төрийн нэрт зүтгэлтэн, Монголын зохиолчдын хорооны дарга Удвал агсан байсан юмсанж. Ингээд Удвал гуай гарахдаа ээжид баярласнаа илэрхийлж таны ачийг би марташгүй.Та захих юм юу байвал хэл гэж. Тэхээр нь ээж маань миний захиасыг санаад хэлждээ. Тэгээд л тэр номыг олж авсан хэрэг. Би тэр номоо хэнд ч үзүүлсэнгүй зөвхөн өөрөө л уншиж дуусгаад сэтгэл ихэд хөдлөн хайрын хүчинд өөрийн эрхгүй автаж, шөнөжин бичсэн шүлэгтэй захиагаа завсар нь хавчуулаад Буманд Мартын наймнаар сэмхэн атгуулчихсан юм. Гэтэл нөгөөх номны завсраас нь миний захиа уначихснийг манай ангийнхан олчихжээ. Хүүхдүүд нөгөө захиаг дамжуулж уншаад л, намайг даапаалаад л би ч бүр нүүрээ хийх газаргүй боллоо. Гол нь манай ангийн эрэгтэйчүүд... Тэд өөрсдөөсөө түрүүлж Буманд захиа өгсөн намайг ийнхүү шийтгэж, Буман номон дотор захиа байсныг мэдсэн ч үгүй, мэдэхийг ч хүссэнгүй өөртөө хэрэгцээтэйг аваад хэрэггүйг нь орхисон хэрэг, хот хүрээний тансаг айлын ганган хээнцэр охин хөдөөний хөдсөн дээлтийг тооно гэж яахыг хэлэх билээ. Тэгээд ч байдал нэгэнт ийм болсноос хойш нэрэлхүү зандаа дийлдээд ч гэхүү дээ, өөрөө өгч чадаагүй юмаа түүнээс нэхэх мэт захиаг нь аваагүй хүнээс би хариуг нь шаардана ч гэж юуны хэрэг байхав. Түүнээс хойш би ичээд Бумангийнхаа нүүрийг харж чадахаа болисон ч түүнийг дотроо л хайрласан хэвээр л байлаа. Гэсэнч би өөрт ирсэн хайраа иймэрхүү л аясаар алдчихсан юмдаа. Харин Шагдар Бумантай нэг ширээнд сууснаас хойш бүр шал ондоо хүн болсон. Хичээл дээр үймүүлэхээ больж цамцныхаа захыг өдөр болгон сольж нүүр гараа мөлчийтэл угаан, түрийг нь эргүүлсэн нөгөөх шороотой бакаалан гутлаа нулимж байгаад л байнга арчина. Бумангийн нүдэнд аль болох сайхан харагдаж түүний итгэлийг даахын тулд одоо тэр хичээлдээ сайн болох хэрэгтэй болждээ зайлуул хэмээн би дотроо даапаалж байлаа. Шагдар Бумантай яриа үүсгэх гэж хичээл номоо асууж нөгөөх нь ч түүний асуултад дуртайяа хариулж байгааг хүвгүүд хараад Шагдарт үнэхээр атаархаж байсныг нуух юун. Ингэсээр тэр Бумангийн дуулгавартай шавь нь болсон. Юун үймүүлэх, цонхоор харахтай манатай. Хамгийн гайхалтай нь нөгөө данхан толгойт чинь бүр сайн сурч ангийн дарга болоод зодолдохоо бүр болисон гээч. Бид уурласандаа бус атаархсандаа түүнийг Бумангийн дэргэд “данхан толгойт” гэхүл тэрээр маш их уурлаж царай нь хүрэнтэж байснаа Буманг харахаараа л гайгүй болчихдог юм. Хавар болж улсын шалгалт ойртоход Шагдар шалгалтаа сайн өхгүй бол Бумантай хамт наймдугаар ангид орж чадахгүй техникумд хөөгдөх байлаа. Хаврын шалгалт болоход Буман гимнастикийн тэмцээнд орж хичээлээсээ чөлөөлөгдөөд Шагдар бүх шалгалтаа амжилттай дуусгаж Бумангийн хамт наймдугаар ангид орох болсон юм даа. Ёстой гайхалтай. Энэ бол Шагдарын хувьд маш том баяр байлаа. Тэрээр одоо хичээл номдоо хэнээс ч дутахгүй Бумангийн найдвартай найз төдийгүй ангийнхаа хүүхэд бүрийн төлөө анхаарал тавьдаг үлгэр жишээч нэгэн болжээ. Буман өнгөн дээрээ мэдэгдэхгүй ч өрцөн цаанаа бол түүнд их сайн байсныг бид нэг удаа их сонин тохиолдлоор мэдсэн л дээ. Хаврын шалгалт дуусч сургууль дээр болсон үдэшлэг тараад явж байтал хэсэг хулиганууд Буман Шагдар хоёрыг