|
||||
| Хувь заяаны эргүүлэг-1 |
|
Г. Куликовагийн зохиолыг "монголжуулан" орчуулсан Ё. Одончимэг, Б. Батбаяр Ханс өндөр үнэтэй сайн чанарын цаасан дугтуйтай захидлыг эргүүлж тойруулж үзэнгээ ”аллагыг дандаа л баян хүмүүс захиалах юм даа” гэж бодов. Дугтуйг цаасны хутгаар зүсэн задлахад “Марта Шнайдер. “Мөсөн уул” компанийн дизайнер, хаяг ..... гэсэн жижигхэн бичиг гарч ирэв. Ханс мэдээллийг хэд хэдэн удаа уншиж цээжлээд, мөнөөх бичгийг үнсний саванд хийж шатаалаа. Гал дүрэлзэнгүүтээ л хоромхон зуур шатаж дуусав. Яг ингэж л хурдан, нүд ирмэхийн зуур Марта Шнайдерийг зүйл дуусгах болно гэж Ханс бодов. Нэгдүгээр бүлэг Марта Шнайдерийг нөхөрт гарахаас нь өмнө Бадамын Марта гэдэг байлаа. Бадамын Марта бол европын эрлийз царайтай, сайхан бүсгүй. Хэдэн жилийн тэртээд, Улаанбаатарт дизайнерын товчоонд ажиллаж байхдаа, ажлын шугамаар Монголд ирсэн Германы сэтгүүлч залуутай танилцсанаар тэр хоёрын хооронд гал халуун дурлал үүсч, улмаар анх удаа Герман руу явсан аялал, дараа нь дурлалт залуугийн нь мөнгийг мөн ч ихээр шатаасан түм буман удаагийн улс хоорондын яриагаар үргэлжилсний эцэст Альберт Шнайдер тэр хоёр гэрлэсэн юм. Тэгээд Марта нөхрөө даган Берлинд суурьшиж, Марта Шнайдер гэгдэх болжээ. Альберт тэр хоёр бие биендээ дэндүү хайртай байлаа. Марта германаар маш сайн ярьдаг болохоор тэр хоёрын хувьд хэлний бэрхшээл ер байгаагүй билээ. Германууд түүний бага зэрэг аялгыг анзаардаг боловч, энэ нь тийм ч сүртэй юм биш байлаа. Мартагийн ээж нь бүхий л амьдралынхаа турш гадаадынхантай ажилласан бөгөөд өөрийнхөө мэдлэг туршлагыг охиндоо өвлүүлэхийн тулд бүхнийг хийж ирсэн билээ. “Гадаад хэл гэдэг чинь насны хоол л гэсэн үг” гэж ээж нь эцэс төгсгөлгүй үглэж, үгнүүд цаасан дээр бичүүлж, цээжлүүлдэг байж билээ. Марта Берлинд амьдарсан жилүүдэд өөрт нь хичнээн зүйл тохиолдож, амьдрал нь яаж өөрчлөгдөж ирснийг дурсан саналаа. Тэр энд бүр суурьших зөвшөөрөл авч, “Мөсөн уул” гэдэг рекламны чиглэлээр ажилладаг компанид мэргэжлийнхээ ажилд орсон билээ. Альберт тэр хоёр бие биендээ, хүмүүст, Германы зохих шатны байгууллагуудад хайр дурлалаа удаан хугацааны туршид баталж ирсэн юм. Ингээд хэн бүхний өмнө хайр дурлалаа “хөдлөшгүй баримтуудаар” бүрэн дүүрэн батлаад байж байтал, Альберт өөр эмэгтэйд хайр сэтгэлтэй болсноо хэлсэн юм.
Марта энэ тухай сонссоноо санах бүрт зуны халуун ч хүйтэн юм шиг санагдаж, хамаг бие нь жихүүцэн, зүрх нь ёгхийн эвгүйцдэг билээ. Одоо ч гэсэн зуны энэ сайхан өдөр Хөвсгөл далайн үзэсгэлэнт эрэг дээр нэг л хүйтэн ч юм шиг, жихүүдэс хүрэн чичрэх нь инээдтэй ч юм шиг... *** Марта санамсаргүй эргэж харахдаа онгоцонд түүнийг айлгасан нөгөө нэг залууг дахин олж хараад цочив. Энэ залуухан, царайлаг нөхөр тод өнгийн улаан цамц өмссөн байв. Залуу ТҮЦ-ийн хажууд гарынхаа алган дээр юуг ч юм эргэлдүүлэн зогсож байв. Тэрээр гонзгойвтор нүүртэй, үсээ хойш нь самнасан бөгөөд үнэтэй цаг зүүсэн харагдана. Марта тэр залуугаас үнэртэж байсан “Испанийн шөнө” гэдэг үнэртэй усыг санаад дахиад л жихүүцэв. Цаашдаа энэ үнэр түүнд үргэлж айдас төрүүлж байх байх даа. ...Онгоцонд суунгуутаа л Марта зүүрмэглэж байснаа унтчихсан байлаа. Гэв гэнэт цочин сэрээд мэдэрсэн зүйл нь айдас, мөн “Испанийн шөнө” үнэртэй усны үнэр байв. Онгоцонд цөөхөн зорчигч байсан болохоор олон суудал хоосон байсныг ч хэлэх үү, хаана сууж байсан нь ч бүү мэд тэр залуу Мартагийн дээрээс гартаа зузаан алчуур барин тонгойсон байлаа. Дахиад нэг агшин өнгөрсөн бол алчуураар түүний нүүрийг дарж, багалзуурдах байсан биз ээ. Тэр залуу түүнийг алахыг завдаж байж гэдэгт Марта бүрэн итгэлтэй байлаа. Гэвч яалаа гэж тэр билээ? -Шалан дээр энэ алчуур уначихсан байх юм. Таных биш биз дээ? Энэ халуунд ийм юмны хэрэг байдаг л юм байх даа. Таныг сандаргасанд уучлаарай. Сүүлчийн үг нь Мартад нэг л зэвүүн сонсогдож билээ... “Энэ нөхөр яахын аргагүй л намайг дагаад байна даа, цагдаад хэлдэг юм билүү” гэж тэр бодов. – “Гэвч юу гэж хэлэх билээ? Надад намайг алах гээд байгаа юм шиг санагдаад байна гэх үү? Цагдаа нар шууд л баримт асууж эхэлнэ. Би тэгэхэд нь: Монголд ирсэн цагаас л намайг хүн дагаж байна. Бүр Улаанбаатарт байхад л автобусны урдуур түлхсэн, азаар тэнцвэрээ олсон ч бараг л доогуур нь орохоо шахсан. Сансар хорооллын тэнд явж байхад дээрээс том чулуу шидсэн. Хөвсгөл рүү нисэх үеээр алчуураар ам таглаж, багалзуурдах гэсэн. Энэ бүхэн тохиолдлынх биш гэдэгт би итгэлтэй байна гэж хариулна. Надаас танд дайсан бий юу? Та ямар нэгэн үнэт зүйлс авч яваа юу? Эсвэл энэ хайр дурлалын асуудал юм болов уу? гэж асуух биз. - Үгүй дээ. Надад дайсан байхгүй. Найзууд ч цөөхөн. Үнэт зүйлс бол надад байтугай манай удамд ч хэзээ ч байгаагүй. Дурлалын хувьд бол миний нөхөр дөнгөж саяхан намайг хаяж, өөр хүнтэй болсон. Тэгээд л би энэ хар халуунд нутагтаа амрахаар ирээд Хөвсгөл далайг зорьсон юм,- гэж хариулна. –Та Германы иргэн юм байна. Яагаад заавал наашаа зорьсон юм бэ, Европод амрах сайхан газар бишгүй л байдаг?- гэж тэд дахин асуух байх л даа. - Бүгдийг мартах, сэтгэлээ сэргээх, цаашид яаж амьдрахаа шийдэхийн тулд ирсэн. Шинэ шинэ сэтгэгдэл өөртөө тээж, эх нутгаараа аялах шиг сайхан юм хаана байна вэ?- гэж би хариулна. -Та өөрийнхөө шархадсан зүрх сэтгэлийг тэгэж эмчлэх нь үү?- гэж хэн нэг нь дуу алдах биз. Тэр үед нь би уйлах юм шүү. Намайг хэн нэг нь өрөвдөх биз, тэгвэл...”- гэж бодсоор явлаа. Ингэж бодоод явж байтал, нөгөө сэжиг бүхий залуу машинд суугаад яваад өгөв. Марта дотор нь уужирч, өөрийгөө шоолон тэнэг амьтан шүү би гэж зүхэн, ямар нэгэн хүйтэн ундаа ууж, сэрүүцэхээр алхлаа. Гадаа талбайд зассан жижигхэн цэвэрхэн цайны газар орж, ширээний ард суугаад өөрийнхөө Берлин дэх амьдралыг үргэлжлүүлэн бодлоо. Түүнийг наашаа явахад нь үнэн сэтгэлээсээ өрөвдөж байсан хүн бол ганцхан Роберт Вебер л байсан байх. “Мөсөн уул”-д ажиллаж байхад тэдний ажлын ширээ зэрэгцээ оршдог байсан бөгөөд тэд найрсаг сайхан харьцаатай байв. Албан тушаал ахих боломж хоёуланд нь байхгүй гэсэн ерөнхий нэгэн төлөв ч тэр хоёрыг нэгтгэдэг байсан байж болох юм. Роберт өөрийнхөө ажилд дуртай боловч, өөрийгөө хэн гэдгийг таниулж чаддаггүй, бага зэрэг салан хүн билээ. Харин Марта бол өөрийгөө бүрэн дүүрэн үнэлдэггүй, нэр алдарт шунадаггүйгээс тэр биз ээ. Марта Германд ирэхдээ албан тушаалын шатаар өгсөнө, карьер хийнэ гэж огт бодоогүй, зөвхөн бат бөх гэр бүл, үр хүүхдүүд, гэр бүлийн аз жаргалыг л мөрөөдөж, нөхрийгөө амьдралынхаа утга учир гэж бодож байсан билээ. Гэтэл одоо “амьдралын утга учир” нь түүнээс яваад өгсөн байдаг. Хэнтэй гээч? Түүнтэй хамт ажилладаг Жейси Ким хэмээх солонгос бүсгүйтэй. Бас дахиад л Роберттэй хоёул зовлонгоороо нөхөрлөдөг байна шүү. Яагаад гэвэл Робертод Жейсигээс өөр хэн ч таалагддаггүй байлаа. - Аз жаргал миний хажуугаар л өнгөрөх юм,- гэж Марта Робертод гомдоллоо. - Үгүй дээ, гэж Роберт эсэргүүцээд: - Чи амьдралаас хэтэрхий ихийг хүсээд байна. Мэргэжилдээ гэвэл гялалзсан амжилттай байх, дурлалдаа бол галзуурсан юм шиг байхыг чи хүсээ юу? - Хүсэх ч хортой юм биш л дээ,- гэж Марта уйтгартайхан инээмсэглээд: - Би чинь одоо гучин таван нас хүрчихээд байна шүү дээ. Одоо би хаашаа ч явсан азын унаа эсрэг чиглэлд л явж байдаг болж дээ гэлээ. - Ямар нэгэн онцгой зүйл эдлүүлэхээр хувь заяа чинь чамайг хөтөлж байгаа ч юм билүү? - Тийм ч байж болох юм. -Тэр дуугүй байж байж, - уул нь хувь заяа минь эхлээд намайг дэндүү сайхан жаргаасан л даа. Дараа нь миний эсрэг болж, Альбертыг минь Жейсид өгчихлөө гэж гунигтайхан хэллээ. Марта энэ орой анх удаагаа, энэ бүхнийг орхиод Улаанбаатар руугаа буцдаг юм билүү гэж бодсон билээ.