PDF Хэвлэх И-мэйл
Хувь заяаны эргүүлэг - 6
Хэрэглэгчийн үнэлгээ: / 3
МууМаш сайн 

Хэсэг 1 Хэсэг 2 Хэсэг 3 Хэсэг 4 Хэсэг 5

Арванзургаадугаар бүлэг

-          Энэ Төмөр гэдэг залуу  тэгээд  чамд зүгээр л  бүгдийг яриад өгчихсөн хэрэг үү? гэж асуугаад Оюун гайхан харав.

-           Зүгээр ярих аа?  Харин ч нэг зүгээр ярина гэдгийг  мэддэг ч үгүй залуу байна лээ. Чи намайг яаж зовсон гэж санана. Ярьж байгаа юмыг нь ялгаж салгах гэж  тамаа цайсан. Будаа нь аль нь вэ, хог нь аль нь вэ гээд л сансрын хурдаар  сэтгэж, ярьж байгаагаас нь хэрэгтэйг нь авч, хэрэггүйг нь хаяж ойлгож авах хэрэгтэй болж байгаа юм чинь,-гээд л  Өлзий сүртэй нь аргагүй ярьлаа.

-          Тэгээд?

-          Гэхдээ л, ямар ч л байсан, энэ Төмөрийн ярьсны хүчээр л гол зангилааг нь олсон шүү. Харин энэ зангилааг тайлтал ч  нэлээн хол байх шиг байна даа.

 

-          За тэгээд яриач дээ, бушуухан, хүн зовоогоод?-Оюун байж ядаж байлаа.

-          За ийм байна,-гээд Өлзий  байдлыг далимдуулан  тамхи зуугаад авав. Өнөөдөр л  лав авгай нь балкон руу хөөхгүй нь тодорхой шүү дээ?

-          Мартагийн хамгийн сүүлд өгсөн мэдээнүүд   Төмөрийн яриаг ойлгоход их тус боллоо.  Хүмүүсийн нэр, он сар өдөр, шалтгаануудын учрыг олсон. Тэгээд л энэ хэргийн дүр зураг бүхэлдээ гарч ирсэн дээ.

Бүх ээдрээтэй зүйлс дурлалаас эхлэлтэй байдгийн адил, энэ хэрэг ч гэсэн дурлалаас эхлэлтэй. Бүхнийг нэгтгэн эхнээс нь яривал,-гээд Өлзий үлгэрч өвгөний  дүр үзүүлэн:

-- Эрт ээ, урьд цагт  нэгэн монгол гаралтай, францад төрсөн, Германы иргэн  сайхан бүсгүй Индра Митчелл, Фридрих Митчеллтэй гэр бүл байхдаа өөр хүнд дурласан юм санжээ. Дурлалт залууг нь  – Виктор Хелдман гэдэг байж. Энэ хүн Мартагийн жинхэнэ төрсөн эцэг гэдгийг бид одоо мэдэх болсон. Виктор Хелдман баян, бас нилээд нэрд гарсан зураач хүн байжээ. Индратай учрах үедээ тэр өөр эмэгтэйтэй гэр бүл болсон байсан боловч эхнэртэйгээ тэр хэдэн жил хамт амьдраагүй, гэрлэлтээ цуцлуулах  асуудал бол зүгээр л ёс төдий хэрэг байв. Виктор өөрийгөө чөлөөтэй гоонь эр, хэнийг ч хууран мэхлээгүй гэж бодож  байсан бол Индрагийн хувьд энэ нь хэцүү хэрэг байлаа. Индрад их хайртай нөхөр нь байгаа болохоор Виктортой уулзана гэдэг зовлонтой хэрэг байв. Эцэст нь Индра жирэмсэн болсноо мэдээд, нөхөртэйгөө үлдэх үү, нууц амрагтайгаа явах уу гэдэг сонголтын өмнө иржээ. Хүүхэд бол мэдээж нууц амрагийнх нь хүүхэд байлаа. Виктор эхний үед гэр бүл болох тухай яриа үүсгэдэггүй байсан боловч, харин  Индраг хүүхэдтэй болсныг мэдэнгүүт байдал өөрөөр эргэжээ. Викторын мөрөөдөл бол өв залгамжлагчаа үлдээх асуудал байсан юм байна л даа. Эхнэр нь жирэмсэлдэггүй байсан юм байна. Өөр бусад  хүүхнүүд ч байсан л биз. Товчхондоо, Индра ирээдүйн ихрүүд түүний хүүхдүүд, гэхдээ Виктор энэ хүүхдүүдийн хувьд ямар ч эрхгүй хүн гэдгийг хэлжээ. Викторын уур хилэн нь буцалсан байгаа юм. Уран бүтээлч хүний тогтворгүй зантай энэ хүн цаашид Индрад олон “гэнэтийн бэлэг” барьж мэдэхээр найдваргүй хүн гэдгийг Индра ойлгож байв. Индрагийн өөрийнх нь хууль ёсны нөхөр бол эхнэрээ дээдэлдэг, насаар ч ахмад, гэр бүлээ аварч үлдэхийн тулд Индрагийн худлыг тэвчих хүн байлаа.  Индра Викторын  үгийг сонсолгүй,  дөргүй бух шиг  зүтгэж, яадаг ч байсан  нөхөртэйгээ үлдэхээр шийджээ.

Яг энэ үеэр Фридрих Монгол руу явах болсон байгаа юм. Урлагийн бүтээлийн наймаа эрхэлдэг түүнд Монголд ирж нэгэн ашигтай наймаа хийх боломж гарсан байна. Индра түүнтэй хамт явахаар шийдлээ. Энэ үед тэр нэг биш, хоёр хүүхэдтэй болно, удахгүй төрнө гэдгээ мэдэж байлаа.

Гэтэл нууц амрагаа мөрдөн, өөртэйгээ гэрлэхийг шаардаж байсан Виктор Хелдман тэдний араас Монголд хүрч ирлээ. Тэр Улаанбаатарт ирээд эхнэр, нөхөр хоёрыг төвөггүйхэн олж, нууц амрагаа урьдахаасаа илүү зовоож, нөхрөөсөө салахыг шаардан шахаж байв. Харийн оронд хэл мэдэхгүй болохоороо, зочид буудлын ажилтнуудын зөвлөснөөр  орчуулагч хөлсөлсөн нь Бадам  эгч байж таарчээ.

Нууц амрагуудын ээлжит нэгэн маргааны гэрч нь Бадам эгч болж, гадаадад гарч амьдрахсан гэж үргэлж мөрөөдөж байсан түүний толгойд нэгэн бодол орж ирсэн байна. Бадам эгч ажлын шугамаар үргэлж гадаад явдаг байсан болохоор ганц мөрөөдөл нь амьдралаа өөрчилж, гадаадад бүрмөсөн гарч амьдрах байж л дээ. Тэр үед чинь гадаад хүнтэй сууж л гадагшаа гарахаас өөрөөр яагаад ч гадаадад гарч амьдарч болдоггүй үе байсан шүү дээ.

Индра энэ  маргааны үеээр  нууц амрагтаа ихэр хүүхдүүдээ нэг нэгээр нь авахыг санал болгож,  энэ байдлаас хэн хэн нь хожино гэв. Нэг нь удаан хүлээсэн өв залгамжлагчаа авч, нөгөө нь өөрийнхөө гэр бүлийг бүрэн бүтнээр нь хадгалж үлдэнэ гэсэн үг.

Тэд хоорондоо энэ тухайгаа ярьцгааж, харин яаж хэрэгжүүлэхээ мэдэхгүй байхад нь Бадам гэдэг орчуулагч энэ бүсгүй “тайзан дээр”  гарч ирлээ.Тэгээд өөрийн  тусыг санал болгов. Техникийн асуудлыг хариуцна гэв. Тэрээр ихрүүдийг төрөхөд нь, нэг хүүхдийг нь өөрийнхөө нэр дээр болгоно гэдгээ амлалаа. Түүний дараа Виктор Бадамтай  хуурамчаар гэрлэн, хүүхдийнхээ хамт Герман руу түүнийг авч явах ёстой байжээ. Цаашдаа бол Германд очоод салсныхаа дараа Виктор Бадамыг бүх амьдралынх нь туршид хүрэлцэхүйц мөнгө, бүх зүйлээр хангах шаардлагыг Бадам тавьж байв. Энэ бол Викторын хувьд боломжийн санал байлаа. Харин ганцхан зүйлийг л шийдэх хэрэгтэй байв. Виктор хууль ёсны эхнэртэй хүн билээ. Иймд эхлээд Виктор Герман руугаа явж гэрлэлтээ албан ёсоор цуцлуулах шаардлагатай  болов. Тэгээд буцаж  Монголд ирээд  Бадамтай гэрлээд, хүүхдээ Бадамын хамт Герман руу авч явах болно. Харин  Индра өнөө маргаашгүй  төрөх болж байлаа.

-Ёстой жинхэнэ савангийн дуурь шиг л юм болсон байна ш дээ?-гэж Оюун  дуу алдав.

-Харин тийм ,  яах аргагүй савангийн дуурьт гардаг л үйл явдал болсон юм билээ,-гээд Өлзий цааш нь ийн ярив:

-Төрөх хугацаа болмогц, өөрөөр хэлбэл есдүгээр сарын арвандөрвөнд Индра, Бадам хоёр бидний мэдэх нөгөө төрөх эмнэлэгт хэвтжээ. Индра нь төрөхийн өмнөх тасагт, Бадам нь патологийн тасагт хэвтэв. Эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх эмнэлэгт эмч Наран хоёр өөр янзын карт Бадамд бэлджээ. Нэгэнд нь Бадамыг хоёр сартай жирэмсэн, жирэмслэлтийг нь тогтоохоор хэвтүүлсэн мэт бичиж, нөгөөд нь хугацаандаа төрөх гэж байгаа мэтээр бөглөсөн байв. Насан гэгч бүсгүй  тэр эмнэлэгт эх баригч - ахлах сувилагчаар ажилладаг байсан байгаа юм. Насан гуай дурлалт хосуудын түүхэнд уяарч, Наран эгчийнхээ үгэнд орж энэ хууль бус хэрэгт оролцохоор зөвшөөрчээ. Ер нь бол Насан гуай Нарангаасаа шал өөр зантай, эд зүйлд шунадаггүй, харин дурлалын түүхэнд л уярамтгай хүн байсан тул Индра, Виктор хоёрыг өрөвдөж тэдэнд туслахаар шийдсэн хэрэг байв. Индраг төрөн төртөл Насан  хамт байлаа. Индраг төрөнгүүт мэдээж Бадамын хоёр дахь картыг  ашиглан, нэг охиныг нь Маргарет Митчелл, нөгөө охиныг нь Бадамын Марта гэж бүртгүүллээ. Бадамын хоёр сартай жирэмсэн гэж бичсэн картыг устган, нөгөө картанд нь Бадам гэдэг хүн ээж боллоо гэдгийг гэрчлэх бичилт хийж, Бадамыг патологийн тасгаас төрсний дараах тасагт шилжүүлжээ. Энэ хоёр эмэгтэй хоёр хүний тасагт хамт байцгаасан бөгөөд, нөгөө Дариймаа гуайн ярьсан тусгай тасагт нь хэвтэж байсан байна.

Эмнэлгээс гарсныхаа дараа Индра нөхөр, охины хамт Герман руугаа буцсан бөгөөд, харин Бадам одоо Виктортой хоёулаа жүжгээ үргэлжлүүлэх ёстой  байлаа. Виктор Герман руугаа, эхнэрээсээ албан ёсоор салахаар явах гэж  байх үедээ хамгийн утгагүй байдлаар, Бадамын дөнгөж саяхан нүүж орсон байрны гадаа, дулааны шугам хоолой засварлахаар ухсан нүхэнд унаж нас баржээ .  Төмөрийн яриа, Мартагийн яриа, миний мөрдлөгийн үр дүнд ийм л түүх босож ирж байгаа юм.

-          Энэ Викторыг гэнэт ингээд үхчихээр  хөөрхий  Бадам эгч ямар аймаар байдалтай  байсан бол оо!

-          Өө, би нэг юм хэлэхээ мартчихаж. Би нөгөө Тунгалаг гуай гэдэг хатуу самрыг  хагалж  дөнгөсөн шүү дээ?

-          Тунгалаг гуайг уу? Тэр чинь...

-          Би түүнд энэ бүх түүхийг ярьж өгсөн юм.

-          Тэгсэн чинь?

-          Уйлаад . Тэгээд бага сага юм нэмж  ярьж өгсөн.

-          Тийм үү?

-          Викторын үхэл Бадам эгчийг шоконд оруулсан гэж хэлсэн. Германд очиж, баян амьдрах гэж байсан хүн чинь,  нөгөө Монголдоо л, бас тэгээд урьдынхаасаа ч дор байдалд, гар дээрээ нялх хүүхэдтэй, тэгээд тэр нь хүний хүүхэд байдаг... Бадам эгч ийм байдалтай эвлэрч чадахгүй  боож үхэх  шахаж байсан гэсэн. Тэгээд гомдлын мөр, үзээд алдъя гэж бодоод Викторын эцэгт, хүүтэй нь аугаа их хайр дурлалаар учирсан тухай зохион бичиж,  захидал явуулсан байгаа юм. Захиандаа, дөнгөж саяхан төрсөн хүүхэд, хайртай бүсгүй хоёрынхоо тухай  Виктор танд хэлж амжаагүй байсан гэж итгүүлэхийг оролдсон гэнэ билээ. Охиныхоо зургийг ч явуулсан гэсэн.