хоргоосоор эцэст нь бөөн зодоон боллоо. Хоёр том хүүхэд Шагдарыг дундаа хийж байгаад л балбаж өгч байнаа. Араас нь даган баясдаг байсан бид хэд энэ удаад атаманыгаа аргагүй хамгаалах хэрэгтэй болсон ч хулигануудын өмнөөс гар сарвайх нь байтугай, ганц үг ган хийх хүн гарсангүй. Гэтэл харин Буман “БОЛЬЦГОО” хэмээн гэнэт чангаар хашгиран тэдний дундуур гүйн ортол нөгөөх хулиганууд цочиж бүр алмайран зогсцгоож байснаа өмнөөс том хүмүүс ирэхэд тэд цааш зугатаан алга боллоо. Буман Шагдарын дух, хамраас урссан цусыг тогтоохоор гоёлынхоо цасан цагаан хормогчийг юман чинээ ч бодсонгүй цуу татан боож, “Чи минь” хэмээн түүний цээжинд толгойгоо наан том том нулимс унаган уйлсаар л байв. Шагдарын цус тогтож тэд босч өөрсдөөсөө бусад хэнийг ч үл анзааран тэврэлдэж цааш алхалсаар бараа алдарлаа. Бид тэр хоёрын өмнө гэм хийсэн харцаар гэлбэлзэж байсан ч дотроо бол хайр дурлал гэж ямар агуу, ямар гоё юм бэ гэж бодсоор тэдний араас бахархан ширтсээр үлдсэн билээ. Хэрэв намайг Буман ингэж өмөөрсөн бол би өдөр болгон зодуулсан ч энэ хорвоод хамгийн жаргалтай хүн байх байсан нь лавтай. Намар сургууль цуглахад Буман тэр хоёрыг манай ангийнхан тойрон тэд үргэлж хамт явцгааж байлаа. Ингэж бид есдүгээр ангиа дүүргэж байтал монгол даяар цуурайтсан нэг том үйл явдал болсон юм. Бумангийн сайд аавын ажлын хариуцлага, дутагдлын тухай сонин хэвлэлд нийтлэн, Намын Төв хорооны шийдвэрийг орон даяар нэвтрүүлэн шуугицгааж гарлаа. Эцэст нь түүнийг намаас нь хөөж, ажлаас нь халаад, хөдөө нутаг заан явуулав. Ингэж Буман аав ээжийгээ дагаад хөдөө явсан хэрэг. Шагдар өмнөх замдаа эргэж орсонгүй бидний дунд сурлага сахилгаараа тэргүүлж явсаар зуны амралт эхлэв. Намар болж сургууль цуглахад Буман Шагдар хоёрын хэн хэн нь ирсэнгүй. Багшийн өмнөх ширээнд би Аравжарын хамт заларч атаман Буман хоёрыгоо тэгсхийгээд мартсан даа. Аравжар маань өмнөх шигээ өнгө зүс орж багш нарын ивээлд явсаар аравдугаар ангиа амжилттай төгсөөд онгоцны жолооч болохоор Орост сургуульд явсан. Хожим сонсоход Шагдар өөрт олдсон хайраа алдсангүй тэр зун Бумангийн хойноос очиж тэнд аравдугаар ангид хамт орсон аж. Хавар болж шалгалт эхлэх үед монголд бүх ард түмний спартакиад болж Буман мөн л хичээлээс чөлөөлөгдөн гимнастикийн тэмцээнд орж байгаад савлуур дээрээс унаад хүнд гэмтжээ. Бид түүний тэмцээнийг үзэхээр очидог байсан биеийн тамирын ордон, гэмтлийн эмнэлэгээр солигдов. Эцэст нь Буман суугаа болж энэ аюулаас салсан даа. Шагдар түүнээс ер холдоогүй өвчтөй хүнд үед нь эмнэлэгт сахисаар гайгүй болсон ч Буман тэхэд хөл дээрээ босч чадаагүй юм. Эмнэлгээс гарч тэд хоёул хөдөө очиж Шагдар түүнийг тэргэнд суулган түрсээр хамт оройгоор суралцаж төгсөөд гэр бүл болж тэндээ сууршсан хэрэг. Бид дунд сургуулиа төгсөж, би гадаадад суралцаж ирснээс хойш олон жилийн дараа Эрдэнэтэд явж байтал эхнэр хүүхдээ дагуулсан биелэг эр өмнөөс хараад инээгээд байх юм. Түүнийг би нөгөө данхан толгойгоор нь таньсан. Ингэж би нэг ангийн найз Шагдар Буман хоёртойгоо тааралдан гэрт нь очиж багын явдлаа дурсан элгээ хөштөл инээлдэн нэг үдшийг өнгөрөөсөн юм. Буман удаан эмчлүүлсний дараа бие