Гэхдээ тэнд очоод мөн л амаргүй байх болно. Амьдрах орон байрны асуулдлыг шийдэх хэрэгтэй, мөн ажлын талаар асуудал үүсч болох юм. Түүний багын найз Оюун нь Улаанбаатар ажилгүй дизайнеруудаар дүүрэн байна, ажилтай нь ч гэсэн хангалттай цалин авч чадахгүй байгаа гэж ярьж байсан. Оюун өөрөө хоёр жил рекламны компанид ажиллаад, муухан машины мөнгө ч хийж чадахгүй байгаа гэсэн. Тамхины утаа тасралтгүй суунаглах өрөөнд найман цаг компьютерийн ард сууж, эцэс төгсгөлгүй олон яаралтай захиалга гүйцэтгэх, тэгээд бас элдэв эвгүй зүйлүүд бишгүй л тохиолдож таарна, нэмээд цалин нь саатаж ирэх зэргийг Марта төсөөлж байлаа. ”Сэтгэгдэлдээ хөтлөгдөн, юу юугүй явах хэрэг байна уу даа? Би чинь Альбертыгаа л алдсан болохоос, ажилгүй болоогүй л байгаа шүү дээ. Нөгөө талаас гэх юм бол миний хувьд амьдралд сэтгэлийн жаргал эдлэх нь хамгийн чухал асуудал. Намайг одоо юу хүлээж байна вэ? Ганцаардал. Зөвхөн ганцаардал...” Ингээд л тэр энэ аялалд гарсан юм. Альберт тэр хоёрын танил, аялал жуучлалын компанийн эзэн нэгэн залуу утасдаж, Монгол явах жуулчны аялалыг санал болгосон билээ. Тэр залуу Мартад эх оронд нь ямар ч хөрөнгө үлдээгүйг мэдэж байсан болохоор Монголдоо очоод хаашдаа л зочид буудлаар байрладаг биз гэж тооцоолон, хямд үнээр эх нутгаараа аялаад ирэхгүй юу гэхэд нь, нөхрөөсөө салаад сэтгэлийн хямралтай байсан Марта “нээрээ, болохгүй нь юу байхав?” хэмээн бодоод зөвшөөрсөн билээ. Аяллын группынхэн гэж цөөн хүмүүс байлаа. Багаасаа Германд эцэг эхтэйгээ амьдарч байгаа орчуулагч- хөтөч залуу тэднийг удирдан явж байв. Тэрээр Монголын түүхийн тухай мэдлэгээр дулимаг боловч, монгол хүн гэдгээрээ бахархдаг нь сайхан санагдаж байв. Улаанбаатар хотын дурсгалт газруудаар хоёр хоног аялахад л ингэж бөөнөөрөө явах нь Мартад залхуутай санагдаж, бусдаасаа салж Оюуныдаа очив. Оюун нь бөөн баяр, хөл хөөрцөг болоход шууд л найз дээрээ ирээгүйдээ Марта гэмшиж байлаа. Дараа нь халдлагууд эхэлсэн. За яахав, дээврээс шидсэн чулуу тохиолдлынх байсан юм гэхэд, автобусны буудал дээр болсон явдлыг тохиолдлынх гэж хэн ч хэлэхгүй дээ. Марта яагаад ч юм , шууд л тачаангуй харцтай жижигхэн, хурдан хөдөлгөөнтэй хүнийг анзаарсан билээ. Тэр хүн автобусны буудал дээр Мартаг зогсож байхад байн байн араар нь холхиод байсан юм. Сансарын туннель руу автобус хөдлөх үед энэ хүн бүх чадлаараа Мартаг түлхсэн. Түүнийг шууд үхэл л хүлээж байсан боловч, Марта хажуудаа зогсож байсан оюутан залуугийн том цүнхнээс байдаг чадлаараа зуурч амжсан билээ. Азаар энэ цүнх их хүнд байж, Мартаг цүнхнээс зуурах үед оюутан залуу тэнцвэрээ алдан, нуруугаараа унахдаа Мартаг татаж унасан. Марта тэгэхэд өвдөгөө гэмтээсэн боловч, амьд үлдсэндээ баярлаж байлаа. Гайтай нөхөр аль хэдийн хүмүүс дунд уусан алга болсон байлаа. “Та чинь солиороо юу?”-гэж нэг авгай уурсан Марта руу хашгирч байв. Марта албаар энэ бүхнийг хийсэн юм шиг? Ёстой өөрөө л солиотой амьтан байсан даа,тэр авгай... “Испанийн шөнө” ус үнэртүүлсэн онгоцны тэр залуу бас байна. Ингэхэд одоо хэдэн алуурчин байна аа? Оролдлого нь бүтэлгүйтэхээр дараагийн хүндээ буухиагаа шилжүүлдэг хэрэг үү, энэ алуурчид чинь?” Марта муу юмны тухай бодохгүй байхыг өөртөө тушаав. ” Би чинь Хөвсгөл рүү сэтгэлээ сэргээх гэж л ирсэн биз дээ? Муухай бодлууд тонил цаашаа”. - Та юу захиалах вэ?- гэх дуу сонсогдов. Захиалга хүлээн нуруугаа үүрэн зогсох үйлчлэгч залууг одоо л анзаарлаа. Нутаг нэгтнүүд нь, ялангуяа зочид буудлын ажилтнууд Мартаг гадаадын хүн гэж хүлээн авч байлаа. “Хувцаслалтаас болж байгаа юм болов уу? Уул нь ч надад герман цус байгаа л даа,”- гэж бодов. Нас барахынхаа өмнө ээж нь түүнд “Чиний эцэг герман хүн” гэж хэлсэн билээ. Ажлаар олон удаа Герман явдаг байсан ээж нь нэг явалтаараа герман залууд ухаангүй дурлаж, энэ дурлалынх нь үр дүнд Марта төрсөн гэдгийг ярьж өгсөн юм. Эцгийнхээ овог, ямар нэгэн тодорхой зүйл мэдэхийг Марта хүссэн боловч ээж нь түүнд хэлээгүй билээ. Ээж нь ”эцэг чинь нас барсан”,- гэж хэлэхэд Марта үнэмшээгүй юм. Мартаг эцгийгээ эрээд эхлэх байх гэж айсан байх л даа. Марта бол тэгэж үндэс угсаа гээд гүйгээд байдаг хүн биш л дээ. Альбертад дурлахдаа энэ тухай бодож, үндэс угсаа нэгтэнтэйгээ учирлаа гэж бодсон билүү? Үгүй шүү дээ. Тэр зүгээр л Альбертад ухаангүй дурласан. - Надад жимс, кофе авчирч өгнө үү. - Кофе юу?- гэж асуунгаа монголоор ярьсанд нь илт баярласан үйлчлэгч залуу түүн рүү нүдээ ирмэлээ. Марта ч түүн рүү харан инээмсэглэв. Захиалгыг нь авчирч өгөнгүүт Марта жимс идэнгээ цүнхнээсээ сэтгүүл гарган уншиж эхэллээ. Уншиж суухдаа цаг хугацаа өнгөрснийг ч анзаарсангүй. Кофе нь хөрсөн байлаа. Марта үйлчлэгч залууг нүдээрээ хайсан боловч, түүнийг олсонгүй. Баарны сандал дээр түүний хормогч, лангуун дээр поднос нь байлаа. “ Тэр бие засахаар ч юмуу гарсан юм болов уу? Үгүй бол ээлж нь дууссан ч юм уу? Яасан ч байж болно шүү дээ.” Хэдийгээр ингэж бодсон ч гэсэн дотоод сэтгэлдээ хөтлөгдөн, аягатай кофегоо уухаа болилоо. Энэ үйлчлэгч “Испанийн шөнө” үнэртэй ус хэрэглэдэг тэр залуугаас халааг нь авсан алуурчин ч юм билүү? гэж бодлоо. Хажуугаар нь нэг үйлчлэгч өнгөрөхөд дуудаад асуувал, түүнд захиалга авчирч өгсөн тэр залуу үйлчлэгч биш болж таарав. Сайхан хүүхэнтэй танилцаад орхиё гэж эзэнд нь хэлээд хормогч, поднос авсан гэдгийг, тантай болзож уулзах гэсэн юм гээд гуйгаад байсан гэдгийг түүнд хэллээ. – Та уурлаагүй биз дээ? Марта өөрийн эрхгүй биеээ хураав. Хар кофенд ямар нэгэн хор хийхэд бараг юу ч мэдэгдэхгүй шүү дээ. Бурхан минь, одоо яах вэ? Эхлээд Марта цагдаад хандая гэж бодлоо. Гэвч энэ хөдөө газар нутгийн цагдаа нарыг дуудаж авчираад, энд хор байна уу, үгүй юу мэдээд өг гэх үү? Эсвэл нэг шил олоод, аягатай кофегоо хийж, түүнийгээ жижүүрийн цагдаад аваачиж өгөөд.... Ийм үйлдэл ямар ч явцгүй болохыг Марта ойлгож байв. Германд сурсан зан нь түүнийг цагдаад хандахыг зөвлөж байвч, төрөлхийн монгол зан нь бүх юмыг зүгээр байгаагаар нь орхихыг зөвлөж байв. Мартагийн монгол зан нь энэ удаад дийллээ. “Хордуулъя гэж бодсон ч хордуулаагүй л байна шүү дээ” гэж бодов. Гэсэн ч сэтгэл санаагаар бүр унаж орхилоо.