-          Даан ч хариу нь ирсэнгүй,-гэж Оюун  толгойгоо сэгсрэв.

-           Чи  хаанаас мэдээв?- гэж Өлзий гайхлаа.

Оюун Щерлок Холмсыг дуурайж жүжиглэн:

-          Ядах юмгүй ээ, Ватсон минь!  Бадам эгч Монголдоо л үлдсэн шүү дээ?-гэж  хэлэв.

-          Аан, нээрээ  би бүр мангар болчихжээ, хи-хи-хи...-гээд Өлзий  Оюун руугаа  хайрын нүдээр харж:

-          За яав, миний ярьсан түүх чиний сэтгэлийг хөдөлгөв үү?

-          Хэлэх үг алга!  Хурдхан шиг Мартатай ярья.

-          Ярь. Хэдийгээр хамгийн гол зүйлийг бид түүнд хэлж чадахгүй байгаа ч гэсэн ярих хэрэгтэй. Хэн түүнийг болон ихрийг  нь алахаар оролдоод байгааг яаж олж мэдэх вэ? Хамгийн гол нь ямар шалтгаанаар алах гээд байдаг байна аа? Энийг л бид  олж харж чадахгүй байна даа.

-          Өөр нэгэн мэдэгдэхгүй юм л  байна даа?

-          Харин тийм. Яаж  түүнийг олох вэ?-гээд Өлзий  дагзаа  маажих нь Оюунд  эгдүүтэй харагдаж  байв.

***

Марта Шнайдерийн нэртэй хуудсыг Хансад илгээснээс  хойш хоёр сар гаруй боллоо. Тэр байн байн л Мартагийн тухай сурагладаг билээ. Эхлээд түүнийг Монголд очиж амарч байгаад, Хөвсгөл нуурт живж үхсэн гэсэн. Үүнийг сонсоод тэр ямар их баярласан гэж санана? Алуурчин ажлаа  мэргэжлийн түвшинд хийсэн байна, энэ эмэгтэйн үхэлд хэн ч түүнийг буруутгаж чадахгүй гэж бодохоос баярлаж байлаа.

Тэр алуурчинд өгөх мөнгөө аль хэдийн бэлдсэн байлаа. Маш  их мөнгө . Гэвч энэ хэрэг ийм мөнгө хүрэлгүй яах вэ. Марта Шнайдерын үхэл  ойрын ирээдүйд асар их мөнгөтэй болох  боломжийг түүнд олгож байгаа юм чинь алуурчинд төлөх энэ мөнгө бол юу ч биш л байхгүй юу?

Гэтэл цаг хугацаа яваад л байдаг, харин  алуурчин нь түүнтэй холбоо барихгүй таг чиг. Түүний нойр нь хүрэхээ больж, цонхны цаана сонсогдох өчүүхэн чимээнд ч босон харайж  байв. Утас дуугарах бүр цочин ухасхийдэг болов. Эцэст нь тэвчилгүй “Мөсөн уул” руу утасдлаа.  Роберт Вебер түүнд Марта олдсон, эрүүл саруул байгаа гэж хэлдэг байна шүү. Энэ хөлсний алуурчин чинь юу бодож байдаг   муу мал вэ? Захиалга биелүүлж чадах мал уу,  үгүй юу?

Тэр сэмхнээр сураг ажиг тавьж эхэллээ. Гэтэл ...  гэтэл...Ханс үхчихсэн гэдэг аймаар мэдээ сонсов. Тэр яасан юм бол? Энэ асуултын хариуг тэр хэзээ ч олохгүй биз ээ. Одоо тэгээд яах вэ?  Дахиад хөлсний алуурчин хайна гэдэг амар хэрэг биш. Тэгээд ч аюултай. Саяны энэ үхдэг хөлсний алуурчинг олох гэж тэр хэдэн сар зарцуулсан  билээ. Яах вэ?  Төлөвлөгөөнөөсөө татгалзах уу?

Яг одоогийн байдлаараа насаараа амьдарна гэж төсөөлөөд өөрийн эрхгүй ярвайв. Үгүй ээ, ингэж амьдрахыг хэрхэвч хүсэхгүй. Өөрөө л амьдралаа өөрчлөхөөс.  Өөрийнхөө хүчээр л энэ Марта Шнайдераас салахаас. Өөрөө...Өөрөө... Энэ  санаа  түүнд   нэг их таалагдахгүй л  байлаа, гэлээ гээд яах билээ дээ?  Өөр гарц байхгүй байхад?

***

-          Бидний төлөө, бидний хүүхдийн төлөө! гэж хэлээд Альберт хундагаа өргөлөө.

Марта шанаагаа тулж, түүн рүү сонирхон харж байлаа. Альбертын  харцанд  үнэхээр хайрын  гал гэрэлтэж байх шиг...

-          Би гарчихаад ирье. Чи коктейль захиалаад байж бай,-гээд Марта босов.

-          Жимснийх болох уу? чи  жирэмснээс болж  ямар нэгэн харшилтай болоогүй биз дээ?

“Болсон. Чамайг харахаар л харшил хөдлөөд байна” гэж Марта хэлмээр байсан боловч, одоо түүнийг  айлгаад  яахав, цаг нь удахгүй ирнэ гэж бодоод  дуугарсангүй .

Коридорт гарангуутаа л тэр утас руу гүйв.

-          Маргарет! Чи наашаа хурдан хүрээд ир. Альбертыг харахаар миний дотор муухай болоод  байна.

-          За яахав, би очъё. Харин бид хувцасаа сольж өмсөх хэрэг гарна шүү дээ.

-          Яах юм бэ? Альбертад бүгдийг хэлье.

-          Үгүй ээ, Марта.Тэгэж  гэнэт хэлж болохгүй байх.  Альберт дэндүү эмзэг  сэтгэлтэй хүн шүү дээ, хөөрхий минь...

-          Эмзэг ээ?  Альберт уу? Өөрт нь хамаатай асуудалд ч нээрээ  л эмзэг ханддаг хүн шүү.

-          Дүү минь! Бүгдийг энэ чигээр нь орхиё. Миний тээж яваа хүүхэд эцэггүй.  Гэсэн ч хүүхдэд маань эцэг байгаасай гэж би хүсч байна. Өргөж авсан биш, жинхэнэ эцэг.

-           Альберт жинхэнэ эцэг нь биш шүү дээ.

-          Тэр тэгж бодохгүй байгаа.

-          Өөрөөр хэлбэл чи энэ та хоёрын хүүхэд гэж Альбертыг бодог гэж  байгаа юм уу? Үгүй ээ, биш. Бид хоёрын хүүхэд гэж...? Тэр урьдынх шигээ чамайг намайг гэж бодог гэж чи хүсээд байгаа юм уу?

-          Тийм.

-          Тэгэж болохгүй. Бидний ээж өөрийнхөө хүүхдүүдийг эд эдлэлтэй адилтган үзэж, биднийг өөрийнхөө дураар нааш цааш болгосноос болоод  юу боллоо?Чи мэдэж байгаа биз дээ?

-          Хоёр сайхан бүсгүй л байгаа биз дээ. Чи Вилгельмд миний дүрээр л буцаад оччих л доо?

-          Юу гэж дээ, чи юу яриад байгаа юм бэ? Ингэж эрчүүдийг маллах чинь муухай хэрэг. Энэ тухай бодонгуут, сонсонгуут миний уур хүрч байна.

-          Энэ чинь амьдрал, Марта. Хэрэв чамд Вилгельм таалагдсан бол...

-           Одоо үүнийг ярих цаг нь биш. Хурдан хүрээд ир. Энд Альберт сүйд болж байна.

Альберт коридорт гараад ирчихсэн, эргэн тойрноо хараад зогсож байв. Тэр хавьд байсан хүүхнүүд бүгд л түүн рүү анхаарлаа хандуулсан байлаа.

-          Ямар ичгүүргүй хүмүүс вэ, энэ хүүхнүүд чинь гэж Марта дуугарлаа.

-          Би тэднийг  харах ч үгүй  байна. Чамаас өөр хэнийг ч анзаарахгүй байна.

“Энэ чинь дандаа ийм зантай байдаг билүү?” гэж бодон Марта Альберт руу харж байлаа. Уйлах хүсэл төрөхөө байжээ. Зүрх нь догдлохоо байсан байна. Энэ уулзалт түүнд яршигтай санагдаж байв. Альберт түүний нөхөр, түүний хайр дурлал, түүний амьдралын хэсэг байсан болохоор дахин бүхнийг эхнээс нь эхлэе гэж Марта бодон ирсэн билээ. Гэтэл болохгүй ажээ. Энэ хүнд Марта өчүүхэн ч татагдахгүй, харин ч залхаж байв. Сэтгэл нь хөрчээ.

Марта Альбертыг ширээдээ очоод сууж бай гэж ятгав. Арайхийж түүнийг буцааж оруулаад байтал ашгүй Маргарет  ирлээ.

-          Охин шиг л догдолсоор ирлээ. Чи бүгдийг эцэслэн шийдсэн үү? гэж Мартатай адилаар үсээ тайруулсан Маргарет хэллээ.

-          Тиймээ. Альберт бид хоёрын хувьд бүх юм шийдэгдсэн. Одоо ингээд дуусгая.

-          Чи бодлоо өөрчилчихгүй биз дээ?

-          Чи саяхан Клаустай уулзсан уулзалтаа сана даа.

-          Түүнийг ярьж эхлэнгүүт л би бидний хайр шатаж дуусчээ гэж бодсон.

-          Би яг түүн шиг чинь л байна,-гээд Марта  Маргаретээ тэврээд:

-           Одоо би Улаанбаатар руугаа буцахаар шийдээд байна,-гэв.

-          Чи чинь тийшээ явахгүй гээд л байсан биз дээ?

-          Энд би Альберттай байхдаа л сайхан байсан. Би ийшээ Альберттай хамт байх гэж  л ирсэн. Одоо бол Альбертад сэтгэлгүй болсон юм чинь энд үлдээд яах вэ дээ?Явъя л гэж бодож байна. Гэхдээ Альбертад бүгдийг ярих хэрэгтэй гэдэгт бол итгэлтэй байна.

-          Чиний зөв юм шиг байна аа. Яаж хоёулаа хэлэх вэ?

-          Хоёулаа шууд ороод л түүний хоёр талд суучихъя. Хүн төрөлхтний түүхэнд байгаагүй өвөрмөц, хүүхнүүд эрчүүдээс авч байгаа  өшөө авалт энэ байх болно.

***

Херман Хоннекерын ажлын өрөөнд Вилгельм Кроуэл орж ирлээ. Тансаг амралтын газар ханатлаа зугаалж, сайхан амрахад хүрэлцэхүйц их мөнгөний үнэтэй костюм, гутал өмсчээ. Ийм хувцастай хүн Херманы хүндэтгэлийг өөрийн эрхгүй  төрүүлдэг тул, Херман босч мэндлэв.

-          Та суугаач. Ирсэнд чинь баяртай байна.

-          Ажил ямар байна даа? Таны ажил төрөл  амжилттай байгааг харахад таатай байна.

-          Явж л байна. Та над руу бас ажлаар ирээ юү?

-          Маргаретаас сураг чимээ байна уу?

Тэр яах гэж Херман руу ирснээ өөрөө ч мэдэхгүй байгаа билээ. Бүх зүйл дуусч, Маргарет өөрийнхөө юмыг аваад яваад өгсний дараа сэтгэл нь хоосорч, энэ орон зайг юу ч нөхөж чадахгүй  байгаа билээ. Маргарет тэр хоёрын харьцаанд нэг л дутуу юм үлдсэн юм шиг түүнд санагдаад байлаа. Салсан эхнэр нь үнэн хэрэгтээ түүнд ямар хандаж байсныг үнэнээр нь мэдэхийг тэр хүсч байв. Херман Хоннекер нэг үе Маргареттай ойр холбоотой байсан болохоор ямар нэгэн зүйл мэдэж байж магадгүй гэж тэр бодсон. Тэгээд л удаан бодолгүй Херманы ажил руу явсан билээ. Хэрэгтэй  асуудал руугаа яаж орохоо мэдэхгүй байв. Тэгээд:

- Херман, ммм...ммм...Би танд яах гэж тань руу ирсэн шалтгаанаа тайлбарлах гээд оролдъё,-гээд  ярьж эхлэв.

Вилгельм, өөрийн  гэр бүлийн будлианы учрыг олох гэж явсан энэ хугацаанд л эхнэртээ энхрий дотноор ханддаг болж,  үүнийхээ учрыг ч сайн  ухаарч амжаагүй байтал  эхнэр нь салаад явсан, энэнээс болж сэтгэл нь шаналж байгаа тухай тайлбарлахыг оролдов.

Ихрүүдийн тухай нууц Херманыг ихээхэн зовоож байсан юм. Вилгельмийн эмх замбараагүй шахуу ярианы үеэр тэр байж суух газраа олж ядсан хүн шиг л  өндөлзөж, элдэв юм шүүрч аван оролдож байлаа. Утас дуугарахад тэр маш хурдан шүүрч авав.

-          Вилгельм явчихсан уу? гэж утасны цаанаас Карл асуулаа.

-          Яг ш дээ.

-          Юу гээд байна?

-          Өөрөө таа.

-          Дурлал уу? Үнэнийг хэлчихвэл тэр хоёр толгойг чинь илнэ гэж чи бодож байна уу!

-          Чи  байсан бол үзээд  алдах уу?