нь илаарч явдаг болчихсон, намайг очиход тэр хоёр хөл болж Шагдар маань амттай сайхан хоол тэр дор нь хийхдээ ер түүртсэнгүй, намайг зочилсонд би хайр гэдэг үнэхээр хүнийг танигдахгүй болтол нь өөрчилдөг юм байна гэдгийг нүдээр үзэж билээ. Тэхэд би ийм хайр надад заяадаг болов уу гэж мөрөөдөж бас горьдож байсныг нуух юун. Би Бумангаас аав ээжийнх нь тухай асуухад тэр ингэж ярьсан юм. Хөдөө очoод аав нь нилээд уудаг болсоор архинд орж сүүлдээ бүр гудамжинд гарч гэнэ. Тэрээр үргэлж согтуу, заримдаа бүр гэрийнхээ гадуур танихгүй хүн шиг өнгөрдөг болов. Хааяа гэртээ ирэх болгондоо үргэлж хэрүүл оруултай л байдаг болсон аж. Сүүлдээ гэр орондоо огт ирэхээ байж гэнэ, хэрэв ээж нь байгаагүй бол гудамжинд хөлдөж үхэх байсан бизээ. Тэр өдөр аав нь согтуу гадаа гудамжинд хэвтэж байхыг ээж нь олж гэртээ авчирч л дээ. Гэсэнч нөгөөх нь гэртээ ирээд л агсам тавьж тогоотой хоолоо өшиглөн асгаад ээж нь уйлчихсан шалаа арчаад цөхрөн сууж байна гэнэ. Тэхээр нь Буман уурандаа -Ингэж амьд явахаар үхэж далд орсон нь дээр гээд хэлчихэж гэнэ. Ээж нь хажуугаас нь -Тэгж хэлж болдоггүй юм, миний охин, энэ чинь чамайг төрүүлсэн эцэг чинь шүү дээ гээд л уйлж байна гэнэ. Үүнээс хойш аав нь удсангүй нас баржээ. Нас барсны дараа удалгүй түүнийг ажлаас нь халж, нутаг заасан тэр сүртэй тогтоол үнэн байдалд нийцээгүй, иш үндэслэл муутай болох нь нотлогдож хүчингүй болгосны эцэст түүнийг цагаатгаж төр засаг ч алдаагаа засч санаа амарсан хэрэг. Харин цагаатгагдсан нь байгаагүй тул яая гэхэв, хувь заяа нь л тэр гэлцэв. Ээж нь аавынх нь дараа удсангүй насан өөд болжээ. Буман тэхэд би муу аавдаа юу гэж тэр муухай үгийг хэлэв дээ, гомдоож хэлсэн үг гохыг нь дарсан сум мэт эргүүлж болдоггүй хэвээр надад үүрдийн сануулга болон үлдсэн дээ. Багад минь хүзүүн дээрээ унуулан сургуульд ороход гараас минь хөтлөн хүний зэрэгт хүргэсэн аав минь хэмээн хичнээн харамсавч нэгэнт нас баржээ гээд л уйлж байсан даа зайлуул. Атаман Шагдар маань багынхаасаа огт өөр, үнэхээр аз жаргалтай өрх гэрийн тэргүүн, аавын буурьтай, ноён нуруутай эр болжээ. Багынхаас түүнд хэвээр үлдсэн зүйл бол хэзээнээс Бумангынхаа төлөө хувиралтгүйгээр тээсэн ариун хайр нь байлаа. Би тэднийхээс гарч явахад сэтгэл нэн хөдөлж “Сайхан хайр гэж байдаг юм шүү, тийм хайртай учирвал бүү алдаарай” гэж хэнд ч юм хэлмээр бүр чанга хашгирмаар санагдаад байж билээ. Н.Бадарч. 2007он, Арлингтон |





Comments
Зүсрэх бороог надаас оруулна
Нүднээс гарах сэтгэлийн илрэл минь
Нүүрэндээ инээх ч зүрхэндээ шаналсных
Дусал бүрийнх нь үнэ цэнэ
Дуугүй урссан дурсамж, өнгөрсөн бүхэн минь
Хар дарсан зүүд шиг өдрүүдийг
Харанхуй байсан тэр мөчүүдийг
Нулимсаараа би дэрээ угаасан
Нойтон зүрхнээс гарсан гомдол бүхэн
Норсон дэрээс минь нэвт үнэртдэг
Харамсаж, ухаараагүй бүхийн төлөө
Нууцхан унагасан нулимс минь үнэтэй
Нуугдаж хоцорсон чиний дүр хий хоосон
Тэр л нулимсаар өөрийгөө тайвшруулж
Тэр дуслуудад чиний хоолой сонсогдоно
Өршөө, уучил гэж мянгантай уйлавч
Өөрөөс минь урсана өршөөл бүхэн минь
Нулимсаар минь өнгөрсөн бүхэн минь урсаж байна
Нулимсаар минь чи минь бүхэлдээ урсаж байна
Ай да амьдрал аа гэж