Хоёрдугаар бүлэг
Ханс өргөн мөртэй, булчинлаг, сайхан биетэй залуу билээ. Хүмүүсийн нүдэнд ил байдаг амьдралдаа бол тэрээр бие хамгаалагчаар ажиллаж, банкин дахь хадгаламжаа өсгөн, түүнээсээ татвараа төлдөг жирийн л иргэн. Захиалгат аллага хийхгүйгээр хангалуун амьдрах боломжтой болсон боловч, түүнд байнга л шинэ захиалагч нар хандах тул Ханс мөнгөнд нь болоод татгалздаж чаддаггүй байв. Одооны энэ захиалга нь Хансд их таалагдаж байв. Сайхан биетэй, хүрэн нүдтэй энэ царайлаг бүсгүй ямар ч баяр баясгалангүй, хувь заяандаа гомдсон нэгэн болохыг тэр хараад л ойлгосон. Мөрдөж явахдаа түүнийг байн байн хөмсгөө зангидах зуршилтайг нь анзаарсан. Хансын мөрдлөг эхэлсэн өдрөөс эхлэн Марта Шнайдер түүнд ямар нэгэн төлөвлөгөө зохиох боломж олгохгүй байлаа. Аялалаар явах нь давхцсан учир Мартагийн өдрийн дэглэм, заншил, дуртай зүйлийг нь судлах боломжгүй байлаа. Тэр бүсгүй Монгол руу явах аялалыг сонгосон нь бүр ч эвгүй байв. Ханс дэлхийн талыг тойрсон боловч Монголд хэзээ ч очиж үзээгүй байлаа. Ямар улс байдгийг нь ч сайн мэдэхгүй байсан нь түүний уурыг хүргэж байв. Гэвч өөр гарцгүй учир Ханс жуулчны товчоонд очиж бүртгүүлэн, Марта Шнайдерын хамт аялахаар шийдэв. “Би энэ ажлыг гүйцэтгэхээр амласан. Ухрах бол миний дүрмэнд байхгүй зүйл” гэж тэр шийдлээ. Хамгийн хэцүү нь хамтрагч олох ажил байлаа. Ханс бараг л хоёр хоногийг хэрэгтэй хүн олоход зарцуулав. Энэ залууг Бонноос олсон бөгөөд, тэр увайгүй нүдтэй, ази царайтай залуу өөрийгөө монгол гаралтай гэж хэлээд Давид гэж танилцуулав. Хамгийн гол нь тэр монголоор ярьдагт байлаа. Дараа нь орчуулагч авсан нь онож гэж Ханс нэг бус удаа өөртөө баярласан юм. Хэрэв энэ Давид байгаагүй бол Хансын бүх төлөвлөгөө Монголд ирэнгүүт л нуран унах байлаа. Ханс нөхцөл байдлыг хянах чадвараа алдан, захиалгаа шууд л хараанаасаа алдах байсан юм. Яагаад гэвэл Берлин рүү, гэр рүүгээ Марта буцаж ирээгүй юм. Давидын хамт аялалын групп арван хүнтэй байсан бөгөөд, замдаа бүгд л хоорондоо танилцаад авав. Тэгэхэд л Марта Шнайдер бол герман хүн биш, Улаанбаатар бол түүний төрөлх хот гэдэг нь мэдэгдлээ. Мартад герман жуулчидтай хамт явах нь төвөгтэй байсан бөгөөд, хоёр хоног Улаанбаатараар явсны дараа шууд л чөлөөтэйгээр төрөлх хотоороо явах хүсэл нь дийлж байгааг Ханс харж байв. Тэрбээр мөнгөө өгснөө ч тоолгүй, аялалаа үргэлжлүүлэхээс татгалзан, зочид буудлаас гарч явлаа. Герман хүн бол хэзээ ч тэгэхгүй дээ. Ханс, Давид хоёр түүнийг хараанаасаа алдахгүйн тулд их л хичээх хэрэгтэй болов. Давид зочид буудлын нэгэн ажилтантай ярилцан, машин хөлслөхөөр тохиролцож, нэг ямбий “Эксель”-ийн түлхүүрийг нэжгээд хэдэн доллараар сольж авлаа. Мартаг зочид буудлаас гарч явахад Ханс аль хэдийн өөрийн өмчөө машиндаа хийчихсэн түүнийг дагаж эхлэв. Марта түүнийг тулаад харсан ч танихааргүй болтол өөрийгөө өөрчилсөн Ханс сайхан залуугаас өтгөн буурал сахалтай хөгшин болж хувирсан байлаа. Давид харин хар нүдний шил зүүж, саравчтай малгай өмсөөд, би монгол хүн юм чинь анзаарагдахгүй гэж түүнийг итгүүлэв. Мартаг гуравдугаар хорооллын арван хоёр давхаруудын хойд талын байрыг хүртэл дагаж явсны дараа, Давид: - Биднийг мөрдөж байгааг та анзаарав уу?- гэж асуулаа. - Биднийг биш, энэ бүсгүйн араас л өчигдрөөс хойш мөрдөөд байгаа юм гэж Ханс хариуллаа. Тэдгээр мөрдөгчид ганц хоёулаа биш байсан бөгөөд, байсхийгээд л солигдож байгаад нь Хансын сэтгэл тавгүйтэж, монголын эрүүгийнхний тухай юу олж мэдсэнээ санах гэж оролдов. Ямар ч байсан нөхцөл байдал өдрөөс өдөрт хурцдаж байлаа.” Бага зэрэг л алдаа гаргавал энэ ойлгомжгүй нөхдүүд намайг ч мөн илрүүлэх магадлалтай шүү дээ. Тэгвэл харин ч нэг эвгүй юм болох байлгүй? Энэ ер нь юун хүмүүс юм болоо? Тэд энэ Мартаг эх орондоо ирснийг яаж мэдэв ээ? Хамгийн гол нь тэдний зорилго юу вэ? Сүрдүүлэг үү, аллага уу, гутаан доромжлох материал цуглуулах уу, эсвэл хамгаалж байгаа юмуу?”- гэх мэтийг Ханс эргэцүүлэн бодоод бодоод бодын шийр дөрөв болоод байв. Хөлстэй хувцастай байж чаддаггүй хүнийг албаар тамлах гэсэн юм шиг аймаар халуун нар Улаанбаатарт шарж байв. Ханс нөхцөл байдалд захирагдаж байгаадаа, асуудлыг шийдэх боломжгүй удаж байгаадаа бухимдаж байв. Ханс, Давид хоёр Мартагийн орсон байрны ойролцоох төмөр гараашуудын дунд машинтайгаа нуугдасхийн байрлаж хажуугийн ТҮЦ-т худалдаж байсан печень, кекс идэж, цэвэр ус уун нэг хоногийг өнгөрүүллээ. Давид Хансыг хуушуур, бууз зэрэг махан төрлийн юм авч идэхийг шууд хориглов. - Хүмүүс идээд л байна шүү дээ. гэж Ханс эсэргүүцэв. - Монголчуудын дотор эрхтэн өөрөөр зохион байгуулагдсан байдаг юмаа. Тиймгүй байсан бол тэд аль хэдийн энэ дэлхийд устаад үгүй болчихсон байх байсан гэж Давид хэллээ. Мартагийн хойноос мөрдөж буй үл таних хүмүүс ерөөсөө нуугдахыг бодохгүй байлаа. Харин ч машинаа шууд л орцны үүдэнд тавьсан байлаа. Маргааш өглөө нь Марта дахиад л аялахаар шийдсэн нь тодорхой болов. Мартаг гаргаж өгч байгаа хос залуус чемодан, цүнхийг нь барин гарч ирлээ. “Энэ чинь арай, бүх юм нь ойлгомжтой байдаг гайхамшигт орон - Герман руу минь буцаж байгаа юм биш байгаа даа” гэж Ханс сэргэлээ. “Тэгвэл ч бүр амар боллоо шүү”. Даан ч үгүй юм аа. Нисэх буудал руу явж, билет аваад, Хөвсгөл явах онгоцыг хүлээж эхлэв. Доллар энэ оронд их үнэ хүрдгийг мэдсэн Ханс, Давидэд хангалттай доллар өгч бүгдийг мэдэхийг даалгалаа. Гучин минутын дараа гэхэд л тэр хоёр Хөвсгөл явах онгоцонд сууж байлаа. Өөртөө итгэлтэй байхын тулд өнөөдөр Мартаг хэн мөрдөж байгааг Ханс тодорхойлох хэрэгтэй байв. Энэ ч тийм хэцүү ажил биш байлаа. Мартаг хэн мөрдөж байгааг Ханс шууд ойлгов. Улаан цамцтай залуу. Тэр залуу эргэж харахад Ханс арай л ухаан алдсангүй. Ханс энэ залууг мэддэг байлаа. Түүнийг Ларри Янг гэдэг ба тэр яав ч монголын эрүүгийхэнтэй холбоогүй хүн билээ. Тэр Лейпцигт амьдардаг ба Хансын адил ажил гүйцэтгэгч хүн билээ.Тэд хамтдаа нэгэн үүргийг гүйцэтгэж байсан үе байсан юм. “Захиалагчид Марта Шнайдераас найдвартай хагацахын тулд дахиад нэг алуурчинг хөлсөлсөн юм болов уу? Эсвэл энэ Марта бас өөр нэг хүний дургүйг хүргэсэн юм болов уу?” гэж Ханс янз бүрийн хувилбараар бодсон боловч болж байгаа үйл явдлыг ямар нэгэн логик утгаар тайлж чадсангүй. Ханс Ларри Янгтай уулзахыг ердөө ч хүсэхгүй байлаа. Одоо яавал дээр вэ? Янг Мартаг алахыг хүлээх үү? Ямар ч байсан Мартагийн хойноос мэдэгдэхгүйгээр мөрдлөгөө үргэлжлүүлэх Ханс шийдэв. Хөөрхий Марта өөрийн нь араас хоёр ч алуурчин дагаж байгааг хэрхэн төсөөлөх билээ?