-          Би бол үгүй.

-          Би бол үзээд л алдана.

-          Мангар амьтан. Тэр хоёр чамайг нууц задруулсны хариуцлагад татвал чи  яаж өөрийгөө зөвтгөх гээв?

-          Би, намайг Вилгельм Кроуэл сүрдүүлэн шахалтанд оруулсан гэж хэлнэ ,- гээд  Херман утсаа шидэн, энэ үгийг сонсонгуутаа сэрдхийн босон зогссон Вилгельм рүү эргэж харлаа.

-          Би таныг сүрдүүлсэн гэж та хэнд хэлэх гэж байгаа юм бэ?

-          Маргаретэд... Мартад.

-          Би танаас юу хүссэн байх вэ?

-          Миний мөрдөж байсан хэргийн талаар тодорхой мэдэхийг хүссэн.

-          Би таныг юугаар сүрдүүлсэн байх вэ?

-          Өөрөө ямар нэгэн юм бодож  ол!

-          За, яахав. Би таныг гудамжинд өмдөө шувталж, эмэгтэйчүүдийг айлгадгийг чинь нэг шөнө харсан болъё. Одоо харин надад бүх мэдсэн зүйлээ ярьж өгөөч. Би таны  харцнаас чинь л  юм мэдэж байгааг чинь  харж байна.

-          Үүнээс болж би эвгүй байдалд орно шүү дээ.

-          Би мөнгийг нь төлнө.

-          Үгүй ээ. Би нууц мэдээллийн  худалдаачин биш ээ. Би дурлалаас болоод турчихсан  залуу эрийг  өрөвдөөд л ,  нууцыг  дэлгэх гэж байна.

***

Шинээр төрөхөөр дуншиж байгаа алуурчин  маань бодолд дарагдан өрөөн дотроо холхиж байлаа. Тэр Мартаг өөрөө алахаар эргэж буцалтгүй шийдсэн билээ.  Одоо харин яаж, хаана  гэдгийг л  сайн бодох хэрэгтэй байв.

Энэ хугацаанд Марта Шнайдер хаана байсан нь тодорхойгүй байлаа. Тэр үе үе л гудамжны утаснаас Берлин рүү утасдаж байсан юм. Ихэнхдээ хэн ч утсаа авдаггүй, заримдаа Альберт авдаг байв. Шөнөөр ч утасдаж үзсэн, бас л тийм байдалтай байсан.

Гэтэл тэр гэнэт л гараад ирэв. Хэд хоногийн өмнө утасдаж үзтэл, түүний чихэнд хоногшсон сонин аялгатай хоолой “Байна уу? Байна уу? Яриач” гэж дуугарч байлаа. Тэр инээмсэглэн, утсаа тавьлаа.

Берлин рүү хурдан явах хэрэгтэй байлаа. Өдөр ирэх тусам л түүний хамаг  найдвар талаар болох аюул улам хүчтэй заналхийлж байгааг тэрээр ойлгож байв. Хөгшин хүмүүс чинь гэнэт л нас бардаг шүү дээ. Гэтэл түүний зүүдлэн байгаа баялаг нэг өвгөнөөс л шалтгаалж байгаа билээ. Тэр өөрийнхөө өрөөг тойруулан харав. Энд хангалттай тохилог л байна л даа. Гэхдээ л түүн шиг, цагтаа цалгиж явсан  хүний хувьд дэндүү хямдхан эд зүйлс түүнийг хүрээлж байна гэж тэрээр үзэж байв.  Тэр тансаг ордонд амьдарч, мөнгөний талаар сэтгэл зовохгүй байхыг хүсч байлаа. Яагаад болохгүй гэж?

Үүнд нь Марта Шнайдер  л түүнд тусалж чадна. Үхэж өгч.

***

-          Би таны ярих зүйлийг анхааралтай сонсоход бэлэн байна гэж Вилгельм хэллээ.Тэрээр сэтгэл нь догдолсон байгаа нь илт байлаа.

-          Михаэль ирэг. Миний ярианы явцад түүнээс асуух юм гарна гэж би бодож байна гэж Херман хэлэв.

-          Би бүр нервтэж гүйцлээ шүү дээ, Херман.

-          Би ч гэсэн. Намайг хөлсөлсөн бүсгүй хүсэх л юм бол миний нэр төрийг гутааж болох,  тийм л юмыг би хийх гэж байна шүү дээ. Гэвч клиент маань тэгэхгүй байх л  гэж найдахаас.

-          Танаас мэдсэн гэдгээ  би хэнд ч хэлэхгүй гэж ам өгье.

-          Энэ бол боломжгүй зүйл. Хэнээс мэдсэнийг чинь тэр шууд л ойлгоно.

-          Өө, ашгүй. Михаэль ирлээ.

-          Бөмбөг дэлбэлэх л гээд байна аа даа?-гэж  Михаэль хэлэв.

-          Харин ээ. Чи бид хоёрыг дэлбэрэлтийн хүчээр цохиж ч магадгүй юм шиг байна.

-          За хурдан яриач дээ!

-          За байз, хаанаас нь эхэлбэл дээр юм бэ дээ... Михаэль, танаас нэг асуулт асууя. Та хадагтай Кроуэлийг Монголоос нааш нь авчирч байхдаа түүний зан  авирт нь ямар нэгэн өөрчлөлт  ажигласан уу?

-          Хачин араншин уу? Тэгсэн шүү. Маргарет хачин байдалтай байгааг би анзаарсан. Явахынхаа өмнө надад даалгасан зүйлийнхээ тухай нэг ч юм  асуугаагүй.  Бас  их л намбатай  биеэ авч явах болсон.

-          Түүнээс гадна тэр өөрөөр хувцаслах болсон. Бас сонин аялгатай ярьдаг болсон гэж Вилгельм нэмлээ.

-          Та нар түүнийг нэлээдгүй  өөрчлөгдсөнийг мэдэрсэн юм байна, тийм үү?

-          Битгий удаад бай, Херман. Яагаад Маргарет Монголоос эргэж ирэхдээ өөр болоод ирснийг шууд хэлээд өгчихөөч,-гэж Вилгельм тэвчээргүйтэв.

-          Яагаад гэвэл Монголоос та нар Маргаретийг авчраагүй...

-          Өө, за за!  Өөр юу гэмээр байна?- гэж Михаэль дуу алдав.

-          Байж бай даа,-гээд Вилгельм Михаэлийг  гараараа дохин дуугуй болгов.

Вилгельмийн нүдний өмнө бүх үйл явдлууд дараалан харагдлаа. Түүний сэтгэлд ямар нэгэн юм буух шиг... Монголоос эргэж ирсэн эхнэрийнхээ урьд нь анзаарч  байгаагүй үнэртэй усны үнэрийг саналаа. Маргаретийг үнсэж байхад нүд  нь ямар байсныг саналаа. Вилгельм гэв гэнэтхэн босон харайв.Ингэхэд сандал нь ар тийш уналаа. Үүнээсээ зовсон бололтой тэр буцаж байрандаа суув.

-          Яагаад би өөрөө үүнийг таамаглаж бодоогүй юм болоо? Энэ чинь... Энэ эмэгтэй чинь тэгээд  юун хүн юм бэ?

-          Таны эхнэрийн ихэр нь. Салсан эхнэрийн чинь. Түүнийг Марта гэдэг. Марта Шнайдер. Тэр монгол хүн. Таны эхнэр чинь ихрийн өрөөсөн гэдгээ мэддэггүй байсан юм байна лээ,- гэж  Херман  мэдэгдэв.

Ингээд,  Херман Митчеллийнхний гэр бүлийн үнэн түүхийг тэр хоёрт ярьж өглөө.

-          Тэр бүгдийг хуурсан байна. Энэ ч түүнд тийм хэцүү биш байсан байх л даа. Хэний ч толгойд хоёр яг адилхан эмэгтэй байна гэж орж ирэхгүй шүү дээ,-гэж Михаэль  гонгинов.

-          Өө, үгүй. Тэд өөр хүмүүс. Эхнэр маань нэг л биш гэдгийг мэдээд, энэ өөрчлөлтийн нь талаар түүнээс..., тэднээс..., тэдний хэн нэгнээс би асууж байсан юм.

-          Чөтгөр ав! Хэн гэдгээ уул нь тэр надад хэлсэн юм шүү дээ. Вилгельмийг, намайг, энэ гэрийг анх удаа харж байна гээд л амнаасаа хөөс цахартал хашгираад байсан шүү дээ,-гэж онгоцны буудлаас шөнөөр ирэхэд, бөөн хашгираан, шуугиан болсныг  санан Михаэль хэллээ.

-          Таны эхнэр буцаж ирэхгүйгээр, Монголд амьдрахаар шийдсэн байсан. Фридрих Митчеллийн хүмүүс түүнийг янз бүрээр айлган дарамтлаж, та түүнийг ердөө ч тоохгүй байсан зэрэг нь түүнийг энд амьдрах аргагүйд хүргэж, Эрдэнэ гэгч монгол залууг даган тийшээ явсан байна. Эрик гээд байгаа чинь энэ Эрдэнэ. Тэр эхнэрээс чинь их мөнгө авч, Маргаретийг Хөвсгөл нуур дээр  амиа хорлосон болгож үзүүлэх, шинэ бичиг баримт олж өгөх,  байр сууцаар хангах зэрэг үүргийг хүлээсэн байна. Харин энд бол, Маргареттай Монголд болсон үйл явдлын тухай хэн ч, юу ч мэдээгүй өнгөрсөн. Бүгд л Мартагийн араас явсан учраас...

-          Хөвсгөлд Маргарет амиа хорлосон жүжиг тавьсан юм уу? Тэгвэл яагаад цагдаагийнхан  бидэн рүү хандаагүй болж байна?-гэж Вилгельм гайхав.

-          Монголын цагдаагийнхан бас л будилж Мартаг амиа хорлосонд тооцчихгүй юу?-гээд Херман инээв.

-          Яахаараа?

-          Энэ асуултын хариуг олох гэж би их удсан. Зөвхөн газар дээр нь очиж байж л би учрыг нь олсон. Энэ бол ёстой бурханы зурсан зургаар л болсон зүйл. Эхнэр чинь тэнд “Хөвсгөл далай” зочид буудалд өрөө хөлсөлж байсан бөгөөд Эрикийн хүмүүс түүний амиа хорлолтыг дүрслэх хүртэл хүлээж тэнд хэд хоночихоод байлаа. Эрикийн зааврын дагуу Маргарет ажиллаж, мягмар гаригийн   өглөө алга болох ажиллагаагаа эхэлжээ. Маргарет зүгээр ч нэг алга болох биш, амиа хорлосныгоо батлах эд мөрийн баримт үлдээн алга болох ёстой байв. Энэ эд мөрийн баримтад өөрийнхөө ийм алхам хийхэд хүрсэн шалтгаанаа бичсэн захидал орох ёстой байлаа. Шархалсан сэтгэл зүрх, өөдгүй эр... гээд л бичнэ биз дээ. Ингээд Маргарет захидлаа бичиж байх тэр үед “Хөвсгөл далай” буудалд Марта ирж, жижүүр дээр бүртгүүлж байлаа. Тэр үед жижүүрийн оронд өөр хүн түр сууж байсан байна. Ингээд Марта  өрөөнийхөө түлхүүрийг  аван дотогшоо оржээ. Мартаг шатаар өгссөнөөс хэдэн минутын дараа Маргарет шатаар бууж ирсэн байна. Жижүүрийн оронд сууж байсан залуу саяын бүртгүүлсэн хүн л хувцасаа солиод гарч ирлээ гэж бодохгүй юу? Маргарет тэр залууд захидлаа өгч, өөрийнхөө өрөөний шуудангийн хайрцагт хийхийг хүсээд гарч оджээ. Залуу, “хэнд энэ захидлыг өгөх юм бэ?”- гэж асуухад Маргарет ”миний  тухай асуусан хүнд өгөөрэй”,-гэж хэлэхдээ түүнийг алга болсныг мөрдөх цагдаагийн тухай бодож хэлсэн байгаа юм. Нөгөө залуу болохоор хором ч эргэлзэлгүй Мартагийн хайрцаганд захидлыг хийв. Дөнгөж сая өөрийнхөө бүртгэж оруулсан хүнийг таньж байгаадаа тэр залуу итгэлтэй байлгүй яахав. Та нар ойлгож байна уу?

-          Чөтгөр ав! гэж хэлэхдээ Вилгельм энэ үгийг байн байн хэлж байгаагаа анзаарахгүй байлаа.

-          Цаашаагаа арай ойлгомжтой байх болно. Михаэль Маргаретийн юмыг өрөөнөөс нь авч, түүний тооцоог хийн, бүртгэлийг хаалгасан байгаа юм. Та энэ тухайгаа ярь даа?

-          Би өөрийгөө түүний нөхөр нь байна гэж хэлсэн. Бидний төлөвлөгөө өөрчлөгдлөө, одоо яаралтай  явах боллоо гэж жижүүрт хэлэхэд тэр баяртайгаар зөвшөөрсөн. Тухайн үед өрөөний асуудал хүндрэлтэй байсан болохоор, нэг ч гэсэн өрөө сулрахад тэр баярласан байх.

-          Одоо бүх юм ойлгомжтой боллоо,-гэж Херман  толгой дохив.

-          Херман, ойлгомжтой байгаа юм бол цааш нь яриач дээ,-гэж Вилгельм  яаруулав.