*** Урьдчилан захиалсан байсан “Хөвсгөл далай” зочид буудлын ресторанд Марта орж ирлээ. Нөгөө улаан цамцтай нөхөр хөх цамц өмссөн байв. Цамцаа сольсон ч Марта түүнийг шууд л танилаа. “Ямар ч л байсан энэ намайг мөрдөж байна даа. Үгүй ч юм уу?. Зүгээр л миний амарч байгаа газар амарч байгаа хүн юм болов уу?. Ер нь зочид буудлын өрөөгөө өөрийнхөө нэр дээр үлдээгээд, өөр газар ганц, хоёр хоногийг өнгөрөөдөг ч юм билүү?” гэж Марта бодлоо. Оюуны нь нөхөр Өлзий түүнд байр хөлслүүлдэг айлын хаягийг өгч, тэднийх их сайхан үйлчилгээтэй гэдгийг хэлсэн билээ. Чемоданаа зочид буудалдаа үлдээж, тэр айлд очихоор Марта шийдэв. Гэрийн эзэгтэй Мартад жижигхэн боловч цэвэрхэн тохилог өрөөг үзүүлж, Марта ч тэнд байрлая гэдгээ хэллээ. Марта шүршүүрт орж аваад бөх гэгчийн унтаад өглөө. Ойрд тавтай унтаж чадаагүй тул маргааш нь үд хэвийх үед л сая нэг юм сэрлээ. Сэрэнгүүтээ Оюунтайгаа утсаар яриагүйгээ санаж, өөрийгөө зэмлэн, Улаанбаатарын кодыг залган утасдтал, Оюуны гэрийн утсыг өөр эмэгтэй авахад нь их гайхав. Тэр эмэгтэй ”Оюун байхгүй байна, нилээд хэд хоногтоо байхгүй л байх болов уу “гэж хэллээ. - Өлзий байна уу? гэж Мартаг асуухад: - Байхгүй ээ. Тэр хоёр хамтдаа Хөвсгөл явсан. Өчигдөр тэнд найз эмэгтэй нь нас барсан гэсэн,- гэж тэр эмэгтэй хэлэв. - Харамсалтай байна,- гэж Марта хариулснаа, сая ухааран: - Та юу гээд хэлчихвээ?- гэж асуулаа. - Хөвсгөлд найз нь нас барсан гэсээн. - Ямар найз нь гэдгийг мэдэхгүй биз? - Марта гэсэн байх шүү. - Та андуураагүй биз дээ? - Үгүй, андуураад байх юм байхгүй. Марта гэж л тэд хэлсэн. Чухам юу болсныг би мэдэхгүй. Та хэд хоногоос ярихгүй юу? Энэ эмэгтэйг утсаа тавингуут, Марта өөрийгөө чимхэж үзсэнээ гашуунаар инээмсэглэв. - Өөрийнхөө оршуулганд явдаг юм билүү дээ! Ерөөсөө л цагдаад хандахаас. Юутай ч, эхлээд зочид буудал руугаа явъя. Би чинь тэнд бүртгүүлсэн хүн шүү дээ. Энэ хачин мэдээлэл тэндээс л эхтэй дээ. Марта дахиад л айж эхэллээ. Зөн совин нь түүнд, ямар нэгэн юм болох шалтгаан байхгүй ч гэсэн түүний эргэн тойронд ямар нэгэн аймаар юм болоод байна гэдгийг хэлээд байв. Берлинд байхдаа тэр эгэл гэхэд дэндүү эгэл жирийнээр амьдарч байсан. Ялангуяа аллага, халдлаганд өртөх юу ч хийгээгүй шүү дээ. Альбертын өмгөөлөгч салалтын асуудлаар одоохондоо түүнтэй холбоо бариагүй байгаа. Тэгээд ч Марта гэрлэлтийн гэрээний бүх асуудлыг мэдэж байгаа. өхрөөсөө салсныхаа дараа тэр хуучин байсан өмчтэйгээ л үлдэнэ. Альберт ч гэсэн тэр. Тэгэхээр энэ зүгээс заналхийлэх зүйл байх ёсгүй... Шатаар бууж гадагшаа гараад Марта хаашаа эргэх билээ, баруун уу, зүүн үү гэж эргэн тойрноо харлаа. Хажууханд нь нилээд их хүн, машин явах өргөвтөр зам, түүний эсрэг талд машины зогсоол байлаа. Марта, ногоон машины дэргэд зогсон түүнийг анхааралтай ажиглах эрийг шууд анзаарлаа. Богинохон үстэй, нарийхан сахалтай, цайвар өмдтэй, судалтай цамцтай хүдэр залуу байв. “Энэ чинь юу билээ? Бараг тав дахь алчуурчин – мөрдөгч болж байна уу? Ямар ч байсан гадаад байдал нь эвгүй л нөхөр байна. Ийм гараар над шиг эмэгтэйг байтагуай зэрлэг араатанг ч багалзуурдаж дөнгөх байлгүй?” Марта хашаанаас гарангуутаа л энэ танихгүй эр рүү гайхан харж зогтуслаа. Яагаад гэвэл тэр эр яахын аргагүй түүн рүү хандан дохин зангаж байв. Тэднийг замаар давхилдах машинууд зааглаж байлаа. Марта замын захад “ яадаг юм билээ “гэж гайхширан зогслоо. Танихгүй эр, Мартаг зам гарахыг хүлээж тэвчилгүй, германаар: - Марго, одоохон нааш яваад ир!- гэж дуудав. Марта эргэн тойрноо гүйлгэн харснаа, өөртөө: “Сүүлийн үед хүмүүс галзуурч байгаа байхаа. Үгүй бол би өөрөө ёо-ёотой болсон юм болов уу? Энэ одоо хэн юм бол оо? Яагаад тэгээд намайг Марта биш, Марго гээд байгаа юм болоо?” гэж бодов. - Марго, миний тэвчээр барагдаж байна. Хурдан нааш ир!-гэж нөгөө танихгүй эр дахин дуудав. “Энэ булиа эрийн тэвчээр нь барагдвал намайг юу болгох вэ, бурхан минь. Тэгснээс үүнтэй ярилцах нь арай бага эрсдэлтэй байх”- гэж Марта шийдлээ. ”Зугтаавал лав араас хөөнө дөө, тэгвэл ч миний зүрх хагарах биз.” Марта машины зогсоолыг анхааралтай харлаа. “Арай энэ олон гэрчүүдийн нүдэн дээр намайг алахгүй биз”. Тэр уруулаа шийдэмгий жимийгээд зам хөндлөн алхлаа. Яг энэ үед тоос болсон жижиг ачааны машин хар эрчээрээ Мартаг чиглэн давхиж ирлээ. Марта зогтусан хойш болсон боловч, ачааны машин баруун гар тийшээ даран Мартаг дайрах нь ээ. Марта, нөгөө танихгүй эр маш хурдан түүний зүг гүйж байгааг анзаарч амжив. Амьдралдаа ч хүн тэгэж хурдан гүйдгийг Марта хараагүй билээ. Сүүлийн хоромд энэ эр аварга том харайлт хийж, үхлийн ирмэг дээр байсан түүнийг бараг л дугуйн дороос түлхэн зайлуулав. Марта цементэн зам дээр хүчтэй унахдаа ухаан алдлаа. Сэргээд нүдээ нээтэл, нөгөө түүнийг аварсан сахалт нөхөр өөрийг нь анхааралтай ажиглаж байв. Тэр нэгэн зочид буудлын үүдний танхим дахь том буйдан дээр, толгой дороо дэр хийчихсэн хэвтэж байлаа. Буудлын ажилтнууд нилээд цаана зогсоцгоож байв. Марта өндийхийг оролдсон боловч, толгой нь хүчтэй өвдөхөд, өөрийн эрхгүй ёолон, эргээд хэвтэв. - За за . Май үүнийг уу! Арай гайгүй болно,- гэж сахалт хэлээд түүнд аягатай ус өгөв. Марта усыг дуустал нь уучихав. ”одоо хор өгөх байсан бол машин дороос татаж авахгүй л байсан байлгүй?” Юм хэлэх гэтэл дуу нь гарч өгсөнгүй. - Юу ч битгий ярь. Дуугүй суу! - гэж сахалт эр тушаан гарыг нь илэнгээ: – Нэг их сүйдтэй юм болоогүй байна. Би чамд тайвшруулах эм өгчихсөн, одоо чи замын турш сайхан унтана. Нөхөр чинь бидэнд хувийн онгоцоо илгээсэн байна. Бид одоо Улаанбаатарт очингуутаа л шууд Мюнхен рүүгээ буцах болно,- гэж тэр хэллээ. - Мюнхен рүү? Яагаад тийшээ гэж? Та хэн бэ? гэж Марта хамаг хүчээ шавхан гайхан асуув. Сахалт түүний хэлж байгааг тоох янзгүй: - Чиний юмыг буудлаас чинь аваад ирсэн. Одоо ингээд явъя. Марта бүх хүчээ шавхан буйдангаас босох гэж оролдсон боловч, сахалт түүнийг аяархан түлхэж буцаан суулгав. - Машинаа шууд л хаалган дээр аваад ир!- гэж сахалт эр туслагч ч юмуу нөгөө хүндээ тушаан түлхүүрээ өглөө. Тэр нь гарч явав. Мартагийн бодол санаа, биеийн байдал өвдөлтөөсөө ч юмуу, эмнээс ч юмуу нэг л манантан дуниартаж, эвгүй болж ирлээ. Тэр өөрийг нь тэврэн өргөж, нэг тийшээ авч явж байгааг мэдэрч байсан боловч хөдлөх тэнхэл байсангүй. Хэдэн минутын дараа тэдний машин онгоцны буудал руу давхилаа.
***
Хар лимузин гайхамшигтай сайхан замаар давхиж явахыг мэдрэнгүүтээ, Марта энэ бол Улаанбаатар яавч биш байна гэж бодлоо. Өндийгөөд цонхоор хартал Берлин ч биш байлаа. Мюнхен руу явах юм яриад байсныг санав. Бас гайхав: ”Би ийм удаан ухаангүй байсан хэрэг үү? Нээрээ Мюнхен байна шүү дээ?” Урагшаа хартал сахалт эр, жолооч хоёр дуугүй, замаа ширтэн давхина. Марта өөрийгөө сэрснийг мэдэгдэхгүйг хичээв. Толгой нь, мөн зам дээр унахад нь гэмтсэн өвдөг, гуя нь өвдөж байв. Сахалт хааяа хааяахан жолоочтойгоо хэд гурван үг сольж байв. Юу болж байгааг ойлгохын тулд Марта тэдний амнаас унасан үг бүрийг шуналтай нь аргагүй сонсож байлаа. -Вилгельм яаж байна?-гэж сахалт асуув. - Бухимдсан амьтан,бөөн уур л байна.Нөгөө Эрикийг нь чи яасан бэ, Михаэль аа? - Харин хамгийн сонирхолтой нь тэр Эрик нь үүнтэй хамт байгаагүй. Энэ ганцаараа байсан. - Үгүй яахав, нөхөр нь жаахан тайвшрах л юм даа.Нууц амрагтайгаа зугтаасан гээд л байсан биз дээ. Марта нөмөрсөн бүтээлэгнийхээ дор жихүүцэж, унтаа байдалд байгаа тархиа ажиллуулах гэж оролдлоо. “Энэ, үүнтэй” гэх мэтээр ярих нь намайг хэлж байгаа бололтой юм. Мюнхений иргэн Вилгельм гэгчийн эхнэр нь Эрик гэгч нууц амрагийнхаа хамт алга болсон бололтой юм. Нөхөр нь энэ хоёрыг хөлсөлж, эхнэрээ эргүүлж авчрахыг даалгаж дээ. Тэдний сураг яагаад ч юм бэ Монголд гарч, тэгээд тэнд энэ учир битүүлэг будлиан болсон юм шиг байна. Вилгельмийн эхнэрийн оронд энэ хоёр мангар намайг барьж авсан байна.”-гэж таалаа. - Тэрри,бүгдээрээ шууд л арын хаалгаар оръё! Унтаж байгаа хүмүүсийг сэрээхгүйгээр аяархан орох хэрэгтэй. Үүнийг өргөөд оруулахаас. Сахалтын ингэж хэлэхийг сонсоод Марта биеэ барьж чадахаа болив. Үүнийг өргөөд оруулъя гэнэ шүү! Эд бараа биш дээ, ямар. - Хүүе! Та хоёр сонсож бай. Би аль хэдийн ухаан орсон. Юу болоод байгааг тайлбарлаж надтай ярихыг би шаардаж байна. - Марго, чиний сэрсэнд би баяртай байна. Тэгэхдээ чи одоо тайван байх нь дээр шүү. Нөхөр чинь тийм ч сайхан зантай биш байгаа. Түүний уурыг улам хүргээд яахав, чи мэдэж байгаа шүү дээ? - Та нар бөөн будлиан, ёстой бөөн бантан хутгачихаад байна шүү дээ. Та нар намайг өөр хүнтэй андуураад байна. Оройтоогүй байгаа дээр нь учрыг нь олцгооё. Миний үгийг аан гээд сонсож бай. Миний нэр бол Марта Шнайдер. Би Монгол руу жуулчны шугамаар аялалд явсан. Ер нь бол би Берлинд амьдардаг,- гэж Марта хэллээ. Харин өөрийнхөө үндэс угсааны талаар хэлсэнгүй. Улам л будлиан болохын нэмэр биз дээ. Сахалт, жолооч хоёр бие бие рүүгээ дуугүй харцгаав. Тэдний харц юу өгүүлж байгаа нь Мартад харагдахгүй байв. - Марго, маргааш бүхнийг ярилцъя,- гэж Михаэль хэллээ. Энэ хоромд тэдний лимузин том гэгчийн хаалганы өмнө зогсов. Хаалга аяархан онгойж, лимузин сайхан зассан замаар явсаар ордон шиг байшингийн өнцгөөр эргэж зогслоо. Михаэль жолооч хоёр түрүүлж буугаад, Мартад хаалга онгойлгож өглөө. - Үгүй ээ, маргааш биш. Бид одоохон учраа ололцох хэрэгтэй,- гэж Марта бараг л хашгирлаа. - Марго, одоо болохгүй ээ. Нөхрөө сэрээсэй гэж чи хүсээгүй биз дээ,- гэж Михаэль аяархан хэлэв. Михаэль Мартагийн гараас барихыг завдтал, Марта хойшоо ухарч, хөлөө дэвслэн: - Харин тэрийгээ сэрээгээд аваад ир. Тэр чинь намайг хараад шууд л эхнэр нь биш байна гэдгийг хэлээд өгнө. Та нарыг ёстой нэг болгож өгөх байлгүй,- гэж уурлалаа. - Хадагтай Круоэл!- гэж аяархнаар жолооч түүнийг дуудав. Энэ жолооч туранхай, бүлтгэр нүдтэй жижигхэн залуу байлаа. - Би ямар ч хадагтай Круоэл биш ээ. Тэр Вилгельмээ нааш нь аваад ир. Та нарт хэлээд өгөг!- гэж Марта хашгирлаа. Түүнийг хашгирч байхад хоёр давхрын гэрэл асч эхлээд нэг цонх, дараа нь хажуу дахь цонх нь гэрэлтлээ. - Бурхан минь. Тэрри, наадахаа бариад ав,- гэж Михаэль хэлэв. Тэрри нэг л итгэл муутай царайтайгаар Марта руу дөхөв. - Аа аа! гэж Марта орилоод, гутлаа сугалан Тэрри рүү шидэхээр зангаад зугтаалаа. - Мөн сэмхэнээр орвоо,- гэж Михаэль хэлээд Мартаг хөөлөө. Михаэль амьсгаадан хөөх нь түүний араас динозавр элдэж байгаа мэт Мартад санагдаж байлаа. Одоохон бариад авах нь дээ гэж бодонгуутаа Марта байдаг чадлаараа: - Круоэл, гараад ир! Айгаагүй бол хурдан гараад ир, новш минь,- гэж орилов. - Новш нь энд аль хэдийн байж байна,- гэсэн захирангуй дуу гарлаа. Тэгтэл прожекторын гэрэл асч, яг л өдөр шиг гэгээтэй боллоо. Михаэль, Тэрри хоёр, Марта ч бас шууд зогсож, зуун наян градус эргэн харлаа. Арын хаалганы хажууд дөч гаруй насны, өндөрдүү биетэй эр өмднийхөө халаасанд гараа хийн зогсож байв. Царайлаг, сайхан хүн байлаа. - Чи согтуу байгаа юмуу,- гэж тэр Мартагаас асуув. - Круоэл! Та Мюнхений Вилгельм Круоэл мөн үү?- гэж Марта тодруулан асуув. - Их инээдэмтэй байна. Тоглох цагаа олж дээ,- гэж тэр хүйтнээр хариулав. - Над руу сайн хар даа. Миний нүүрийг харж байна уу? гэж Марта хэлээд хүзүүгээ эргүүлж тойруулж царайгаа тал бүрээс нь үзүүлэх нь хэрэгт дуртай яст мэлхий шиг харагдаж байлаа. - Харж л байна. Тэгээд юу гэж? - Юу, юу гэж гэж? Та одоохон бүх хүнд дуулдахаар энэ миний эхнэр биш байна гээд хэлээдэх. - Харамсалтай нь чи миний эхнэр. Эрик чинь энд байхгүй нь харамсалтай байна. Түүнд үүнийг сануулахад илүүдэхгүй юмсан. - Би ямар ч Эрикийг танихгүй. Жүжиг тоглохоо больвол яасан юм бэ? Ямар нэгэн арга хэмжээ аваач гэж танаас гуйж байна? - Юу гэнээ? - Энэ хүмүүстээ намайг онгоцны буудал хүргэж өг гэж тушаагаач. Би Берлин явмаар байна. Ямар Монгол руу буцалтай биш. Намайг хилээр нууцаар оруулж ирсэн шүү. - Хонгор минь. Чи хэтэрхий их бухимдсан байна. Тэгээгүй бол юу гэж ийм дэмий юм ярих вэ,- гэж тэр хүйтнээр хариуллаа. Мартагийн уурыг хамгийн ихээр хүргэж байсан зүйл нь ”нөхрийнх нь” дэндүү тайван байгаа байдал байлаа. Энэ ихэмсэг, омгорхог байдлыг нь одоохон болиулж “хандыг нь хага дарахыг” Марта хүсэж байлаа. - Тэгээд би таны эхнэр хэрэг үү? - Тиймээ, харамсалтай нь чи миний эхнэр. - Май тэгвэл... Марта Круоэлийг алгадаад хаялаа. Гэтэл тэр толгойгоо ч хөдөлгөсөнгүй. Хацраа ч илсэнгүй. Зүгээр л Марта руу хараад зогсоод байв. - Михаэль! Дээр малын эмч байгаа. Түүнийг дуудаад ир!- гэж Круоэл дуугаа ч өндөрсгөлгүй хэллээ. - Малын эмчээ? - Тиймээ. Тэр л яг хэрэгтэй байна.Миний эхнэр мал шиг л болчихож. Мөн хамаг бие нь хөх няц болчихсон байна. Шөнийн клубт зодолдоо юу? - Үгүй ээ, Вилгельм ээ. Машинд мөргүүлчихсэн юм,- гэж хэлээд Михаэль хаалгаар орлоо. - Хашаа эргэн тойрон цахилгаан гүйдэлтэй байгаа. Чи зугтаж чадахгүй. Чиний адал явдал дууссан гэдэгтэй эвлэр. Өнөөдрөөс эхлэн би чамд урьдынхаасаа илүү анхаарал халамж тавих болно,- гэж Вилгельм маш ёжтой бөгөөд хүйтнээр хэлэв. - Би тэгвэл яг одоо чамайг халамжилмаар байна,-гэж хашгираад Марта түүн рүү гараа зангидан дайрлаа. Круоэл цохилтыг амархан хаагаад, гарыг нь барин авч тэвэрлээ. Марта хамаг хүчээрээ тэмцэлдэн ноцолдохдоо монголоор хараал зүхлийг урсгаж гарлаа. Энэ үед малын эмч гараад ирсэн байлаа. - Нохой хаана байна вэ? Тариа хийх юмуу? Хэн, юу, яаж галзуураав? - Миний эхнэр. - Би чинь.... - Эмчээ, бушуухан тариарай! Тэгэхгүй бол энэ биднийг бүгдийг нь хазах нь байна. Цааших явдлыг Марта бараг санахгүй байлаа. Байшинд оруулж, урт коридороор удаан явсны дараа, нэг харанхуй өрөөнд оруулж, орон дээр хаясныг л мэдэж байв. Тэгээд л унтчихсан байлаа.
Гуравдугаар бүлэг
Мартаг сэрэнгүүт шөнө болж өнгөрсөн үйл явдлууд толгойд нь шууд л орж ирэв. “Би олзны хүн болжээ дээ! “ Марта цонх руу очиж, хөшгийг онгойлголоо. Олзлогдоно гэж үүнийг хэлдэг бол энэ олзлогдолт гайхамшигтай ажээ. Усан оргилуур, хамба хилэн шиг зүлэг, цонхон дор нь ургасан сарнай цэцэг... “Намайг энэ Круоэл яах гээд байгаа юм болоо? Өөрийнхөө эхнэртэй намайг андуурна гэж баймааргүй юм.. Тэгэхээр, хэргээр худлаа ярьж байна даа? Михаэль, Тэрри хоёртойгоо үгссэн юм шиг байна. Жинхэнэ хадагтай Круоэл аягүй бол үхсэн л байгаа байх. Намайг түүнийг гэж итгүүлэн, өөрсдийгөө хариуцлагаас мултлах гэж байгаа биз.” гэж Марта бодов. Марта хаалга руу дөхөж очин, түлхтэл хаалга онгорхой байлаа. ”Сонин юм даа. Хэрэв намайг энэ өрөөнд хорих гээгүй юм бол, энэ хуйвалдаанд бүх үйлчлэгч нар ч оролцож байж таарах нь ээ?” Байшингийн хэмжээг бодож үзвэл энэ байшинд бараг л хоёр зуун хүн амьдрах боломжтой юм шиг түүнд санагдав. “Тогооч, үйлчлэгч, жолооч, цэцэрлэгч, хаалгач, цэвэрлэгч, хамгаалагч, харуул гэх зэрэг өчнөөн хүн энд ажиллаж байж таарна. Тэгэхээр эхнэрийнхээ оронд намайг авчирч хүмүүсийг хуурах гэж байна гэсэн миний таамаглал яалт ч үгүй утгаа алдаад байна даа.” Гэвч өөр ямар ч хувилбар Мартагийн толгойд орж ирэхгүй байлаа. “Юу болохыг хүлээгээд зүгээр суугаад байлтай нь биш, учрыг нь олохыг л оролдохоос доо.” “Юунаас эхлэх нь дээр вэ? Энэ хэн нэгэн хүний өрөө байж таарна. Эмэгтэй хүний л өрөө байна, харваас.