-          “Хөвсгөл далай” зочид буудалд байрлаж байсан эмэгтэй усан онгоцноос үсэрсэн байна гэсэн мэдээллийг авсан цагдаагийнхан хэсэг хугацааны дараа буудалд ирлээ. Орой болоход Марта Шнайдер гэдэг бүсгүй  амиа хорлосон болох нь тодорсон  байна. Өрөөнөөс нь юмыг нь авсан нөхрийнхөө хамтаар Маргарет Кроуэл буудлаас гарсан, бүр явчихсан байгаа шүү дээ?  Харин Мартагийн чемодан өрөөндөө үлдсэн байлаа. Өөр газар очиж байр хөлслөнө гэж явахдаа Марта чемоданаа  өрөөндөө орхин, цүнх барьж явсан байна. Түүнээс гадна түүний шуудангийн  хайрцагнаас салах ёс хийсэн захидал олджээ. Бичгийн хэв нь Мартагийнх байв. Энд нэг юм хэлэхэд ихэр хоёрын бичгийн хэв үнэмшмээргүй адилхан юм билээ. Хэдийгээр захидлыг Марта биш, Маргарет бичсэн байсан ч гэсэн  Мартагийн найзууд шууд л энэ бол Мартагийн бичгийн хэв мөн гэж таньсан байна. Марта өрөөндөө чемоданаа үлдээн, айлын байр хөлслөнө гэж хаяг барин гарахдаа  араас  нь мөрдөж байна уу, үгүй юу гэдгийг давхар шалгахаар гарчээ. Энд бас нэг  ойлгомжгүй юм  байгаа юм. Михаэль, та Мартаг Маргареттай андуурахдаа яагаад түүнийг зочид буудлаас хол, тэр байр хөлсөлсөн айлынх нь  гадаанаас олчихсон юм бэ?

-          Энэ бол бас л тохиолдол болсон. Вилгельм эхнэрээ “Хөвсгөл далай” зочид буудалд байж магадгүй гэж бодож байсан. Яагаад гэвэл Маргарет энэ буудлын рекламыг энд байхдаа үзэж байсан байгаа юм. Түүнийг нь өрөөнөөс нь олсон. Надтай хамт монгол хэлтэй хүн хамт явж байсан. Бид Хөвсгөлд ирэнгүүтээ шууд л энэ буудал руу зүглэсэн бөгөөд буудлын  гадаа ирээд машинаас бууж амжаагүй байхдаа л Маргаретийг олж харсан. Тэр аяны  цүнх барьчихсан буудлаас гарч явсан.

-          Энэ бол Марта байсан байна гэж,- Вилгельм уулга алдав.

-          Одоо бол ч мэдэж л байна л даа. Би туслахдаа түүний хойноос мөрдөхийг тушаагаад, өөрөө Маргаретийн юмыг авахаар буудал руу орсон. Түүний юмыг аваад өөр буудалд  буудаллан , утас чагнаж суутал туслах маань Маргаретийн хаана байгааг хэлж өгсөн. Тэгээд л Маргаретийг буцааж  авчирах ажиллагаагаа эхэлсэн.

Вилгельм  өөрийн эрхгүй  инээв.

-           Таны эхнэр биш байна гэж  би яаж мэдэх вэ дээ?- гэж  хачин царайлсан  Михаэль бувтнав.

-          Би бас удаан хугацаанд толгойгоо гашилгасан л даа. Ийм будлиан байж болно гэдгийг ойлгохгүй байсан. Будлианы  гол баатрууд маань ч яагаад ийм будлиан болчихсоныг ойлгохгүй байгаа,- гэж Херман  хөгжилтэй нь аргагүй хэлэв.

-          Энэ хоёр бүсгүйн хэн нь одоо энэ Альберт гэдэг хүнтэй цуг байгааг та мэдэж байна уу? гэж Вилгельм Херманаас асуулаа.

Вилгельм энэ нэрийг сайн санаж байлаа. Яагаад гэвэл Маргарет түүнд яаралтай салах болсон шалтгаанаа ярьсан юм. Гэсэн ч л Вилгельм эргэлзсээр байсан билээ.

-          Таны салсан эхнэр чинь.

-          Яг миний эхнэр сүүлчийн мөч хүртэл энд байж,  гэрлэлтээ  цуцлуулаад явсан уу?

-          Тэгсэн.

-          Жирэмсэн гэсэн нь  Маргарет  үү?

-          Тийм.

-          Та тэр хоёртой хоёулантай нь холбоотой байгаа юу?

-          Мөрдлөг дуусаагүй байна. Тэд нар өөрсдийнхөө төрөл садангуудын тухай мэдэхийг хүсч байгаа. Бид Индра Митчеллийг бүтэн өнчин байсан  гэдгийг тогтоосон. Харин Виктор Хелдманы тухайд бол мэдэгдээгүй юм олон байна. Тэр Монголд золгүй тохиолдлоор нас барсан ч гэсэн, түүний гэр бүлийнхэн гэж үлдсэн шүү дээ. Маргарет ч, Марта ч өөрсдийнхөө төрөл садныг олох сонирхолтой байгаа.

-          Тэд чинь ямар ч албан ёсны эрхгүй, төрлөө батлах баталгаагүй хүмүүс шүү дээ.

-          Тэд зүгээр л мэдэхийг хүсч байгаа юм.Түүнээс тэдэнд очиж  асуудал үүсгэх гээгүй шүү дээ?

Вилгельм Херман руу  гуйсан харцаар харж:

-          Та надад Мартаг хаана байгааг хэлж өгөөч дээ?- гэв.

-          Мэдээж шүү дээ. Хэлэх л гэж энэ бүх мэдээллийг задруулж  байгаа биз дээ?- Марта бол өөрөө хэнд ч, хэзээ ч битгий хэлээрэй гэж ам өчигийг минь авсан юм шүү.  Хэрэв би хүүхнүүдэд балбуулж  үхэх юм бол та гэмтэн нь  болно доо,-гэж инээгээд Мартагийн Берлинд хөлсөлсөн байрны хаягийг  цаасан дээр бичиж, түүнд өглөө.

Арвандолоодугаар бүлэг

Марта хүнсний зүйлээр дүүргэсэн тэргэнцэр түрэн дэлгүүрийн касс руу зүглэтэл хэн нэгэн хүн ард нь унахаа шахаж, Мартагаас барин тогтлоо. Эргээд хартал Мэтт Браунтай нүүр нүүрээрээ тулгарчихав.

-          Марта! Ямар сайхан учрал вэ? гэж царайд нь баяр гэрэлтсэн тэрбээр  уулга алдлаа.

-          Сайн уу? Чи энд юу хийж яваа юм бэ? гэж Марта инээмсэглэн хариу мэндлэв.

-          Яг урьдынх шигээ ажлаар л явж байна. Дахиад нэг салон нээж байгаа. Чамайг нээлтэнд нь уръя. Заавал ирээрэй. Чамайг сүйт бүсгүйтэйгээ танилцуулнаа. Ева гэдэг бүсгүй байгаа.

-          Тэр чинь  энд чамтай хамт ирсэн юм уу?

-          Тиймээ. Бид хоёр хамтдаа ирсэн. Өнөө орой чи завтай юу? Өнөө орой залуусын ордонд хоёр гурван зуун хүн оролцсон  маш сайхан  үдэшлэг болно гэсэн. Чи түүнд орохгүй юм уу?

-          Очмоор л байна. Гэхдээ би ганцаардаад байна.

-          Альберт чинь яасан бэ?

-          Тэр... Тэр энд байхгүй байгаа.

-          За, зүгээр л яваад ирэхгүй юу дээ. Чамайг залуучууд  бүчээд л ирнэ, ганцаардана л гэж байхгүй.  Ева бид хоёр чамайг урьж байна?

-          Баярлалаа, Мэтт.

-          Чиний нэрийг уригдсан хүмүүсийн нэрсийн жагсаалтанд оруулчихъя. Долоод эхэлнэ гэсэн шүү. Чамайг бодлоо өөрчлөхгүй гэдэгт би итгэлтэй байж болох уу? Ева чамтай танилцмаар байна гээд байгаа. Гэхдээ тэр жаахан хардах байх.

Мартагийн царай улайв.

-          Хонгор минь. Би чамд ухаангүй дурлаж байсан тухайгаа дурсахдаа ердөө ичдэггүй шүү. Евад ч ярьсан.

-          Би санаж байна.  Энэ тухай эргэн санахад сайхан байна.

-          Чи тэгэж санаж байгаа бол би баяртай байна. Ямар ч байсан чиний нөхөр чинь азтай хүн шүү.-Мэтт санаа алдсанаа, инээмсэглэж- Орой  заавал ирээрэй, чи амласан  шүү. Би чамд  Евагаа үзүүлмээр байна,-гэв.

Мэтт юу ч  худалдаж   авалгүй, яаран гарав. Мэттээс болоод  Марта Альбертыг бодов.

Ресторанд, Альбертын баруун, зүүн хоёр талд нь  Маргарет, Марта хоёр зэрэг хүрч ирээд суусныгаа санаж Мартагийн инээд хүрэв. Хөөрхий Альберт яг хөшөө шиг болон хөшчихөж билээ. Маргарет, Марта хоёр ярьж эхлэнгүүт Альберт цочин ухасхийж, сэрээгээ унагалаа. Марта түүнийг тайвшруулах гэж  гарыг нь барьтал тэр уулга алдан гараа татаж авсан. Дараа нь ухаан мэдрэлгүй болтлоо архи ууж, эргэж харих замдаа байн байн л хоёр эхнэр нь хоёулаа жирэмсэн үү гэж асуусаар явсан.

Гэртээ ирэнгүүтээ  Маргаретэд Мэттийн тухай, тэр түүнийг өнөө орой урьсан тухай ярилаа.

-          Тэр Мэтт чинь яагаад чамайг Еватайгаа танилцуулах гээд байгаа нь сонин байна.

-          Би түүний сүйт бүсгүйтэй танилцвал хүч тэнцүү ”адил нэг” байдалтай болно гэж Мэтт бодож байгаа юм байлгүй. Тэр Альбертыг таньдаг юм. Чи надтай хамт явах уу?

-          Үгүй ээ. Би Альбертын утасдахыг хүлээж байна.

-          Түүнд сайн сайхныг миний өмнөөс хүсээрэй гэж хэлэхдээ Марта тоглосон шинжгүй байлаа.

-          Хөөрхий Альберт, өрөвдмөөр. Одоо хүртэл бид хоёр  өөрөөр нь тоглоод л байгаа юм шиг   санагдаад байна гээд  байгаа.

-          Яахав, яахав, хааяа хандыг нь дарж байхад  илүүдэхгүй, тийм үү?

***

-          Нэг эмнэлгээс утасдаж байна. Чамтай яръя гэж байна,- гэж Оюун нөхөртөө хэллээ.

Өлзий анхааралтай сонсож байснаа цаасан дээр ямар нэгэн юм тэмдэглэж аваад утсаа тавьлаа.

-          Баатар гуай надтай уулзах хэрэгтэй байна гэж хэлүүлсэн гэнээ. Зүрхний шигдээс болоод бие нь муу эмнэлэгт байгаа гэнэ.

-          Яах гэж байгаа юм болоо? Чи юу гэж бодож байна?

-          Ямар нэгэн чухал юм санаад, түүнийгээ хэлэх гэж байгаа юм болов уу?

-          Ямар ч байсан явах хэрэгтэй. Би чамд жаахан чихэр, жимс бэлдээд өгье. Чи хурдан яваад ир.

Гэвч Өлзий ирэхгүй удлаа. Цонх нь хөшиггүй, цав цагаан эмнэлгийн өрөөнд орж ирэнгүүтээ Өлзий  бие нь ядруухан, хөдөлгөөнгүй хэвтэж байгаа, царай нь цонхийсэн Баатар гуай руу харж санаа алдав. Баатар гуай Өлзийг хараад өндийх гэж оролдсон боловч чадсангүй.

-          Боссоны хэрэггүй ээ. Таны бие яаж байна?- гэж асуугаад Өлзий орны хажууд байгаа сандал дээр суув.

-          Би яах вэ? Нөгөө ертөнц рүү явах хугацаа маань ойртсоныг мэдэрч л байна. Одоо би удахгүй байхаа. Нүглээ наманчилах гэж чамайг дуудсан юм. Чиний бие яаж байна?

-          Би юу?  Зүгээр,- гэж гайхсан Өлзий хариуллаа.

-          Гандангийн хашааны үүдэнд би чамайг алах гэж толгой руу чинь цохисон юм...

Өлзий цочиж, суудал дээрээ ганхан, Баатар руу юу ч хэлэхээ мэдэхгүй хэсэг зуур ширтэв. Өлзий  Баатар гуайг  өөрийн ухаантай байгаа гэдэгт итгэмээргүй  байв. Өөрийн ухаангүй байгаа бол Гандангийн хашааны тэнд болсон явдлын тухай яримааргүй юм аа?

-          Та яагаад намайг алах гэсэн хэрэг вэ?

-          Нэг гэмт хэрэг араасаа өөр гэмт хэргийг дагуулж байдаг болохоор л тэр гэх үү дээ. Олон жил өнгөрсөн  ч гэсэн...

Өлзий гэнэт ойлгон:

-          Та Виктор Хелдманыг алсан уу? Тэр өөрөө  нүхэнд унаагүй, та түүнийг түлхсэн юм уу?- гэж   асуулаа.

-          Тиймээ. Би түлхсэн. Бадам үүрд түүнтэй хамт явахаар бэлдэж байсан юм чинь?  Би Бадамыгаа үүрд  алдана гэдэгтэй  яаж эвлэрч чадах вэ дээ,- гэж ярихдаа Баатар гуайн амьсгал тасалдан, ярихад хүнд байгаа бололтой байв.

-          Гэвч та түүнтэй гэрлээгүй шүү дээ.

-          Бадам хүсэхгүй байсан юм. Тэр хэзээ  ч надтай суухыг хүсээгүй.

-          Викторын үхэлд таныг буруутай гэж Бадам эгч таамаглаж байсан юм болов уу?

-          Магадгүй.

-          Та ямар хэрэг хийснээ ер нь ухаарч байна уу?

-          Ухаарч байна. Тэгээд л чамайг дуудсан юм. Хоёр дахь удаагаа зүрхний шигдээс болж байна. Гурван сарын өмнө нэг үхэхээ шахсан. Одоо бол тэсэхгүй биз дээ. Гурван сарын өмнө би нэг нүглээ цагаатгаж, сайн үйл хийсэн юм. Энэ маань танай Мартатай холбоотой хэрэг.

-          Ямар хэрэг? гэж асуухдаа Өлзийгийн дотор уур, хилэн, өрөвдөх сэтгэл  зэрэг зэрэг төрж байлаа.

-          Жаран есөн онд, Викторыг нүх рүү түлхчихээд, түүнийг амьсгал хураалаа гэж баттай мэдсэнийхээ дараа би түүний халааснаас эцэгтээ бичсэн захидлыг нь авсан юм. Энэ захидалдаа Виктор удахгүй очиж, эхнэрээсээ баталгаагаа салгана. Яагаад гэвэл Монголд гайхамшигтай сайхан бүсгүйтэй учирсан, энэ эмэгтэй нь түүнд охин төрүүлж өгсөн гэж бичсэн байсан.

Өлзий нүдээ анилаа. Хэрэв энэ хүн байгаагүй бол, энэ хүн Бадам  эгчид солиотой дурлалаар дурлаагүй бол, Марта өдийд Германд баян өвөөгийнхөө нөмөрт байх байсан байна шүү дээ. Аавынхаа аавын хамт...

-          Та яаж нүглээ цагаатгасан юм бэ?

-          Биеэ муудангуут л миний амьд явах хугацаа дуусч байна гэж ойлгосон. Тэгээд энэ эртний захидлыг Викторын эцгийн хаягаар нь илгээсэн юм. Түүний эцгийг Энди Хелдман гэсэн байсан.

-          Мартагийн өвөө гэсэн үг үү?

-          Тиймээ. Гэхдээ би захидлыг ямар ч тайлбаргүйгээр  явуулсан.

“Баатар гуайн Энди Хелдманд явуулсан энэ захидлаас болж  Мартаг алах оролдлогууд гарсан байх боломжтой уу?” гэж Өлзий бодоод хурдан босч, гүйх шахам гарлаа.

Энэ асуултыг толгойдоо тээсээр тэр гэртээ орж ирэв.

-          Энди Хелдман одоо амьд байхгүй ч байж болох юм. Тэр чинь баян хүн байсан. Үр удам нь гэж хүмүүс байж таарна. Гэтэл тэдгээр  нь гэв гэнэт дахин нэг хүнтэй баялагаа хуваах шаардлагатай болсон тухай мэдээд яах  вэ? гэж Оюун бодол болон ярилаа.

-          Хэрэв энэ Энди Хелдман амьд байвал яах вэ? Хэдийгээр цусан төрөл нь үнэн боловч, харийн хүн болох энэ ач охин нь түүнд  хэрэггүй гэж үзэж байж ч магадгүй биш үү?-гэж Өлзий бас нэг хувилбар гаргав.

-          Энди Хелдман Мартаг алах захиалга өгсөн гэж хэлэх гээд байна уу?

-          Тийм юм байж болохгүй гэж үү? Мартагийн тухай хуучин байрнаас нь сураглаж явсан гадаадын иргэнийг сана л даа. Түүнийг Мартагийн өвөө нь явуулсан байх бүрэн боломжтой биш үү?

-          Ямар ч атугай, Марта бид хоёроос арай түргэн энэ асуудлын учрыг олох байх. Хурдхан утасдая.

-          Харин тийм. Марта одоо бүх юм дууссан, аюулгүй болсон гэж бодож байгаа шүү дээ. Өлзий, Оюун хоёр  бие биерүүгээ  түгшүүр дүүрэн харцаар хараад  утсаа шүүрэн авлаа.

-          Мартагийн гар утас нь холбогдохгүй  байна. Гэр рүү нь залгая.

***

Марта үдэшлэг рүү явснаас хойш хагас цаг ч өнгөрөөгүй байтал хаалганы хонх дуугарлаа. Хаалганы дурангаар хартал Мартагийн найз Роберт нь зогсож байв. Маргарет тэр хоёр танилцаж амжсан билээ.

-          Сайн уу? Роберт. Орооч.

-          Сайн уу? Маргарет уу?, Марта юу?

-          Марта залуусын ордонд болох үдэшлэгт явчихсан. Сайхан юм болох юм гэсэн. Кофе  ууцгаая. Суу.

-          Марта найз залуутай болоо юу?

-          Үгүй ээ. Хуучин танил нь тааралдаад түүнийг урьсан гэсэн.

-          Машины дуу гарч байна Марта буцаад ирж байгаа юм болов уу?

-          Мэдэхгүй.

Хонх дуугарангуут шууд хаалга онгойлгосон Маргарет уулга алдлаа.

-          Вилгельм! Чи юу хийж яваа юм бэ?

-          Орж болох уу?- гээд,  Вилгельм Маргарет руу сонжингуй харлаа.

Роберт босч ирэн, кармандаа гараа хийж, Вилгельм рүү үнэн их сонирхолтойгоор харж байв.

-          Сайн байцгаана уу? Марта байгаа юу?

Маргарет уулга алдан, гараараа амаа дарснаа:

-          Чи  мэдчихсэн юм уу?  Өөрөө  ойлгочихсон  гэж үү?

-          Бараг л тийм.

-          Аан, мэдлээ мэдлээ.  Херманы хийсэн ажил биз. Муу нохойг доо ...

-          Би өөрийгөө мангар амьтан шиг байдалтай байгаагаа мэдэж байна. Би та хоёрт үхтэлээ маллуулчихаад  уул нь уурлах ёстой  байх л даа...

-          Өнгөрсөн юмны хойноос уурлах хэрэггүй байдаг юм,-гэж Маргарет сургамжлагч маягаар  хэллээ.

Энэ мөчид утас дуугарав. Монголоос ярьж байлаа. Марта байхгүй байгаа болохоор Оюун, Маргарет хоёр хэцүүхэн л ойлголцож байх шиг байлаа. Хоёулаа муухан англи хэлтэй хүмүүс чинь өөр яах вэ дээ.

-          Мартагийн найз Оюун байна. Бидний өвөөгийн тухай ярьж байна. Түүнийг Энди Хелдман гэдэг гэнэ. Хуучин хаяг нь байгаа гэж байна. Өвөөд маань Мартагийн тухай ямар нэгэн мэдээ Монголоос явуулсан юм шиг байна. Мартаг ирэхээр л Оюун руу  яриулъя. Тэгэхээр бүр ойлгомжтой болох байх,- гэж Маргарет сэтгэл нь догдлон, байх суух газраа олж ядан хэллээ.

-          Би ч гэсэн энэ тухай ярихаар ирсэн юм. Херман зарим нэгэн зүйлийн учрыг олсон гэсэн. Би та хоёрт ярьж өгөх гэж ирсэн юм. Түүнээс гадна Мартатай чинь  жинхэнээсээ танилцахаар ирсэн юм.

-          Херман ямар нэгэн чухал зүйл мэдээ юу?

-          Та нарын өвөө чинь амьд байгаа. Түүнийг Энди Хелдман гэдэг. Тэр наян есөн настай.

-          Юу мэдсэнээ бүгдийг нь ярь.

Өрөөг тойруулан харж зогссоор байсан Вилгельм зөөлөн сандал дээр суулаа. Роберт түүнд кофе хийж өгөв. Энэ  эр Робертод Альбертаас хамаагүй илүү таалагдаж байлаа. Сэтгэлийн их тэнхээтэй хүн шиг байна гэж Роберт бодов. Роберт Мартад яг ийм хүн л тохирно гэж өмнө нь боддог байсан билээ.

-          Энди Хелдман Хамбургт амьдардаг гэнэ. Тэр арван хоёр саяын хөрөнгөтэй.

-          Муугүй л юм байна. Түүний гэр бүл...? гэж Роберт асуув.

-          Харин тийм, гэр бүлийнх нь тухай юу мэдсэн бэ? гэж Маргарет асуулаа.

-          Энди Хелдман хоёр удаа гэрлэсэн юм байна лээ. Бидэнд бол хоёр дахь гэрлэлт нь сонирхолтой байх л даа. Яагаад гэвэл Виктор энэ гэрлэлтээс төрсөн. Викторын ээж, та нарын эмээ аль эрт нас барсан юм билээ. Түүнийг бас чам шиг Маргарет гэдэг байсан  гэнэ.

-          Харамсалтай байна. Эмээ маань байсан бол бидэнтэй уулзахыг, ярилцахыг хүсэх байсан байх...

-          Энди эхний гэрлэлтээсээ хүүхэдгүй байсан юм байна. Харин түүний анхны эхнэр Лаурагийн өргөмөл хүү Крис Картер гэдэг хүн байсан бөгөөд Лаура, Крис нар одоо байхгүй. Лаура нь өвчнөөр, Крис нь ослоор нас барсан. Харин Крис хүүтэй бөгөөд энэ хүүтэй өвөө чинь ямар нэгэн цусан төрлийн холбоогүй атлаа түүнийг ач хүүгээ гэж үздэг гэсэн.

-          Өөр хүний нүдээр харах юм бол баян өвөө ганцхан өв залгамжлагчтай бөгөөд, энэ нь төрсөн ач хүү нь биш байдаг.  Гэнэт өвгөн рүү хоёр танихгүй бүсгүй хүрч ирээд, өөрсдийгөө  түүний төрсөн ач охид нь гэж  мэдэгдвэл, Энди Хелдман тэднийг худалч луйварчид гэж бодох болно,-гэж өөрийн дүгнэлтээ Роберт хэллээ.

-          Яг үнэн. Марта, та хоёр өвөөтэйгээ төрөлсөх хувьгүй  юм байна даа, -гэж Вилгельм хэлэв.

-          Хүлээж байгаарай! Сая  Оюун хэлэхдээ Мартагийн тухай өвөөд  ямар нэгэн мэдээ, бидний аавын захидал  ч юмуу нэгэн зүйл гурван сарын өмнө очсон гэж хэлсэн. Марта хурдан ирээсэй. Оюунтай яриулах юмсан.

-          Энэ төрсөн биш ч ач хүүтэй нь яривал яадаг бол? гэж Роберт хэлэв.

-          Цорын ганц өв залгамжлагчтай нь уу? Түүнийг Мэтт гэдэг. Харин овог нь Картер биш, тэр ээжийнхээ Браун гэдэг овгийг авсан юм гэсэн. Мэтт Браун. ... Яасан бэ? Би ямар нэгэн аймаар юм хэлээгүй биз дээ? гэж Маргарет, Роберт хоёрын агшин зуур зэвхйисэн царай, бүлтрэх шахсан нүдийг харж гайхсан Вилгельм  асуулаа.

Маргарет, Роберт хоёр бие биен рүү дуугүй хачин царайлан харцгааж, тэдний тархинд аймаар бодлууд шуурч байлаа.

-          Юу болоод байгаа юм бэ? Алив  бушуухан ярьцгаа,- гэж  мөн түгшүүрт автан Вилгельм  захирангуй дуугаар шаардав .

-          Марта... Марта түүнтэй хамт байгаа,-гэж Маргарет чичирсэн хоолойгоор  хэлэв.

-          Хэнтэй?

-          Энэ Мэтт Браунтай. Итгэмээргүй юм...гэж Роберт бувтналаа.

-          Өөр Мэтт Браун юм болов уу?,-гэж найдвар тээсэн дуугаар Марго хэлэв.

-          Та нар юу яриад байн аа?Ойлгомжтойхон шиг тайлбарлаад өгөөч!

-          Гурван  сарын өмнө Марта нэг найзынхаа гэрт болсон үдэшлэгийн үеэр энэ Мэтт Браунтай танилцсан юм. Би тэнд байсан болохоор энэ Мэтт Мартаг яаж эргүүлж байсныг сайн санаж байна.  Марта нөхөртэй гэж тайлбарлаад байхад чинь л энэ залуу Мартагаас салахгүй дагаад байсан. Дараа нь ажлын газрын гадаа зогсоод хүлээдэг болсон,- гэж Роберт тайлбарлалаа.

-          Өнөөдөр дэлгүүрт Марта түүнтэй тааралдсан гэсэн. Тэгээд Мэтт түүнийг сүйт бүсгүйтэйгээ танилцуулахыг хүсч байгаагаа хэлээд өнөө орой залуусын ордонд болох үдэшлэгт заавал ирээрэй гэж урьсан гэнэ билээ. Тэгээд л Марта тийшээ явсан,- гэж Маргарет нэмлээ.

-          Энэ ч нэг л биш боллоо шүү. Херман руу ярих хэрэгтэй. Энэ Браун мөн бишийг нь тодруулах шаардлагатай байна,-гэж шийдэмгий дуугаар Вилгельм хэлээд  энгэрийнхээ  халааснаас  жижигхэн Nokia  гаргаж ирэв.