Энд бичиг баримт, ямар нэгэн хувийн эд зүйлс байгаа байлгүй, хамаг юмыг нь ухаж үздэг юм билүү? За за юу ч гэсэн эхлээд усанд ороод авъя” Марта усанд орж, нүүрээ будан хэвийн байдалдаа орлоо. Хувцаслах асуудал л хүндрэлтэй байв. Өөрийнх нь чемодан, цүнх энд байхгүй болохоор хувцасны шүүгээг онгойлгож харлаа. Энэ хувцасны шүүгээнд театрын ч юмуу, эсвэл циркийн хувцсыг санагдуулсан тод өнгийн есөн шидийн хувцас дүүрэн байлаа. Сонгодог загвараар хувцаслаж дассан Марта, ямар нэгэн таалагдах өмд олох гэж өчнөөн удаан хайсан боловч түүнд дандаа л шар, улбар шар, цэцэгтэй, ромботой гэх зэрэг хачин юмнууд тааралдаад байсан тул нэг богино даашинз л сонголоо. “Би Монголоос ирээд хир зэрэг удаж байгаа бол? Оюун руугаа утасдах юмсан”. Марта Оюуныгаа бодонгуут өөрийг нь Хөвсгөлд үхсэн гэж мэдээлэгдсэн нь санагдаж, энэ азгүй явдал энэ өрөөний эзэгтэйд тохиолдсон юм биш байгаа гэж бодов.”Энэ эмэгтэй ямар нэгэн байдлаар тэр үед Хөвсгөлд очиж, нас барсан гэж бодъё. Тэгсэн ч гэсэн түүнийг надтай ингэж андуурна гэж байх уу даа? Тэгээд тэр эмэгтэйн нэрийг Марго гэдэг байх нь уу? Маргарет.” Энэ бүхнийг яаж ч тайлбарлах боломжгүй байлаа. Энэ хоромд хаалга цохиж, нөгөө жолооч Тэрри орж ирлээ. Тэр нэг гартаа чемодан, нөгөө гартаа эмэгтэй хүний цүнх барьсан байлаа. - Хадагтай Круоэл! Таны “Хөвсгөл далай” буудалд байсан юмыг авчирлаа,-гэж хэлээд тэр хурдхан шиг гарч явав. Энэ түүний эд юмс биш гэдгийг Марта шууд л танив. Гэвч жолоочийн араас гүйж, учрыг асуух ямар ч хүсэлгүй байлаа. Янз бүрийн хүнтэй элдвийн юм яриад яахав. Зөвхөн Круоэлтэй ярьж л учрыг олъё. Ямар нэгэн шуугиан үүсгэхээсээ өмнө болж байгаа үйл явдлын тухай бага ч гэсэн төсөөлөлтэй болох хэрэгтэй. Марта хаалганы хажууд тавьсан чемодан, цүнхийг үзэхээр шийдэв. “Хашгирч, дэвхэрч, энэ байшинг доргитол нь хэрүүл хйиж болно л доо. Гэтэл эд нарын уур нь хүрээд амыг минь нэгмөсөн таглачихвал яана? Ямар ч байсан эхний ээлжинд энэ өрөөнд ямар хүн амьдарч байсныг мэдэх хэрэгтэй. Яаж ч бодсон энэ өрөөний эзэгтэйг Маргарет Круоэл гэдэг юм шиг байна. Энэ бүсгүйтэй л азгүй явдал тохиолдож дээ? Магадгүй түүнийг энэ Круоэл өөрөө алсан ч юм билүү”. Марта цүнхийг онгойлгохоос айж, мөрөө чанга тэвэрлээ. Бодох тусам л энэ бүх үйл явдлууд дэндүү жигтэй хачин санагдаж байлаа. “Би Хөвсгөлд очиж “Хөвсгөл далай” зочид буудалд буусан. Гэтэл Марго Круоэл бас Хөвгөлд очиж, бас “Хөвсгөл далай” зочид буудалд буусан хэрэг үү? Энэ чемодан, цүнх хоёрыг тэндээс авсан гэсэн шүү дээ. Михаэль яагаад эд юмсыг нь андуураагүй атлаа эзнийг нь андуурдаг байна аа? Тэр жинхэнэ Маргарет Круоэлын эд зүйлсийг авсан мөртлөө, яагаад Марта Шнайдерыг энд аваад ирдэг билээ? Тэгэхдээ намайг “Хөвсгөл далай” зочид буудлаас ч биш, харин буудлаас хол орших өрөө хөлслүүлдэг айлын гаднаас олсон! Яагаад Мюнхен рүү ямар ч танихгүй эмэгтэйг аваад ирэв ээ? Монголд байхад намайг алах гээд байсан хүмүүс жинхэнэдээ хэнийг алах гэсэн хэрэг вэ?Хэрэв хадагтай Круоэлийг алахаар завдаж байсан бол энэ бүсгүй надтай дэндүү их адилхан байх нь ээ дээ. Бүр өөрийнх нь нөхөр ч ялгахгүйгээр тийм их адилхан болж таарах нь уу? Арай ч дээ? “ Ийнхүү эргэцүүлж бодсоноо Марта цүнхийг шүүрэн авч доторхийг нь орон дээр асгав. Есөн шидийн жижиг сажиг зүйлс, түүний дотор жолооны үнэмлэх унаж ирлээ. Марта идэх юм руу дайрч байгаа өлсгөлөн амьтан шиг ухасхийн жолооны үнэмлэхийг аваад зургийг нь харлаа. Тэгээд дуу алдан амаа дарав.”бурхан минь, энэ чинь юу вэ? Би байна шүү дээ.Үгүй ч юм уу?” Салганасан гараар нүдэндээ ойртуулж харав. Нүд, ам, хөмсөг, уруул дээрх мэнгэ энэ бүгд түүнийх байлаа. Харин үс нь бол өөр байв.Тэр хэзээ ч ийм урт үстэй байгаагүй билээ. Чихэнд нь том ээмэг байна. Марта хэзээ ч ийм ээмэг зүүж байгаагүй. Тэр бүр алмайрч орхив. Энэ жолооны үнэмлэхний эзний нэр нь,мэдээж,Маргарет Круоэл гэж байв. Марта босон харайж, дамждаг өрөө рүү орлоо. Шүүгээ, ширээний нүднүүдийг ёроолыг нь гартал онгичин, доторх зүйлсийг нь гаргаж хаялаа. Төлбөрийн даалгаврууд, захианууд, зурагнууд... Зурагнууд! Энэ л түүнд хэрэгтэй байлаа. Альбомыг нээнгүүт л тэр өөрийгөө харж эхлэв. Өөрийгөө хүний гэрт, танихгүй хүмүүстэй хамт,өөрт нь хэзээ ч байгаагүй хувцастайгаар харахад ёстой нэг аймаар байлаа. Хамаг бие нь хөшин, гар хөл нь цэв хүйтэн болсон бүсгүй: - Тайвшир! Энэ бүгдэд учиртай хариулт олдох ёстой,- гэж үглэж байв. Нэлээд хугацаа өнгөрсний эцэст Марта арай тайвширан, шүүгээн дэх бичиг цааснуудыг үзэж эхэллээ.Бичиг баримтуудыг үзэж байтал Маргарет Круоэлийн төрсөн он, сар, өдөр нь Мартаг бүр ч ангайлгалаа. 1969 оны есдүгээр сарын 15-нд Маргарет Круоэл төрсөн байлаа. Энэ бол Мартагийн төрсөн өдөр билээ. Хамгийн гол нь энэ Маргарет яг Марта шиг Монголд, Улаанбаатарт төрсөн байв. “Бид чинь ихрүүд байна шүү дээ!” гэж алмайрч гайхсан Марта уулга алдлаа. Үүнээс өөр тайлбар байхын арга байсангүй. Өөрийнхөө нүдэнд итгэхгүй байхын ч арга алга. Маргарет Круоэл Мартатай усны дусал шиг адилхан байлаа. Энэ ихрийн өрөөсөн нь л байна. Гэтэл Марта түүний тухай хэзээ ч, юу ч сонсож, дуулж байгаагүй, төсөөлж ч байгаагүй билээ. “Хэзээ ч бие биеэ харж байгаагүй ихрүүдийг гучин таван жилийн дараа тохиолдлоор хооронд нь андуурсан хэрэг байна шүү дээ. Надтай ийм хачин юм тохиолдоно гэж бас байдаг аа? Төрөх үед минь юу болсон юм бол? Хоёулаа Монголд төрсөн байдаг. Дараа нь нэг нь Германд өссөн байдаг”. - Ээж минь дээ! Та надаас юу нуугаад энэ тухай юу ч яриагүй юм бэ?- гэж Марта сэтгэлдээ уулга алдав. “Намайг хулгайлсан юм болов уу? Төрсөн ээж маань Бадам гэдэг хүн биш юм болов уу? Би Монголд ихэр хүүхдүүдээ төрүүлсэн герман хүмүүсийн нэг хүүхэд нь юм болов уу? Монголын төрөх эмнэлгүүдэд ийм зүйл тохиолдож болох уу? Төрсөн ээжид нь нэг охин чинь нас барсан гэж хэлсэн юм болов уу? Гэтэл үнэн хэрэг дээрээ амьд байж, ямар нэгэн зэвүүн эх баригч хүүхэдгүй Бадам гэгч бүсгүйд түүнийг худалдсан байж болох уу? Үгүй бол эсрэгээр юм болов уу? Бадам ээж нь хоёр ихэр хүүхэд төрүүлж, нэгийг нь баян германуудад худалдаа юу? “ Марта орон дээр түрүүлгээ харан уналаа. Анхаарлаа төвлөрүүлэх, бодлоо цэгцлэх чадваргүй болсон байв.Гэтэл одоо цааш юу хийхээ хурдан шийдэх хэрэгтэй байдаг. Энэ гэрийн хэн нэг нь түүнтэй ярилцахаар ирнэ шүү дээ. “Гэр бүлийн нууцыг тайлах ямар нэгэн үйл явдлын өмнө л би ирээд байх шиг байна. Энэ нууц бол их ноцтой нууц бөгөөд, олон жил хэн ч мэдэхгүй явсан юм шиг байна.”- гэж Марта бодлоо. “Миний жинхэнэ эцэг эх хэн юм бэ? Тэд хоёр дахь охин нь амьд, эсэн мэнд байгааг мэдэж байгаа болов уу? Үгүй бол жинхэнэ ээж маань Бадам ээж юм болов уу?” “Яагаад ээж маань ганцхан намайг л өсгөсөн юм бол? Яагаад хэзээ ч надад үнэнийг яриагүй юм гэдгийг би олж мэдэх хэрэгтэй” гэж Марта бодлоо. Хэрэв одоо өөрийнхөө тухай үнэнийг хэлбэл юу болохыг Марта төсөөлөхийг оролдов. “Эргэн тойрныхон маань яаж хүлээж авах вэ?Намайг өөрийн төрснөө гэж бодож байгаа тэр хүмүүс ямар алхам хийх вэ? Надад үнэнийг ярьж өгөх болов уу? Жинхэнэ үнэнийг хэн ч мэдэхгүй байж ч болох юм. Маргарет Круоэл бол би байна гэсэн царай гаргаж, эндээ үлдэн, бие даан учрыг нь олох хэрэгтэй юм байна. Маргаретийн дүрд л амжилттай тоглож чадвал энэ аймшигт нууцын учир начирыг олж болох байх гэж Марта шийдлээ. Ер нь бол Марта ихэр хүүхдүүдийн тухай янз бүрийн яриаг шоолонгуй хүлээн авдаг билээ. Гэтэл ийм зүйлийн төвд өөрөө орчихоод байгаа нь нэг л эвгүй байлаа.Юун эвгүй, бүр хачин жигтэй, үнэмшмээргүй мөртлөө аймаар байлаа. Бас дээрээс нь, өөрийнхээ ихрийн өрөөснийг алуулсан байж таарлаа гэсэн айдас түрэмгийлэн орж ирэв. Хөвсгөлд хэн нэгнийг Мартагийн өмнөөс оршуулсан биз дээ. Хэнийг гэдгийг таахад хэцүү биш байгаа биз дээ. - Юу болсныг тодорхой мэдэх юмсан,- гэж тэр хөмхийгөө зуун шивнэлээ. “Найз нар руугаа, Оюун руугаа утасдах хэрэгтэй. Монголд Марта биш, Маргарет Круоэл нас барсан гэдгийг надаас өөр хэн ч мэдэхгүй байх шиг байна”- гэж тэр бодов. “Найз нар маань гашуудаж байгаа даа. Ямар аймшигтай юм бэ?” Марта шийдэмгийгээр телефон утас шүүрэн авлаа. “Улаанбаатар-тай ярих ярианы багагүй төлбөрийг Круоэл л төлөх болж дээ. Оюун маань гэртээ байгаасай “-гэж Марта залбираад дугаараа залгав.