Херман утсаа хурдан аваасай гэж бүгд залбирч байв. Маргарет, Роберт хоёр Вилгельмийн хажууд амьсгаа даран зогсож байлаа.

-          Херман, би Вилгельм байна. Бид энд нэг эвгүй зүйлтэй  учраад  байна.  Мэтт Браун гэж нэг этгээд  гурван сарын өмнөөс л Мартатай ойр дотно танилцахыг хүсч эргүүлээд байсан байх юм.  Өнөөдөр тэр Мартатай гэнэт тааралдан, түүнийг үдэшлэгт урьсан байна. Бидний толгойд түмэн шидийн бодол орж ирээд байна. Өөр.... Сая Монголоос Мартагийн найз нь утасдаж, гурван сарын өмнө тэндээс Энди Хелдманд Мартагийн тухай ямар нэгэн мэдээ ирсэн байх ёстой  гэж хэллээ. Чи бидэнд Энди Хелдманы ач хүү гээд байгаа Мэттийг ямархуу царай төрхтэй  этгээд вэ гэдгийг нь дүрсэлж  хэлж чадах уу?

-          Чөтгөр ав! Наана чинь тэр этгээдийг нүдээрээ харсан хүн байна уу? -гэж Херман утасны цаанаас хашгирлаа.

-          Роберт, та Мэттийг харсан уу?

-          Зуун удаа. Надад утсаа өгчих.

-          Мэтт Браун гучин найман настай. Тэр өндөр нуруутай, цайвар үстэй, сэтгэл татам инээмсэглэдэг. Саарал нүд, цайвар хөмсөгтэй, баруун хацартаа жижигхэн сорвитой. Инээхдээ хацар нь хонхойдог. Их сайхан инээдэг.

-          Мөн байна. Эргэлзэх юм алга,- гээд Роберт  жижигхэн гар утсыг бяц базах дөхөөд  эзэнд нь шилжүүлэн, өрөөн дотуур гүйх нь холгүй холхиж эхэллээ.

-          Мэтт Браун Мартаг Энди Хелдманы ач охин гэдгийг мэдсэн байж  таарч байна. Тэгээд  энэ новш  баян өв хүлээж  авах  замд нь Марта саад болж байна  гэж үзээд  түүнийг  зайлуулах  гэж  элдэв хор найруулж  байгаа байх,- гэж Вилгельм  хэллээ. “Хор найруулах“ гэдгийн дор  “алах” гэдэг утга явж байгааг бүгд ойлгож байлаа.

-          Таны зөв. Явцгаая.

-          Энэ залуусын ордон чинь хаана байдаг юм бэ?

***

“Энэ олон хүний дотроос Мэтт намайг яаж олж, сүйт бүсгүйтэйгээ танилцуулах нь сонин байна” гэж Марта бодож зогслоо.” Ер нь яах гэж наашаа ирэв ээ? Вилгельм Кроуэлыг бага ч гэсэн мартахын тулд уу?”

Намхан, туранхай, шовх хамартай, хүнд анзаарагдамгүй царайтай ч, бүсэлхийгээ хүрсэн урт, өтгөн, цайвар үстэй залуу бүсгүй түүнийг ажиглан харж байлаа. Тэр бүсгүй Мартад дөхөж ирлээ.

-          Та Марта Шнайдер мөн үү? Намайг Ева Моррисон гэдэг. Би Мэттийн сүйт бүсгүй нь. Мэтт бага зэрэг хоцрох байх,- гэж тэр бүсгүй найрсгаар хэлэв.

-          Та яаж намайг таньсан нь сонирхолтой байна?-гэж Марта гайхав.

-          Би таныг өмнө нь харсан л даа ...зөвхөн таныг харахын тулд би наашаа ирж байлаа...

-          Та тэгээд дэмий ирж дээ гэдгээ  ойлгосон биз дээ?

-          Дэмий ирээгүй шүү. Би Мэттийг илүү сайн ойлгохыг хүссэн юм. Тэгэхийн тулд таныг харах хэрэгтэй байлаа л даа. Ингээд би зорьсондоо хүрсэн. Удахгүй бид гэрлэнэ.

-          Баяр хүргэе. Сайхан танилцлаа.

-          Уучлаарай!  Би тантай эвгүй ярьсан байж магадгүй. Та намайг ойлгоорой.

Марта энэ бүсгүйтэй тайван, зөөлөн ярихыг хичээлээ. Хэрэв Мэтт түүнд Мартагийн тухай ярьдаг байсан бол энэ бүсгүй өөртэй нь уулзсандаа нэг их баяртай байгаагүй нь л лав.

-          Зүгээр. Ойлгож байна.

-          Би тантай илэн далангүй ярилцмаар байна. Өвлийн цэцэрлэгт очиж суух уу?

-          Энд өвлийн цэцэрлэг байдаг юм уу?

-          Хоёр давхарт гараад, коридороор модон хаалга хүртэл явж, баруун гар тийшээ эргэн, толин танхимын араар тойрох хэрэгтэй.

-          Төөрдөг байшин шиг л юм байна. За, яахав, явцгаая даа.

Арваннаймдугаар бүлэг

-          Бид яаж дотогшоо нэвтрэх юм бэ?- гэж асуухдаа Маргарет айсан өнгөөр хэлсэн ба айж байгаагаа нууя ч гэж бодохгүй  байлаа.

-          Би л холбоо, сүлбээгээ ашиглах хэрэг гарч байх шиг байна гэж хэлээд Роберт  утсаа гаргалаа.

Хэдийгээр Вилгельм Берлин хотыг ерөөсөө мэдэхгүй ч жолоогоо өөрөө барина гэж зүтгэв. Маргарет, Роберт хоёр түүнийг хэрэггүй гэж ятгаад дийлсэнгүй. Вилгельм шиг  удирдагч зантай, үйл явдлыг гартаа атгаж сурсан хүн байдал ийн хурцдачихаад байгаа үед юу ч хийлгүй зорчигчийн суудал дээр сууж явж  тэвчихгүй нь ойлгомжтой.

-          Одоо баруун гар тийшээ эргэ ,-гэж Маргарет командлав.

-          Би ярьчихлаа. Биднийг оруулахаар боллоо,- гэж Роберт хэлэв.

Дуу чимээ, гэрэл чийдэн, хөгжим бүжиг ... болсон том танхим руу тэр гурав орж ирлээ.

-          Марта ямар хувцастай явсан бэ?

-          Урт хар даашинзтай.

-          Өө, би манай “Мөсөн уул”-ын нэг хэлтсийн даргыг олж харлаа.Тэр Мартаг харсан байж магадгүй. Би асуугаадхая,-гээд  Роберт  ухасхийв.

-          Марго, миний муу совин татаад байна. Чи яаж байна? Ихрүүд чинь бие биенийгээ мэдэрдэг гэдэг биз дээ?- гэж Вилгельм асуулаа.

-          Бүр гэрт байхад л би айснаасаа болоод дотор муухай  оргиод  эхэлсэн, одоо ч хэвээрээ байна,-гэж  мөрөө тэврэн  Маргарет хариулав.

-          Жирэмсний хордлого юм болов уу?

-          Томас Мартаг хоёр давхарын коридороор цаашаа явж байхыг нь харсан гэнэ. Түүнтэй хамт урт үстэй нэгэн бүсгүй явж байсан гэнэ.

-          Тэгвэл тийшээ явцгаая. Тэнд хэтэрхий олон хаалга байхгүй л бол бид түүнийг хурдан олж чадах  байх.

-          Хүлээж бай даа!  гэж Роберт хэллээ.

-          Яасан бэ?

-          Мэтт нүдэнд харагдаад өнгөрөх шиг боллоо. Балконы тэнд л...

-          Тэгвэл түүн рүү явцгаая.

Вилгельм хоёр давхар руу харан, тийшээ зүглэх гэснээ больж, нөгөө хоёрынхоо араас эргэлзэнгүй дагалаа.

***

-          Би тантай хамт уухаар дарс авчирсан юм. Та энэ дарсыг хэзээ ч ууж үзээгүй гэж бодож байна,- гэж хоёр гартаа хундага барьсан Ева хэллээ.

-          Та тэгэж бодож байна уу? За, яахав. Ууж  үзье.

-          Сууцгаая.

-          Бид нүүр нүүрээ харалцан юу ярилцах тухай  төсөөлөхгүй байна,- гэж дарс шимэнгээ Марта хэллээ. Дарс түүнд онцгүй амттай санагдав.

-          Та Мэттийг удахгүй их баян болно гэдгийг мэдэж байгаа юу?

-          Бидний хооронд түүний амьдралын баялагийг шүүн ярилцах тийм дотно харьцаа байхгүй. Та яагаад үүнийг сонирхож байгаа юм бэ?

-          Би таныг зарим нэгэн зүйлийн тухай мэдээсэй гэж хүссэн юм.  Мэттийн хувьд тантай холбоотой  тодорхой нэгэн асуудал үүсээд байгаа юм. Санхүүгийн асуудал.

-          Надтай холбоотой юу? Та чинь юу ярьж байна аа? Мэтт бид хоёрын хувьд огтлолцох тодорхой цэг ямар ч юман дээр  байхгүй.

-          Та зүгээр л өөрөө мэдэхгүй байгаа л  байхгүй юу даа.

-          Таны хэлж байгааг ойлгохгүй байна. Би хэзээ нэгэн цагт согтуугаар Мэтттэй гэр бүл болж,  одоо хоёр нөхөртэй гэж шийтгэгдэхдээ тулаад, бидний хооронд будлиантай санхүүгийн асуудал байгаа гэж хэлэх гээд байна уу?

-          Үгүй ээ, хонгор минь, шал өөр асуудал.

Марта бухимдан, эсэргүүцэх гэсэн боловч хэл нь ээдрэлдэхийг мэдэрч, хундагатай дарсаа доош нь шалан дээр тавьлаа. Энэ мөчид хундаганы ёроолд өтгөн тундас байгааг олж харав.

-          Та надад юу уулгачихваа?

-          Зүгээр л нэг, байдаг л хор.

Ева Мартаг анхааралтай ажиглаж байлаа. Марта арайхийж цэх болон суув. Энэ үед Ева Мартагийн хундагыг авлаа. Марта нүдээ анихгүй юмсан гэж бүх хүчээ гарган хичээж байв.

-          Яагаад намайг...?

-          Одоохон танд яриад өгье. Мэтт та хоёр нэг хүний өв залгамжлагчид. Миний сүйт залуу байдал тэнцвэргүй байгааг мэдэрч, өвөө нь танд ашигтайгаар асуудлыг шийднэ гэж айж байгаа юм.

-          Өвөө? гэж дөнгөж асуугаад л Марта сандлаасаа шал руу гулсан уналаа.

Ева яриад л байлаа.

Дээр үед олон жилийн өмнө Энди Хелдман Монголоос захидал хүлээн авчээ. Таны ээжээс гэдгийг ойлгох хэрэгтэй. Ээж чинь захидалдаа хүүтэй нь нас барахаас нь  өмнө хайр сэтгэлийн холбоотой байсан, хүүгийн нь хүүхэд гарчихсан байгаа гэж бичжээ. Өвгөн итгэсэнгүй. Гэхдээ л ямар нэгэн эргэлзээ түүнд үлдсэн байна. Яагаад ингэж бодож байгаа юм бэ? гэвэл Энди тэр зэхидлыг хогийн сав руу хаясангүй, харин өөртөө хадгалж үлдсэн байлаа. Гэтэл саяхан, хэдэн сарын өмнө түүнд дахин нэг захидал ирсэн байна. Өвгөн бараг л бурханы орон руу явчихсангүй. Яагаад гэвэл энэ захидал олон жилийн өмнө нас барсан хайртай хүүгийнх нь гараар бичсэн захидал байлаа. Энэ олон жил энэ захидал хаана байсан, хэн түүнийг нааш нь илгээсэн нь тодорхойгүй байгаа ч тэр захидалд Виктор удахгүй Германд очиж гэрлэлтээ албан ёсоор цуцлуулаад, дараа нь хайртай бүсгүйтэйгээ гэрлэнэ, хайртай бүсгүй нь гайхамшигтай сайхан монгол эмэгтэй бөгөөд тэр хоёр охинтой болсон гэж бичсэн байжээ.

Олон жилийн өмнө төрсөн ач охиноо өөр дээрээ аваагүйдээ гэмшиж, хөгшин зөнөг үсээ зулгааж байлаа. Шууд л Монгол руу өөрийнхөө төлөөний хүнийг явуулсан бөгөөд ач охин нь герман хүнтэй сууж, Германд амьдарч байгааг тэр хүн нь мэдэж ирсэн байна. Чиний хаягийг авсан өдрөө хөгшин зөнөг чинь баярласандаа болоод  эгээтэй л мажийгаагүй. Тэгээд л чам руу хүн явуултал, чи Монгол руу аялалд явсан байсан. Тэр өвгөн чиний буцаж ирэхийг тэсч ядан хүлээж байгаа. Харин энэ хугацаанд Мэтт гараа эвхэн суугаагүй ээ. Чамаас болж хичнээн их мөнгөө  Мэтт алдах болоод байсныг  чи төсөөлж байна уу?

Марта учир нь олдохгүй ганц хоёр үг бувтнаж , тохой дээрээ өндийхийг оролдов.  Түүний харц нь түүнийг ухаангүй, эргэн тойрондоо юу болж байгааг ойлгохгүй байгааг нотолж  байлаа.

- Энэ түүхийг чамд ярьсан учрыг мэдэж байна уу? Мэтт чамд дурласандаа чамайг эргүүлсэн юм биш, харин энэ өв хөрөнгөнөөс болж чамайг эргүүлсэн юм гэдгийг чи мэдээсэй гэсэндээ ярьсан юм. Чамтай гэрлэчихвэл тэртэй, тэргүй бүх мөнгө түүнийх болно гэж Мэтт бодож байсан. Гэтэл чи гэж тэнэг амьтан түүнийг цааш нь түлхсэн шүү дээ. Тэгээд л тэр чамайг алахаар шийдсэн. Харин хөлсөлсөн алуурчин нь  мангуу этгээд таарч, чиний аз болж , чи одоо болтол амьд  байлаа. Одоо би л чамайг зүйл дуусгаж чадлаа.

Мартагийн нүд анилаа. Ева Мартагийн хөлнөөс чирэн, чимэглэж зассан ногоон ургамлан хананы цаагуур оруулж хаялаа.

- Эндээс чамайг хэн ч олохгүй.

Ева өвлийн цэцэрлэгийн хамгийн цаад буланд байдаг ариун цэврийн өрөөнд орж, хоёр хундагаа угаагаад, жижигхэн цонхоор нь өнгийж харав. Цонхны цаана хогийн сав байлаа. Цонхоор гараа шургуулж, хундагануудыг хаяв. Ева гараа цаасан алчуураар арчиж, эргэж алхлаа. Замдаа Мартаг хаясан ханын цаагуур хяламхийн хараад өнгөрөв.

Одоо тэр хурандаа Паркерыг байрандаа байгаа эсэхийг шалгах хэрэгтэй байлаа. Хурандаа нилээн их архи уусан байсан. Түүнийг хэдэн цагт явсан, хэдэн цагт ирснийг яагаад ч санахгүй дээ. Тийм болохоор түүнд цагдаагийнханд хэлэх үг олдоно. Цагдаагийнхан Марта Шнайдерийг олох цагт тэр зүгээр амьгүй бие болсон байна гэдэгт Ева итгэлтэй байлаа.

Амралтын өрөөнд, нүүрээ сэтгүүлээр бүтээн, буйдан дээр хэвтэж байгаа хурандаагийн хажууд хэн ч алга байлаа. Ева хурандаагийн хэвтэж байгаа буйдангийн хажуу дахь зөөлөн сандалд сууж, цүнхнээсээ аспирин гарган задалж,  шилэн аягатай усаар даруулан ууж байгаа дүр үзүүллээ. Хүн харахад тэр толгой нь өвдсөн хүн, эм уучихаад амарч байгаа мэт л харагдаж байв. Хурандаа Паркер ч ийм бодолтой байсан юм. Гарсан бол зөвхөн мөчийн төдийд хөндийрч, бие засчихаад л ирсэн биз.

Амралтын  өрөөний хаалга онгойж Мэтт Браун орж ирлээ. Түүнтэй хамт баярын дуу хуур өрөөнд түрэн орж ирэв.

-          Өө, чи энд байсан юм уу? Чамайг би эрээд л яваад байлаа.

-          Миний толгой өвдөөд байна,- гэж Ева хэлэхдээ нүдээрээ аспирин руу заав.

-          Өө, хөөрхий минь дээ. Өнөөдөр ч би их азгүй байна аа. Энд ямар нэгэн уучихмаар хатуу юм байна уу? Үүдэн дээр надад Мартаг ирсэн гэж хэлсэн. Би түүнийг энэ олон хүн дотор олж чадсангүй ээ. Ямар нэгэн тодорхой газар л уулзая гэж тохиролцдог байж. Чамтай танилцуулна гэж урьчихаад, та хоёрыг эрээд л бүх үдэшлэгийн турш гүйнэ гэдэг чинь тэнэг хэрэг биз дээ.

-          Чиний хуучин дурлалыг таньдаггүй минь харамсалтай байна. Би түүнтэй тааралдсан ч байж магадгүй. Тэгсэн бол инээдтэй юм болохгүй юу?

-          Чамайг би өөрөө танилцуулсан нь дээр байх. Би Мартад ямар ч сэтгэлгүй болсон байгааг чи өөрөө харж итгэсэн нь дээр. Эмэгтэйчүүд чинь ийм зүйлийг маш сайн мэдэрдэг гэсэн биз дээ?

Мэттийн онгорхой орхисон хаалгаар шарлангуй царайтай эмэгтэй шагайж, дайсагнасан байдалтайгаар орж ирлээ.

-          Хурандаагийн эхнэр байна. Одоо үзүүлж өгнө дөө,- гэж Ева шивнэлээ.

Үнэндээ хадагтай Паркер шийдэмгий төрхтэй харагдаж байлаа. Нөхрийнхөө нүүрэн дээрээс сэтгүүлийг авч шидэхэд, хурандаа сэрээд,  сандран босоо байдалд орсон боловч нүдээ хурдан хурдан цавчилсаар байв. Эхнэрээсээ ухаангүй айдаг нь илт  харагдана.

-Харьцгаая,-гэж эхнэр нь чанга дуугаар командлав.

-          Би эв эрүүл байна шүү дээ,- гэж хурандаа айсан дуугаар бараг шивнэв.

-          Тэгвэл би согтуу байгаа юм байлгүй. Маргааш гучин хүн хүлээж авна гээд урьчихсан байгаа биз дээ. Жаал амарч авмаар байна. Явъя.

Хадагтай Паркер нөхрийнхөө гараас татах энэ мөчид хаалгаар хүмүүс орж ирлээ. Энэ хоромд ус уух гээд амандаа шилэн аяга барьж байсан Ева уулга алдаж, аягаа унагаалаа.

Хаалганы дэргэд  Марта зогсож, Ева руу харж байлаа.

-          Чи чинь яачихваа? Царай чинь цайчихлаа гэж асуусан Мэтт эргэж харангуутаа: - Марта! Ашгүй чи нэг юм биднийг олж ирэв үү? Би чамайг хичнээн хайв аа? Ева! Танилц. Энэ бол Марта Шнайдер. Марта! Чи хүмүүстэй яваа юм уу?

Маргаретийн ард Вилгельм, Роберт хоёр зогсож  байлаа.

-          Би Марта Шнайдер биш. Би түүний эгч нь байна.

-          Эгч нь ээ? Юун эгч вэ? гэж юу ч ойлгоогүй Мэтт асуув.

-          Та Мартаг хөнөөх гэж байгаа гэсэн ноцтой сэжиг надад байна. Эсвэл та түүнийг  аль хэдийн алаад хаячихсан уу?- гэж Вилгельм асуулаа.

-          Юу яриад байна аа? Таны энэ үг чинь танд яаж эргэж тусахыг та мэдэж байна уу? Энд гэрчүүд сууж байна.

Хурандаа болон түүний эхнэр буйдан дээр сууцгааж, нэн анхааралтайгаар тэднийг  харж  байлаа.

-          Түүний халаасанд буу байна. Баруун талын халаасанд нь. Буугаа сугалах гэж байгаа юм шиг л гараа тэндээ байлгаад байна. Би ийм хөдөлгөөнийг мэдэлгүй яахав дээ?,-  гэж Мэтт рүү хурцаар харж байсан хурандаа гэнэтхэн хэллээ.

-          Буу гэнэ ээ? Түүнээс буугий нь аваач ээ. Буудаад эхэлбэл яах юм бэ? Энэ тэнэг үдэшлэг дээр алуулахыг би хүсэхгүй байна. Буугийн нь ав. Чи ингэх үүрэгтэй,- гэж хурандаагийн эхнэр нөхөр рүүгээ хашгирч эхэллээ.

-          Та галзуураа юу? Юун буу? Битгий тэнэг юм яриад чарлаад байгаач?- Ева  хурандаагийн эхнэр рүү зэвүү нь хүрсэн харцаар ширэв татаад, Мэтт руу эргэж- Мэтт ээ, хоёулаа эндээс явсан нь дээр юм шиг байна,- гээд сүйт залуугийнхаа гараас барьж, хөдлөхийг завдав.

-          Мартаг хаана байгааг хэлэхээс нааш та хаашаа ч явахгүй шүү,- гэж Вилгельм хэллээ.

-          Энэний халаасанд  нээрээ ямар нэгэн юм байна. Тэрэндээ их санаа нь зовоод байх шиг байна, наадахь чинь,-гэж  Маргарет хэлэв.

-          Та наад халаасан дахиа  бидэнд харуулаадахгүй  юу?-гэж Роберт бас  хэрэгт оролцов.

-          Үгүй шүү. Чаддаг юм бол өөрсдөө аваад харахгүй юу?- гэж Мэтт  басангуй байдалтай хариулав.

-          Тэгье л дээ,- гээд  хурандаа  Мэтт Брауныг тэвэрч авлаа.

Ингээд бөөн бужигнаан боллоо. Мэтт хойшоо ухрахдаа Робертын нүүр рүү хусах  шахав. Роберт Мэттийн гараас бариад авав. Ева Роберт руу дайрч, гарыг нь  хазах гэж оролдлоо. Хурандаагийн эхнэр хашгиран гүйж ирээд, хамба хилэн цүнхээрээ ноцолдож байгаа хүмүүсийн толгойг нүдэж гарав.

- Ёо,ёо цүнхэндээ дүүрэн чулуу хийчихсэн юм уу?

-          Авчихлаа,- гэж  хэлээд хурандаа Паркер бөөн хүмүүс дундаас сугаран гарч ирлээ.

Мэттээс авсан зүйлээ хурандаа ширээн дээр тавин харж “Хлороформ” гэж уншлаа.

-          Чөтгөр ав! Чи түүнийг яасан бэ? Тэр хаана байна?- гэж Вилгельм Мэттийн пиджакны захаас барьж сэгсчин асуулаа.

-          Би мэдэхгүй гэж байна, хараа ч үгүй. Намайг тавиач. Би  яагаа ч үгүй,-гэж Вилгельмийн гараас мултрах санаатай ноцолдонгоо Мэтт хашгирч байлаа.

-          Наадах чинь дөнгөж сая ирсэн. Наадах чинь энд ерөөсөө байхгүй байсан юм, ойлгож байна уу, малнууд аа?- гэж Ева хашгирав.

-          Үүнийг чинь батлах хүн байгаа юм уу?-гэж бусдыгаа бодвол арай  тайван байсан Роберт  асуулаа.

-          Бий. Жолооч байна. Надтай хамт гэрээн дээр ажиллаж байгаад наашаа ирсэн миний найз байна. Түүнээс болж би хоцорсон юм.

-          Та тэгвэл  яагаад “хлороформ” авч яваа юм бэ?-гэж Маргарет асуулаа.

-          Миний толгой маш хүчтэй өвддөг юм. Тэгээд л үүнийг үргэлж авч явдаг юм.

Хурандаа эхнэрийн хамт гарахад  Мэтт,  Ева хоёр тэдний араас дагалдав.

-          Одоо яах вэ?- гэж Роберт асуулаа.

-          Хоёр дугаар давхарыг нэгжье гэж бид ярьж байсан биз дээ?

Танхимд бүжиг болж, дуу шуугиан ихтэй, зайгүй байсан бол тэднийг хоёр дугаар давхар руу өгсөхөд сэрүү татан, анир чимээгүй тайван орчин угтлаа.

-          Энд өвлийн цэцэрлэг байдаг юм байна. Ямар ч амьд амьтан алга,- гэж бусдаасаа түрүлж  орсон Роберт   хэлэв.

-          Түй, түй, түй. Наад  амаа, хэлж байгаагаа,- гэж  Вилгельм бувтнаснаа- энийг хар аа,- гэж  чанга хэлэв.

Нөгөө хоёр нь зогтусан ийш тийш харав.

-          Тэр хоёр сандлыг хар даа. Бүх сандлууд энд тэндгүй  тавигдсан байхад энэ хоёр яг өөд өөдөөсөө харсан байгаа нь та хоёрт ямар нэгэн зүйл хэлэхгүй  байна уу?- гэж Вилгельм асуув.

-          Шалан дээр дугуй мөр байна. Шилэн аяганы мөр шиг... гэж Роберт доош тонгойн  харж  хэлэв.

-          Миний бие эвгүйцээд байна. Энэ цэцэрлэг чинь нэг л зэвүүн оргиод байна,-гэж Маргарет хэллээ.

-          Энэ хавийг  шалгаж үзэх хэрэгтэй байна. Маш анхааралтай шалгая,- гэж Вилгельм дуугарав.

Маргарет цаашаа явлаа. Итгэлгүй алхаагаар аажуухан ч гэсэн, өөрийн мэдэлгүй зөв зүг рүү  алхаж байсан тэр:

-          Энд гутал харагдаж байна. Ямар аймаар юм бэ?,- гэж айсан дуугаар хашгиран доош суулаа.

Вилгельм, Роберт хоёр тийшээ гүйж, дал модоор хийсэн ногоон хананы араас амьдын тэмдэггүй Мартаг оллоо. Түүний царай нь хувхайран цайж, гар нь мөс шиг хүйтэн болсон байв. Вилгельм Мартаг өргөж, зүрхийг нь чагнаж үзэв. Мартад амьдралын шинж тэмдэг бүдэгхэн ч атугай байлаа.

-          Эмч хурдан дуудаарай. Би Мэтт Брауныг алдахаас өмнө арга хэмжээ аваадхая.

***

-          Байна уу? Филипп үү?