***
- Байна уу? Хэн бэ?- гэсэн танил дуу Улаанбаатараас сонсогдлоо. - Би байна. Битгий ухаан алдаад уначихаарай,- гээд Марта инээв. - Сайн байна уу?- гэж Оюуны хэлэх нь нэг л итгэл муутай сонсогдов. - Оюун аа! Жинхэнээсээ би байнаа. Би Хөвсгөлд живээгүй ээ. Та нар тийшээ явж, бөөн ажил болсонд би харамсаж байна. - Зүгээр ээ. Бид дахин Хөвсгөл яваад ирсэн,- гэж Оюун сонин дуугаар хэллээ. - Чи намайг танихгүй байна уу? - Таниж л байна л даа. Чи хаанаас ярьж байгаа юм бэ? Марта! - Германаас. Чи намайг нөгөө ертөнцөөс ярьж байна гэж санаа юу? - Марта, чи мөн үү? Жинхэнээсээ чи юу? Амьд уу? - Тиймээ, би байна. Би. - Чи хаана байсан тэнэг вэ? Би уйлсаар байгаад одоо нулимс ч гарахаа больж байна. Бүр сэтгэл санаагаар унаж гүйцээд байна. Чи юу болчихоод байгаа юм бэ? Хурдан хэл! Хэрэв чи живээгүй юм бол энэ хугацаанд, хаана байсан хэрэг вэ? - Хөвсгөлд намайг хулгайлсан. - Ямар аймаар юм бэ? Алан хядагчид уу? - Азаар үгүй шүү. Ер нь зүгээр хүмүүс байсан. - Альбертаас барьцааны мөнгө нэхээ юу? - Хэн ч намайг барьцаалаагүй ээ. Намайг өөр хүнтэй андуурсан байна аа. - Марта, юу гээчийн хачин юм яриад байна аа, чи? Марта Оюунд юу болсныг ярьж өгөхөд, “Марта! Энэ чинь байж болшгүй зүйл байна. Арай ч дээ”,- гэж Оюун хоёр минут тутамд л уулга алдаж байлаа. - Би энд, Мюнхенд үлдэж, энэ явдлын учрыг олох хэрэгтэй байна. Хэрэв Альберт намайг сураглавал юу ч битгий хэлээрэй! - Би танай компани руу утасдаад Робертод чамайг нас барсан гээд хэлчихсэн шүү дээ. - Тэгвэл тэгээд л бодож байг. - За, ойлголоо. Харин чиний энэ явдал, сэдсэн зүйл чинь аюултай биш үү? - Зүгээр ээ. Харин чи надад тусалж чадах уу? - Тэгэлгүй дээ! Бас асууж байдаг. Яаж туслах вэ? - Энэ зүйлийн учрыг олоход зарим нэгэн мэдээлэл хэрэгтэй байна. - За за, ямар мэдээлэл хэрэгтэй гэж? - Би өөрийнхөө төрсөн түүхийг мэдмээр байна. Мөн ихрийн өрөөснийхөө тухай. Би чамд мэйлээр хэрэгтэй зүйлээ бичээд явуулчихъя. - За тэг. - Боломж л байвал чам руу ярьж байх болно. - За тэгээрэй. Би одоо Өлзий рүү залгаж чамайг амьд байгааг хэлнэ. Өлзий намайг солиорчихож гэж бодох байх аа. Марта, би бүр баярлаж үхлээ, зүрхэн дээр минь дараад байсан хүнд чулууг аваад хаячих шиг л боллоо. - Хөөрхий миний найз ингэж зовох гэж… Нээрээ, чи надад Хөвсгөлд юу болсон тухай, хэн та нарт намайг үхсэн гэж хэлсэн, “Хөвсгөл далай” зочид буудлын ажилтнууд миний тухай юу ярьсан гэх мэт бүгдийг яриад өг! Ямар нэг юмны учир олдож магадгүй... - Харин тэгье…
*** Ханс, өдий болтол Марта Шнайдерыг устгаж чадаагүй хугацаа алдаж байгаадаа бухимдаж байв.Гэвч энэ эмэгтэй түүний тэвчээрийг шалгаж байгаа юм шиг ,хамаг юмыг тун эвгүй байдлаар эргүүлсээр байлаа. Монголд энэ хүүхэн ямар нэгэн барилга барьж байгаа газраар орой үдшээр явах ч юмуу, эсвэл нууранд шумбах ч юмуу, эргээс хол ганцаараа сэлэх ч юмуу ямар нэгэн азгүй явдалд хүргэж болохоор байдалд орж л таараа, тэр мөчийг л овжин ашиглах юм шүү гэж Ханс найдаж байсан юм. Уг нь Хансын гарт хамаг “том хөзрүүд” байсан боловч баярлах болоогүй байжээ. Мартагийн араас өөр хүмүүс мөрдөж байгааг тэр маш хурдан тогтоосон. Дараа нь Мартаг Хансын хөлсөлсөн машин мөргөж, алахаа шахсан.Гэтэл том биетэй герман залуу түүнийг авраад зогсохгүй, шууд л хувийн онгоцоор Герман руу аваад явчихдаг байгаа. Ханс хамаг л ур чадвараа гарган тэднийг мөрдөж, хаашаа очихыг нь мэдэж аваад Мартагийн араас Мюнхенд ирсэн билээ. Энэ дэлхийн бүх л албан хаагчууд худалдагддаг гэдгийг үргэлж сануулах Давид үүнийг хэрэг дээр нь нотолж билээ. Тэд Германд ирээд салсны дараа Хансын түрийвч нилээд нимгэрсэн ч, за яахав, захиалагч төлбөрөө хийх юм чинь гэж өөрийгөө тайвшруулав. Хамгийн сонирхолтой нь хадагтай Шнайдер Берлин дэх гэр рүүгээ явах шинжгүй,тэр байтугай нэрээ сольж Маргарет Круоэл гэгдэх болов. Энэ эмэгтэй тийм ч амар хоол биш байна шүү гэж Ханс ойлголоо.”Тусгай албаныхан түүний араас мөрдөж байгаа юм болов уу? Үгүй бол энэ эмэгтэй ямар нэгэн гэмт хэргийн бүлгийн гишүүн юм болов уу? Чөтгөр ав!”... Энэ бүхэн Хансад огтхон ч таалагдахгүй байлаа. Тэр хэний ч нүдэнд өртөхгүйгээр хүлээхээр шийдэв.
*** Роберт Вебер хаалгаа онгойлгонгуут гайхан дуу алдав. Түүний мөрөөдөл Жейси Ким чемоданаа хажуудаа тавьчихсан зогсож байх нь тэр. Тэгээд жирийсэн жижигхэн шүднүүдээ яралзуулан, хоёр хацраа хонхойлгон инээмсэглэсээр: - Сайн уу? Би онгоцны буудлаас шууд л чам руу ирлээ. Би Хамбургаас, аавынхаасаа явж байгаа юм. Чамтай уулзъя гэж бодоод ирлээ,- гэж хэлэв. - Хамбургаас гэнээ? Аавынхаасаа? Альберт Шнайдер чинь яачихаав? Чи түүнтэй хамт яваа биз дээ? - Түүнтэй нийлсэн маань ёстой буруутаж. Альберт үргэлж л тэр нэг Марта гэж хачин юмныхаа тухай бодоод байх юм. Тэгээд би “ингэж байж чадахгүй” гээд Хамбург явчихсан юм. - Тэгээд Альберт одоо хаана байгаа юм? - Мэдэхгүй. Тэр надад хамаагүй. - Хамаатай л байсан биз дээ...гэснээ Роберт яахаа мэдэхгүй байгаа бололтой цонх руу харж зогссоноо: - Энэ Альбертын машин биш үү? Мөн л байна даа, буугаад ирлээ. Чиний араас явж байгаа юм аа даа?- гэж хэлэв. - Роберт! Би түүнтэй уулзмааргүй байна. - Тэгвэл цаад өрөөндөө нуугдчих! - Тэгэхээр юу ч сонсож чадахгүй шүү дээ! Угаалгын өрөөнд л нуугдвал дээр байх. Роберт түүний чемоданыг шүүгээ рүү хийгээд, хонхыг нь галзуурсан мэт дарах Альбертад хаалгаа тайлахаар явлаа. Альберт Шнайдер бол сайхан залуу бөгөөд, үүнийгээ сайн мэддэг. Тиймээс, сайхны нь төлөө хүмүүс түүнд ямар нэгэн хөнгөлөлт үзүүлэх ёстой гэсэн шиг л биеэ авч явдаг хүн билээ. Тэрээр мэнд ус ч үгүй шууд л: - Түүнийг танайд байгаа гэж би мэдэж байна. Би түүнтэй уулзмаар байна,- гэж дайрав. - Үгүй, яахаараа манайд байдаг юм? - Яагаад гэвэл өөр хаана ч байхгүй байна. Чи аль хэдийнээс л түүнд санаа тавиад байдаг биз дээ. Альберт Робертыг түлхэн зочдын өрөө рүү орсноо эргэн тойрноо харж: - Тэр хаана байна? Унтлагын өрөөнд чинь үү? - Байхгүй гэж чамд хэлээд байна шүү дээ,-гээд Роберт угаалгын өрөөний хаалгыг налж зогслоо. - Тийм үү?- гэснээ Альберт Робертыг түлхэж, хаалгыг онгойлгох гэж бариулыг нь сэгсчив. - Битгий хаалга эвдээд хаячих! Чи түүнээр яах гээд байгаа юм бэ? - Түүнд хайртай, түүнийг эргэж ирээч гэж хэлэх гэсэн юм. Угаалгын өрөөний хаалга тэр дороо онгойж, улайсан хацартай Жейси гарч ирэнгүүтээ, чангаар: - Хайрт минь, би чамайгаа тэгвэл уучлалгүй яах вэ?- гэж хэлэв. - Альберт царай нь хачин болж ухарснаа, Робертод хандан: - Миний хаясан хүүхнүүдийг өөд нь татаж авдаг хоббитой юмуу хаашаа юм чи?- гэв. - Өөрөө л над руу ирсэн шдээ. - Тэгвэл миний эхнэр хаана байна? - Тэр чамд ямар хэрэгтэй юм бэ,хайрт минь?-гэж Жейси гомдонгуй дуугаар асуулаа. - Марта нас барсан,- гэж Роберт хэлэв. - Тийм үү?- гэж Жейси баярласан өнгөөр хэлэв. Альберт гараа алдлан ангалзаж байснаа: - Роберт оо,би нээрээ эхнэрийнхээ хойноос ирсэн юм, би үнэхээр тэнэгтсэнээ ойлгочихоод байна,- гэлээ. - Юу гэнээ? Миний хойноос ирээгүй юм уу?- гэж Жейси уурлалаа. - Бурхан минь! Ийм хүүхнийг би хатнаа болгох гэж мөрөөдөж байдаг… - гэж Роберт халаглалаа. - Марта хаана байна вэ? Би түүнгүйгээр амьдарч чадахгүй юм байна,- гэж Альберт хашгирснаа гэнэт царай нь цайв. Одоо л Робертын түрүүний хэлснийг ухаарсан бололтой. - Харамсалтай нь, одоо чи түүнд хэрэггүй болсон. Марта маань биднээс явсан,-гэж Роберт санаа алдан гунигтай дуугаар хэллээ. - Чи юу яриад байнаа?- Альберт унахаа шахав. - Надад маш их харамсалтай байна,- гэж Роберт хэлээд дахин санаа алдав. Альберт эвгүй царайлж, доод уруулаа хазлан зогслоо. “Энэ их сайхан залуу шүү. Гэхдээ салхи шиг хөнгөн ийм хүн Мартад хэрэггүй л байсан юм даа. Тэгээд бас Мартад учиргүй өндөр шаардлага тавина. Марта энэнд тийм их хайртай байгаагүй бол өдийд амьд л байж байхгүй юу?”- гэж Роберт бодож зогсов. - Тэр амиа хорлоо юу?- гэж Альберт ам хэлээ эвлүүлж ядан асуув. - Тийм гэсэн. -Юу болсон юм бэ? -Чамайг Жейситэй явсны дараахан Марта амралтаа авч, эх орон руугаа аялалд явахаар шийдсэн. - Монгол руу юу? - Харин тийм ээ. Жаахан тайвширч, сэтгэлээ сэргээе гэж байсан. Түүнд ямар хэцүү байсан гэж санана? Тэр чамд дэндүү хайртай байсан шүү. Альберт шүүрс алдан шүдээ зуулаа. - Марта Улаанбаатарт хэдхэн хоноод л Хөвсгөл нуур руу амрахаар явсан гэсэн. Тэгээд тэнд зочид буудалд бууж, бүртгүүлчихээд л хаашаа нь ч мэдэгдэхгүй алга болсон гэсэн. Энэ дэлхий дээр хамгийн их хайрлаж байсан хүн нь түүнийг хаяж одсон, тэгэхээр амьдрал утга учиргүй байна, нуур л намайг үүрд тайвшруулна гэсэн утгатай захидлыг буудлын жижүүр дээр орхисон байсан гэнэ билээ. Дараа нь учрыг нь мэдвэл, Марта жижиг усан онгоцон дээр бусад жуулчдын хамт аялж яваад, хэдэн цагийн дараа усан онгоц буцаж ирэхэд, түүн дээр байхгүй байсан юм байна. Зөвхөн цүнх, өргөн хүрээтэй малгай хоёр нь үлдсэн байсан гэнэ лээ. Энэ малгайгаар нь бусад хүмүүс түүнийг санасан гэсэн. Ийм л байна. - Ийм л байна,- гэж Жейси давтан хэлэв. Тэр гунигтай царай гарган Альбертын гараас барьж: - Чиний эхнэрт одоо юу ч хэрэггүй болжээ, харин би эр хүний халамжаар дутаж байна,- гэлээ. Альберт гараа суга татан, гүйн гарлаа. - Гомдмоор юм,- гээд Жейси Роберт руу учиртайхан харснаа- Ядаж чи надад туслана биз дээ,-гэхэд: - Тэгэлгүй яахав… Би чамд такси дуудаж өгье,- гэж Роберт хүйтнээр хэллээ.
*** Марта сэтгэл догдлолоо арайхийн барьж, утсаа тавьлаа. Жижиг усан онгоцон дээр болсон явдлыг бодон хэсэг суув. Гүн хөх нуур, орхигдсон малгайг сэтгэлдээ дүрслэж үзэв. Монголд түүнийг айлгаж байсан бүх сэжигтэй этгээдүүдийг эргэн саналаа.” Ихрийн өрөөсөн маань амьд байж магадгүй л юм. Нуугдаж байгаа байх. Ямар нэгэн юманд орооцолдчихоод л, амиа хорлосон дүр үзүүлэн нуугдсан байх. Гэхдээ намайг амиа хорлосон байдлаар дүрсэлсэн байдаг. Энэ чинь юу гэсэн үг вэ? Азгүй дурлалын тухай, хайртай хүн нь хаясан тухай бичсэн захидал олдсон гэж Оюун хэлсэн биз дээ... Энэ захидал нь германаар бичсэн байсан гэсэн. Тийм болохоор Оюун Альбертад зориулж бичсэн байна даа гэж бодсон гэсэн. Цагдаа ч гэсэн германаар бичсэнийг хэрэг болгож тоогоогүй юм байна. Би Германаас л ирсэн юм чинь. Энэ малгай.... Марта өөрөө усан онгоцонд сууж яваад харж байгаа юм шиг л энэ малгайг сэтгэлдээ харж байв. Энэ малгай л энэ хэргийг жүжиг шиг болгоод байна даа? Маргарет үхсэн гэдэгт итгэсний хэрэггүй л юм шиг байна. Араасаа мөрдөж байгаа хүмүүсийг хуурах гэж л амиа хорлосон дүр үзүүлсэн байх. Алах хүн одоо байхгүй, хэрэг хаагдсан гэж алуурчдад мэдэгдэх гэж. Гэвч алуурчид Маргаретийн найруулсан жүжгийг мэдээгүй өнгөрч. “Тайзан дээр” Марта гэдэг тэнэг хүн би гарч ирээд тэднийг араасаа дагуулж дээ. Тэгээд учрыг тайлбарлаад эндээс явахын оронд юу болохыг үзэхээр шийдээд байж байдаг, би”- гэж бодсоор байв. Мартагийн бодлоор бол ээж нь түүнд маш их хайртай байсан. Ямар нэгэн шалтгаанаар хоёр дахь охиноо алдсан байсан бол ерөөсөө энэ тухай ярихгүй байж чадна гэж үү? Хачин л юм даа. Хоёр охиноо бараг л адилхан нэрлэсэн байдаг. Бид хоёрыг хэзээ ч хоорондоо уулзахгүй гэж ээж, аав маань бодож байсан юм болов уу? Өөр өөр оронд амьдарч, нэг нь Марта, нөгөө нь Маргарет гэж нэрлэгдэнэ гэдгийг мэдэж байсан болж байна уу? Марта дахиад л нөгөөх бичиг баримтуудыг ухаж эхэллээ. Нууцыг тайлчихмаар ямар ч баримтууд тааралдсангүй.Цөхрөнгөө бараад эргэдэг сандалд налан сууж, дээшээ хартал жигтэйхэн сайхан арьсан жаазтай, нэгэн том гэрэл зураг харагдлаа. Энэ зурган дээр байгаа эрэгтэй, эмэгтэй хоёр хүн инээмсэглэсэн, аз жаргалтай харагдаж байв. Эрэгтэй нь дөч орчим насны, эмэгтэй нь бол харин залуухан байлаа. Түүний нүд, уруул, ер нь нүүр нь тэр чигээрээ л “Бадам бол Мартагийн төрсөн ээж нь биш шүү”- гэж хэлж байлаа. Энэ эмэгтэй ерөөсөө европ царайгүй боловч Мартатай эргэлзээгүй адилхан байв. “Энэ бол яахын аргагүй миний жинхэнэ ээж инээмсэглэж байна. Гэхдээ над руу биш, нөгөө нэг охин руугаа хараад инээмсэглэж байгаа шүү дээ. Яагаад намайг тоодоггүй юм? Яагаад намайг болохоор…”- гэж Мартагийн дотор буцлаад ирэв. Зурган дээрх эрэгтэй хүн ч мөн л аз жаргалтай харагдаж байв.“Миний эцэг, эх”. Энэ бол дэндүү хүнд цочирдол байлаа. Марта нэгхэсэг зураг руу гөлрөн хөдөлгөөнгүй сууснаа гэнэт босон харайж зургийг авч асуултандаа хурдан хариу авахаар хүний мөрнөөс бариад сэгсчиж байгаа юм шиг л сэгсчив. “Аав, ээж минь! Та хоёр яагаад намайг өөрсдийнхөө амьдралаас адлан хөөвөө?”. Марта удаж удаж нэг юм тайвширав. “Ямар ч ашиггүй шаналаад одоо яахав дээ? Одоо бол юу болсныг, юу болоод байгааг л мэдэх хэрэгтэй. “Би Маргарет Круоэл биш”.- гэж одоо ярих цаг лав биш. Намайг энд ирнэ гэж хэн ч хүлээгээгүй шүү дээ.Тэгэхээр, “Өө чи хүрээд ирэв үү?”,-гээд л надад хэн ч баярлахгүй нь ойлгомжтой. Хоёулаа эзлэх ёстой байсан байр суурийг нөгөө ихэр маань удаан хугацааны турш ганцаараа эзэлж байж. Одоо би багахан хугацаанд түүний оронд энд байхад яагаад болдоггүй юм? Надад хэцүү л байх байх. Тэглээ гээд яахав дээ. Ямар ч байсан хэн намайг гэр бүлээс минь салгасан, хэн үүний төлөө хариуцлага хүлээх ёстойг олж тогтоож байж л эндээс явна даа”-гэж хатуу шийдэв. Марта төлөвлөгөө зохиож эхлэв. “Эхлээд гэр бүлийн гишүүдээ олж, тэдний тухай боломжтой бүхнийг мэдэх хэрэгтэй” гэж бодлоо. Мартагийн дотор айдас, сонирхол хоёр зэрэгцэн байлаа. Сонирхол гэж ч хэлж болохгүй юм аа. Түүнтэй өөртэй нь, ихрийн өрөөсөнтэй нь, гэр бүлийнх нь нууцтай холбоотой амьдралын чухал асуудал биз дээ? Маргарет яасан юм болоо? Марта өөрийгөө их аюултай байдалд байгаа гэдгээ ойлгож байлаа. Гэсэн ч бодсоноо хийх л хэрэгтэй. Хамгийн гол нь, гучин таван жилийн тэртээ энэ хорвоод хоёр ихэр охин төрсөн гэдгийг мэдэж байгаа хүмүүст, энэ Маргарет биш Марта байна гэдгийг л мэдэгдэж болохгүй. Ийм хүмүүс дор хаяж хоёр байх ёстой. Эцэг эх маань…Тэд хэн бэ? Намайг аминаасаа илүү хайрлан өсгөсөн ээж Бадам маань хэн бэ? Бадам ээж энэ гэр бүлийн нууцад ямар үүрэг гүйцэтгэсэн бэ? Нууцлаг явдал, өөрөөр хэлбэл хууль бус явдал л болж дээ? Үгүй байсан бол ээж минь надад ярих л байсан”,- гэж Марта бодов. Гэнэт хаалга цохиж,Михаэль түгшүүртэй царайлсаар орж ирлээ. Тэр Мартаг дахин хашгирч, уурлан дайрах байх л гэж бодож байсан бололтой байв. - Өглөөний мэнд! Марта Маргаретыг орлон тоглохоор хатуу шийдсэн байсан тул ялдамханаар инээмсэглэн Михаэльтай мэндлэв. Михаэль шууд л тайвширч: - Мередит ирсэн. Чамтай ярилцмаар байна гэнэ,- гэж хэллээ. - За за,- гэж хэлээд Марта “энэ одоо хэн юм бол, яаж мэдэх вэ?”- гэж тэвдэнгүй бодов. – Би түүнтэй яаж ярилцвал дээр вэ,- гэж амандаа бувтнав. - Чиний л хадам ээж юм чинь яаж ярилцахаа чи өөрөө мэдэхгүй юу. Гэхдээ… Хэрэв чи нөгөө мөрдлөгөө үргэлжлүүлэхийг хүсч байгаа бол одоогоор элдэв хэрүүл үүсгээд хэрэггүй биз дээ. Эцсийн эцэст, нууц амрагтайгаа сураг чимээгүй алга болсондоо их гэмшиж байгаа дүр үзүүлсэн нь дээр байх. “Бас ямар мөрдлөг вэ? Ямар ч байсан ихрийн өрөөсөн маань нэг л эвгүй зүйлтэй учраад байсан юм байна. Энэ Михаэль тэр тухай сайн мэдээлэлтэй байгаа юм шиг байна”гэж Марта бодсоноо: - Намайг одоо хүрээд ир гэж байна уу?- гэж асуулаа. - Цагийн дараа уулзъя гэсэн. - За за. Мартсанаас, миний машинд дайруулахдаа барьж явсан цүнх хаана байгаа вэ? Тэнд надад одоо хэрэгтэй юмнууд байгаа юмсан? - Ямар цүнх? Аан тийм. Чамайг унтаж байхад би авчраад энэ шүүгээнд хийчихсэн,-гээд Михаэль цүнхийг нь гаргаж өгөв. Марта өөрийнхөө дотуур хувцас, бас бус юмтай цүнхийг олсондоо баярлаад, Михаэлийг бушуухан гаргахын түйс болов. Харин яг гарахынхаа өмнө Михаэль түүнд бас нэг оньсого шидээд орхив: - Чамд дуулгах нэг сонин байна. Клаудиа Бекхем эмнэлгээс гарсан гэнэ лээ. - Өө тийм үү, ашгүй дээ, хөөрхий муу Клаудиа минь… Михаэль түүн рүү гайхан хараад дуугүй болов. Мартагаас шал өөр байдал хүлээж байсан нь илт болов. Ямар байдлаар энэ мэдээнд хандах ёстой байсан юм болоо? Гэтэл ашгүй цаадахь нь: -Би тэгээд одоо яах вэ? Марго! Чиний өгсөн чек надад байж л байна. Би түүн рүү явах уу, эсвэл хэрэггүй болсон уу? - Яв, яв,- гэж Марта хариулаад “Дараа л үүний учрыг олъё” гэж бодлоо. Үргэлжлэл бий |




Сэтгэгдлүүд