-          Тиймээ, Маргарет. Би байна.

Маргарет утасны аппаратаа чихэндээ наан, сэтгэл нь хөдөлсөн байдалтай өрөөн дотуур холхиж  байлаа.

-          Та нар сайн байна уу?

-          Сайн. Чи хаанаас ярьж байгаа юм бэ? Берлинээс үү?

-          Тийм.

-          Вилгельм наана чинь байна уу? Явахынхаа өмнө тэр надад ихрийн  чинь тухай ярьж өгсөн. Тэр хоёр тэгээд учраа олсон  уу?

-          Олсон гэхэд ч хаашаа юм бэ? Миний ихэр  одоо эмнэлэгт байгаа л даа...

-          Яасан бэ?

-          Түүнийг алахаар задвсан.

-          Дахиад уу? Яасан гэж? Тэгээд бие нь гайгүй юу?

-          Ихрийн   маань бие сайжирч байгаа.

-          Вилгельм яасан бэ?

-          Вилгельм Мартаг хамгаалах гэж байгаад....

-          Тэгээд яасан гэж?

-          Тэгээд цагдаад баригдчихсан.

-          Вилгельм цагдаад баригдсаан? Үнэн юм уу?

-          Үнэн. Нотлох баримт байхгүй байхад  тэр алуурчинтай зодолдоод...

-          Алуурчин нь, алуурчин нь тэгээд  хэн  байв аа?

-          Манай өвөөгийн өргөмөл ач нь.

-          Бурхан минь...Вилгельм тэр новшыг  арай алчихаагүй биз дээ?

-          Үгүй л дээ... Гэхдээ Вилгельмтэй зодолдсоны дараа энэ этгээд бас эмнэлэгт хүргэгдсэн.

-          Чи өөрөө хаанаас ярьж байгаа юм бэ? Арай бас гэмтлийн эмнэлгээс биш биз?

-          Би  гэмтэж бэртээгүй ээ. Харин  сэтгэл санааны байдал л...

-          Юу? Галзуугийн эмнэлэгт  байгаа юм уу?

-          Үгүй ээ, үгүй. Би гэртээ байна.

-          Итгэмээргүй юм. Хаягаа хэлээд өг дөө.

-          За... үгүй ээ, би энэ хаягийг мэдэхгүй юм шиг байна.

Энэ яриаг сонсон,  инээдээ барьж ядан суусан Роберт босч ирэн, Маргаретийн гараас утас авлаа.

-          Сайн байна уу? Ноён Кроуэл. Намайг Роберт Вебер гэдэг. Би танд хаяг хэлж өгье, та бичээд  ав даа.

-          Та, эмнэлгийн ажилтан уу?

-          Үгүй ээ, би Мартагийн найз нь.

-          Таны бие зүгээр байгаа гэдэгт та итгэлтэй байна уу?

-          Тэгэлгүй яахав. Энэ бүх үйл явдлын үеэр миний ганц л хавирга хугарсан. Шагайн дээрээ нэг хазуулсан. Хоёр удаа толгойгоо цүнхээр цохиулсан. Өөр сүртэй юманд өртөөгүй...

***

-          Над шиг ийм  аймаар царайтай хүүхэнд  гэрлэх санал тавина  гэж байх юм гэж хэзээ ч бодож явсангүй. Хэрэв би зөвшөөрвөл, бид үнсэлдэж ч чадахгүй нь байна шүү дээ,- гэж хуурайшсан уруулаа долоон Марта хэллээ.

-          Чамайг зөвшөөрвөл би  баярласандаа болоод Робертыг ч үнсэхэд бэлэн байна гэж Вилгельм хэлэв.

-          Тэгээд үзээрэй. Чиний наад үг чинь юу гэсэн үг вэ?- гэж энэ үеэр дөнгөж орж ирж байсан Роберт асуулаа.

-          Роберт, чи гадаа хүлээж байж чадахгүй байна уу? Марта бид хоёр чухал яриатай байна.

-          Намайг хүн үнсэх гэж байхад, би ядахдаа юуны учир вэ? гэдгийг нь мэдэж болно биз дээ.

-          Би энэ бүсгүйд дөнгөж сая хайраа илчлээд  байж байна, дэмий гонзгой минь.

-          За, яахав. Та хоёрыг шивнэлдэж байх хооронд би дээшээ гарч Мэтт Браунтай уулзаад ирье.

-          Мэтт Браун? Тэр яагаад энд байгаа юм бэ? гэж Марта гайхлаа.

-          Чи мэдэхгүй байгаа л даа. Вилгельм түүнийг чамаас болоод зодчихсон юм.

-          Мэтт яагаа ч үгүй шүү дээ. Ева л... Ева баян хүнтэй суухыг хүссэнээсээ болж л ингэсэн байх. Чи тэгэхэд Мэтт рүү дайрч байдаг. Энэ чинь шударга биш байна.

-          Зүгээр юм гэж амьдралд байдаггүй гэдэгт би итгэдэг. Зодуулсан л бол ямар нэгэн юмны төлөө л зодуулсан байж таардаг юм,-гэж Вилгельм Мартад учирлангуй хэлэн гарыг нь үнсэв.

-          Өө за, за? Миний хөхрөлтүүд  арилтал наад үгийг  чинь л санаж өөрийгөө  тайтгаруулж байхаас  даа,- гэж Роберт дуугарлаа.

-          Роберт. Чамаас яаж  ангижирч болохыг хэлээд өгөөч? Арван доллар зүгээр олохыг хүсч байна уу?

-          Аравхан доллар уу? Гэрчгүйгээр хайртай бүсгүйтэйгээ ярих гэж байж уу?- гээд гарахдаа тэр Марта руу хөгжилтэйгөөр нүдээ ирмэлээ.

-          Хонгор минь! Чи надад хариу хэлээгүй байгаа шүү дээ.

-          Вилгельм! Миний толгойд одоо бүх зүйл эмх замбараагүй, хачин байна.

-          Бидний харьцааг байж болохгүй зүйл гэж үзээд чи Мюнхенээс зугтсан  гэж Маргарет надад хэлсэн.

-          Үгүй ээ, зүгээр л чи тэгэхэд Маргареттай гэр бүл байсан болохоор л...

-          Би түүнтэй гэр бүл байгаагүй. Албан ёсоор тийм нэртэй ч бидний харьцаа хэзээ ч гэр бүлийн харьцаанд хүрээгүй. Бидний хооронд юу ч байгаагүй. Надад итгэхгүй байгаа бол  Маргогоос асуугаарай.

-          Би асуусан.

-          Марта, намайг битгий зовоогоод байгаач дээ? Би чамаас хүссэнээ  сонсохгүйгээр хаашаа ч явахгүй шүү. Би чамд хайртай. Чи миний эхнэр болооч дээ?

Энэ үед хаалга онгойж, гартаа сонин барьсан Роберт орж ирлээ.

-          Та нар үүнийг сонссон уу? Уншцгаа. Цагдаагийнхан баригддаггүй хөлсний алуурчин Ханс Мюллерын хэргийг илрүүлсэн байна. Энэ чинь нөгөө Мюнхенд концертон дээр алуулдаг этгээд гэнэ. Мэтт Брауны өрөөний үүдэнд би цагдаагийнхан болон өмгөөлөгчтэй тааралдлаа. Миний ойлгосноор  Мэтт Браун энэ Ханс Мюллерт Мартаг алуулахаар захиалсан байсан юм байна.

-          Вилгельм!-гэж Марта аяархан дуудлаа.

-          Юу гэнэ ээ?

-          Би зөвшөөрч байна. Би чамтай гэрлэнэ.

Баярласан Вилгельм Робертыг барьж аван:

-          Роберт, сонсож байна уу?Ямар сайхан  бэ?-гээд  түүнийг тэврэх гэв.

Цаадахь нь өөдөөс нь түлхэж зугтан:

-          Би чамтай үнсэлцэхгүй шүү. Би мэдээж та хоёрын өмнөөс баяртай байна л даа. Тэгэхдээ л үнсэлцэхдээ тулахаар арай ч биш ээ...

Хаалга дахин онгойж, догдолсон Маргарет орж ирлээ.

-          Марта! Би дөнгөж сая эмчтэй чинь уулзлаа. Чамайг удахгүй гаргана гэж байна. Бас би чамд гайхамшигтай гоё мэдээ авчирлаа!!!  Бидний өвөө Энди Хелдман ярьсан. Тэр маш дотноор ярьж, маш хурдан ирэхийг урьсан. Би түүнд нэг биш хоёр ач охин байгаа гэж хэлсэн чинь  бүр баярлаад уйлсан шүү. Бушуухан хүрээд  ир л гээд байна. Өөрөө хөгшин хүн болохоор ирж чадахгүй нь гэж байна билээ.

-          Пөөх, ямар гайхалтай  гэнэтийн бэлэг вэ?-гэж Вилгельм  дуу алдав.

Марта дуугарч чадахгүй байлаа.

-          Яагаад чи дуугарахгүй байгаа юм бэ?

-          Ийм их шоконд ормоор юм нэгэн зэрэг сонссон амьтан чинь яаж дуугарах вэ дээ, хөөрхий минь?. Чи боддоо. Одоо Марта ихрийн өрөөсөн, өөрийг нь хүсэн хүлээж байгаа өвөө, хайртай сүйт залуу, алуурчин-садан төрөл  гээд нэгэн зэрэг бүх юмтай  болчихоод яахаа ч мэдэхгүй байна шүү дээ,-гэж Роберт  хошигнов.

Хаалга онгойж  ууртай царайтай сувилагч бүсгүй орж ирлээ.

-          Өвчтөн тайван байх хэрэгтэй. Бүгд эндээс гарцгаа.

-          Бид яг гарах гэж байна,- гэж Маргарет гэмшингүй хэллээ.

-          Би ойрхон, энэ хавьд  байх болно,-гээд Вилгельм Мартаг үнсэв.

-          Баяртай, найз минь,- гэж Мартад хэлээд Роберт сувилагч руу эргэж харан: - Та дөнгөж сая миний арван долларыг салхинд хийсгэчихлээ,-гэв. Тэгээд санаа алдан толгойгоо сэгсэрснээ,   инээд алдан гарч явав.

Төгсөв.

Монголжуулан орчуулсан Ё. Одончимэг, Б.Батбаяр, www.orosshkolton.mn

 

Сэтгэгдлүүд  

 
Заяа
0 #1 Заяа 2010-11-14 23:51
Үнэхээр гайхалтай зохиол байна. Таны номын мөр өргөн дардан байх болтугай. Баярлалаа. Баяр хүргье.
Заяа.
Quote
 
 
amily
0 #2 amily 2010-11-22 09:29
goy zohiol bnaa... uneheer sonirholtoi yum...
Quote
 
 
woooow
0 #3 woooow 2010-12-01 01:44
woow yamar gaihaltai zohiol we dogdluulsaar bgaad tugsluu tugsgul n unen gaihaltai yumaa amjilt husee tnx.
Quote
 
 
ichka
0 #4 ichka 2011-01-12 05:32
маш гоё орчуулгатай маш гоё зохиол байнаа... ойрын жилүүдэд ийм гоё зохиол олж уншаагүй шүү. санаандгүйгээр олж уншаад сая л дууслаа. маш гайхалтай гоё энерги авлаа... Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.
Quote
 
 
Administrator
0 #5 Administrator 2011-01-12 09:49
Та нартаа баярлалаа!!! Оросшколтоны байнгын зочид болно гэж итгэж байна, найзууддаа тараагаарай :o
Quote
 
 
kira
0 #6 kira 2011-01-12 16:15
wooow gaihaltai blaa deehen uyed chaise iin tsuvraliig ingej shimten unshdag bsan shu
Quote
 
 
Erkhtsetseg
0 #7 Erkhtsetseg 2011-02-28 14:11
Salalgui unshij duuslaa .bayarlalaa. Mash sonirhioltoi bailaa
Quote
 
 
no name
0 #8 no name 2011-07-12 07:03
uneheer sonirholtoi buguud setgel hudulgusun saihan zohiol bn
Quote
 
 
solongo
0 #9 solongo 2011-09-12 18:43
Үнэхээр гайхалтай, би бүр салж чадахгүй уншсаар байгаад бүгдийг нь уншчихлаа. Дараа нь юу болох бол , яагаад ийм юм болов гэж бодоод хамгийн сүүлдээ бүх учир нь тайлагдсанд маш их баяртай байна. Та маш сайхан орчуулжээ, уншихад их сайхан байлаа. Дахиад олон зохиол орчуулаарай тэсэн ядан хүлээж байна.
Quote
 
 
баагий
0 #10 баагий 2011-11-14 18:50
сайн уу, үнэхээр сайхан зохиол байна. сэтгэл догдлоод бүгдийг нь суудлаасаа босолгүй уншиж дуусгалаа. өнөө орой танай энэ сайтанд бараг 7,8 цаг суулаа. анх турах дэглэм хайж байгаад энэ сайтыг оллоо. олон сайхан мэдээлэлүүд байдаг юм байна. баярлалаа. турах 2 дэглэм сонгож тэмдэглэж аваад туршихаар шийдлээ. дэглэм хэр үр өгөөж өгснөө бичих болноо. энэ бас миний аялах дуртай сайт байх болноо. энэ орой тархиа цэнэглэсэндээ баяртай байна. thank u very much adminaa
Quote
 
 
bataa
0 #11 bataa 2012-04-07 16:54
ih saihan zohiol bna. bayarlalaa tand
Quote
 

Сэтгэгдэл нэмэх